Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00638

 

Г.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/03190 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2491 дүгээр магадлалтай

Г.Оийн нэхэмжлэлтэй,

Д.Оюд холбогдох

Өөрийн эзэмшлийн газарт баригдсан хариуцагчийн хашаа байшинг буулгаж, газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагч Д.Оюын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунболор, хариуцагч Д.Ою, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Өвөр Гүнтэд байрлах 583, 611 метр квадрат талбай бүхий газарт Д.Ою нь 2017 оны 5 сард дайран орж, хашаанд байсан байшингийн суурийг хуулж, өөрийн байшинг барьж эхэлснээр газрын маргаан үүссэн. Энэ үеэс нь би шүүхэд хандаж барилгын ажлыг түдгэлзүүлсэн боловч шүүхийн шийдвэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шаардлагыг үл тоож байшингаа барьж дуусгасан. Байшин барьсан газар нь миний эзэмшлийн газар мөн болох нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 170-р шийдвэрээр тогтоогдож, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд миний эзэмшлийн 583, 611 метр квадрат талбай бүхий газарт хууль бусаар барьсан хариуцагч Д.Оюын хашаа, байшинг буулгаж, газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2004 оноос эхлэн Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Өвөр Гүнтэд байрлах зусланд газар авах талаар хүсэлт гаргаснаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2004 оны 9-р сарын 20-ны өдөр 400 /6381/ метр квадрат кадастрын зурагтай газрын захирамж гаргасан. 2005 онд уг газар дээр 1 170 000 төгрөгийн зардлаар хашаа барьсан. 2008 онд Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга н.Очирт гэрчилгээ солиулахаар Нийслэлийн газрын албаны дарга байсан н.Сандуйгаар дамжуулж өгсөн. Гэтэл 2010 онд газрын хэмжээг багасгаж, 2305 метр квадрат болгож, гэрчилгээ кадастрын зургийг өгсөн. н.Сандуй даргатай уулзаж газрын хэмжээг багассан асуудлыг тавьснаар холбогдох ажилтанд арга хэмжээ авсан. Мөн үлдээсэн 2305 метр квадрат газраасаа дахин газар олголт хийж н.Энхбаяр, н.Дуулгабаяр нарт өгсөн байсан. Г.От газар худалдахдаа хойно байсан газрыг шилжүүлж газар олгосон. Нэхэмжлэгчийн маргалдаж байгаа газар дээр бид байшингийн суурь цутгасан бөгөөд барилга барьсан газар нь 2119 метр квадрат бүхий талбай байгаа. Би өөрийн газар дээр байшин барьж гүний худаг ухсан, бусдын газарт байшин бариагүй. Бүх бичиг баримтууд миний нэр дээр байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/03190 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд байрлалтай, 1501204962 нэгж талбарын дугаартай 611 м.кв, 1501201428 дугаартай 583 м.кв зуслангийн зориулалттай газрыг Д.Оюын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн Г.Оийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2491 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/03190 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Жавзандулам давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Ою хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Г.О нь Д.Оюд миний биед холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан ба анхан шатны шүүхийн 2018 оны №03190 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Г.О болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны №2491 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Үүнд:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2491 дүгээр магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “Шинжээч томилохоос татгалзсан шүүгчийн захирамж хүчингүй болсон тохиолдолд шүүх шинжээч томилуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч тухайн хүсэлтээс татгалзаагүй байхад орхигдуулсан атлаа дээрх нэхэмжлэгч талын газрын давхцалтай холбоотой нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаар хэмжилт хийлгэх зэргээр нотлоогүй гэсэн утгатай дүгнэлт хийсэн нь зөрчилдөөнтэй байна” хэмээн дурджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн нь шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан ба хариуцагчийн зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг тус тус гаргасан ба 2017 оны 09 дүгээр 27-ны өдрийн №12694 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны №12694 дүгээр захирамжид гомдол гаргасан ба энэхүү гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэсэгт гаргасан гомдол юм.

Анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу /эрх хэмжээний хүрээнд/ хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ба ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гомдол гаргах эрхгүй.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2017 оны №12694 дүгээр захирамжид гаргасан гомдлыг тухайн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №00390 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн бөгөөд тухайн анхан шатны шүүх гомдлыг хянан хэлэлцэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэсэгт дүгнэлт хийснээс бус шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн хэсэгт дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №12694 дүгээр захирамжийн захирамжлах нь хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгох эрх хэмжээ гомдлыг хянан хэлэлцсэн тухайн шүүхийн шүүх бүрэлдэхүүнд олгогдоогүй.

Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны №2491дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №12694 дүгээр захирамжийг тухайн шүүхийн 2017 оны №00390 дүгээр тогтоолоор хүчингүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг дахин хэлэлцэх ёстой гэх агуулгаар тайлбарлан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1, 123.1, 170.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцэхгүй байх ба давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийгээгүй ба дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй юм.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №12694 дүгээр захирамжийг тухайн шүүхийн 2017 оны №00390 дүгээр тогтоолоор хүчингүй болгон шийдвэрлэсэн. /Захирамжийн захирамжлах нь хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно/

Гэвч нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн зүгээс шинжээч томилуулах хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан хүртэл огт гаргаагүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгчдийн зүгээс тухайн маргаан бүхий газарт зайлшгүй шинжээч томилуулах шаардлагатай хэмээн үзэж байсан бол 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 1 жилийн хугацаанд шинжээч томилуулах хүсэлтийг дахин гаргах, өмнө гаргасан гэх хүсэлтийг дахин хэлэлцүүлэх зэрэг хүсэлт гаргах эрх нээлттэй байсан боловч ямар ч хүсэлт гаргаагүй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ба тухайн шүүхийн №00390 дүгээр тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчдийн зүгээс шинжээч томилуулах тухай хүсэлтийг дахин гаргах ёстой болохоос биш шүүх санаачилгаар хүсэлтийг дахин шийдвэрлэх нь шүүхийн хөндлөнгийн байх зарчим болон ИХШХШТХ-ийн 25, 38 дугаар зүйлүүдэд нийцэхгүй юм.

Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12694 дүгээр захирамжийг тус шүүхийн 2017 оны 00390 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан зарлагдмагц нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт бус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаж, тус хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэж байсан.

Анхан шатны шүүх хуралдаан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчдийн зүгээс шинжээч томилуулах шаардлагагүй гэх мэтчилэн шинжээч томилуулах хүсэлтийг огт гаргаагүй.

Мөн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд “шинжээч томилох хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлээгүй тул дахин дээрх хүсэлтийг гаргах шаардлагагүй гэж бодож байгаа, шинжээч томилуулах хүсэлтийг дахин гаргаагүй” гэх тайлбарыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан ба уг тайлбар нь шүүх хуралдаанд тэмдэглэлд тусгагдсан байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчдийн зүгээс дээрх байдлаар шинжээч томилуулах хүсэлтийг гаргаагүй шалтгаанаа тайлбарлаж байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан 2017.09,27-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэх шаардлагатай хэмээн дүгнэсэн нь ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй юм.

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх хараат бус, хөндлөнгийн байр суурьнаас маргааныг шийдвэрлэх ёстой атал харин ч хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. /Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шинжээч томилуулах хусэлт гаргах шаардлагагүй гэж тайлбарласаар байтал шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлэх шаардлагатай хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй болно./

Нэхэмжлэгч Г.О нь 2017.05.25-ны өдөр Ж.Чимэдцэрэнд 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан бөгөөд энэхүү итгэмжлэлийн хугацаа 2018.05.25-ны өдөр дууссан тул Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д заасны дагуу төлөөлөл дуусгавар болсон.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзсан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2 өмгөөлөгчийн хамт өөрийн биеэр оролцсон.

Нэхэмжлэгч нь ИХШХШТХ-ийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар итгэмжлэлээсээ татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцсон тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэнд олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.2-т зааснаар дуусгавар болох юм.

Нэгэнт нэхэмжлэгч нь төлөөлөгчөөсөө татгалзсан, олгосон итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй бөгөөд түүний хүсэл зоригийн илэрхийлэл ч мөн дуусгавар болно.

Өөрөөр хэлбэл Ж.Чимэдцэрэнд олгосон итгэмжлэлийн хугацаа дуусгавар болж, нэхэмжлэгч өөрийн биеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул 2017.09.27-ны өдөр шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан Ж.Чимэдцэрэнгийн хүсэл зориг дуусгавар болох ба шинжээч томилуулах хүсэлт гаргах эрх нь нэхэмжлэгч болон түүний вмгввлвгчид үлдэх юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийгээгүй бөгөөд төлөөлөл нь дуусгавар болсон төлөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлэх ёстой мэтээр дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгож буй нь хууль зүйн үндэслэлгүй юм.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг үндэслэн 2017.09.27-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт ба уг хүсэлт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхийн журмаар шинжээч томилуулж, маргаан бүхий газарт дүгнэлт гаргах шаардлагагүй байсан.

Учир нь 2018.10.25-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Г.Өлзийбаяр /Чингэлтэй дүүргийн газрын албаны мэргэжилтэн/ оролцсон бөгөөд “тухайн маргаан бүхий газарт нэхэмжлэгч Г.О хэмжилт хийлгэх хүсэлт гаргаагүй, уг хүсэлтийг Г.О гаргасан тохиолдолд манай байгууллагын зүгээс хэмжилт хийх боломжтой" гэх мэдүүлэг өгсөн.

Гэрчийн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Г.О нь газар эзэмшигчийн хувьд Газрын тухай хуульд заасны дагуу өөрийн эзэмшил газрын хэмжээ, хязгаарыг тогтоох зорилгоор тухайн газарт хэмжилт хийлгэх хүсэлт гаргах эрх нь нээлттэй бөгөөд өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох үүргийн хүрээнд дээрх хэмжилтийг хийлгэж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох бүрэн боломжтой байсан.

Гэвч нэхэмжлэгчийн зүгээс дээрх хэмжилтийг өөрөө хийлгэх буюу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх бүрэн боломжтой байсан атлаа энэхүү үүргээ биелүүлэлгүйгээр шүүхийн журмаар шинжээч томилуулж, газрын хэмжилт хийлгэх хүсэлт гаргасан нь ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн ..., шинжилгээ хийлгэх, .... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасантай нийцэхгүй.

Тухайлбал: Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Газрын албанд газрын хэмжилт хийлгэх хүсэлт гаргаж, уг хэмжилтийн дүгнэлтийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөх боломжтой тул шүүхийн журмаар шинжээч томилуулах асуудал яригдахгүй юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан шинжээч томилуулах хүсэлт нь ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан и..мөөрөө олж авах боломжгүй, ..., шинжилгээ хийлгэх үндэслэл хамаарах мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчийн байшин нь нэхэмжлэгчийн газарт баригдаагүй бөгөөд нэхэмжлэгч үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017.09.27-ны өдөр шүүхэд гаргасан Хариуцагч Д.Ою нь нэхэмжлэгч Г.Оийн эзэмшлийн газар дээр хууль бусаар

барилгын ажил явуулж байгаа бөгөөд энэ талаар холбогдох баримт, зургийг гаргаж өгсөн боловч дээрх нотлох баримтууд нь маргаан бүхий үйл баримтыг бүхэлд нь нотолж чадахгүй, тухайн барилгын ажлыг Г.Оийн эзэмшлийн газар дээр явуулж байгаа эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна” хэмээх хүсэлтээр нотлогдох юм,

5. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны №2491 дүгээр магадлалын ХЯНАВАЛ хэсэгт нэхэмжлэгч Г.Оийн эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр Д.Ою нь ... 2 давхар байшин барьсан, ... байшин барьсан газрын хажуу тал, хойд талын газрууд хариуцагч Д.Оюын өөрийнх нь эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, дээрх газар дээр баригдсан байшин нь одоогоор газрын зурагт харагддаггүй гээд, ... 611 м.кв, 583 м.кв газрыг бодит байдлаар үзэж, фото зургаар баталгаажуулав” гэжээ. Гэтэл шүүхийн шийдвэрт “үзлэгээр маргаж байгаа газрын аль хэсэг нь Г.От эзэмшүүлсэн газар эсэхийг тогтоох боломжгүй” гэж өөр агуулга бүхий дүгнэлт хийсэн байна” хэмээн дурджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүхийн зүгээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн ба уг үзлэгээр маргаан бүхий газар нь Г.Оийн газар, дээрх газарт хариуцагч Д.Ою байшин барьсан гэдэг үйл баримтыг нотолж, тогтоогоогүй юм.

Учир нь үзлэгээр талуудыг байлцуулан газар болон барьсан байшингийн талаар тайлбар сонсож, фото зургаар баталгаажуулсан болохоос биш газрын хэмжил хийж, газрын байршлыг тогтоож, нэхэмжлэгчийн газар дээр хариуцагч байшин барьсан гэх үйл баримтыг тогтоогоогүй ба шүүх үзлэгээр дээрх үйл баримтыг тогтоох ч боломжгүй.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь үзлэгийн явцад миний газар дээр байшин барьсан гэх тайлбарыг гаргадаг боловч аль гаэар дээр нь хэр хэмжээгээр байшин баригдсан талаар огт тайлбар гаргаж, үзлэгийн явцад баталгаажуулж чадаагүй ба анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчийн газар дээр байшин барьсан мэтээр үзлэгийн тэмдэглэлийг үнэлж, өөр агуулга бүхий дүгнэлт хийсэн хэмээн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж буй нь үндэслэлгүй болно.

6. Нөгөөтэйгүүр ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасанчлан нэхэмжлэгч нь өөрийн шаардлага, түүний үндэслэлийн талаарх баримтыг өөрөө бүрдүүлэх, цуглуулах, шүүхэд гаргах үүрэгтэй ба шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах ажиллагааг хийхгүй байх зарчимтай.

Гэтэл давж заалдах шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгч өөрөө нотлоогүй, нотлох боломжтой боловч нотлох шаардлагагүй гэж үзсэн үйл баримтыг нэхэмжлэгчээр нотлуулахын тулд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаахын зэрэгцээ маргааны үйл баримтад дүгнэлт хийхдээ хэт нэг талыг барьж, анхан шатны шүүхэд гаргаагүй тайлбар, гомдлыг үндэслэн, хэргийн оролцогчийн өмнөөс нотлох баримт бүрдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх дээрх байдлаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад бүрэн дүгнэлт хийгээгүйн улмаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны №2491 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03190 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцжээ.

Нэхэмжлэгч Г.О нь Д.Оюд холбогдуулан өөрийн эзэмшлийн газарт баригдсан хариуцагчийн хашаа байшинг буулгаж, газар чөлөөлүүлэхээр шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, өөрийн эзэмшлийн газар дээр байшин барьсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд 583 м.кв газрыг, мөн 611 м.кв газрыг тус тус зуслангийн зориулалтаар эзэмших эрхтэй, хариуцагч нь тус газарт 400 м.кв талбай эзэмших эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил газарт хариуцагчийг хашаа татаж, байшин барьсан гэж маргаж, маргааны зүйл болсон байшин хэний эзэмшил газарт баригдсан болохыг тогтоолгуулахаар шинжээч томилох хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3.-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргах эрхтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай шинжилгээ хийлгэх тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх үүрэгтэй, 105 дугаар зүйлийн 105.1.-д зааснаар нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг ... шүүгч нэн даруй шийдвэрлэх үүрэгтэй.

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Шүүх хэргийн оролцогчид нотлох баримт бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.5.-д нийцсэн, 168 дугаар зүйлийн 168.1.7. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Маргааны зүйл болсон хариуцагчийн барилга хэний эзэмшлийн газар дээр баригдсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, хяналтын шатны шүүхээс хэрэгт авагсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2491 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Оюын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД