Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2018/02429

 

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2018/02429

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ривер Гарден хотхон 306-р байр 202 тоотод оршин суух Хульж овогт С  Б  /РД:ХД42060561/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш 28-р байр 122 тоотод оршин суух, Урианхан овогт Ч  А /РД:УХ75040117/-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Түрээсийн төлбөрт илүү төлсөн 2 133 330 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Чи , хариуцагчийн өмгөөлөгч Г.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

           

Нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Б гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б  Ч.А нарын хооронд 2014 оны 2 сарын 27-нд орон сууц хөлслөх гэрээ байгуулж, 1 сарын төлбөрийг 1 000 000 төгрөгөөр тохирч, 4 сарын хугацаагаар түрээсэлсэн байдаг. 4 сарын түрээсийн төлбөр 5 000 000 төгрөгийг 6 сард нь төлсөн. Илүү төлсөн 1 000 000 төгрөг нь тухай байранд байсан хөргөгчийг худалдаж авсан. 6 сарын 31-ны өдөр гэрээний хугацаа дуусч Ч.А нь байрыг үргэлжлүүлэн түрээслэж амьдарья гэж дахин тохиролцож, 1 сарын түрээсийн төлбөрийг 2 000 000 төгрөгөөр тохирсон бөгөөд энэ нь бичгээр хийгдээгүй, үргэлжлүүлээд 7 дугаар сарын төлбөр гэж 1 800 000 төгрөг төлсөн. 2014 оны 10 сарын сүүлээр байрнаасаа гарсан бөгөөд 8-10 сарын төлбөрийн асуудал яригдахад Ч.А нь 8-10 сарын төлбөрийг төлнө гэж бичгээр баталгаа гаргаж өгсөн боловч түүнийгээ төлөөгүй учраас 2016 оны 12 сард тус шүүхэд Ч.Алтангэрэлийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан боловч олдоогүй тул 2018 онд бид өөрсдөө Ч. А хаягийг тогтоож дахин тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Ч. А  байрны түрээсийн үлдэгдэл төлбөр болох 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Ч.А нь С.Б  гэдэг хүнтэй худалдах худалдан авах гэрээ хийхээр тохиролцоод байрны мөнгийг шилжүүлж дуустлаа түрээсийн гэрээ хийхээр тохиролцсон байдаг. Тохиролцсон ёсоор 2014 оны 2 сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж тухайн гэрээ байгуулах үед 4 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. 2014 оны 7 сарын 01-нд гэрээний хугацаа дуусахад талууд гэрээг цуцлах хүсэлт гаргаагүй учраас Ч.А нь үргэлжлүүлэн түрээслэж, С.Б д 5 000 000 төгрөгийг биечлэн өгсөн бөгөөд үүнээс 1 000 000 төгрөгийг хөргөгчний мөнгөнд өгсөнд маргаан байхгүй. Үүний дараа охин Намуулангаар гэрийн гадаа нь 2 500 000 төгрөгийг 2 удаа өгсөн байдаг. 2014 оны 02 сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээний 5-т 4 сарын түрээсийн төлбөр 4 000 000 төгрөг төлсөн болохыг нотариатаар баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл орон сууц хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 42.2-т зааснаар хүсэлт зоригоо илэрхийлж, талууд гарын үсэг зурж, нотариат гэрээний үнэн зөвийн баталгааг хийсэн байдаг. Нотариатын үйлдэл хийсэнтэй холбогдуулан гэрээний хүчин төгөлдөр үйлдлийг нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр бусад тооцоогүй. Гэтэл өнөөдөр өөрийнх нь өгсөн гэрээгээр 4 000 000 төгрөг өгснийг хангалттай тогтоогдож байгаа. 5 000 000 төгрөгийг авсан өгсөн нь хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн тайлбараар нотлогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт нотлох баримтын хэмжээнд нотлогдсон байдлаар нь үзэхэд нийт 10 800 000 төгрөг өгсөн байдаг бөгөөд энэ мөнгөнөөс гэрээ байгуулахдаа өгсөн 4 800 000 төгрөг, хөргөгч авсаны 1 000 000 төгрөг, 8-10 сарын төлбөр 3 000 000 төгрөг, 10 сарын 21-ний өдөр байрнаас гарсан гэж үзээд 20 хоногийн мөнгө 666 666 төгрөгийг тус тус хасаж, 2 133 333 төгрөгийг нэхэмжлэгч хуульд заасан үндэслэлгүйгээр бий болж авсан хөрөнгө учраас илүү төлсөн төлбөрөө нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 14 000 000 төгрөг өгсөн гэдэг зүйл ярьдаг. Нэхэмжлэгчийн хувьд байр түрээсэлсэнтэй холбогдуулан хариуцагчаас 5 800 000 төгрөг авсан. Мөн 6 000 000 төгрөгийг Ч.А өөрөө төлнө гэж бичгээр баталгаа өгсөн байдаг. Орон сууц хөлслөх гэрээнд 4 сарын төлбөр 4 000 000 төгрөгийг авсан гэж бичсэн байдаг бөгөөд нэхэмжлэгч нь уг төлбөрийг аваагүй гэж маргаагүй. Харин 6 сард 4 000 000 төгрөгийг хөргөгчний мөнгө болох 1 000 000 төгрөг нийт 5 000 000 төгрөгийг 6 сард авсан гэж маргадаг. Гэтэл ямар ч нотлох баримтгүйгээр нотариатын гэрээн дээр бичигдсэнээр авсан болгож ярьж байгаа нь үндэслэлгүй юм гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б  нь хариуцагч Ч. А  холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулахаар шаардсныг, хариуцагч эс зөвшөөрч түрээсийн төлбөрт илүү төлсөн 2 133 330 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Талууд 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил 30-р байр 25 тоотод байрлах 91.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 4 сарын хугацаатай нэг сарын төлбөр 1 000 000 төгрөг байхаар тохиролцжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь гэрээ байгуулах үед Ч.А нь 4 000 000 төгрөгийг өгөөгүй гэж тайлбарласныг хариуцагч бэлнээр 4 000 000 төгрөг өгсөн гэж маргасан ба талуудын байгуулсан дээрх гэрээний 1-р зүйлийн 5-т 4 сарын төлбөр болох 4 000 000 төгрөг төлсөн гэж тэмдэглэж, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан, уг гэрээнийхээ үнэн зөвийг мөн өдрөө гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн байгаа зэрэг нь уг төлбөрийг гэрээ байгуулах үед төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч 2014 оны 6 сард 4 сарын түрээсийн төлбөр 5 000 000 төгрөгийг 6 сард нь төлсөн. Илүү төлсөн 1 000 000 төгрөг нь тухай байранд байсан хөргөгчийг худалдаж авсан үнэ бөгөөд 6 сарын 31-ны өдөр гэрээний хугацаа дуусч Ч.А нь байрыг үргэлжлүүлэн түрээслэж амьдарья гэж дахин тохиролцож, 1 сарын түрээсийн төлбөрийг 2 000 000 төгрөгөөр тохирсон бөгөөд энэ нь бичгээр хийгдээгүй, үргэлжлүүлээд 7 дугаар сарын төлбөр гэж 1 800 000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байх ба хариуцагч Ч.А нь 6 сард төлсөн 5 000 000 төгрөгийг маргахгүй гээд ....харин сүүлд 5 000 000 төгрөг өгсөн гэж маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2014 оны 7 сарын 01-ний өдөр дуусч, улмаар талууд тохиролцож гэрээг амаар сунгасан болох нь тогтоогдож байх ба хариуцагч нь уг орон сууцыг 2014 оны 10 сарын 29-ний өдөр суллаж өгсөн асуудлаар талууд маргаангүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч нь хөлсөө шаардах эрхтэй хэдий ч хариуцагчийг хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэж 6 000 000 төгрөг шаардсан нь дараах үндэслэлгүй байна.

 

Учир нь Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2014 оны 6 сард хариуцагч Ч.А нь нэхэмжлэгч С.Б д түрээсийн төлбөрт 4 000 000 төгрөг, 6 сарын дундуур 1 800 000 төгрөг, нийт 5 800 000 төгрөгийг төлсөн байх ба энэ нь талуудын хоорондын тохиролцооны дагуу хийгдсэн 2014 оны 7 сарын 1-ний өдрөөс 2014 оны 11 сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөр гэж үзэхээр байна.

Түүнчлэн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Ч. А бичиж өгсөн гэх бичвэрт үндэслэж байх ба энэ нь тухайн гэрээний дагуу нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөр гэдгийг тогтоох боломжгүйн дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа гэрээг сунгаж түрээсийн төлбөрийг сарын 2 000 000 төгрөг гэж тохиролцсон гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ талаараа хэрэгт авагдсан баримтаар нотлоогүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Алтангэрэлийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус дүүргийн шүүхэд гаргаж, 2016 оны 12 сарын 02-ны өдрийн 183/ШШ2016/01267 дугаар шийдвэрээр шийдвэрлэж байсан байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна./хх-ийн 84/

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Ч.А нь түрээсийн төлбөрт илүү төлсөн 2 133 330 төгрөгийг нэхэмжлэгч С.Б гаас буцаан гаргуулахаар шаардаж байх ба сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Хариуцагч Ч.А нэхэмжлэгч С.Б д түрээсийн төлбөрт нийт 14 000 000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа хэдий ч зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нийт 9 800 000 төгрөг /4 000 000+ 5 000 000 /-1 000 000 хөргөгчний үнэ/+1 800 000/ төлсөн болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Тодруулбал, талууд дээрх гэрээний дагуу нийт 9 800 000 төгрөг төлсөн нь тогтоогдсон, түүнчлэн хариуцагч нь байр хөлсөлж байх тухайн үедээ дээрх төлбөрийг төлсөн нь уг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байх тул энэ буцаан гаргуулах шаардлагад хамаарахгүй гэж дүгнэв.

 

Дээрхийг нэгтгээд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Хариуцагч Ч. А  тус шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хариуцагчийн эзгүйгээр, түүний оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлтийг түүний өмгөөлөгч Г.Б  гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б гийн хариуцагч Ч. А  түрээсийн гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Ч. А түрээсийн төлбөрт илүү төлсөн 2 133 330 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг, хариуцагч Ч. А  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            Б.МӨНХЖАРГАЛ