Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2021/00809

 

   

Б.Болормаа, М.Мягмардорж нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Б.Ундрах, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00980 дугаар шийдвэр

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1307 дугаар магадлалтай, 

 Б.Болормаа, М.Мягмардорж нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч, нэхэмжэлгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаагийн гаргасан гомдлоор,

Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.17-ны өдрийн 182/ШШ2019/00679 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Болормаа, М.Мягмардорж нар нэхэмжлэгч Т.Оюунбаатарын нэхэмжлэлийн шаардлагаас 16,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2019.10.17-ны өдөр төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь М.Мягмардоржийн өмчлөл, эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Ар согоотын 1-р гудамж, 106 тоотод байрлах 36 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017591 дугаарт бүртгэлтэй 2 өрөө хувийн сууц, нэгж талбарын 18643320692471 дугаартай 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт Баян модот ХХК-аар 2020.02.23-ны өдөр хөрөнгийн үнэлгээ хийлгэж уг үнэлгээний тайлан болон дүгнэлтийг Б.Болормаа, М.Мягмардорж нарт 2020.03.20-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Б.Сэлэнгэ танилцуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон Баян модот ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг зах зээлийн үнээс хэт доогуур 20,382,000 төгрөгөөр үнэлсэн байна. Тодруулбал, 36 м.кв талбайтай 2 өрөө хувийн сууцыг 6,390,018 төгрөгөөр үнэлсэн нь М.Мягмардоржийн хувийн сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэгүйдүүлсэн үнэлгээ хийсэн. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний саналаа 120,000,000 төгрөг, 80,000,000 төгрөг гэж өгсөн бөгөөд уг үл хөдлөх хөрөнгийг 2 өрөө байраар сольё гэж байсан. Дулаан болон бохирын шугам орох гэж байгаа учраас үнэд хүрэх боломжтой юм. Мөн үнэлгээ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн ажлыг харгалзан үзээгүй, мөн хөрөнгийн үнэлгээний хуульд заасан зарчим, журмаар үнэлээгүй байна. Энэ нь төлбөр төлөгч болон өмчлөгч эзэмшигчийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас М.Мягмардоржийн хувийн сууц, газрыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.17-ны өдрийн 182/ШШ2019/00679 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Болормаа, М.Мягмардорж нараас 16,237,950 төгрөгийг гаргуулж Т.Оюунбаатарт олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч М.Мягмардоржийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017591 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Ар согоотын 1-р гудамж, 106 тоотод байрлах 36 м.кв талбайтай хувийн орон сууц, нэгж талбарын 18643320692471 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 2020.01.17-ны өдөр 19300767/01 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020.01.30-ны өдөр 18300767/01 дугаартай тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу талууд харилцан тохиролцоогүй тул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55.2.2-т заасны дагуу 2020.02.07-ны өдрийн 19300767/01 дугаар шинжээч томилох тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр зах зээлийн үнэлгээг тогтоолгосон. Баян модот ХХК-ийн шинжээч 20,382,000 төгрөгийн үнэлгээ тогтоосон тайланг төлбөр төлөгч М.Мягмардорж, Б.Болормаа нарт мэдэгдлийн хамт танилцуулж гардуулан өгсөн. Иймд дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.05-ны өдрийн 182/ШШ2020/00980 дугаар шийдвэрээр : Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай М.Мягмардорж, Б.Болормаа нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Мягмардорж, Б.Болормаа нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.19-ний өдрийн 1307 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.05-ны өдрийн 182/ШШ2020/00980 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх ба үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нар нь шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж орон сууцыг дулаан бохирын шугаманд холбогдох гэж байгаа 2 өрөө байраар солино гэсэн гэж тайлбарлаж байгаа боловч нотлох баримтаар нотлоогүй. Монгол Улсын зах зээлд тухайн эд хөрөнгө ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг үндэслэл зааж няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг буруутгах үндэслэлгүй байна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлдээ дурьдсан бол Давж заалдах шатны шүүх нь магадлалдаа ... Хөрөнгийн Үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлийн 8.1 заасныг үндэслэж үнэлгээний тайлан болон энэ талаар Анхан Шатны Шүүхийн дүгнэлт зөв болсон гэж үзэж давж заалдах гомдолыг хангахгүй орхисонд гомдолтой байна. Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газраас томилогдсон Баян Модот ХХКомпани нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнийг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон. Мөн үнэлгээ нь хөрөнгийн үнэлгээний хуульд заасан зарчим журмаар үнэлээгүй, хууль зөрчиж шинжээч томилсон байгууллага болох Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын ашиг сонирхолд нийцүүлэн төлбөр авагч талд ашигтай төлбөр төлөгч талд хохиролтой үнэлгээ хийсэнд гомдолтой байна. Шинжээчийн үнэлгээ нь хөрөнгийн үнэлгээний хуулийг зөрчсөн зах зээлийн үнийг баримтлаагүй зөвхөн үнэлгээг Шийдвэр гүйцэтгэх байгууллагийн зорилгоор ашиглах боломжтой бөгөөд өөр бусад зорилгоор ашиглах боломжгүй гэж дүгнэлт гаргасан нь төлбөр төлөгчийн эрх ашгийг хохироож хөрөнгийг үнэгүйдүүлэх зорилготой гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.4-т зааснаар "Хөрөнгийн үнэлгээ хийх гэж хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийг тоггооход чиглэсэн үнэлгээиий хараат бус үйл ажиллагааг хэлнэ гэж тодорхойлсон. Мөн хуулийн 4-р зүйлийн 4.1.1-т хараат бус байх 4.1.3-т шудрага байх, 8-р зүйлийн Хөрөнгийн үнэлгээ хийх аргачал, 9-р зүйлийн Хөрөнгийн үнэлгээний тайлан гэсэн хэсгүүдийн зүйл заалтуудыг зөрчсөн хөрөнгийн үнэлгээ болсон байна. Шинжээч хуульд зааснаар хөрөнгийн үнэлгээг тухайн зүйлийн шинж байдал онцлог зориулалтыг харгалзан хууль дүрэм журамд заасныг баримтлан үнэлгээг хийх ёстой байтал хуульд заагаагүй үндэслэл буюу Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын зорилгоор үнэлгээг тогтоосон зөвхөн энэ зорилгоор үнэлгээг ашиглах боломжтой гэсэн нь хууль зөрчсөнийг нотлож байна.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9-р зүйлийн 9.1-т Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэж заасан байгаатай Баян Модот" ХХК-ийн үнэлгээний тайлан нь нийцэхгүй байна. Иймд анхан болон давж шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хөрөнгийн үнэлгээг дахин хийлгүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Б.Болормаа, М.Мягмардорж нар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасанд, анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, тэдгээрийн гаргаж өгсөн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв боловч эрх зүйн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй нь алдаатай болжээ

 Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулахгүйгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 , 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасантай нийцээгүй байх тул шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд, ... хөрөнгийг хуульд заасан журмаар үнэлээгүй, хууль зөрчиж шинжээч томилсон байгууллага болох Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын ашиг сонирхолд нийцүүлэн төлбөр авагч талд ашигтай, төлбөр төлөгч талд хохиролтой үнэлгээ хийсэнд гомдолтой гэсэн агуулга заажээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.17-ны өдрийн 182/ШШ2019/00679 дүгээр шийдвэрээр Б.Болормаа, М.Мягмардорж нар 16,237,950 төгрөгийг Т.Оюунбаатарт төлөх үүрэгтэй байна.

 Төлбөр төлөгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд М.Мягмардоржийн өмчлөлийн барьцаа хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт мөн заажээ. (хх-7-10)

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч нар төлбөрийг сайн дураараа төлөөгүй тул, албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж М.Мягмардоржийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017591 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Ар согоотын 1-р гудамж, 106 тоотод байрлах 36 м.кв талбайтай хувийн орон сууц, нэгж талбарын 18643320692471 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 2020.01.17-ны өдөр 19300767/01 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020.01.30-ны өдөр 18300767/01 дугаартай тогтоолоор хураасан байна.

 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй учир, 2020.02.07-ны өдрийн 19300767/01 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр Баян модот ХХК-ийн томилсон, шинжээч хөрөнгийг 20,382,000 төгрөгөөр үнэлж тайланг ирүүлснийг төлбөр төлөгч М.Мягмардорж, Б.Болормаа нарт мэдэгдлийн хамт танилцуулж, гардуулж өгсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ. (хх-11-22)

 Төлбөр төлөгч М.Мягмардоржийн өмчлөлийн дээрх хөрөнгийг битүүмжлэн, хурааж үнийн санал авах, үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх талаар явуулсан шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46, 49, 54, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.(хх-35-58)

 Шинжээч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн нийт үнийн дүнг 20,382,000 төгрөг гэж тогтоосныг нэхэмжлэгч үгүйсгэсэн, тухайн үл хөдлөх хөрөнгө нь ямар онцлог шинжээрээ шинжээчийн тогтоосон үнэлгээнээс их байх боломжтойг нотолсон баримт гаргаагүй, түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрийн мэдэгдлийг тухай бүрт нь төлбөр төлөгч, өмчлөгчид мэдэгдэж ажиллагаанд биечлэн оролцох боломжоор хангасан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул төлбөр авагч талд ашигтай төлбөр төлөгч талд хохиролтой үнэлгээ хийсэнд гомдолтой гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдол хангагдах боломжгүй юм.

 Хэргийн дээрх нөхцөл байдлын талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, шүүх үнэлгээний талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журам зөрчөөгүй байна.

 Иймд дээр дүгнэснээр шийдвэр, магадлалд хуулийн заалтыг нэмж өөрчлөлт оруулан, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаагийн гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1307 дугаар магадлалын 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00980 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар ... гэснийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЦОЛМОН

                                     ШҮҮГЧИД                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Г.ЦАГААНЦООЖ