Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2016/0257/з |
Дугаар | 221/МА2016/0575 |
Огноо | 2016-08-31 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2016/0575
Иргэн Д.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гуравдагч этгээд Д.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 467 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Д.*******гийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-т заасныг баримтлан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Д.*******, Д.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий Д.*******гийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засагдаргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 тоот захирамжийн Д.*******д холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах түдгэлзүүлж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ маргаан бүхий газарт очиж усны эх үүсвэр байрлах газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулж, тэдгээрийн кадастрын зургийг үйлдсэний үндсэн дээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Д.*******д холбогдох хэсэгт усны эх үүсвэр байрлах газрын хэмжээгээр өөрчлөлт оруулахыг Сонгинох-айрхан дүүргийн Засаг даргад даалгажээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 23- ны өдрийн 467 дугаар шийдвэрээр Д.Апимаагийн нэхэмжлэлийн шаардпагын зарим хэсэг болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 1 сарын 13- ны өдрийн А/08 тоот захирамжийн иргэн Д.*******т газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл, заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч Д.Апимаа нь маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээд Д.*******т газар олгогдохоос өмнө тухайн газрын орчимд газар эзэмшиж байсан 10- ад иргэний хамт өргөдөл гарган харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандаж тухайн газрыг нэг иргэнд дангаар нь эзэмшүүлэхгүй байхыг хүссэн ба түүний хариуд Дүүргийн газрын албанаас тэдгээр иргэдийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болохоо 2014 оны 09 сарын 16-ны өдөр 930 тоот албан бичгээр мэдэгдсэн нь хэргийн материалд авагдсан байдаг /хх-ийн 133 -р тал/.
Гэтэл түүнийхээ дараа хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь тухайн газрыг иргэн Д.*******т эзэмшүүлсэнээр газар эзэмшигч бусад иргэн, түүний дотор нэхэмжлэгчид газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олголгүйгээр нэг иргэнд хуульд зааснаас илүү хэмжээний газрыг үнэгүй олгох байдлаар тухайн газарт нэхэмжлэгч Д.******* болон бусад 10 гаруй иргэний хамтын хөрөнгөөр бий болсон тоглоомын талбай, нарны сүүдрэвч байрлаж байсан, мөн доогуур нь ундны усны шугам татагдсан газрыг иргэн Д.*******ын эзэмшилд шилжүүлсэн маргаан бүхий актыг гаргасан.
Газрын тухай хуулийн төрөөс газрын талаар баримтлах зарчмыг тодорхойлсон 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д ”... энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудпыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.” гэж заасан.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга ямар нэгэн дуудлага худалдаа явуулалгүйгээр газрыг эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч Д.******* болон бусад 10 гаруй иргэдийн газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэл болсон.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн газрын тухай хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардпагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь маргаан бүхий актын улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадаагүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ
Гуравдагч этээд Д.******* нарын нийт 14 айл (түүний дотор иргэн Д.Мэргэн амины орон сууцны зориулалтаар 700 м.кв) Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 163 дугаар захирамжаар тус дүүргийн 22 дугаар хороо Баянголын аманд нийт 15808.6 м.кв газрыг эзэмшиж[1] эхэлсэн байна.
Тухайн газарт иргэн Д.Мэргэн 700 м.кв газар эзэмшдэг байсан бөгөөд өөрийн эзэмшлийн газраа нэхэмжлэгч Д.*******д шилжүүлж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/190 дугаар захирамжаар Д.******* нь 700 м.кв зуслангийн зориулалтаар эзэмших эрхтэй болсон бол гуравдагч этгээд Д.*******, Д.******* нарт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 дугаар захирамжаар 271 м.кв, 700 м.кв газрыг тус тус зуслангийн зориулалтаар эзэмших эрхт үүссэн байна.
Давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул дараах үндэслэлээр хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Д.******* нарын эзэмшил газар өөр хоорондоо ямар нэг байдлаар давхцалгүй, орц гарц хаагаагүй болох нь кадастрын зураг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болоод хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх тул Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга гуравдагч этгээд Б.*******т 700 м.кв газар эзэмшүүлснээр нэхэмжлэгчийн эзэмшил газраа эзэмших, ашиглах эрх, хөндөгдөхгүй болох нь тогтоогдож байна. Иймд шүүхээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасан үндэслэлээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн Д.*******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Нэхэмжлэгчийн гомдлын “дундын эзэмшлийн талбай, өмнө нь уг газарт өөр бусдад дангаар нь эзэмшүүлэхгүй байх хүсэлтийг хүлээн авсан атлаа үүнээс хойш Д.*******т газар эзэмшүүлсэн” гэх үндэслэлийн тухайд:
Анх 2004 онд 14 айлын газрууд нь нэгдсэн авто машины зогсоол, граш, явган хүний бетон замтайгаар зохион байгуулагдсан, одоо ч эдгээр нь хэвээр байгаа нь талуудын тайлбар, хэргийн газрын үзлэг болох фото зураг зэргээр тогтоогдож байна. Харин дээрх зам талбайг дундаа хамтран эзэмшихээс гадна Д.*******ын эзэмшил газрын зэргэлдээ 700 м.кв тодорхой эзэмшилгүй (захирамж, гэрчилгээгээр хэн нэгэн иргэний нэр дээр биш) газрыг Д.******* эзэмших хүсэлт гаргаж, уг газар нь хэн нэгний эзэмшилтэй давхцалгүй тул Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн байна.
Газрын тухай хуулиар иргэд зуслангийн зориулалтаар нэгээс дээш нэгж талбарыг эзэмшиж болохгүй гэсэн хориглолт байхгүй байна. Мөн Газрын тухай хуулиар газрыг зуслангийн зориулалтаар тус тусдаа 700 м.кв газар эзэмшиж буй айлуудын дунд “нийтээр эзэмших” талбайтай байх зохицуулалтгүй байгаа бөгөөд Д.*******т уг газрыг эзэмшүүлснээр нэхэмжлэгч Д.*******гийн орц гарцыг хаагаагүй, эзэмшил газартай нь давхцаагүй тохиолдолд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 467 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ