Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2018/02270

 

2018 оны 10 сарын 15 өдөр

    Дугаар 183/ШШ2018/02270

         Улаанбаатар хот

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 49 дүгээр гудамж, 195/3-1 тоот хаягт оршин суух, Б  овогт А  Ө  /РД:ЧА74092571/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, КН апартмент 6В байр, 2 тоот хаягт байрлах, В ХХК, /РД:5086809/-д холбогдох, 

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах, В ХХК нь Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийнSAP гэх програм хангамжийг ашиглаж байгааг тогтоолгож, зөвшөөрөлтэй програм хангамж ашиглах хүртэл компанийн үйл ажиллагааг түр зогсоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч  А.Ө , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М , хариуцагчийн өмгөөлөгч М.Мө , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.                                                                            

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ө  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... А.Ө  би 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр В ХХК-тай хөдөлмөрийн гэрээ хийж, Санхүү эрхэлсэн захирлын ажилд орсон. В ХХК 2017 оны эхнээс Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүйгээр гадаад улсын нягтлан болох бүртгэлийн SAP гэх программ хангамж ашиглаж эхэлсэн. Энэ программ хангамж нь Монгол Улсын татварын хуулийн дагуу ажиллаж чадахгүй, борлуулалтын бүтээгдэхүүний өртөг буруу тооцоолж, татвараас зугтах байдалд хүргэж байсан тул миний бие тухайн програмыг ашиглахыг эсэргүүцэж байсан. Ингээд эцэст нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр захирал Janos Lichtenberg нь намайг ажлаас халснаа бүх ажилчдын өмнө хэлж, ажлын байрнаас хөөж, компьютер, ширээ сандлыг хураан авч хөөсөн. Түүнээс хойш би дахин В ХХК-ийн ажлын байранд нэг ч удаа очоогүй, захирал Janos Lichtenberg руу утсаар ярьж, халагдах тушаалаа өгөхийг удаа дараа шаарддаг байсан. В ХХК нь миний халагдах тушаалыг өгөхгүй маш их хугацаа алдсаны эцэст 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр захирал Janos Lichtenberg намайг эргэж ажилдаа ор, орохоор чинь хална гэж заналхийлсэн боловч тухайн үед би 2 өдрийн эмнэлгийн магадлагаатай байсан тул дуусгаад очсон. Гэтэл миний ажлын байранд өөр хүн ажилд авч, миний компьютер, тавилга, төхөөрөмжийг ашиглаж байсан. Улмаар надад ажлын байр хүлээлгэж өгөлгүй, дэмий цаг нөхцөөх байдлаар 2 өдөр хэл амаар доромжилсны эцэст 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр үндэслэлгүйгээр халагдах тушаал өгсөн. Уг тушаалд намайг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хөөж явуулсныгаа ээлжийн амралттай гэж худал бичсэн. Худал гэдэг нь ээлжийн амралтын тушаал байхгүй, надад ээлжийн амралтын мөнгө 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төлөөгүй байгаагаар батлагдана. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.  В ХХК нь Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийн SAP гэх программ хангамжийг ашиглаж байгааг тогтоолгож, зөвшөөрөлтэй программ хангамж ашиглах хүртэл компанийн үйл ажиллагааг түр зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. ” гэв.

 

Хариуцагч В ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“... Нэхэмжлэгч нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа биеэр эдлэхээр болж, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Амралтын хоногийн маягт үйлдэж, гарын үсэг зурсан. Мөн өдрөө өөрт нь хариуцуулсан эд хөрөнгөө амралттай байх хугацаандаа компанид түр хүлээлгэн өгч, акт үйлдсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч өөрийг нь ажлаас халснаа бүх ажилчдын өмнө хэлсэн, ажлын байрнаас хөөсөн гэх мэтээр тайлбарлаж байгаа нь мөн үндэслэлгүй. А.Ө ын хүсэлтээр түүний ээлжийн амралтын мөнгийг 2017 оны 6 дугаар сард урьдчилан шилжүүлсэн. Тэрээр ээлжийн амралтаа биеэр эдэлж дуусаад 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа орох байсан боловч ажилдаа ирэхгүй, ажил тасалсан бөгөөд ажилдаа ирэх боломжгүй болсон шалтгаанаа компанийн удирдлага болоод бусад ажилчдад огт мэдэгдээгүй. Компанийн удирдлагаас 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр А.Ө тай утсаар ярьж ажилдаа ирэхийг мэдэгдэхэд тэрээр ажилдаа ирэхгүй, тушаал өг гэж шаардаж, компанийн удирдлагыг хэл амаар доромжилсон. Ийнхүү утсаар ярихдаа тэрээр ямар нэгэн өвчтэй байгаа талаар буюу эрүүл мэндийн шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй байгаа тухай нэг ч зүйл хэлээгүй. Харин ажлаас чөлөөлсөн тушаал өг, би шүүхэд хандана гэх зүйлийг ярьж байсан. Нэхэмжлэгч ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр 2 өдөр дараалан ажилдаа ирээгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 16.4.10-д заасны дагуу А.Ө  нь шууд удирдлагын зөвшөөрөлгүйгээр 1 өдөр ажил тасалсөн зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан гэдэг үндэслэлээр 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 20170822/133 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. А.Ө  ээлжийн амралтын олговроо 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 24 хоног биеэр эдлэхээр амралтаа авсан. Нэхэмжлэгч санхүү эрхэлсэн захирал байсан учраас санхүүгийн бүх гүйлгээний зөвшөөрлийг өгдөг тул нягтлан бодогчид амралтын мөнгийг шилжүүл гэж даалгасан байдаг. Ингээд өөрийн ашиглаж байсан хөрөнгүүдийг хүлээлгэж өгөхөөр бүртгэл дээрээ бичээд хүлээлгэж өгсөн. Энэ нь ажилгүй болсон гэсэн ойлголт биш. Эд хөрөнгөө хүлээлгэж өгөх нь ажилчид удаан хугацаагаар ээлжийн амралтаа авсан, ямар нэг байдлаар сургалтад явсан, компанийн ажлын байран дээр байхгүй тохиолдолд мөрдөгдөнө. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр амралтаа авсан. Хариуцагч компанийн зүгээс и-мэйл болон утсаар ажлаас чөлөөлсөн ямар нэг зүйл байхгүй, ажилдаа ирж ажилла гэж байсан боловч нэхэмжлэгч шүүх дээр уулзъя гэж байсан. Тэрээр 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өглөө 09 цаг 48 минутад цаг бүртгэлийн машинд хуруугаа уншуулаад цайндаа гарахдаа болон буцаж орж ирэхдээ хуруугаа уншуулсан. Ажилдаа 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ирсэн гэдгээ мэдсэн ба үүнтэй нэхэмжлэгч маргаагүй. Ажилдаа ирэхдээ өнгөрсөн хоёр өдөрт өвчтэй байлаа гээд актаа өгөөгүй, ямар нэг өвчин зовлонгүй ажилдаа ирсэн. А.Ө  ажлаас чөлөөлсөн тушаалыг аваад ажил хүлээлцэхгүйгээр шууд гарч явсан бөгөөд 3-4 цагийн дараа ажилдаа ирэхдээ би акттай байсан гэж хэлээд, акт гэх баримтыг авч ирээд би ажлаас чөлөөлсөн тушаалаа авчихлаа, шүүх дээр уулзъя гэх зүйлийг яриад гарсан. Нэхэмжлэгчийн авчирсан актыг харахад 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн байж өмнөх өдрийг нөхөж бичсэн байсан. Өмнөх өдрийн актыг нөхөж бичсэн талаар гомдлыг бид холбогдох байгууллагад гаргасан ба эмнэлгийн дарга, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Ёс зүйн хэсгийн хороо, чанарын албанд гомдол гаргасан. Энэ гомдлын хувийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний албанд хүргүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн магадлагааны онош зөрж, алдаа зөрчил гаргасан тул эмчид арга хэмжээг авсан гэсэн хариуг албан бичгээр манай байгууллагад ирүүлсэн. Ингээд А.Ө ын бидэнд авчирч өгсөн акт нь түүнийг өвчтэй байсан гэдгийг нотлож чадахгүй болж байгаа ба акт өгсөн эмч нь журмаа зөрчсөн, актын онош зөрсөн, хамгийн гол нь ажлаас чөлөөлсөн гэж тухайн актад зураагүй. Эмч хэлэхдээ урьдчилсан үзлэг хийгээд дээд шатны эмнэлэгт нарийвчилсан үзлэг хийлгэх тухай би бичиж өгсөн. Түүнээс биш энэ хүн ажлаа хийх боломжтой, боломжгүй талаар бичээгүй гэж байгаа. Ийм учраас А.Ө ын ажлаа тасалсан гэх хоёр өдрийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхгүй. 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр намайг ажлаас халсан гэж нэхэмжлэгч яриад байна. Яг энэ өдөр нэхэмжлэгчийг ажлаас халсан, чөлөөлсөн тушаал байхгүй, тушаалыг өгсөн өгөөгүй гэдгийг нотлох баримт байхгүй, харин ч эсрэгээр ээлжийн амралтаа авсан гэдгийг нотлох ээлжийн амралтын хоногийн маягт байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

           Хариуцагч Вьюрт Монголиа ХХК-д холбогдуулан  нэхэмжлэгч А.Ө  нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах, В ХХК нь Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийн SAP гэх програм хангамжийг ашиглаж байгааг тогтоолгож, зөвшөөрөлтэй програм хангамж ашиглах хүртэл компанийн үйл ажиллагааг түр зогсоолгох  тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Ө   нь Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийн SAP гэх програм хангамжийг ашиглаж байгааг тогтоолгож, зөвшөөрөлтэй програм хангамж ашиглах хүртэл компанийн үйл ажиллагааг түр зогсоолгох  тухай нэхэмжлэлийн шаардлагасаа татгалзсан байна.

         Нэхэмжлэгч А.Ө  нь Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийн SAP гэх програм хангамжийг ашиглаж байгааг миний бие эсэргүүцсэн тул 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр намайг ажлаас халснаа хэлж, би эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заасны дагуу ажлын байрны эд хөрөнгүүдийг хүлээлгэн өгсөн. В компанийн захирал нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа эргэн ор гэж хэлэхэд би өвчтэй байсан тул 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа очсон. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж тайлбарладаг.

        Хариуцагч В ХХК нь нягтлан бодох бүртгэлийн SAP санхүүгийн програм хууль тогтоомж зөрчөөгүй, А.Ө  нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ээлжийн амралтын нөхөн олговроо авсан,  мөн оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа биеэр эдэлсэн, 8 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа ирж ор гэж утсаар компанийн захирал ярьсан, ажилдаа 2017 оны 8 дугаар сарын 21-ны өдөр ирэхдээ магадлагаа олгох журам зөрчсөн эмнэлгийн магадлагаа авчирсан, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр эмнэлэгт үзүүлээгүй, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн, ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргадаг.

         Шүүх нэхэмжлэгч А.Ө ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж  дүгнэлээ.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч А.Ө  нь В ХХК-ийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 20170822/133 дугаар тушаалд гомдлоо 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргаж, шүүх 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9947 дугаар захирамжаар татгалзсан байна. Нэхэмжлэгч А.Ө  нь татгалзсан 9947 дугаар шүүхийн захирамжийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гардаж авсан болох нь тус шүүхийн хүлээн авахаас татгалзсан, буцаасан материалыг архивт шилжүүлсэн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч А.Ө  нь захирамжаа авахаар шүүхэд ирсэн, захирамж гараагүй гээд өгөөгүй гэж тайлбарлаж байх ба дээрх үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүгч эрхийн актаа хугацаанд нь гаргаагүй эсэх, нэхэмжлэгч захирамжийг ирж аваагүй эсэхийг тогтоох боломжгүй байна.Нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр захирамжийг гардан авч, мөн оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргасан гэж дүгнэлээ.

         Нэхэмжлэгч А.Ө  нь В ХХК-ийн санхүү эрхэлсэн захирлаар  2016 оны 7 дугаар сарын 4-ны өдрөөс хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар,  2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 2-6 дугаар тал/

        Зохигчид 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн  хөдөлмөрийн гэрээний хувьд маргаагүй болно.   

        В ХХК-ийн гүйцэтгэх захирлын  2017 оны 8 дугаар сарын 22-ны  өдрийн 20170822/133 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай“ тушаалаар А.Ө ыг ажил олгогч буюу шууд удирдлагын зөвшөөрөлгүйгээр 2 өдрийн ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг 2 удаа гаргасан гэж буруутган Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 16.4.10 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2017 оны 8 дугаар  сарын 22-ны өдрөөр тасалбар болгон, ажил олгогчийн санаачлагаар  хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгожээ.  /хэргийн 7-р дугаар тал/

         Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

           Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 16 дугаар зүйлийн 16.4.10-т “шууд удирдлагын зөвшөөрөлгүйгээр 1 өдөр буюу ажлын 8 цаг ажил тасалсан” бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлахаар талууд харилцан тохиролцсон байна.

           2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 20170706/82 дугаар тушаалаар нэхэмжлэгчид ээлжийн амралт олгож, ээлжийн амралтыг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл эдлүүлэхээр амралтын олговрыг 2017 оны 6 сард олгосон болохыг тушаалд дурдаж, амралтын олговрыг уг хугацаанд хүлээн авсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

         Нэхэмжлэгч А.Ө  нь 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр ажлаас халагдсан гэж тайлбарлаж байгаа боловч 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр цаг бүртгэлийн системд цагаа бүртгүүлж байгаа үйл баримт, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ажил олгогчид өгсөн эмнэлгийн магадлагаанд ажлын газар албан тушаалд В ХХК, санхүү эрхэлсэн захирал гэж тэмдэглэгдсэн үйл баримтаар нэхэмжлэгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэх тайлбар үгүйсгэгдэж байна. /х.х-ийн 13, 40 дүгээр тал/

        “Гэрэлт Манал”  өрхийн эрүүл мэндийн төвийн хүний их эмч А.Цэцэгмаа нь А.Ө т 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөр огноолсон эмнэлгийн магадлагаа олгосон магадлагааны онош, амбулториар үйлчлүүлэгчийн карт дээрх үзлэгийн онош зөрсөн болох нь Сүхбаатар дүүрэг Эрүүл мэндийн төвийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 540 тоот албан бичиг, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 544 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна. А.Ө  2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр үзүүлсэн болох нь үзлэг хийсэн эмчийн магадлагааны ард бичсэн тэмдэглэгээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /х.х-ийн 40 дүгээр тал/ Мөн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр олгосон эмнэлгийн магадлагаа ажлаас чөлөөлөөгүй байх ба магадлагааны онош нь ажлаас чөлөөлөгдөх заалттай болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлөгдөөд гэртээ зүйлшгүй эмчлэх эсэх, эмчийн зааврын дагуу эм уугаад ажлаа хийгээд явах боломжтой эсэх нь тогтоогдохгүй байхаас гадна эмчийн магадлагаагаар ажлаас чөлөөлөөгүй байхад нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 4 хоног ажилдаа ирэхгүй байгаа нь хөдөлмөрийн гэрээний 16 дугаар зүйлийн 16.4.10-т “шууд удирдлагын зөвшөөрөлгүйгээр 1 өдөр буюу ажлын 8 цаг ажил тасалсан” заасан ноцтой зөрчил гаргасан гэж шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгч А.Ө ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан В ХХК нь Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийн SAP гэх програм хангамжийг ашиглаж байгааг тогтоолгож, зөвшөөрөлтэй програм хангамж ашиглах хүртэл компанийн үйл ажиллагааг түр зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч А.Ө  татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                       ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ