Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 173

 

Д.Цэрэндаваагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мөнхболд нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0204 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Д.Цэрэндаваагийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цэрэндаваагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Засаг даргын аймгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/121 дугаар захирамжийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Д.Цэрэндавааг Алдархаан сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0204 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 12 дугаар зүйлийн 12.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг тус тус баримтлан Д.Цэрэндаваагийн гаргасан “Завхан аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/121 дүгээр захирамжийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Д.Цэрэндавааг Алдархаан сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Цэрэндаваа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 12 дугаар зүйлийн 12.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 заалтуудыг баримталжээ. Давж заалдах шатны шүүх нь Нийтийн албанд нийтийн болон ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тайлбарлаж хэрэглэхдээ аливаа нийтийн албаны дарга, удирдах албан тушаалтан нь өөрийн ах, дүү, хамаатан садан зэрэг хамаарал бүхий этгээдийг тухайн байгууллагадаа авч ажиллуулахыг хориглоно, авч ажиллуулбал хамаарал бүхий этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргасанд хамаарна гэж хэт явцууруулж хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн байна. Шүүх хуулийн дээрх зүйл заалтыг ингэж тайлбарлаж хэрэглэвэл тухайн нийтийн албаны дарга, удирдах албан тушаалтны эхнэр /нөхөр/, ах, дүү, хамаатан садан зэрэг хамаарал бүхий этгээдүүдийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасан "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох" эрхийг ноцтойгоор зөрчсөн жишиг тогтоох маш том эрсдэлтэй юм.

Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан заалт нь өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдтэй холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглосон утга огт байхгүй бөгөөд гагцхүү хамаарал бүхий этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргахыг хориглохоор заасан байдаг. Нэхэмжлэгч Д.Цэрэндаваа миний бие өөрийн төрсөн дүү болох Д.Өнөрзаяаг цэцэрлэгийн туслах багшаар авсан шийдвэр нь өөрийн төрсөн дүүгийн ашиг сонирхолд нийцүүлсэн шийдвэр биш, Монгол улсын нэг иргэнийг ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг нь хангасан шийдвэр гэж үзэж байна. Магадгүй Д.Цэрэндаваа би өөрийн төрсөн дүү болох Д.Өнөрзаяаг ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй байхад нь ажилд авсан, цалинг нь бусад ажилтнуудаас өндөр тогтоож цалинжуулсан бол дүүгийнхээ ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргасанд хамаарч хууль зөрчсөн болно.

Гэтэл миний дүү болох Д.Өнөрзаяа нь өмнө нь манай цэцэрлэгт ажиллаж байсан, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д заасан шаардлагыг хангаж мэргэжлийн сургалтад хамрагдсан, туслах багшийн сонгон шалгаруулалтад орж нэгээр тэнцсэн буюу туслах багшийн албан тушаалд томилогдоход хориглох ямар ч үндэслэл байхгүй, албан тушаалд тавигдах бүх шаардлагыг хангасан иргэн байсан. Хууль, эрх зүйн шинжлэх ухаанд хүний эрх, ашиг сонирхол гэсэн ойлголтууд нь тус тусдаа утга агуулгыг илэрхийлдэг гэж ойлгож байна.

Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар цэцэрлэгийн туслах багш нь хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрх бүхий албан тушаал биш ба хуулийн энэ заалтад миний гаргасан тушаал хамаарахгүй байна. Үүнээс өөрөөр гэр бүл, төрөл садангийн хүмүүс хамт ажиллахыг хориглосон зүйл заалт Монгол Улсын ямар ч хууль тогтоомжуудад байхгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Цэрэндаваа нь Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн б/121 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий захирамжаар “өөрт хамаарал бүхий этгээдийн хувийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргасан” гэх үндэслэлээр түүнийг цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргахыг хориглосон, энэхүү заалтыг зөрчвөл мөн хуулийн 29.2.4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанаас халах шийтгэл оногдуулахаар заажээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр б/09 дүгээр тушаал гаргаж, өөрийн дүү Д.Өнөрзаяаг туслах багшаар томилсон байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн, өөрт хамаарал бүхий этгээдэд зориулан шийдвэр гаргасан гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн “өөрийн төрсөн дүүгийн ашиг сонирхолд нийцүүлсэн шийдвэр биш” гэх гомдол үндэслэлгүй юм. Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилго нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад орших бөгөөд нэхэмжлэгчээс өөрт хамаарал бүхий этгээдийг ажилд томилсон шийдвэр гаргаж байгаа нь төрийн албан хаагч хууль дээдлэх зарчимд захирагдаж, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, хариуцлагатай гүйцэтгэх зарчимд нийцэхгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгчийн “Сумын Засаг даргын цохолтоор ажилд томилсон” гэх тухайд Д.Өнөрзаяагийн ажилд орох тухай хүсэлтийг шийдвэрлэх эрхтэй этгээд нь сумын Засаг дарга биш, хуулийн дагуу цэцэрлэгийн эрхлэгчийн бүрэн эрхэд хамаарч байх тул захиргааны байгууллага, албан тушаалтан нь гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг өөрөө хариуцах учиртай.

Нэхэмжлэгчийн “Д.Өнөрзаяа нь туслах багшийн сургалтад хамрагдсан, өмнө нь тус цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан зэргээр ажлын байранд тавигдах шаардлага хангасан тул түүнийг ажилд томилсон нь хууль зөрчөөгүй” гэх гомдлын тухайд:  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үед ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн тухайд хувийн ашиг сонирхол үүссэн буюу байгууллагын даргын хувьд шинээр үүссэн сул орон тоонд өөрийн дүүг томилох болсон талаар эрх бүхий дээд шатны байгууллагад бичгээр мэдэгдсэн баримт байхгүй, түүний дүү нь өмнө нь цэцэрлэгч тогоочоор ажиллаж байсан үйл баримт нь туслах багшаар ажиллах шаардлагыг хангах хуулийн үндэслэл биш, “мэргэжлийн сургалтад хамрагдсан” гэх боловч түүнийг нотлох баримт байхгүй байна.

Нөгөө талаар Д.Өнөрзаяа сургалтад хамрагдсан, туслах багшийн ажлын байрны шаардлага хангасан гэх үндэслэлээр маргаан бүхий албан тушаалд шууд томилогдох нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасан иргэд хуульд заасан болзол журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимд нийцэхгүй, туслах багшаар ажиллах болзол хангасан өөр бусад этгээдийн төрийн албанд орох адил тэгш эрхийг хөндөх үндэслэл болохгүй.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарч, нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаал мөн байх бөгөөд хууль тогтоогчоос хуулийн үйлчлэх хүрээг тогтоохдоо хувийн ашиг сонирхлын хүрээг өргөн хүрээнд тайлбарласан байх тул нэхэмжлэгчийн “мөнгө захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан биш” гэх гомдол үндэслэлгүй. 

Анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны акт нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд үндэслэсэн байхад захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, мөн Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт зааснаар аймгийн Боловсрол, соёлын газрын даргаас “зөрчил гарсан” талаар аймгийн Засаг даргад албан бичгээр санал хүргүүлсэн үйл баримтыг анхаараагүй байна.

Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0204 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                      Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ