Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2020/00705

 

Б.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00967 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1120 дугаар магадлалтай,

Б.С-гийн нэхэмжлэлтэй,

Н.Т-т холбогдох,

2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгож бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 49 600 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Н.Тын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аав минь өөрийн танил болох Ц.Цэдэнд мөнгө зээлж туслаач гэж надаас хүссэний дагуу Б.С би өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГГ ажилчдын 308/4 дүгээр байр, 29 тоот орон сууцаа барьцаалан зээл авахаар 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б.Цэдэнгийн танил Н.Т гэх хүнтэй зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан боловч Н.Т нь гэрээнд зааснаар надад мөнгийг шилжүүлэн өгөөгүй болно. Тодруулбал, энэ хүнтэй гэрээ байгуулах ёстой гэж Ц.Цэдэн, Н.Тыг олж өгсөн бөгөөд би Н.Тыг өмнө нь мэдэхгүй, танихгүй болно.

Гэрээ байгуулагдсаны дараа Н.Т нь надад мөнгийг өгнө гэсэн боловч өнөөдрийг болтол өгөөгүй шууд Ц.Цэдэнд өгсөн гэж тайлбарладаг бөгөөд надад мэдэгдэлгүй барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Ингээд асуудал шийдвэрлэгдэхгүй байсаар байтал нэг өдөр намайг Цагдаагийн газраас дуудаж байцаалт авч, Ц.Цэдэн нь бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэг шалгагдаж байгаа тухай хэлсэн. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 237 дугаартай шийтгэх тогтоол гарч Ц.Цэдэнг гэм буруутай гэж үзэн хариуцлага хүлээлгэсэн гэсэн. Гэтэл Н.Т нь надад өгөөгүй мөнгөө өөрт нь буцаан өгөөд байраа ав мэтээр надаас шаардаж эхэлсэн. Улсын бүртгэлд барьцааны гэрээ бүртгүүлснийг мэдээгүй, мэдсэн даруйд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Н.Т нь олдохгүй байсаар эрэн сурвалжлагдан олдсон болно.

Иймд нэхэмжлэгч миний бие Н.Ттай аливаа гэрээний харилцаанд ороогүй ба тэр тусмаа зээл авч, мөнгөө хүлээн аваагүй тул талуудын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хэлцлийн үндсэн дээр үүссэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011213 дугаартай Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Т би 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б.Стэй зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу Б.Сд 32 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Нотариатаар батлуулсан зээлийн гэрээнд мөнгийг бэлэн өгсөн тухай бичиж талууд гарын үсгээ зурсан, Б.С надаас зээлсэн мөнгөө бусдад зээлүүлсэн тухай бичсэн нь үүнийг нотолно. Зээлийн гэрээний барьцаа болгож Б.С нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоотод байрлах орон сууцыг барьцааны гэрээ байгуулан барьцаалуулсан болно.

Б.С нь 32 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлж, зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг 20 хоногийн дараагаас эхлэн захиран зарцуулах эрхийг зээлдэгчид олгосон. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тухай бүр Б.Сд хандан өрөө төлөхийг шаардсан боловч маргааш нөгөөдөр гэсээр 20 хоногийн хугацаа нь дууссан тул Б.Сд барьцаа хөрөнгийг чинь зарж борлуулж мөнгөө гаргаж авна гэхэд төлж барагдуулна гэж гуйдаг байсан. Б.С 2017 оны гарснаас хойш утсаа авахаа больсон. Гэтэл намайг эрэн сурвалжилж би түүнийг залилсан мэт бичсэн нь үнэнд нийцэхгүй байна. Барьцааны гэрээг хууль бус гэж үзэх, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийг чинь хүү алдангитай нь төлж барагдуулна гэж гуйдаг байсан. Надаас зээлж авсан мөнгөө хэрхэн хүнд зээлүүлснээ нэхэмжлэлдээ тодорхой бичсэн байна. Сүүлд нь 2016 оны 10 дугаар сарын 01-нд зээлээ төлнө шүү, хамгийн сүүлийн хугацаа шүү гэж хэлээд хугацаа өгч хүлээсэн. Иймд Б.Сгээс үндсэн зээл, гэрээний дагуу хүлээсэн хүү, алданги нийт 49 600 000 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.С сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хэдийгээр Н.Ттай Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот орон сууцаа барьцаалан зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байдаг боловч Н.Т нь гэрээнд зааснаар надад мөнгийг шилжүүлэн өгөөгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00967 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 156 дугаар зүйлийн 156.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Т, Б.С нарын хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээл болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцааны гэрээний зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2204011213 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны барьцааны бүртгэлийг хүчингүй болгож бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Сгээс 49 600 000 төгрөгийг гаргуулж Н.Тт олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн Ү-2204011213 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцныалбадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 49 600 000 төгрөг гаргуулж, Н.Тт олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 706 100 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Сгээс 405 950 төгрөгийг гаргуулж, хариуцагч Н.Тт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1120 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00967 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10 дах хэсэгт зааснаар Н.Т, Б.С нарын хооронд хийгдсэн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “барьцааны гэрээний зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2204011213 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны барьцааны бүртгэлийг хүчингүй болгож бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 2 ба 3 дугаар заалтыг нэгтгэн 2 дугаар заалт болгож, уг заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б.Сгээс 49 600 000 төгрөгийг гаргуулах, Улсын бүртгэлийн Ү-2204011213 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай хариуцагч Н.Тын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

4 дэх заалтыг 3, 5 дах заалтыг 4 болгон өөрчилж, 3 дах заалтын “нэхэмжлэгч Б.Сгээс 405 950 төгрөгийг гаргуулж, хариуцагч Н.Тт олгосугай” гэснийг “хариуцагч Н.Таас 706 100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Сгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэрэг болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад нэг мөр тогтоогдсон нотлох баримтыг илтэд хууль бусаар дүгнэж нэг талд үйлчилсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Дараахи үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүйг нотолно.

Нэг. Шүүхээс ...Дээр дурдсан шийтгэх тогтоол, магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоол, бусад бичмэл нотлох баримтаар Марита Раналан Андервүүд, Ц.Цэдэн нар бүлэглэн 2009 оноос 2015 оны хооронд нэр бүхий 52 хохирогчийн эд хөренгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож, тэдгээр 52 хохирогч дотор энэ хэргийн зохигчид хохирогчоор тогтоогдож шүүгчдэгч нараас 2 187 527 300 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Тт, 81 496 500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Сд олгохоор тус тус шийдвэрлэгдсэн байх бөгөөд хохирогч Н.Тын хохирол 2 187 527 300 төгрөгт 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний зүйл болох 32 000 000 төгрөг багтсан, барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 81 496 500 төгрөгөөр үнэлж Б.Сд олгохоор тогтоосон байна гэж худлаа зүйл бичсэн.

Мөн шүүхээс Хүчин төгөлдөр дээрх шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн хохирол төлбөрийн зөв буруугийн талаар иргэний хэргийн шүүх дахин шийдвэрлэх боломжгүй, харин тогтоогдож байгаа үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй үйл баримт болно гэжээ.

Ингэж бичсэний дараа шүүхээс хохирол төлбөрийн талаар дүгнэлт хийсэн төдийгүй шүүхийн шийдвэрт заагаагүй асуудлыг нэмж бичсэн нь хууль бус болсон.

Хоёр. Б.С нь аавынхаа хүсэлтийн дагуу Цэдэнд зээл авч өгөхийн тулд өөрийн биеэр ирж надтай гэрээ байгуулаад, орон сууцаа барьцаанд тавьж Н.Таас мөнгө зээлж авсан бөгөөд энэ мөнгөө бэлэн хүлээн аваад Цэдэнд хүлээлгэн өгсөн билээ.

Гэтэл мөнгийг бэлнээр хүлээн аваагүй, Н.Т шууд Цэдэнд өгсөн гэж иргэний шүүхэд худал мэдүүлдэг юм.

Б.Сгийн гэрээ байгуулах хүсэл зорилго нь аавынхаа гуйсны дагуу хэн нэгнээс мөнгө зээлэх зээл, авсан зээлээ төлөх баталгаа болгож өөрийнхөө байрыг барьцаанд тавих, зээлсэн мөнгөө Цэдэнд зээлүүлэх зорилготой байсан нь нэг мөр тогтоогдсон./39 дүгээр зүйлийн 39.1-д нийцэж байна./

Тэрээр мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоогдон байцаагдаж, байраараа хохирсон гэдгээ мэдүүлж үнэлгээ хийлгэсэн.

Магадлалын 75 дугаар хуудаст Б.Сгийн мэдүүлгээс бичихдээ “...Аав надад энэ хүнд туслаад өгөөч гэсэн. өөр ямар нэгэн зүйл хэлээгүй, Би аавдаа итгээд л өгсөн” гэсэн мэдүүлгээр батлагдаж байна.

Гурав. Давж заалдах шатны шүүхээс зээлийн гэрээ болон барьцааны гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж “хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж үндэслэлгүй дүгнэсэн.

Б.С аавынхаа гуйлтыг биелүүлж зээл авах хүсэлтэй байсан ба зээл авч, байраа барьцаанд тавьсан, авсан зээлийг нь Цэдэн хүлээн авсан гэдэг нь нэг мөр тогтоогдсон байгаа. Гэтэл дүр үзүүлэн хийсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Ямар зорилгоор гэрээ байгуулах гэж байгаагаа мэдэж зээлийн гэрээ байгуулсан, мөнгөө бэлэн хүлээн авсан, түүнийг Цэдэн авч шилжүүлсэн нь нэг мөр тогтоогдсон болно.

Дүр үзүүлсэн гэрээг ямар гэрээний агуулгыг өөрчлөхийн тулд дүр үзүүлсэн гэрээ байгуулсан талаар шүүхээс үндэслэлээ заах үүрэгтэй байсан.

Нэхэмжпэгч Б.С нь зээл авахын тулд зээлийн баталгааг хангах зорилгоор орон сууцаа барьцаанд тавихаа ойлгож гэрээ байгуулсан тул зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм.

Дөрөв. Мөрдөн байцаалтын шатанд Н.Тын Цэдэнд зээлүүлсэн 32 сая төгрөг нь Б.Сгийн Цэдэнд зээлүүлсэн 32 сая төгрөгтэй давхцалгүй гэдгийг нэг мөр тогтоосон учраас хохирлын тооцоонд орсон байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүхээс энэ 32 сая төгрөг нь Цэдэнгийн Б.Сгээс зээлсэн 32 сая төгрөг мөн гэж ямар нотлох баримтыг үндэслэн шийдвэрлээд байгааг ойлгохгүй байна.

Яллагдагч Цэдэн нь энэ зээлийн дүнгүүд тус тусдаа биш байсан бол Н.Тт 32 сая төгрөг төлөхийг зөвшөөрчхөөд дахиад Б.Сд 32 сая биш бүр байраар нь хохироож байна гээд 81 сая гаруй төгрөг төлөх шүүхийн тогтоол гараад байхад гомдол гаргах байсан.

Аливаа төлбөр тооцооны дүн адилхан байвал энэ төлбөр давхацсан байна гэж таамгаар дүгнэх нь хуулийн үндэслэлгүй болсон. Эрүүгийн хэргийн нотлох баримт дотор 2014 оны 5 дугаар сарын эхний өдрүүдэд Цэдэн нь хоёр удаа гадаад шилжүүлэг хийсэн бөгөөд зээлсэн мөнгөө маш хурдан хугацаанд АНУ-руу шилжүүлж байсан болно.

Тав. ИХШХШТХ-ийн 17 дугаар зүйлийн 17.1-д Гэмт хэрэг үйлдэгдсэнээс үүссэн хохирлын талаарх нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэнэ гэж заасны дагуу Б.Сгийн хохирол түүнтэй холбоотой нэхэмжлэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад нэг мөр шийдвэрлэгдсэн байхад нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчиж байна.

Харин түүний хохирол нэхэмжлэл шийдвэрлэгдээгүй байсан бол Цэдэнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж болох байсан.

Зургаа. Анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

Ер нь Б.С нь эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж байх явцад Цэдэнгийн мөнгө орж ирэхээр зээлээ төлөөд байраа авна гэдэг байсан. Н.Т намайг хөөн хэлэлцэх хугацаа алдсан гэж бичээд байгаа боловч Б.С нь 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс тооцвол өөрөө нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа алдсан байгаа.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 692 дугаар магадлалын 9 дүгээр хуудаст бичигдсэн 44 дугаартай хэсэгт Б.Сгийн өмчлөлийн байрыг 32 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, зээл авахуулж мөнгийг залилан мэхэлж авсан гэдгийг заагаад 16 дугаар хуудаст хохирогч Б.Сд 81 496 500 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн байна. Хэрвээ Б.С зээл аваагүй юм бол эрүүгийн хэргийн шийдвэр, магадлал, тогтоолоор 81 сая төгрөг авах эрхтэй болсон байна.

Энэ бүгд нь Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.4-д заасан Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэсэн заалтыг зөрчсөнийг нотолж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  Б.С: “...аав маань өөрийн танил Ц.Цэдэнд мөнгө зээлж туслаач гэж хүссэний дагуу Ц.Цэдэнгийн дагуулж ирсэн Н.Т гэдэг хүнд өөрийн орон сууцыг барьцаалж, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 32 000 000 төгрөгийг зээлж авахаар тохиролцсон боловч Н.Т нь надад гэрээнд заасан мөнгийг шилжүүлэн өгөөгүй, Ц.Цэдэнд өгсөн гэж тайлбарладаг, харин надад мэдэгдэлгүй барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байсныг мэдсэн даруйдаа шүүхэд хандсан боловч Н.Т нь олдохгүй байсан.  

Хэдийгээр Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан боловч Н.Т нь надад зээлийн мөнгийг өгөөгүй, бид гэрээний аливаа харилцаанд ороогүй тул түүнтэй байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгож бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү, ...сөрөг нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй...” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...Зээлийн гэрээ байгуулж, Б.Сд бэлнээр 32 000 000 төгрөгийг өгч, барьцааны гэрээ байгуулсан, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн, ...эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор нэхэмжлэгчид байрны үнэ 81 000 000 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй, ...харин зээлийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул үндсэн зээл 32 000 000 төгрөг, гэрээний хүү, алдангийн хамт нийт 49 600 000 төгрөгийг гаргуулж, гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулж  өгнө үү...” гэсэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, барьцааны бүртгэлийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4. дэх заалтыг зөрчсөн, ...нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, эрүүгийн хэрэгт нэгэнт шийдвэрлэгдсэн нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн...” гэжээ

Хэрэгт авагдсан баримтаар Ц.Цэдэн нь Н.Таас мөнгө зээлэхээр асуухад барьцааны хөрөнгө шаардлагатай гэснийг үндэслэн өөрийн танил О.Батсуурийн хүү Б.Сгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, Н.Таас 32 000 000 төгрөгийг авсан бөгөөд Б.С, Н.Т нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь тогтоогджээ.

Гэрээний дагуу зээлдүүлэгч Н.Т зээлийн хөрөнгийг зээлдэгч Б.Сд өгөөгүй, харин Ц.Цэдэнд өгсөн, улмаар Ц.Цэдэнгээс дээрх зээлийн үүргийг хохиролд тооцож,  шүүхийн шийтгэх тогтоолоор буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь Ц.Цэдэн нарт холбогдох эрүүгийн 2015250000764 дугаартай хэрэгт Ц.Цэдэнг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, О.Батсуурийг гэрчээр байцаасан тэмдэглэл, Н.Тыг хохирогчоор байцаасан тэмдэглэл, эрүүгийн шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоол зэргээр нотлогдсон байхад анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, үндэслэл бүхий үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтад нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүргийг хүлээхээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зохицуулжээ.

Зээлдэгч Б.С зээлийн гэрээний зүйл болох 32 000 000 төгрөгийг зээлдүүлэгчээс хүлээж аваагүй болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч бодитоор хэрэгжээгүй тул зээлдүүлэгч зээлийн хөрөнгийг Б.Сгээс шаардах эрхгүй, улмаар уг зээлийн гэрээний салшгүй хэсэг болох барьцааны гэрээний үүргийг зээлдэгчээс шаардах эрх үүсэхгүй.

Зээлдүүлэгч Н.Т нь Ц.Цэдэнд мөнгө шилжүүлэхдээ дээрх зээлийн гэрээг байгуулж, Б.Сгийн өмчлөлийн хөрөнгийг барьцаалсан боловч тухайн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэх 32 000 000 төгрөгийг Эрүүгийн 2015250000764 тоот хэрэгт Ц.Цэдэнгээс нэхэмжилсэн 2 187 527 300 төгрөгт багтааж эрүүгийн хэргийн хохиролд оруулсан тооцсон нь тус хэрэгт  Н.Тын хохирогчоор гаргасан мэдүүлэг, эрүүгийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдсон тул зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн барьцааны гэрээ 56.1.10.-т зааснаар хүчин төгөлдөр бус болно гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Б.Сг хохирогчоор тогтоож, түүнд байрны үнэ болох 81 496 500 төгрөгийг Ц.Цэдэнгээс гаргуулахаар шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа нь Б.Сгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй юм.

Учир нь Б.С өөрийн өмчлөлийн орон сууцандаа амьдарч, эзэмшиж, ашиглаж, өмчлөх эрхээ бодитоор хэрэгжүүлж байгаа, орон сууцыг болон орон сууц өмчлөх эрхээ бусдад шилжүүлээгүй  байна.

Харин Б.Сгийн өмчлөлд буй орон сууцнаас зээлийн төлбөрийг хангах үүргийг улсын бүртгэлд бүртгэгдсэн нь түүний өмчлөх эрхийг зөрчжээ.

Энэ үйл баримттай холбоотой шаардлагыг эрүүгийн хэрэгт шийдвэрлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т заасан нэгэнт нотлогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах үүрэгтэй тул Б.Сгийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн  бүртгэлийг хүчингүйд тооцно, улмаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэснээр шийтгэх тогтоолд заасан Ц.Цэдэнгээс байрны үнэ гаргуулах Б.Сгийн эрх дуусгавар болох учиртай.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсноос нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэсгийг шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. дэх заалтад нийцээгүй байх тул магадлалд өөрчлөлт оруулж, барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж, 79 дүгээр зүйлийн 79.1.-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл ...үүрэг хүлээсэн этгээд ...шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, 79.7.-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тооцно гэж тус тус зохицуулжээ.

Зохигчийн хооронд 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, энэ гэрээтэй холбоотой маргаан Ц.Цэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт хамт шалгагдсан тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, улмаар Марита Раналан Андервүүд, Ц.Цэдэн, Б.Баяраа, Л.Бадарч нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №29 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байхад  нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч Н.Тын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1120 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...даалгах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” ...” гэснийг “...даалгасугай” ...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Н.Тын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 405 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД