| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2018/00730/И |
| Дугаар | 183/ШШ2018/01620 |
| Огноо | 2018-06-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2018/01620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сад овогтой, Б.Б нэхэмжлэлтэй,
/Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт Ухаа 2, 1013 дугаар байр, 36 тоотод оршин суух /
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 209 цт холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, өөрийн байранд байрлах, /
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагважаргал, гэрч Б.Маралмаа, Ц.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б би 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б-07 дугаар тушаалаар Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж, бүлгийн багшийн ажилд орсон. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 тушаалаар надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж, намайг ажлаас халсан юм. Ингээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/02347 дугаар шийдвэрийн дагуу намайг ажилд эргүүлэн авсан боловч миний төрсөн ах Б.Пүрэвгалсанг нас барсан шалтгааныг далимдуулан шалтгаангүй, чөлөө зөвшөөрөлгүй, 14 хоног ажил тасалсан гэж 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/07 тушаалаар ажлаас халсан. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.
Ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн аль нэг заалтыг баримтлах ёстой. Тэгэхээр холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй, анхнаасаа алдаатай гарсан тушаал байна. Байгууллагын дотоод журмын 7.9.11-т зааснаар ажлын байрыг эзэнгүй орхисон, үүний улмаас хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн, ажлын байрыг голсон гэсэн байдаг. Тэгэхээр энэ ажилтан нь ажил голсон, тасалснаар хүүхдийн ямар эрх ашиг хөндөгдөж байгаа тухай баримтыг гаргаагүй бөгөөд тогтоогдохгүй байна гэж үзэж байна. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр “Б” бүлгийн багшийн ажил албан тушаал эрхлэх талаар гэрээнд тусгагдсан тул “В” бүлгийн багш гэсэн өөр ажилд томилж, шүүхийн шийдвэр биелэгдээгүй байдаг. Мөн Б.Бн төрсөн ах нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр автын осолд орж, гэмтлийн эмнэлэгт хүргэгдээд 19-ний өдөр нас барсан бөгөөд энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан юм гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагважаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид шүүхийн шийдвэрийн дагуу Б.Бг ажилдаа орохыг утсаар мэдэгдсэн боловч тэрээр ирэхгүй байж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирж, дараах өргөдлийг бичиж чөлөө авсан. Өргөдөлд “Б.Б миний бие нь шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс багшийн ажилд орохоор тохиролцлоо. Хувийн асуудлаар өөрийн хүсэлтээр 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл чөлөө авах хүсэлтэй байна” гэсэн байна. Ингээд тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 тоот тушаалаар Б.Бг бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилсон. Тушаалын дагуу арга зүйч Г.Лхагважаргал, байгууллагын өмч хамгааллын байнгын зөвлөлийн гишүүд Б.Маралмаа, Д.Янжинлхам нар хамтран Ахлах “В” бүлгийг хүлээлгэн өгөхөөр ангид орсон боловч Б.Б багш “Би энэ ангийг авахгүй, тушаалтай танилцаж гарын үсэг зурахгүй” гээд гараад явсан. Энэ үед туслах багш А.Алтантуяа байсан бөгөөд энэ тухай комисс тэмдэглэл үйлдсэн байна. Багш Б.Б нь тэр даруй эрхлэгчийн өрөөнд орж ирээд “Би энэ ангийг авахгүй, хуучин ангиа авна” гэхэд эрхлэгч “танай хуучин ангид одоо байгаа багшийг сонгон шалгаруулалтаар авсан бөгөөд хичээлийн жилийн эхнээс томилогдон ажиллаж байгаа. Адилхан 4 настай бүлэг тул ялгаа гарахгүй, ижилхэн хөтөлбөр төлөвлөгөө боловсруулсан тул танд хүндрэл учрахгүй, тэгээд ч багш хүн бол хүүхдийг ялгаварлан алгачлан үзэх ёс байхгүй” хэмээн тайлбарласан боловч, тэгвэл би энэ ажлыг хийхгүй гээд эрхлэгчийн зүгээс энэ ажлыг хийхээс татгалзаж байгаагаа тайлбарлан мэдэгдэхийг хүсэхэд Б.Б багш “Би ямар нэгэн юмтай танилцаж, гарын үсэг зурахгүй” гээд 10 цагт гарч явсан байна. Үүнээс хойш багш Б.Б ажилдаа ирээгүй. Иймд түүнийг ажлаас нь чөлөөлсөн тушаал нь хуулийн дагуу гарсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Б нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн 209 цт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хан-Уул дүүргийн 209 цийн Эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/02347 дугаар шийдвэрийг үндэслэн Б.Бг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Ахлах “В” бүлгийн багшийн ажилд томилсон” байх бөгөөд талууд 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 1 дүгээр Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.
Ажил олгогчийн санаачилгаар буюу Хан-Уул дүүргийн 209 цийн Эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Байгууллагын дотоод журмын 7.9.11, 7.9.14-т заасныг үндэслэн “Б.Б нь удаа дараа ажлын байрыг эзэнгүй орхиж, чөлөө зөвшөөрөлгүй 14 хоног ажлаа тасалсан тул 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөв” гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/02347 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “...Б.Бг Хан-Уул дүүргийн 209 цийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж заасны дагуу ажил олгогч нь Б.Бг Хан-Уул дүүргийн 209 цийн Ахлах “В” бүлгийн багшийн ажилд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр томилж, Б/05 дугаар тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасантай нийцсэн байна.
Ажил олгогч нь уг тушаалыг ажилтан Б.Бд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр танилцуулж, Ахлах “В” бүлгийн багшийн ажлыг хүлээлгэн өгөхөд тэрээр “...урьд нь ажиллаж байсан “Б” бүлгийн багшийн ажилд эгүүлэн аваагүй” гэсэн үндэслэлээр ажлыг хүлээн авахаас татгалзаж, ажилдаа ирээгүй талаарх үйл баримт нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.
Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 7.2.2-т “ажлын байраа дур мэдэн эзэнгүй орхисон, ажлаа ямар нэгэн шалтгаангүй 3 хоног тасалсан...” гэсэн ноцтой зөрчлийг, 209 цийн дотоод журмын 7.9.11-д “ажлын байрыг эзэнгүй орхих, үүний улмаас хүүхдийн эрх ашиг хөндөгдөх”, 7.9.14-т “хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан, чөлөө зөвшөөрөлгүй 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан” гэсэн ноцтой зөрчлийг ажилтан Б.Б нь гаргасан болох нь Ахлах “В” бүлгийг хүлээлцэх тухай 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тэмдэглэл, Б.Бэс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэст гаргасан өргөдөл, Ахлах “В” бүлгийн сурагчдын эцэг, эхийн өргөдөл, Б.Бтэй утсаар хийсэн ярилцлага, тушаал олгосон бүртгэл, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогджээ.
Иймд “Б.Б нь удаа дараа ажлын байрыг эзэнгүй орхиж, чөлөө зөвшөөрөлгүй 14 хоног ажлаа тасалсан” гэж үзэн, түүнийг ажлаас нь чөлөөлсөн Хан-Уул дүүргийн 209 цийн Эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/07 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч тал “...Б.Бн төрсөн ах нь гэнэт нас барсан хүндэтгэн үзэх шалтгааныг далимдуулж ажлаас хөлсөн” гэсэн тайлбар гаргадаг хэдий боловч байгууллагын дотоод журмын 2.5, 2.6, 2.8, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.2-т зааснаар чөлөө авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болохыг дурдав.
Дээр дурдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Бн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн 209 цт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Бн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн 209 цт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Бадармаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД