Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2018/03190

 

 

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2018/03190

Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Г.О-ийн нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Д.О-д холбогдох газар чөлөөлүүлэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Жавзандулам /үнэмлэх 2676/, Б.Ариунболор /үнэмлэх 2610/, хариуцагч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар /үнэмлэх 1202/, гэрч Г.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар  оролцов.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Өвөр Гүнтэд байрлах 583, 611 метр квадрат талбай бүхий газрыг Д.О ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Д.О нь 2017 оны 5-р сараас эхлэн миний эзэмшлийн хашаанд хүмүүс дагуулан дайран орж, хашаанд байсан байшингийн суурийг хуулж аван, байшин барьж эхэлснээр газрын маргаан үүссэн. Миний бие Д.О ын байшингаа барьж эхлэх үеэс нь шүүхэд хандаж, барилгын ажлыг түдгэлзүүлсэн. Гэтэл шүүхийн шийдвэр болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шаардлагыг үл тоож байшингаа барьж дуусгасан. Д.О ын байшин барьж байгаа газар нь миний эзэмшлийн газар мөн болох нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 170-р шийдвэрээр тогтоогдож, уг шийдвэр нь хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон. Иймд миний эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 19-р хороо Өвөр Гүнтэд байрлах 583, 611 метр квадрат талбай бүхий газарт хууль бусаар шүүхийн шийдвэр болон Шүүхийн шийвэр гүйцэтгэх газрын шаардлагыг үл тоон барьсан Д.Оын хашаа, байшинг нурааж, миний газрыг чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 оноос эхлэн Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Өвөр Гүнтэд байрлах зуслангийн газат газар авах талаар хүсэлт гаргаж, уг хүсэлтийн дагуу Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2004 оны 9-р сарын 20-ны өдөр 400 /6381/ метр квадрат кадастрын зурагтай газрын захирамж гаргаж өгсөн. Би 2005 онд уг газар дээр 1 170 000 төгрөгийн зардлаар хашаа барьсан. 2008 онд би Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга н.Очирт гэрчилгээгээ солиулахаар Нийслэлийн газрын албаны дарга байсан н.Сандуйгаар дамжуулан өгсөн. Гэтэл 2010 онд газрын хэмжээг багасгаж, 2305 метр квадрат болгож, газрын гэрчилгээ кадастрын зурагтай өгсөн. Тэгэхээр нь н.Сандуй даргатай уулзаж миний газрын хэмжээг багасгасан байна, энэ хүндээ арга хэмжээ авч өгөөч гэдэг асуудлыг тавьсан. н.Очир нь би хасаагүй н.Энхтулга хассан гэж хэлдэг. н.Энхтулга нь ажилдаа ирэхгүй байхаар нь ажлаас нь халсан гэсэн. Тэгээд Очирт нь өөрт нь арга хэмжээ авч 6 сарын цалинг нь 20 хувиар хассан. Мөн үлдээсэн 2305 метр квадрат газраасаа дахин газар олголт хийж н.Энхбаяр, н.Дуулгабаяр нарт өгсөн байсан. Тэгээд Г.О-т газар худалдахдаа хойно байсан газрыг шилжүүлж газар олгосон. Г.О-ийн маргалдаж байгаа газар дээр бид байшингийн суурь цутгасан бөгөөд барилга барьсан газар нь 2119 метр квадрат бүхий талбай байгаа. Би өөрийнхөө газар дээр л байшин барьж, гүний худаг ухсан байгаа. Түүнээс хүний газар дээр бид байшин бариагүй.  Бүх газрын бичиг баримтууд миний нэр дээр байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.О нь Д.О-д холбогдох газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

          Г.О-т  Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 11-р сарын 20-ны өдрийн А/299 дугар шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 18638328565930 дугаар бүхий Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Гүнтэд байрлах 583 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатай, нэгж талбарын 18638328540933 дугаар бүхий 611 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэж, газар эзэмших эрхийн 000431638, 000431628 дугаартай гэрчилгээг /хх 4-7/ олгожээ.

 

Нэхэмжлэгч нь тухайн газарт Д.О нь хууль бусаар байшин барьсан талаар маргаж газар чөлөөлүүлэхийг хүссэн бол хариуцагч нь өөрийн эзэмшлийн газарт байшин барьсан гэж маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 9-р сарын 20-ны өдрийн 177 тоот захирамжаар Д.О-д 400 м.кв эзэмшүүлсэн газрыг баталгаажуулсан, улмаар эзэмших эрхийн 0310142 дугаартай гэрчилгээ олгогдсон, эзэмшигч  /хх 30-37/ байна. Үүнээс өөрөөр Д.Од газар эзэмшүүлсэн  талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагч нь Гүнтийн зусланд 2305 м.кв газар эзэмшиж байсан, энэ хэмжээгээр газар олголтыг хийгээгүй талаар болон Г.О-ийн бусдаас шилжүүлж авсан газрыг олгохдоо хууль зөрчсөн тухай Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн газрын албанд холбогдох гомдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн 2018 оны 03-р сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0170 дугаартай шийдвэрээр түүний нэхэмжлэлиийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Г.О-ийн бие даасан шаардлагаас түүнд эзэмшүүлсэн 611 м.кв, 583 м.кв газрын эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, хугацаа сунгах талаар холбогдох шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ. Шийдвэр хүчинтэй / хх 104-127/ байна.

 

 Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 05-р сарын 24-ний өдрийн А/317 тоот шийдвэрийг үндэслэн Г.О-т 611 м.кв, 583 м.кв газрыг тус тус 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эзэмших эрхийн 000736431, 000736432 тоот гэрчилгээ олгогдсон, харин нэгж талбарын дугаар нь 1501204962, 1501201428 болж өөрчлөгдсөн, газрыг гэрээний үндсэн дээр эзэмшдэг /хх 135-141/ байна.

 

Харин нэхэмжлэгч нь энэ газар дээр Д.О байшин барьсан гэж марган газар чөлөөлүүлэхээр шаарддаг боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Д.О-ын барьсан гэх байшин нь 611 м.кв газарт, эсхүл 583 м.кв хөрш зэргэлдээ газрын гол дунд нь барьсан, 583 м.кв газарт баригдсан гэж өөр өөрөөр тайлбарладаг боловч эрх бүхий байгууллагаар хэмжилт хийлгэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй байна. Гэрч Г.Өлзийбаяр нь Г.О, Д.О нарт газар олгосон, сунгасан талаар мэдүүлсэн бөгөөд Г.О-ийн эзэмшлийн аль газарт хариуцагч барилга байшин барьсан талаар гэрчлээгүй болно.  

 

Нөгөө талаас, газарт хийсэн үзлэгээр /хх 205-212/ маргаж байгаа газрын аль хэсэгт ямар хэмжээтэй байшин барьсан, тухайн газар нь Г.О-т эзэмшүүлсэн газар эсэхийг тогтоох боломжгүй.

 

  Хэргийн 162-185 дахь талд авагдсан баримтууд, гэрч Ч.Очирын мэдүүлэг /хх 230-234/  нь захиргааны хэрэгт хэлэлцэгдсэн, 237-254 дэх талд авагдсан барилгын зураг төсөл, ажил гүйцэтгэх гэрээ нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай холбоогүй байна.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон                  

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан          Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Гүнтэд байрлалтай, 1501204962 нэгж талбарын дугаартай 611 м.кв, 1501201428 дугаартай 583 м.кв зуслангийн зориулалттай газрыг Д.О-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн Г.О-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА