Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
Хэргийн индекс | 184/2017/00010/и |
Дугаар | 184/ШШ2018/02685 |
Огноо | 2018-10-31 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 184/ШШ2018/02685
2018 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 184/ШШ2018/02685 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.А,,
Хариуцагч: Э.У нарт холбогдох,
Үндэслэлгүй хөрөнгөжсөн 14.450.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н, хариуцагч болон хариуцагч Э.У-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, гэрч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ....-ын .. дүгээр дан байрнаас 1 өрөө байрыг хувьчилж авсан юм. Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2 тоот тогтоолоор өмчлөх эрхийн гэрчилгээ авч, Н.Н, Х.Н, Х.Ннар өмчлөгчөөр бүртгэгдсэн. Л.А нь миний өмчлөлийн байр газарт орсныг мэдээд надаас нууж, намайг төөрөгдүүлж, хямдхан байртай болохоор миний эд хөрөнгөд шунасан байна. Тухайн үед мөн миний бие өвчтэй байсан, хагалгаанд орсны улмаас чихний сонсгол алдагдсан, архичин нөхрийн дарамтанд орж сэтгэл санааны хямралтай байсны улмаас гэрээний ирээдүйн үр дагаврыг ойлгоогүй ба энэ талаар цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан. Хуулийн байгууллагаар шалгуулах явцад чамд мөнгө өгнө гэсэн учир түүнд итгэж хууртсаар өнөөдрийг хүртэл хохирсоор байна. Энэ бүхнээс үзэхэд Л.А нь миний хууль эрх зүйн мэдлэггүйг ашиглаж, сэтгэл санааны дарамт шахалт үзүүлэн, эрүүл мэндийн хувьд өвчтэй сэтгэл зүйн түр зуурын сааталд орсон байдлыг ашиглан гэрээнд гарын үсэг зуруулсан нь өмчлөгч нарын эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Хөрш зэргэлдээ сууц өмчлөгчид ижил төрлийн байруудыг Бүргэд констракшн ХХК-д өндөр үнээр арилжиж, оронд нь сайн байр авсан, хэрэв энэ гэрээг байгуулаагүй бол миний бие байраа Бүргэд констаркшн ХХК-д арилжиж, 15 м.кв талбай бүхий 14.450.000 төгрөгийн үнэлгээ бүхий байртай болох боломжтой байсан. Гэтэл Л.А нь ийнхүү хуурч мэхэлж, хууль бус гэрээ хийсний улмаас би биш Л.А нь 14.450.000 төгрөгийн үнэ бүхий байртай болоод байна. Иймд миний олох ёстой байсан орлого буюу Л.Агийн үндэслэлгүй олж авсан 14.450.000 төгрөгийг хариуцагч нараас буцаан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.У, Л.А нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2007 оны 12 дугаар сарын 3-ны өдөр иргэн Н.Нээс 1 дүгээр дан байрны 15 м.кв нийтийн нэг өрөө байрыг нийт 1.300.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд Н.Н нь өмчлөгчийн хувьд хуулийн дагуу худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурж уг байр манай өмчлөлд шилжсэн юм. Уг байр нь 2015 онд газарт орж, бүтэн 9 жилийн дараа орон сууц болсон. Тухайн үедээ мөнгө хэрэгтэй гэж байраа зарчихаад сүүлд ашиг олж болохыг нь мэдээд илтээр гуйвуулан гүтгэж байна. Миний хувьд Н.Нтэй тохиролцсоны дагуу мөнгөө бүрэн өгч дууссан ба сүүлд зөрүү мөнгө төгрөг өгнө гэж тохиролцсон зүйл байхгүй юм. Түүнчлэн уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ тул 14.450.000 төгрөгийг Н.Нд төлөхийг зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Н нь 2007 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ-г ноцтой төөрөгдөж хийсэн, хэлцлийг хийсэн нөгөө тал болох Л.А нь хуурч мэхэлсэн, сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон /Иргэний хуулийн 56.1.6/ үедээ хийсэн, эрх зүйн бүрэн чадамжтай этгээд үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон буюу сэтгэцийн түр зуурын сааталд орсон /Иргэний хуулийн 56.1.7/ үедээ хийсэн, маргааны бүхий гэрээний нөхцөл нь шударга ёсны зарчимд харш, нөгөө талдаа хохиролтой нөхцөл тохирсон тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж, олох ёстой байсан орлого буюу хариуцагч нарын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14.450.000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, мөн Иргэний хуулийн 58, 59, 202 дугаар зүйлийн 202.1-д зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцуулах агуулга бүхий шаардлага гаргасан боловч энэ нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 14.450.000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна.
Түүнчлэн талууд Орон сууц худалдах худалдан авах гэрээ-г байгуулаагүй бол нэхэмжлэгч нь хуучин байраа бусдад арилжиж, 14.450.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцтай болох боломжтой байсан, уг гэрээг байгуулснаар нэхэмжлэгч бус хариуцагч нарын хөрөнгө орлого 14.450.000 төгрөгөөр нэмэгдсэн гэх үндэслэлээр уг мөнгийг хариуцагчаас шаардаж байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж түүнээс 14.450.000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан гаргуулахаар нэхэмжилсэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Н.Н болон хариуцагч Л.А нар нь
Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ....-ийн ажилчдын ... дүгээр дан байрны 15а тоот хаягт байрлах 15 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, нэхэмжлэгч Н.Н болон хариуцагч Л.Агийн охин Э.У нар гэрээнд гарын үсэг зурсан, гэрээний дагуу төлөх ёстой 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь зохигчдын тайлбар, Орон сууц худалдах худалдан авах гэрээ гэх бичмэл баримтаар тогтоогдож байна. /хх-1 36-37 дугаар тал/
Нэхэмжлэгч нь дээрх гэрээг хийхдээ сэтгэцийн түр зуурын сааталд орсон байсан, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадваргүй байсан гэх боловч Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шинжээч эмч нарын 2018 оны .. дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна. /хх-2 31-34 дүгээр тал/
Түүнчлэн талууд маргаан бүхий гэрээг байгуулах үед хариуцагч Л.А нь нэхэмжлэгчийг хууран мэхэлж хийсэн, гэрээг хийх үедээ нэхэмжлэгч Н.Н ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоогдоогүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ биш тул уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх, мөн хуулийн 58, 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан 2007 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ нь Л.А болон Н.Н нарын хооронд хүчин төгөлдөр байгуулагдсан, Л.Агийн зөвшөөрснөөр түүний охин Э.У гэрээнд гарын үсэг зурсан, хариуцагч нарын хөрөнгө үндэслэлгүйгээр 14.450.000 төгрөгөөр нэмэгдсэн гэж үзэх боломжгүй тул уг мөнгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох боломжгүй юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичмэл баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хариуцагчийг ноцтой төөрөгдсөн, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй байх үедээ гэрээ байгуулсан, нэхэмжлэгч Л.Аг хуурч мэхэлж хэлцэл хийсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг эргэлзээгүйгээр нотолж чадаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг байна. /хх-1 94-96, 122-123 дугаар тал/
Хөрш зэргэлдээ орон сууц өмчлөгчид нэхэмжлэгчийн сууцтай ойролцоо тоо, чанар бүхий орон сууцыг бусдад өндөр үнээр арилжихаар харилцан тохиролцсон тохиролцоо, мөн хариуцагчийн хувьд уг байрыг хожим өндөр үнээр бусдад арилжсан нөхцөл байдал нь талуудын хооронд байгуулагдсан 2007 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн тохиролцоог хүчингүй болгох үндэслэл болохгүй. Учир нь эдгээр тохиролцоонууд нь өөр өөр этгээдүүдийн хүсэл зоригийн дагуу хийгдэж буй, өөр өөр хэлцлүүд болно.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Л.А, Э.У нараас 14.450.000 төгрөг гаргуулах тухай Н.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328.950 төгрөгөөс 258.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70.200 төгрөгийг Улаанбаатар хотын банк дахь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 дугаартай данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Н.Нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР