Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00572

 

 К.Сьездийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00502 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 212/МА2020/00053 дугаар магадлалтай,

К.Сьездийн нэхэмжлэлтэй,

Цэнгэл сумын сум дундын эмнэлэгт холбогдох

Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 15 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

  Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Цэнгэл сумын сум дундын эмнэлэгт хүүхдийн их эмчээр ажилладаг. Хариуцагчаас маргаан бүхий тушаалыг гаргахдаа намайг эндсэн хүүхдэд тавьсан онош шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу зөрүүтэй, онош буруу тавигдсанаас эмчилгээ дутуу хийгдсэн, хүчилтөрөгч хамрын ац гуурсаар өгөөгүй, хүнд хүүхдийг хяналтгүй орхиж явсан, өвчний түүх хөтлөлт бүрэн бус гэх мэт алдаа зөрчлийг гаргасан учир сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байна. Гэхдээ шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийдэг эрх бүхий этгээд биш тул уг тушаал бүхэлдээ үндэслэлгүй болжээ. Иймд Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020.03.17-ны өдрийн №15 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: 2019.11.13-наас 14-нд шилжих шөнө 22 цагийн үед Цэнгэл сумын 6 дугаар багийн Ж.Зоригт гэгч өөрийн 8 сартай хүүхэд өвчтэй байгаа талаар дуудлага өгсний дагуу 5 дугаар багийн хүний их эмч Хойшы, түргэний жолооч Есбол нарыг явуулсан. Дээрх хүмүүс дуудлагын дагуу явж өвчтэй хүүхдийг 02 цагийн үед сумын эмнэлэгт хүргэж ирсэн. Хүүхэд ирсний дараа хүүхдийн их эмч К.Сьездийг дуудаж үзүүлсэн ба К.Сьезд нь сепсис гэсэн онош тавьж зохих эмчилгээ хийсэн байна. Өглөө 06 цагийн үед ээлжийн сувилагч Ламия над руу утасдаж эмнэлэгт хүнд хүүхэд байна, аймагт хүргэх шаардлагатай байна, та аймаг руу авч явна уу гэж хэлсэн. Би тухайн өдөр өглөө аймгийн төвд болох семинарт оролцохоор аймаг руу явах байсан ба 06:30 цагийн үед эмнэлэгт очиж хүүхдийн биеийн байдлыг үзэхэд маш хүнд, машинаар тээвэрлэх боломжгүй байсан. Тэгэхээр нь хүүхдийн их эмч Алемгүлийг гэрээс нь очиж машинаар аваад эмнэлэгт хүргэж хүнд өвчтэй хүүхдийн хажууд үлдээгээд аймгаас хүүхдийн их эмч дууд, тэр хүртэл зохих эмчилгээ хий гээд хэлээд явсан. Тухайн хүүхэд тэр өдрийн 12 цагийн үед нас барсан байна. Талийгаач хүүхдийн ар гэр болон бусад хүмүүсээс энэ асуудлаар аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгч тэндээс мэргэжлийн хүмүүс ирж нас барсан хүүхдийн цогцост задлан шинжилгээ хийсэн. Задлан шинжилгээгээр тухайн хүүхэд нь хатгаа, зүрх судасны дутагдлаар нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Их эмч К.Сьезд нь тухайн хүүхдэд эмчилгээ хийхдээ ажлын хариуцлага алдаж онош буруу тавьсан, хүнд өвчтэй хүүхдийг хяналтгүй орхисон, өвчний түүх дутуу хөтөлсөн, хүчил төрөгч хамрын ац гуурсуур өгөөгүй зэрэг зөрчил гаргасан учир миний бие ажил олгогчийн эрх хэмжээний хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсан. К.Сьездийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00502 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-г баримтлан нэхэмжлэгч Санырау бегжан овогт Көлтайн Сьездийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 15 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгээс 70,200 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ. 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 212/МА2020/00053 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00502 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжаны хяналтын журмаар гаргасан гомдолд: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.06-ны өдрийн 212/МА2020/00053 дугаартай магадлалыг эс зөвшөөрч шүүхээс хэргийг магадлахдаа хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь иргэнийг хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй гэж хуульчилсан. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Өмиргүл нь 2020.03.17-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулах тухай 15 дугаар тушаалыг гаргахдаа нэхэмжлэгч К.Съездийг Эмнэлгийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж тайлбарласан. Шүүхээс хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Өмиргүлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг /тухайлбал, Эмнэлгийн дотоод журам/ гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй юм. Харин нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохын тулд өөрөөр хэлбэл, сахилгын зөрчил гаргаагүй гэдгээ нотлохын тулд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын архиваас хяналтын прокурорын 2019.12.25-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 5/215 дугаар прокурорын тогтоолтой эрүүгийн 191300419 дугаар хэргээс холбогдох нотлох баримтуудын баталгаат хуулбарыг гаргуулж хэргийн материалд хавсаргасан. Дээрх прокурорын тогтоолоор ...хэргийг шалгах явцад хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүх шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын 2019.11.14-ний өдрийн 43 дугаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээний: ...талийгаач Ж.Зоригт нь зүрхний булчингийн эмгэгшил өвчнии улмаас нас барсан байна. Эмч сувилагч нар сумын эмнэлгийн хэмжээнд хийгдэх төрлийн эмчилгээнүүдийг бүрэн хийсэн байна гэх дүгнэлтээр эмч сувилагч нар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдоогүй байна. Иймд уг үйлдэлд гэмт хэргийн шинжгүй үндэслэл тогтоогдож байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг. Хариуцагчаас уг прокурорын шийдвэр болон холбогдох бусад нотлох баримтуудыг үгүйсгэж чадаагүй юм. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий зөв дүгнэлт хийсэн байсан. Шүүх нотлох баримтыг гадны ямар нэг нөлөөгүйгээр, зөвхөн хэрэгт цугларсан цогц байдлаар харьцуулан судалсны үндсэн дээр үнэлэх учиртай. Өөрөөр хэлбэл, зөвхөн шүүх нотлох баримтын үнэн зөв байдлыг тодорхойлж, түүнд агуулагдаж буй мэдээллийг бодит эсэхийг дүгнэж тогтоодог билээ. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэргийг магадлахдаа анхан шатны шүүхийг нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгээгүй, зохигчдоос нотлох баримт шаардаж аваагүй мэт агуулгатай дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болсон төдийгүй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын /диспозитив/ зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.06-ны өдрийн 212/МА2020/00053 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч К.Сьезд хариуцагч Цэнгэл сумын Сум дундын эмнэлэгт холбогдуулан тус эмнэлгийн ерөнхий эмчийн 2020.03.17-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 15 дугаартай тушаалыг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч К.Сьездийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020.03.17-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 15 дугаартай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлээ тайлбарлахдаа ... тухайн өдөр жижүүр эмчийнхээ үүргийг гүйцэтгэж, хүүхдэд бүх талын арга хэмжээг авсан, хүүхэд эндсэнд миний буруу байхгүй тул сахилгын шийтгэл ногдуулсан тушаал үндэслэлгүй гэсэн бол хариуцагч нь ... жижүүр эмч К.Сьезд нь хүүхдэд эмчилгээ хийхдээ ажлын хариуцлага алдаж, онош буруу тавьсан, хүнд өвчтэй хүүхдийг хяналтгүй орхисон, өвчний түүх дутуу хөтөлсөн, хүчилтөрөгч хамрын ац гуурсаар өгөөгүй зэрэг зөрчил гаргасан тул би эрх хэмжээнийхээ хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн тайлбар гаргажээ.  

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн, хангалттай тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж чадаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчөөгүй байна.

Хэрэгт Баян-Өлгий аймгийн прокурорын газрын Эрүүгийн хэргийн салбар архивын дардастай 2019.11.14-ний №43 шинжээчийн дүгнэлтийн хуулбарт ...талийгаач Ж.Зоригтын №275 дугаартай өвчний түүхийн хуулбарт үзлэг, оношилгоо, эмчилгээ, өвчний түүх хөтлөлт бүрэн бус хийгдсэн байна. Дээрх алдаанууд нь тухайн эмчийн мэдлэг, мэргэжил дээшлүүлсэн байдал, олон жилийн дадлага туршлагаас хамаарах бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй болно... гэж бичигдсэн байх бөгөөд зохигчийн маргааны үндэслэл болж буй өвчний түүх хэрэгт авагдаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцээгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Зохигч талийгаач Ж.Зоригтын өвчний түүхэд эмч К.Сьездийг бичилт хийсэн эсэхэд маргаж байгаа бөгөөд ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулах тушаалдаа мөн өвчний түүхэд бичилт хийгээгүйг үндэслэл болгосон, анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг өөр бусад баримттай харьцуулан судлалгүй, дан ганц шинжээчийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т нийцсэнгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй буюу нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд заасан ...давж заалдах шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдохгүй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 212/МА2020/00053 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД