| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 128/2015/0964/з |
| Дугаар | 153 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 153
Ш.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Ө.Отгонбаатарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Отгонбаатар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Алтанчимэг нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 867 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0144 дүгээр магадлалтай, Ш.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Отгонбаатарын нэхэмжлэлтэй, Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагч З.Дэлгэрмаа, Бүрдүүлэлтийн албаны дарга Н.Уранчимэг нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Довчинсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 867 дугаар шийдвэрээр: Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч З.Дэлгэрмаа болон Бүрдүүлэлтийн албаны дарга Н.Уранчимэг нарын 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий иргэн Ш.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Отгонбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0144 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 867 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Довчинсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0144 дүгээр магадлалыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
Давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрмийн барааны ангиллыг тогтоох хууль ёсны үндэслэл зарчим, 2(б) дүрэмтэй нийцэхгүй байна” гэж буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрмээ бүрэн унших юм бол 1-д “... хууль ёсны ангилал нь зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг, бүлгийн тайлбараар тодорхойлогдохын зэрэгцээ эдгээр зүйл болон тайлбарт өөрөөр заагаагүй бол дор дурдах дүрмийн заалтыг баримтлана” гэсэн нь Уялдуулсан системийн жагсаалтын 87 дугаар бүлгийн 8703 болон 8704 зүйлийн гарчиг, түүний хэсэг бүлгийн тайлбар нь хууль ёсны ангилал болохоор байгаа, түүнийг анхан шатны шүүх ашигласан байгааг шүүх хуралдааны тэмдэглэлээс олж анхаараагүй, өөрөө дээрх дүрмийн заалтаа ойлголгүйгээр олон нийлмэл бараа (битүмтэй олс, өндгөн шоколад - дотроо тоглоомтой гэх мэт), олон үйлдэлтэй барааг (принтер, канон, скайнер, факстай төхөөрөмж, гар багажны иж бүрдэл - дотроо олон төрлийн багажтай ба бүгд өөр төрлийн ангилалд хамаардаг гэх мэт) ангилахад ашигладаг 2(б) дүрмийг иш татсанаар харагдаж байна.
... Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т тусгасан “суудлын автомашин” гэдэг ойлголтыг автомашин үйлдвэрлэгч дэлхийн улс бүрт зориулалт, техникийн ангилал гэх зэргээр ялгамжтай тайлбарлах ба манай улсын нэгдэн орсон “барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай” Олон Улсын конвенцийн хүрээнд Монголын гаалийн байгууллага:
- Гаалийн бүрдүүлэлт хийхэд бүх барааг тухайн ангилалаар ангилж, Олон Улсын импорт, экспортын барааны статистик мэдээ гаргаж,
- Гаалийн болон бусад тарифыг /зөвхөн гаалийн байгууллагын ногдуулж, барагдуулах татварт хамааралтай/ ногдуулж, барагдуулж байна.
Уялдуулсан системийн жагсаалтын ангиллалд “суудлын автомашин” гэсэн тусгайлсан ангилал байхгүй, харин 8701 трактор, 8702 арав болон түүнээс дээш зорчигч тээвэрлэх тээврийн хэрэгсэл, 8703 хөнгөн тэрэг, гол төлөв хүн тээвэрлэх зориулалтаар зохион бүтээгдсэн моторт тээврийн хэрэгсэл /зүйл 8702-т зааснаас бусад/, автофургон болон уралдааны автомашин, 8704 ачаа бараа тээвэрлэх моторт тээврийн хэрэгсэл, 8705 гол төлөв хүн, эсвэл ачаа, бараа тээвэрлэх моторт тээврийн хэрэгслээс бусад тусгай зориулалтын моторт тээврийн хэрэгсэл /жишээ нь техникийн тусламжийн, автокран, гал унтраах, бетон зуурагч тээвэрлэгч, зам цэвэрлэх, ус шүрших, явуулын цех, рентген төхөөрөмжтэй явуулын цех гэх мэт/ гэж, 8706-аас 8716 зүйл хүртэл эдгээр автотээврийн хэрэгслүүдийн сэлбэгүүд ангилагдаж байдаг юм.
Дээрхийг үндэслэн Онцгой албан татварын тухай хуулийн 4.1.4-т заасан “суудлын автомашин” гэдгийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх нөхцөл байдал тодорхойгүй байсан тул Улсын Дээд шүүхийн 2007 оны 13 дугаар тогтоол гарсан байдаг.
Уг тогтоолоор Онцгой албан татварын тухай хуулийн 4.1.4-т заасан “суудлын автомашин” гэдэгт Монгол Улсын нэгдэн орсон “барааг тодорхойлох, коджуулах уялдсан системийн тухай” 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Олон Улсын конвенцийн 87.03 ангилалд хамаардаг, хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашиныг ойлгоно. Түүнчлэн автомашины үндсэн онцлог шинжийг хадгалж буй бүрэн бус суудлын автомашин болон суудлын автомашины анхны зориулалтыг өөрчилсөн тээврийн хэрэгсэл мөн үүнд хамаарна гэж тогтоосон юм.
Гэтэл давж заалдах шатны шүүх дурдсан хуулиудыг буруу тайлбарласны улмаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон болно.
Шүүх маргааны үйл баримт болох БНСУ-д үйлдвэрлэгдсэн Киа Ретона маркийн автотээврийн хэрэгсэл “ачааны”, “суудлын” гэх ангиллын алинд багтахыг эндүүрч тодорхойлон, зөвхөн нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагад хөтлөгдөж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг алдагдуулж, хурлаас 1 минут хоцорсон гэх шалтгаанаар хариуцагчийн талаас оролцуулалгүй хуралдаж, зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарыг сонсож шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Тээврийн хэрэгслийн жолоочийг оруулаад 9 ба түүнээс дээш хүн тээвэрлэх зориулалттай боловч нийтийн тээврийн хэрэгслийн ангилалд хамааруулаагүй, “Jеер”, “Station wagon” загварын автомашинууд нь суудлын автомашины ангилалд орно” гэж тайлбарласны хүрээнд асуудлыг авч үзэх нь зүйтэй атал шүүх буруу дүгнэлт хийсэн болно.
Нэхэмжлэгчийн гол үндэслэлээ болгосон “суудлын”, “ачааны” гэдэг үгийн толь бичгийн нэр томъёог иш үндэс болгож буй нь учир дутагдалтай гэж үзэж байна.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн жолооч болон түүний хажуугийн зорчигчийн суудлын араар нь “төмөр хаалт” хийсэн тул “ачааны машин мөн” гэсэн тайлбарт шүүх бүрэлдэхүүн голлох ач холбогдол өгснийг ойлгохгүй байна. Ихэнх машинд багажны хэсэг буюу багадаа 2 чемодан тавих хэмжээний зай агуулсан байдаг. Тэр нь зорчигчийн хэсгээс тусдаа, бүхээгний заагтай, ачаа нь ил харагдахгүй, автомашины ар талаас онгойлгож хийх тусгайлсан тагтай, хаалгатай байдаг. Киа Ретона машины хувьд арын хэсэг нь эдгээр шинжийг агуулж байгаа. Гэтэл автомашины суудлын араар төмөр хаалт нүхэлж, бэхлээд автомашины зориулалтыг /ОУ-ын конвенцийн хүрээний ойлголтоор/ ачаа ачих зориулалттай болгох эрх зүйн үндэслэл байхгүй.
Улсын Дээд шүүхийн 13 дугаар тогтоолд “хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашиныг ойлгоно” гэснээс үзэхэд маргааны зүйлийн талаарх ойлголт тодорхой болох юм.
Нэхэмжлэгч автомашиныг “хоёр бүхээгтэй” гэж тайлбарласныг Уялдуулсан системийн жагсаалтаар нягтлаж үзэхэд фургон гээд бидний ярьж хэвшсэн машины ангиллыг тогтооход жолоочийн арын хэсэг нь суудал тавигдсан бол, тэгээд 10-с дээш хүний суудалтай бол 8702 буюу автобус болохоор, 9-с доош суудалтай бол 8703 зүйлд ангилагдах юм. Гадна бүхээгний загварт нь өөрчлөлт ороогүй, харин дотор талд нь хүн суух суудалтай, түүнийг нь эвхээд ачаа ачиж болохоор үйлдвэрлэгдсэн бол мөн л 8703 зүйлд ангилагдахаар тайлбар дүрэмд нь тусгаж өгсөн байна. Үүнээс фургон машин хэдэн бүхээгтэй болох нь харагдаж байна.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч асуудлыг бодит “бараа” гэх, уялдуулсан системийн ангилал, эрх зүйн зохицуулалт гэсэн талаас бус, харин Уялдуулсан системийн тайлбар бичиг дотор байгаа үг үсгээр тоглож буй нь илт байна. Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ “барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай” конвенцийн уялдуулсан системийн барааны жагсаалтын ямар зүйлд тухайн маргааны обьект (тээврийн хэрэгсэл) хамаарах талаар асуулт тавьж тодруулаагүй шинжээчийн дүгнэлтийг ашиглан энэ талын мэдлэггүй, дээрх жагсаалтын талаар ойлголтгүй этгээдээр маргааны утгад хамааралгүй дүгнэлт гаргуулж “барааны ангиллыг шүүхээр тогтоолгох” гэж оролдож байгаа нь өөрөө шууд хууль зөрчих нөхцлийг бүрдүүлж байгааг анхаарахыг шүүхээс хүсье.
... Нэхэмжлэгч “зах дээрээс үнийн судалгаа, ангиллын судалгаа хийсний үндсэн дээр тухайн машиныг гадаадаас худалдан авч оруулж ирсэн” гэсэн байна. Барааны ангиллыг урьдчилан тодорхойлох, гадаад худалдаанд оролцохдоо өөрийн эрх ашгийг хамгаалах боломжийг иргэдэд олгох зорилгоор Гаалийн татвар, гаалийн тарифын тухай хуульд тухайлсан зохицуулалт байдаг болохыг мөн анхаарч өгнө үү.
... Албан эх сурвалжаас авагдаагүй, өөрт байгаа мэдээллийн дагуу гадаад худалдаанд оролцож, өөрөө өөртөө хохирол үүсгэж, түүнийгээ гаалийн байгууллагад хариуцуулах оролдлого хийж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Мөн хавтаст хэрэгт авагдсан гаалийн улсын байцаагч З.Дэлгэрмаа, Н.Уранчимэг нарын гаргасан дүгнэлт нь эх хувиараа байхад түүн дээр хуулбар үнэн гэх тэмдэг дарж, нотлох баримтын шаардлага хангуулаагүй байна гэж нотлох баримтыг анхан шатны шүүх бүрдүүж чадаагүй гэж дүгнэсэн нь харин ч эсрэгээрээ эх хувь дээр хуулбар үнэн даруулах шаардлагагүй байхаар зохицуулсан хуулийн зохицуулалттай илт зөрчилдөж байгаа гэж үзэж байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч талын “суудлын”, “ачааны” гэдэг үгэнд зөвхөн ач холбогдол өгч дүгнэлт хийн, анхан шатны шүүхийн гаргасан зөв, үндэслэлтэй, хууль ёсны шийдвэрийг “шинжээч томилоогүй, өөрөө үзлэг хийж шийдвэрлэх боломжгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан нь “буцаахын тулд буцааж байна” гэх ойлголтыг төрүүлж байна. Шинжээч нь ачааны суудлын гэсэн аль нэг үг биччихвэл нэг тал руу шийдэгдэх мэтээр дутуу ойлгож, давж заалдах шатны шүүх нь “нотлох баримтыг үнэлж чадсангүй, хуулийн зохицуулалтыг ойлгосонгүй” буруу шийдвэр гаргалаа.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, иргэн Ш.Бат-Эрдэнэ нь “2002 онд үйлдвэрлэгдсэн, 1998 см3 цилиндрийн багтаамжтай, дизел хөдөлгүүртэй, Kia Retona Cruiser GX маркийн автомашин”-ыг 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр БНСУ-аас Монгол Улсад импортоор оруулж ирсэн, тээврийн хэрэгслэлийг гаалийн хилээр нэвтрүүлэх гаалийн мэдүүлэгт уг тээврийн хэрэгслэлийг “ачааны” ангилалаар мэдүүлснийг гаалийн улсын байцаагч Ж.Энхтуул, О.Цогтбаатар нар протокол үйлдэж, “... суудлын автомашин болох магадлалтай тул БТКУС-ын ангилал тодорхойлуулах”-аар буцаасан, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Бүрдүүлэлтийн албаны дарга Н.Уранчимэг, Үнэлгээ хариуцсан гаалийн улсын байцаагч З.Дэлгэрмаа нараас уг тээврийн хэрэгслэлийн ангилалыг “... барааны ангилалын код 87.03 /суудлын автомашин/ хамааруулах”-аар тогтоосон, нэхэмжлэгчээс “... дүгнэлтийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
“Барааг тодорхойлох, коджуулах уялдсан системийн тухай” 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Олон улсын конвенцийн “...тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, тоног төхөөрөмж” бүлгийн 3-ын 87.03 ангилалд “хөнгөн тэрэг, гол төлөв хүн тээвэрлэх зориулалтаар зохион бүтээгдсэн бусад моторт тээврийн хэрэгсэл”, 87.04 ангилалд “ачаа бараа тээвэрлэх моторт тээврийн хэрэгсэл” хамаарахаар тус тус зааснаас гадна, 87.03 ангилалд хамаарах тээврийн хэрэгслэл нь “...хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, хүн бүрийн аюулгүй байдлыг хангах хэрэгсэл болох хамгаалалтын бүс, суурин суудалтай болон суудлыг суурилуулах бэхэлгээний суурь, суудлууд нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн, эвхэгддэг, бэхэлгээний сууринаасаа салдаг буюу хураагддаг, хоёр хажуу тал буюу хойд талдаа шилэн цонх бүхий гүйгддэг, онгойдог, сөхөгддөг хаалгатай, 2 хажуу талдаа шилэн цонх бүхий, жолоочийн эгнээний хэсэг хүн ба ачааны алиныг нь ч тээвэрлэж болох хойд хэсгийн хооронд хөдлгөөнгүй суурилсан хаалт буюу хамгаалалтгүй, эсвэл салгаж авч болдог хамгаалалттай” байх; 87.04 ангилалд хамаарах тээврийн хэрэгсэл нь “...хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэж болох нэгдсэн нэг талбайтай, бараа тээвэрлэх зориулалтын хэсэг нь тусгаарлагдсан битүү эсвэл задгай тэвштэй аль нь ч байх, урд талын суудлын хойно ямар ч вандан сандал суурилуулах бэхэлгээний нүхгүй, хойд цонх нь битүү, хоёр хажуу талдаа шилэн цонхгүй, ачаа ачих хэсгээс жолооч болон зорчигчийн хэсгийг хамгаалсан хаалт буюу хамгаалалттай, зорчигчийн хэсэгт байдаг тохижилт, дотоод засал тоноглолгүй байх”-аар тус тус тодорхойлсноос үзэхэд дээр дурдсан шинжүүд нь тухайн тээврийн хэрэгсэлийн хувьд ийм байдлаар анх үйлдвэрлэгдсэн байхыг ойлгох бөгөөд ашиглалтын явцад түүний зориулалт, доторх байдлыг өөрчилсөн тохиолдолд хамаарахгүй юм.
Анхан шатны шүүхээс уг авто машины бодит байдал дээр очиж хийсэн шүүхийн үзлэгээр “... нэг бүхээгтэй, хүн бүрийн аюулгүй байдлыг хангах хэрэгсэл болох хамгаалалтын бүс, бариул тогтоох зориулалтын нүх нь жолоочийн арын хэсгийн баруун зүүн талын дээд хэсэгт зориулалтын тагаар бөглөсөн байдалтай, арын ачааны гэх хэсгийн төмрөн шалыг зориулалтын зөөлөвч, хулдаасаар давхарлан бүтээсэн, тусгаарлах хэсгийг болон шалны хулдаасыг хуулахад суудал суурилуулах зориулалт бүхий бэхэлгээний суурь болон суудлын боолтыг бэхэлж тогтоох зориулалтын нүхнүүдтэй, таазанд тогтоосон гэрэлтүүлэгтэй, хоёр хажуу тал буюу хойд талдаа шилэн цонхтой, жолоочийн эгнээний хэсэг хүн ба ачааны алиныг нь ч тээвэрлэж болох хойд хэсгийн хооронд салгаж авч болдог хамгаалалттай, бүхээгийн доторлогоо нь жолоочийн хэсэг болон зорчигчийн хэсэгтэй адил материалаар хийгдсэн, дуу өсгөгч суурилуулсан, хойд талын хаалга нь хажуу тийш онгойдог, дотроосоо онгойлгож болох түгжээ, бариултай, цонхны болон жолоочийн хойд хэсгийг тусгаарласан хаалтын дээд хэсгийг үйлдвэрийн бус аргаар тогтоож байрлуулсан болох нь ... тогтоогдсон” байх тул 2002 онд үйлдвэрлэгдсэн уг автомашиныг ашиглалтын явцад зориулалтыг нь өөрчилсөн гэж үзэх үндэслэлтэй, энэ тохиолдолд “Барааг тодорхойлох, коджуулах уялдсан систем”-ийн 87.03 буюу “хөнгөн тэрэг, гол төлөв хүн тээвэрлэх зориулалтаар зохион бүтээгдсэн бусад моторт тээврийн хэрэгсэл” ангилалаар ангилсан маргаан бүхий захиргааны акт нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “барааг гаалийн тарифын болон тарифын бус хязгаарлалтад хамааруулах, түүнчлэн гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээг эрхлэн гаргах зорилгоор Уялдуулсан системийг хэрэглэнэ”, 22 дугаар зүйлийн 22.2-т “...гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон барааны ангиллын кодыг гаалийн мэдүүлэг болон барааг шалгах үед хянаж шийдвэрлэнэ” гэснийг тус тус зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх маргааны үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлж, дээр дурдсан конвенцийн заалт болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Өөрөөр хэлбэл, “ачааны” буюу 87.04 ангилалд хамаарах тээврийн хэрэгсэл нь анхнаасаа, тухайлбал, хүн бүрийн аюулгүй байдлыг хангах хэрэгсэл болох хамгаалалтын бүс, бариул тогтоох зориулалтын нүхгүй байхаар заагдсан байхад ийм зориулалтын нүх нь “...жолоочийн арын хэсгийн баруун, зүүн талын дээд хэсэгт зориулалтын тагаар бөглөсөн...” гэх зэргээр тухайн тээврийн хэрэгслэлийг ашиглалтын явцад өөрчилсөн байдал нь шүүхийн үзлэгийн явцад тогтоогдсон байхад “... зориулалт өөрчилсөн эсэхийг тодорхойлоход техникийн тусгай мэдлэг шаардлагатай” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу байна.
Түүнчлэн, хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Бүрдүүлэлтийн албаны дарга Н.Уранчимэг, Үнэлгээ хариуцсан гаалийн улсын байцаагч З.Дэлгэрмаа нарын үйлдсэн 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн маргаан бүхий захиргааны акт нь эх хувиараа хэрэгт авагдсан, түүний үнэн зөв эсэх талаар талууд маргаагүй байхад “... хуулбар үнэн тэмдэг дараагүй” гэх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Иймд, хариуцагчийн “... конвенцийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ... буруу дүгнэлт хийсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0144 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 867 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА