Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00761

 

 

Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/00353 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 789 дүгээр магадлалтай,

 Нэхэмжлэгч: Д.Ганбат, Ц.Дуламсүрэн

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: П.Энхболд

2018.12.21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг

 Нэхэмжлэгч Д.Ганбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Самбуудоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.23-ны өдрийн 993 дугаар шүүгчийн захирамжаар Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нараас 100,657,950 төгрөгийг гаргуулж П.Энхболдод олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Д.Ганбатын өмчлөлийн Ү-2206003244 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 хороо, Нэхмэлийн 10 дугаар байрны 07 тоотын 32,5 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, шинжээч томилон үнэлгээ тогтоож 76,653,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018.11.27-ны өдөр 4/19493 тоот албан бичгээр мэдэгдсэн тул Д.Ганбат 2018.11.30-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийг 76,653,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй талаарх гомдлоо гаргасан. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2018.12.19-ны өдөр 183/ШЗ2018/14960 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, 2018.12.20-ны өдөр 3487 тоот албан бичгээр хариуцагч байгууллагад хүргүүлж, 2018.12.21-ний өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаагаар 53,757,100 төгрөгөөр худалдан борлогдсон тул султган чөлөөлөх тухай мэдэгдлийг 2019.04 сард өгсөн. Бидний зүгээс 183/ШЗ2018/14960 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийн дагуу ажиллагааг түдгэлзсэн байхад ямар учраас үл хөдлөх эд хөрөнгө албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдож, улмаар султган чөлөөлөх ёстой байгаа талаар үл ойлгон гомдол гаргахад 2019.04.30-ны өдрийн 4/321 дугаар хариу мэдэгдэх хуудсаар шүүгчийн захирамж тус газарт ирээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн хариу өгсөн. Ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн өгсөн хариуг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь, 2018.12.19-ний өдөр 183/ШЗ2018/14960 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гарч Хан-Уул дүүргийн шүүхийн 993 дугаар шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг иргэний хэргийг хянан шийдвэрлэж дуустал түдгэлзүүлсэн. Захирамжийг шүүхээс 2018.12. 20-ны өдөр 3487 тоот албан бичгээр НШШГГазарт хүргүүлсэн. Гэтэл НШШГГазар орон сууцыг 2018.12.21-ний өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдаагаар худалдсан, Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснээс хойш 2 хоногийн дараа анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Энэхүү хууль зөрчин гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тайлбарлахдаа шүүгчийн захирамж, албан бичиг тус газарт ирээгүй гэж тайлбарладаг. Иймд НШШГГазраас Д.Ганбатын өмчлөлийн Ү-2206003244 дугаарт бүртгэлтэй, ХУДүүрэг, 2-р хороо, нэхмэлийн 10-р байрны 07 тоотын 32,5 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2018.12.21-ний өдөр анхны албадан дуудлага худалдаагаар 53,757,100 төгрөгөөр худалдан борлуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.23-ны өдрийн 993 дугаар захирамжаар Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нараас 100,657,950 төгрөгийг гаргуулж П.Энхболдод олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018.08.10-ны өдрийн 18290845 дугаар тогтоолоор үүсгэн, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч Д.Ганбатын өмчлөлийн эрхийн улсын Ү-2206003244 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 10 дугаар байрны 07 тоотод байрлах орон сууцыг 2018.09.12-ны өдрийн 18290845 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018.08.28-ны өдрийн 18290845/01 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нарт үл хөдлөх хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг 2018.10.26-ны өдрийн 4/17886 дүгээр албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу Сэлэнгэ эстимэйт ХХК-г шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 74,653,000 төгрөгөөр үнэлснийг 2018.11.27-ны өдрийн 4/664 дүгээр албан бичгүүдээр мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2018.12.21-ний өдөр оруулах тухай мэдэгдлийг, тогтоолын хамт 2018.12.13-ны өдрийн 4/664 дүгээр албан бичгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Андууд 14/1-4 тоот хаягаар төлбөр төлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч Д.Ганбат нь 2018.11.30-ны өдөр тус шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, 2019.03.12-ны өдөр шүүхээс дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус газраас 2018.12.21-ний өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаагаар Д.Ганбатын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Нэхмэлийн 10 дугаар байрны 07 тоот орон сууц нь 53,757,100 төгрөгөөр худалдан борлогдсон. Тус шүүхийн 2018.12.19-ний өдрийн 14960 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг мэдэгдээгүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн аваагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.Ганбатын өмчлөлийн Ү-2206003244 дугаартай Хан-Уул дүүргийн 2-р хороо, Нэхмэлийн 10-р байрны 07 тоотын 32.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2018.12.21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар 53,757,100 төгрөгөөр худалдан борлуулсан хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Тус иргэний хэрэгт холбогдох хавтаст хэргийн материалд байгаа нотлох баримтаас харвал хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Д.Ганбатад холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу хийж гүйцэтгэж байсан болох нь харагдаж байгаа тул тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.05-ны өдрийн 183/ШШ2020/00353 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2018.12.21-ний өдөр явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.06-ны өдрийн 789 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.03-ны өдрийн 183/ШШ2020/00353 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан 2018.12.21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч Д.Ганбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Самбуудорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ... Нэхэмжлэгч талаас ...эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ, эд хөрөнгийн битүүмжлэлийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаагүй гэж Давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь зөв. Нэхэмжлэгч талаас үнэхээр ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Харин нэхэмжлэгч талаас шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт ...ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхны албадан дуудлага худалдаагаар нэхэмжлэгч Д.Ганбатын өмчлөлийн эд хөрөнгийг худалдан борлуулсан энэхүү шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь ..эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ, эд хөрөнгийн битүүмжлэлийг чөлөөлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага биш байхад ямар учраас Давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтыг баримтлан ..хуулиар тогтоож харьяалуулсан шүүхээр хэлэлцвэл зохих шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлын хүрээнд шууд хамаарахгүй учир энэ үндэслэлээр иэхэмэюлэгч нарын нэхэмэжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль хэрэглээний хувьд зөв юм гэж дүгнэж шийдвэрлэж байгааг ойлгох боломжгүй, гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжаар баталгаажсан арга хэмжээ ИХШХШТХуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт заасан хугацаанд хэвээр байх хуулийн зүйл заалтыг баримтлаагүйд гомдолтой байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.12.19-ны өдрийн 183/ШШ2018/14960 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг шүүхээс 2018.12.20-ны өдөр 3487 тоот албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байдаг. ... Гэтэл шүүгчийн захирамж гарсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, шүүхээс албан бичгээр захирамжийг холбогдох газарт хүргүүлсэн, хэргийн хариуцагчийн хувьд болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны хувьд захирамжийг мэдэх үүрэгтэй мөн бүрэн боломжтой байсан байхад болон хуульд захирамжийн үйлчлэх хугацааг маш тодорхой хуульчилсан байхад яагаад энэ бүгдийг Давж заалдах шатны шүүх анхаарч үзэхгүй, зохих хуулийг хэрэглэхгүй, үндэслэл бүхий дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэж байгааг ойлгох боломжгүй байна. Хоёр шатны шүүх шүүгчийн захирамжийн үйлчлэлийг үндэслэлгүйгээр үгүйсгэж, захирамжийг биелүүлэхгүй байх хууль бус үйлдлийг зөвтгөн, хуульд заасныг зөрчин шийдвэр, магадлал гаргасан гэж бодож байна. Давж заалдах шатны шүүх буруу нэхэмжлэлийн шаардлага шийдвэрлэн улмаар тогтоох хэсэгтээ заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2018.12.21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж татгалзжээ.

 Төлбөр авагч П.Энхболд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож ... шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн ... гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар гаргасан нь шийдвэрт тусгагджээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шүүхээр харьяалан шийдвэрлэх маргаан биш гэсэн үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

 Хяналтын шатны шүүхэд гаргасан ... 2018.12.19-ны өдрийн 183/ШШ2018/14960 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг шүүхээс 2018.12.20-ны өдөр 3487 тоот албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснийг мэдэх бүрэн боломжтой байхад хууль зөрчиж ажиллагааг явуулсныг шүүх зөвтгөн дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой... гэх нэхэмжлэгч нарын гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

 1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.23-ны өдрийн 993 дугаар захирамжаар Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нараас 100,657,950 төгрөгийг гаргуулж П.Энхболдод олгохоор шийдвэрлэснийг, төлбөр төлөгч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байна. Иймд албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгч Д.Ганбатын өмчлөлийн эрхийн улсын Ү-2206003244 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 10 дугаар байрны 07 тоотод байрлах орон сууцыг 2018.09.12-ны өдрийн 18290845 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2018.08.28-ны өдрийн 18290845/01 тоот тогтоолоор хурааж, үнийн санал ирүүлээгүй гэсэн үндэслэлээр шинжээчээр томилоход шинжээчийн 2018.11.27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 74,653,000 төгрөгөөр үнэлсэн, энэ тухай мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2018.11.27-ны өдрийн 4/19493 тоот албан бичгээр, 2018.12.21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2018.12.13-ны өдрийн 4/664 тоот албан бичгээр тус тус хүргүүлжээ. (хх-63-94)

 Төлбөр төлөгч Д.Ганбат дээрх үнэлгээний талаар 2018.11.30-ны өдөр шүүхэд гомдол гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.12-ны өдрийн 183/ШШ2019/00587 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (хх-14-15)

 Цаг хугацааны хувьд дээрх шийдвэр гарахаас өмнө 2018.12.21-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулагдаж хөрөнгө худалдан борлогджээ.

 2. Нэхэмжлэгч 2018.12.21-ний өдрийн дээрх анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагын үндэслэлийг тус дуудлага худалдааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсан байхад шийдвэр гүйцэтгэх байгууллага цаг хугацаандаа ирээгүй гэж дуудлага худалдаа явуулсан нь нь буруу гэж тайлбарлажээ.

 Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шүүхэд эд хөрөнгийн үнэлгээ, эд хөрөнгийн өмчлөх эрх холбоотой хөрөнгө битүүмжилснийг чөлөөлүүлэх асуудлаар гомдол гаргахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.4- дэх заалтад заажээ. Нэхэмжлэгч нарын гомдлын шаардлага хуулийн энэ зохицуулалтад хамаарахгүй байна.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх шүүхийн харьяалан шийдвэрлэх гомдолд нэхэмжлэгчийн гаргаж буй 2018.12.21-ний өдрийн анхны тухайн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах гомдлын шаардлага түүний үндэслэл хамаарах эсэхт дүгнэлт хийгээгүй нь алдаатай болжээ.

 Давж заалдах шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад оролцогч талуудаас шүүхэд хандан гаргах гомдлын хянан хэлэлцэх хүрээг зааглан тогтоосон хуулийн зохицуулалтыг маргааны харилцаанд зөв тайлбарлан хэрэглэж энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.4, 55 дугаар зүйлийн 55.7- д заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

 Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 789 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ганбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Самбуудоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                       ШҮҮГЧИД                                    П.ЗОЛЗАЯА

Б.УНДРАХ

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ