Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1120

 

                                                                          Б.С нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч                Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00967 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.С нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Т-т холбогдох

 

Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргийн гүйцэтгэлд 49 600 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Аав минь өөрийн танил болох Б.Цэдэндэд мөнгө зээлж туслаач гэж надаас хүссэний дагуу Б.С би өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГГ ажилчдын 308/4 дүгээр байр, 29 тоот орон сууцаа барьцаалан зээл авахаар 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б.Цэдэнгийн танил Н.Т гэх хүнтэй зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан боловч Н.Т нь гэрээнд зааснаар надад мөнгийг шилжүүлэн өгөөгүй болно. Тодруулбал, энэ хүнтэй гэрээ байгуулах ёстой гэж Ц.Цэдэн, Н.Т-ыг олж өгсөн бөгөөд би Н.Т-ыг өмнө нь мэдэхгүй, танихгүй болно. Гэрээ байгуулагдсаны дараа Н.Т нь надад мөнгийг өгнө гэсэн боловч өнөөдрийг болтол өгөөгүй шууд Ц.Цэдэнд өгсөн гэж тайлбарладаг бөгөөд надад мэдэгдэлгүй барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Ингээд асуудал шийдвэрлэгдэхгүй байсаар байтал нэг өдөр намайг Цагдаагийн газраас дуудаж байцаалт авч, Ц.Цэдэн нь бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэг шалгагдаж байгаа тухай хэлсэн. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 237 дугаартай шийтгэх тогтоол гарч Ц.Цэдэнг гэм буруутай гэж үзэн хариуцлага хүлээлгэсэн гэсэн. Гэтэл Н.Т нь надад өгөөгүй мөнгөө өөрт нь буцаан өгөөд байраа ав мэтээр надаас шаардаж эхэлсэн. Улсын бүртгэлд барьцааны гэрээ бүртгүүлснийг мэдээгүй, мэдсэн даруйд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Н.Т нь олдохгүй байсаар эрэн сурвалжлагдан олдсон болно. Иймд нэхэмжлэгч миний бие Н.Т-тай аливаа гэрээний харилцаанд ороогүй ба тэр тусмаа зээл авч, мөнгөө хүлээн аваагүй тул талуудын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үүссэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011213 дугаартай Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.Т би 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б.С-тэй зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу Б.С-д 32 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Нотариатаар батлуулсан зээлийн гэрээнд мөнгийг бэлэн өгсөн тухай бичиж талууд гарын үсгээ зурсан, Б.С надаас зээлсэн мөнгөө бусдад зээлүүлсэн тухай бичсэн нь үүнийг нотлоно. Зээлийн гэрээний барьцаа болгож Б.С нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоотод байрлах орон сууцыг барьцааны гэрээ байгуулан барьцаалуулсан болно. Б.С нь 32 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлж, зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг 20 хоногийн дараагаас эхлэн захиран зарцуулах эрхийг зээлдэгчид олгосон. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тухай бүрд Б.С-д хандан өрөө төлөхийг шаардсан боловч маргааш нөгөөдөр гэсээр 20 хоногийн хугацаа нь дууссан тул Б.С-д барьцаа хөрөнгийг чинь зарж борлуулж мөнгөө гаргаж  авна гэхэд төлж барагдуулна гэж гуйдаг байсан. Б.С 2017 оны гарснаас хойш утсаа авахаа больсон. Гэтэл намайг эрэн сурвалжилж би түүнийг залилсан мэт бичсэн нь үнэнд нийцэхгүй байна. Барьцааны гэрээг хууль бус гэж үзэх, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийг чинь хүү алдангитай нь төлж барагдуулна гэж гуйдаг байсан. Надаас зээлж авсан мөнгөө хэрхэн хүнд зээлүүлсэнээ нэхэмжлэлдээ тодорхой бичсэн байна. Сүүлд нь 2016 оны 10 дугаар сарын 01-нд зээлээ төлнө шүү, хамгийн сүүлийн хугацаа шүү гэж хэлээд хугацаа өгч хүлээсэн. Иймд Б.С-ээс үндсэн зээл, гэрээний дагуу хүлээсэн хүү, алданги нийт 49 600 000 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрт зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Б.С сөрөг нэхэмжлэлийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэдийгээр Н.Т-тай Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот орон сууцаа барьцаалан зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байдаг боловч Н.Т нь гэрээнд зааснаар надад мөнгийг шилжүүлэн өгөөгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 156 дугаар зүйлийн 156.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Т, Б.С нарын хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээл болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцааны гэрээний зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2204011213 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны барьцааны бүртгэлийг хүчингүй болгож бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.С-ээс 49 600 000 төгрөгийг гаргуулж Н.Т-т олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн Ү-2204011213 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцныалбадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 49 600 000 төгрөг гаргуулж, Н.Т-т олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 706 100 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.С-ээс 405 950 төгрөгийг гаргуулж, хариуцагч Н.Т-т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Н.Т нь тус зээлийн гэрээний үүргийт Ц.Цэдэнгээс нэхэмжлэн гаргуулсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар байтал шүүхээс иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр дахин Б.С-ээс гаргуулахаар давхардуулан шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд Н.Т-ыг хууль бусаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг шүүх шийдвэрээрээ нээж өглөө. Н.Тнь Б.С-тэй гэрээ байгуулсан бол Б.С-д мөнгөө олгох ёстой байсан. Тус Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлд зааснаар Н.Т-ын шаардлага гаргах хугацаа 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үүссэн. Гэвч шаардлагаа Б.С-ээс бус бодит зээлдэгч Ц.Цэдэнгээс нэхэмжилж байсан нь 2015250000764 тоот эрүүгийн хэрэгт авагсан мэдүүлэг, шүүхийн шийдвэр бусад нотлох баримтаар, Б.С-гээс зээлийн үүрэг шаардаж байсан талаар огт баримт байхгүй, Б.С-ийн нэхэмжлэлээр Н.Т-ыг эрэн сурвалжилж байсан зэрэг үйл баримтаар тогтоогдно. Иргэний хуулийн 75 дутаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар Н.Т нь Б.С-тэй байгуулсан Зээлийн гэрээний шаардлагыг 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 05 сарын 11-ний өдөр хүртэл хэрэгжүүлэх боломжтой байсан. Гэвч Б.С-д бодитоор зээл олгоогүй тул нэхэмжилдэггүй байсан. Харин Ц.Цэдэнгээс нэхэмжилж байсан. Шүүхээс Н.Т-ын шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоохдоо Иргэний хуулийн 79 дүгээр зүлийн 79.1 дэх хэсгийг буруу тайлбарлан, үйл баримтьгг буруу үнэлж шийдвэрлэсэн нь хууль бус юм. Иргэний хуулийн 79.1 дэх хэсэгт "Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан..." гэж заасан ба Б.С-ээс зээлийн үүргийг шаардаж байгаагүй, нэхэмжлэл гаргаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид Ц.Цэдэнгээс нэхэмжилж байсан тул зээлийн гэрээнд бичигдсэн зээлдэгч Б.С-гээс тогтоосон журмаар нэхэмжилсэн гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар Б.С үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт зээлдэгчид зээлийн мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэжээ. Гэтэл шүүх Ц.Цэдэнд зээлийг шилжүүлэхийг зөвшөөрсөн гэх агуулгаар явцууруулан тайлбарлаж бодит зээлдэгч Ц.Цэдэн, зээлдүүлэгч Н.Т нарын зээл авч өгөлцсөн хүсэл зорилгыг орхигдуулан хэт нэг талыг барин шийдвэрлэсэн нь шударга бус байна. Тус зээлийн үүргийг Ц.Цэдэнгээс шаардан хэрэгжүүлж ирсэн ба Улсын Дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор Н.Т-ын хохирогчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, яллагдагчийн мэдүүлэг, бусад нотлох баримтанд үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг 32.000.000 төгрөгийг Ц.Цэдэнгээс гаргуулан Н.Т-т олгон шийдвэрлүүлсэн. Гэтэл бусдыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг олгон хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Б.С-ийн бодитоор аваагүй зээл түүний хүү алдангийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах болсон нь шударга ёсонд нийцэхгүй байгаад гомдолтой байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлсэн байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой. 

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Н.Т-т холбогдуулан 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцны барьцааны бүртгэлийг хүчингүй болгож бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэл гаргасныг  хариуцагч нь эс зөвшөөрч 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 49 600 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр  зээлдүүлэгч Н.Т-аас 32 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдэгч Б.С-д зээлүүлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаанд нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан  гэрээ байгуулагдсан байна.   /хх-ийн 5-6/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Н.Т-тай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан боловч Н.Т нь гэрээнд зааснаар надад мөнгийг шилжүүлэн өгөөгүй... Ц.Цэдэнд өгсөн...” гэж тодорхойлж, Марита Раналан Андервүүд, Ц.Цэдэн нарт холбогдох 2015250000764 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан Ц.Цэдэнгийн яллагдагчаар байцаасан тэмдэглэл, О.Батсуурийн гэрчээр байцаасан тэмдэглэл, Н.Т-ын хохирогчоор байцаасан тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 692 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 29 дүгээр тогтоолыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дах хэсэгт заасан журмаар бүрдүүлсэн нь хэрэгт бичмэл нотлох баримтаар авагдсан байна. /хх-ийн 86-184/

Хариуцагч нь шаардлагыг эс зөвшөөрч, “...гэрээний дагуу Б.С-д 32 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Нотариатаар батлуулсан зээлийн гэрээнд мөнгийг бэлэн өгсөн тухай бичиж талууд гарын үсгээ зурсан...” гэсэн тайлбар гарган, зээлдэгчтэй байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг шүүхэд ирүүлжээ. /хх-ийн 24-25/

 

Дээр дурдсан шийтгэх тогтоол, магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоол, бусад бичмэл нотлох баримтаар  Марита Раналан Андервүүд, Ц.Цэдэн  нар бүлэглэн 2009 оноос 2015 оны хооронд нэр бүхий 52 хохирогчийн эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь тогтоогдож,  тэдгээр 52 хохирогч дотор энэ хэргийн зохигчид хохирогчоор тогтоогдож  шүүгчдэгч нараас 2 187 527 300 төгрөгийг гаргуулж  хохирогч Н.Т-т, 81 496 500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.С-д олгохоор тус тус шийдвэрлэгдсэн байх бөгөөд  хохирогч Н.Т-ын хохирол 2 187 527 300 төгрөгт 2014 оны 5 дугаар сарын       01-ний өдрийн зээлийн гэрээний зүйл болох 32 000 000 төгрөг багтсан, барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 81 496 500 төгрөгөөр үнэлж Б.С-д олгохоор тогтоосон байна.

 

Хүчин төгөлдөр дээрх шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн хохирол төлбөрийн зөв буруугийн талаар иргэний хэргийн шүүх дахин шийдвэрлэх боломжгүй,  харин тогтоогдож байгаа үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй үйл баримт болно.

 

 Зохигчдын хооронд 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хийгдсэн дээрх зээлийн болон барьцааны гэрээ эрүүгийн хэргийн үндэслэл болсон, зээлдүүлэгч, зээлдэгч нар хэн алинд нь зээлийн гэрээний зүйл болох 32 000 000 төгрөгийг  Ц.Цэдэнд шилжүүлэх хүсэл зориг байсан, зээлдэгч Б.С-д бус Ц.Цэдэнд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийтгэх тогтоол, уг тогтоолын тодорхойлох хэсэгт тусгагдсан Н.Т-т, Б.С нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, мөн тэднийг хохирогчоор байцаасан тэмдэглэл, Ц.Цэдэнгийн яллагдагчаар байцаасан тэмдэглэл, О.Батсуурийг гэрчээр байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүх эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтыг бичмэл нотлох баримтын хувьд иргэний хэрэгт үнэлэх нь хууль зөрчихгүй.

 

Хэрэгт авагдсан бичмэл баримт, зохигчдын тайлбарыг харьцуулан үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар  зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй, зохигчдын хүсэл  зоригийн илэрхийлэл нь мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт нийцээгүй буюу зээлийн гэрээний харилцаа үүсгэх хүсэл зориг байгаагүй, харин хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн байх тул зохигчдын хооронд 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нэхэмжлэлд дурдсан “хууль зөрчсөн” хэлцэл биш харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.2 заасан “дүр үзүүлсэн хийсэн” хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэв.

Зохигчдын хооронд барьцааны гэрээ бичгээр үйлдэгдэж, улсын бүртгэлд бүртгүүлж, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хэдий ч Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар уг барьцааны гэрээтэй салшгүй холбоотой үндсэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа нөхцөлд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар зохигчдын хооронд хийгдсэн 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн барьцааны гэрээ “...хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн...”  хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэв.

 

Хариуцагч нь “...Б.С нь надаас зээлсэн мөнгөө Ц.Цэдэнд зээлдүүлсэн бөгөөд нотариатаар орж зээлийн болон барьцааны гэрээ байгуулахад өөрөө  ирж гарын үсэг зурж, үйл баримтыг баталгаажуулсан...” гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбар, татгалзал нь шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийтгэх тогтоолоор үгүйсгэгдсэн байхаас гадна хохирогч Н.Т-ын хохирол 2 187 527 300 төгрөгт зээлийн гэрээний зүйл болох 32 000 000 төгрөг ороогүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолд хохирогч Н.Т-ын нийт          1 857 692 000 төгрөгийн хохиролд 32 000 000 төгрөг багтаж байх бөгөөд уг тогтоолд “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо хохирогч болон шүүгдэгч, гэрчийн мэдүүлэг, төлбөр хийгдсэн баримтуудыг үндэслэсэн бөгөөд ам долларыг тухайн үеийн Монгол Банкны албан ханшаар тооцож гаргалаа” гэснийг үндэслэн 176 100 ам.долларын хохирлыг төгрөгт хөрвүүлэхэд  Н.Т-ын нийт хохирол 2 187 527 300 төгрөг болсон байна. /хх-ийн 115, 126, 130/

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  нь хангаж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн тул хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасан сөрөг нэхэмжлэл болох зээлийн гэрээний үүрэгт 49 600 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэгэнт үндсэн үүрэг болох зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож, хэрэгжээгүй, түүний  дагалдах барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул  барьцааны эрх Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар үүсэхгүй, хариуцагч мөн хуулийн 174, 175 дугаар зүйлд зааснаар барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргах боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэгдсэнээс үүссэн хохирлын талаархи нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэнэ” гэсэн зарчим тухайн хэрэгт хамааралтай байгааг болон  мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан “шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэх зарчим мөн тухайн тохиолдолд хамааралтай байгааг анхан  шатны шүүх анхаараагүй байна.

 

Харин нэхэмжлэгч “үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах” нэхэмжлэл гаргасныг хангах боломжгүй юм. Уг нэхэмжлэл нь иргэний хэргийн шүүхэд харьяалагдахгүй, шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн тул энэ хэргийн хариуцагч бус этгээдэд холбогдох шаардлагыг шийдвэрлэх үндэслэлгүй болно.

 

Зохигчид зээлийн мөнгөн хөрөнгийн талаар Ц.Цэдэнд холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан явдал нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болохгүйгээс гадна эрүүгийн журмаар явагдсан байцаан шийтгэх ажиллагаа хөөн хэлэлцэх хугацааг сэргээх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаан болох эсэхийг шүүх шийдвэрлээгүй атлаа хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаар дүгнэлт хийсэн нь буруу болсныг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00967 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10 дах хэсэгт зааснаар  Н.Т, Б.С нарын хооронд хийгдсэн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “барьцааны гэрээний зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2204011213 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо,     ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны барьцааны бүртгэлийг хүчингүй болгож бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай”  хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 ба 3 дугаар заалтыг нэгтгэн 2 дугаар заалт болгож, уг заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б.С-ээс 49 600 000 төгрөгийг гаргуулах, Улсын бүртгэлийн                                  Ү-2204011213 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай  хариуцагч Н.Т-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтыг 3, 5 дах заалтыг 4 болгон өөрчилж, 3 дах заалтын “нэхэмжлэгч Б.С-ээс 405 950 төгрөгийг гаргуулж, хариуцагч Н.Т-т олгосугай” гэснийг “хариуцагч Н.Т-аас 706 100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах  хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЦОГТСАЙХАН

                              ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

                                                                                     Н.БАТЗОРИГ