Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2018/01728

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баяуд овогтой, Б.С нэхэмжлэлтэй,

/Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхон, 4 дүгээр байр, 29 тоотод оршин суух, /

 

Хариуцагч: Хантайширын шанд овогтой, Н.Т холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тайм скуар хороолол, 505 дугаар байр, 701 тоотод оршин суух /

 

Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, орон сууцны барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 49.600.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аав маань өөрийн танил болох Ц.Цэдэнд мөнгө зээлж туслаач гэж надаас хүссэний дагуу Б.С би өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилчдын 308/4 дүгээр байр, 29 тоот орон сууцаа барьцаалан зээл авахаар 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б.Цэдэнгийн танил Н.Т гэх хүнтэй Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулсан боловч Н.Т нь гэрээнд зааснаар надад мөнгийг шилжүүлж өгөөгүй болно. Тодруулбал, энэ хүнтэй гэрээ байгуулах ёстой гэж Ц.Цэдэн нь Н.Тыг олж өгсөн бөгөөд би Н.Тыг өмнө нь мэдэхгүй, танихгүй болно. Гэрээ байгуулагдсаны дараа Н.Т нь надад мөнгийг өгнө гэсэн боловч өнөөдрийг болтол өгөөгүй шууд Ц.Цэдэнд өгсөн гэж тайлбарладаг бөгөөд надад мэдэгдэлгүй барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Ингээд асуудал шийдвэрлэгдэхгүй байсаар байтал нэг өдөр намайг Цагдаагийн газраас дуудаж байцаалт авч, Ц.Цэдэн нь бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэг шалгагдаж байгаа тухай хэлсэн. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 237 дугаартай шийтгэх тогтоол гарч Ц.Цэдэнг гэм буруутай гэж үзэн хариуцлага хүлээлгэсэн гэсэн. Гэтэл Н.Т нь надад өгөөгүй мөнгөө өөрт нь буцаан өгөөд байраа ав мэтээр надаас шаардаж эхэлсэн. Улсын бүртгэлд барьцааны гэрээ бүртгүүлснийг би мэдээгүй, мэдсэн даруйд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Н.Т нь олдохгүй байсаар эрэн сурвалжлагдан олдсон болно. Иймд нэхэмжлэгч миний бие Н.Ттай аливаа гэрээний харилцаанд ороогүй ба тэр тусмаа зээл авч, мөнгөө хүлээн аваагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасны дагуу түүнтэй байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үүссэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011213 дугаартай Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилчдын 308/4 дүгээр байр, 29 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь надад гэрээнд заасны дагуу 32.000.000 төгрөгийг олгоогүй гэв.

 

Хариуцагч Н.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Н.Т нь 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б.Стэй зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 32.000.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. Нотариатаар батлуулсан зээлийн гэрээнд мөнгийг бэлнээр өгсөн тухай бичиж талууд гарын үсэг зурсан, Б.С нь надаас зээлсэн мөнгөө бусдад зээлүүлсэн тухай бичсэн нь үүнийг нотолно. Зээлийн гэрээний барьцаа болгож Б.С нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны ШШГЕГ-ын ажилчдын 308/4 байрны 29 тоотод байрлах орон сууцыг барьцааны гэрээ байгуулсан. Б.С нь 32.000.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлж, зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг 20 хоногийн дараагаас эхлэн захиран зарцуулах эрхийг зээлдүүлэгчид олгосон. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тухай бүрд Б.Сд хандан өрөө төлөхийг шаардсан боловч маргааш, нөгөөдөр өгнө, ажил удахгүй бүтэхээр өгнө гээд хойшлуулдаг байсан. Сүүлд нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээл төлөх хугацаа өгсөн. Б.С нь 2017 он гарснаас хойш утсаа авахаа больж, арга буюу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр түүний амьдарч байсан гэрийнх нь хаягаар очиход хаалгаа тайлаагүй. Гэтэл намайг эрэн сурвалжлуулж би түүнийг залилсан мэт бичсэн нь үнэнд нийцэхгүй байна. Иймд Б.Сгээс үндсэн зээл, хүү, алдангид 49.600.000 төгрөгийг гаргуулж, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Сгийн нэхэмжлэлтэй, Н.Тт холбогдох, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, орон сууцны барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай үндсэн нэхэмжлэл, гэрээний үүргийн гүйцэтгэлд 49.600.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Н.Т, Б.С нар 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Н.Т нь 32.000.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдэгч Б.Сд зээлдүүлэхээр тохиролцсон, мөн 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Барьцааны гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр зээлийн барьцаанд барьцаалуулагч Б.С нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байр, 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалагч Н.Тт барьцаалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд дээрх гэрээг байгуулсан талаар талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Б.С нь гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...зээлийн гэрээний дагуу Н.Т нь 32.000.000 төгрөгийг Б.Сд олгоогүй, барьцааны гэрээг надад мэдэгдэлгүй улсын бүртгэлд бүртгүүлсэн” гэж тодорхойлсныг хариуцагч Н.Т хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...зээлийн гэрээний дагуу бэлнээр 32.000.000 төгрөгийг Б.Сд олгосон, энэ талаар гэрээнд тусгасан, хуулийн дагуу нотариатаар гэрчлүүлсэн, барьцааны гэрээг хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн” гэсэн тайлбарыг гаргаж талууд мэтгэлцжээ.

 

Зээлийн гэрээний 11-д “зээлдүүлэгч тал нь 32.000.000 төгрөгийг зээлдэгч талд бэлнээр 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Найман шарга валютын зах дээр хүлээлгэн өгөв” гэж заасан байх бөгөөд Н.Т, Б.С нар гарын үсгээ зурж, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нотариатчаар гэрчлүүлсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд хариуцагч Н.Т нь “Б.Сд зээлийн гэрээний дагуу 32.000.000 төгрөгийг олгосон” болох нь гэрээний 11-т зааснаар нотлогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна гэж дүгнэхээр байна, харин нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “гэрээний дагуу 32.000.000 төгрөгийг олгоогүй” талаар холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43.2, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1,196.1.2, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ...”, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.4-т “Талуудын аль нэг нь хүсвэл үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх буюу бүртгэх байгууллагад бүртгүүлж болно”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар талууд 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Барьцааны гэрээ”-г 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь барьцааны гэрээн дэх улсын бүртгэлийн дардас, тамгаар тогтоогджээ.

 

Иймд нэхэмжлэгчийн “...зээлийн гэрээний дагуу Н.Т нь 32.000.000 төгрөгийг Б.С надад олгоогүй, барьцааны гэрээг надад мэдэгдэлгүй улсын бүртгэлд бүртгүүлсэн” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь нотлогдоогүй тул түүний Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т зааснаар 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

 

Мөн нэхэмжлэлд дурдсанаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ ажилчдын 308/4 дүгээр байр, 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны барьцааны бүртгэлийг хүчингүй болгож бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2. Хариуцагч Н.Тын “...зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 49.600.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч Н.Т нь 32.000.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатайгаар 5 хувийн хүүтэй зээлдэгч Б.Сд зээлдүүлэх, зээлдэгч нь үндсэн зээл 32.000.000 төгрөг, зээлийн хүү 1.600.000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр буцаан төлөхөөр тохиролцсон болох нь зээлийн гэрээгээр нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч Н.Т нь уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардан, шүүхэд 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Дээрх үйл баримтаас дүгнэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 232.6, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасны дагуу 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг зээлдүүлэгч Н.Т нь 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд зээлдэгч Б.Сгээс шаардах эрхтэй байжээ.

 

            Хариуцагч талын “...зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тухай бүрд нь Б.Сд хандан өрөө төлөхийг шаардсан боловч маргааш, нөгөөдөр өгнө, ажил удахгүй бүтэхээр өгнө гээд хойшлуулдаг байсан, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээл төлөх сүүлийн хугацааг Б.Сд өгсөн, тэрээр 2017 он гарснаас хойш утсаа авахаа больж, арга буюу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр түүний амьдарч байсан гэрийнх нь хаягаар очиход хаалгаа тайлаагүй...” гэсэн тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэж үзэх боломжгүй байх тул хариуцагч Н.Тын “2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 49.600.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна.

 

            Иймд нэхэмжлэгч талын “...сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн хариу тайлбарыг үндэслэн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “хөөн хэлэлцэх өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч Н.Тын “...гэрээний үүргийн гүйцэтгэлд 49.600.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.

 

            Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл буюу барьцааны хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна” гэж заасны дагуу 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Барьцааны гэрээ”-ний зүйл болох Б.Сгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ ажилчдын 308/4 дүгээр байр, 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 281 дугаар зүйлийн 281.1-д заасныг баримтлан Н.Т, Б.С нарын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ ажилчдын 308/4 дүгээр байр, 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны барьцааны бүртгэлийг хүчингүй болгож бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан гэрээний үүргийн гүйцэтгэлд 49.600.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 281 дугаар зүйлийн 281.1-д заасныг баримтлан Н.Т, Б.С нарын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, мөн барьцааны гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ ажилчдын 308/4 дүгээр байр, 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны барьцааны бүртгэлийг хүчингүй болгож бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1, 175 дугаар зүйлийн 175.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 223 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан гэрээний үүргийн гүйцэтгэлд 49.600.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хариуцагч Н.Тын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч  Б.Сгээс 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 706.100 төгрөгийг, хариуцагч Н.Таас 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 405.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД