Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00427

 

Д.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01464 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1915 дугаар магадлалтай, 

Д.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй,

Практикал даатгал ХХК-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөрт 22,265,871 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

  Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Чулуунцэцэг, Ө.Чулуун-Эрдэнэ нар Худалдаа хөгжлийн банк ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 83,000,000 төгрөгийн зээл авсан. Ипотекийн зээлийн гэрээний дагуу даатгалын газартай гэрээ байгуулах ёстой гэж Худалдаа хөгжлийн банк ХХК-аас санал болгосны дагуу 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Монгол даатгал ХХК-тай, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Практикал даатгал ХХК-тай орон сууц зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны гэрээг тус тус байгуулсан. Гэрээ байгуулснаас 2 сарын дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нөхөр Ө.Чулуун-Эрдэнэ гэнэтийн ослоор нас барсан. Ямар нэгэн өвчнөөр нас бараагүй гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоно. Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн зээлийн үлдэгдэл 44,000,000 төгрөгийг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн учраас Практикал даатгал ХХК-д хүсэлт гаргахад 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр амь насны нөхөн төлбөрийг олгохгүй гэдэг хариуг өгсөн. Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан боловч нааштай хариу өгөөгүй.

Ө.Чулуун-Эрдэнэ нь архины архаг хордлого гэдэг оноштой нас барсан, энэ нь өвчин гэдэг тодорхойлолтод хамаардаггүй. Ипотекийн даатгалын гэрээнд байгаа гэнэтийн осол гэдэг заалтыг даатгуулагч нар уншиж танилцаагүй. Гэрч нь шинжээчийн үүрэг гүйцэтгэдэг, өвчин мөн бишийг тодорхойлдог эрх бүхий субъект биш учраас гэрч нарын хэлсэн зүйл дээр үндэслэж өвчин мөн биш гэдгийг тодорхойлох нь өөрөө учир дутагдалтай. Ө.Чулуун-Эрдэнэ нь гэрээ байгуулах үед өвчин эмгэггүй байсан бөгөөд согтуу байсны улмаас осол болж нас барсан үйл баримт байгаа. Иймд Худалдаа хөгжлийн банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 44,531,742 төгрөгийн талийгаач Ө.Чулуун-Эрдэнэд ногдох 22,265,871 төгрөгийг даатгалын нөхөн төлбөр гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Чулуунцэцэг нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ипотекийн даатгалын гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. Үүнээс 2 сарын дараа зээлдэгч Ө.Чулуун-Эрдэнэ нас барсан. Эмнэлгийн дүгнэлтэд архины архаг хордлого, тархи болон уушгины хаван, бөөрний сувганцрын голомтын үхжил, хоёрдогч зүрхний дутагдал гэдэг онош тавьсан. Өөрөөр хэлбэл 1-3 төрлийн өвчний эмнэлгийн тодорхойлолттой байгаа. Нас барсан талаарх эмнэлгийн баримтаас харахад Ө.Чулуун-Эрдэнэ нь өвчний улмаас нас барсан тухай эмчийн тэмдэглэл байдаг. Ипотекийн даатгалын гэрээнд зээлдэгч гэнэтийн ослоор нас барсан бол даатгалын нөхөн төлбөр авна гэсэн. Даатгалын үйл ажиллагааг Даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос батлан гаргасан, даатгалын багц дүрмээр зохицуулдаг. Монгол даатгал ХХК-тай гэрээ байгуулсан гэрээг манай байгууллагаас цуцлуулж, өөрийн байгууллагатай гэрээ байгуулахыг шаардаагүй. Худалдаа хөгжлийн банк ХХК нь Практикал даатгал ХХК-тай хамтарч ажилладаг. Нэхэмжлэгч тал нь Монгол даатгал ХХК-тай даатгалын гэрээ байгуулах үед ипотекийн даатгалын журам гэж батлагдаагүй байсан учраас даатгалын нөхцөл өөр байсан. Ө.Чулуун-Эрдэнэ, Д.Чулуунцэцэг нар ипотекийн даатгалын гэрээ хууль бус байна гэдэг үндэслэлээр бид нарт хандаж байгаагүй. Иймээс гэрээний нөхцөлийг тухайн үед хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул Ө.Чулуун-Эрдэнэ, Д.Чулуунцэцэг нартай байгуулсан ипотекийн даатгалын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна.

Ө.Чулуун-Эрдэнийн өвчтөний түүх дээр 4 хоног дараалж архи уугаад өглөө нь сэрээд ухаан алдаж унахад гэрээр хордлого тайлах шингэн, өвчин намдаах тариа хийсэн гэсэн байсан. Нас барсан талаарх эмчийн тэмдэглэлд Ө.Чулуун-Эрдэнийг архины архаг хордлогоос болж нас барсан гэж бичсэн байх бөгөөд өөрсдөө хордлогод орсон байгаа хүнд дур мэдэн эмчилсэн нь Ө.Чулуун-Эрдэнийг нас барахад нөлөөлсөн байж болзошгүй нь байдал харагдаж байна. Гэнэтийн осол гэдэг бол урьдчилан тооцоолох боломжгүй, тухайн хүнээс өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдлаас болж богино хугацаанд үүссэн үйл явдлыг хэлж байгаа. Гэтэл Ө.Чулуун-Эрдэнийн хувьд тийм зүйл тохиолдоогүй. Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад тодорхой өвчний шалтгааны улмаас нас барсан. Иймээс гэрээний дагуу нөхөн төлбөр төлөх нөхцөл бүрдээгүй. Харин нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл үүссэн, даатгалын гэрээний 8.1.8-д заасны дагуу өвчин эмгэгийн улмаас нас барсан тохиолдолд нөхөн төлбөр олгодоггүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01464 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-д зааснаар Практикал даатгал ХХК-аас 22,265,871 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Чулуунцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1915 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01464 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.13-ны өдрийн 1915 магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаагүй. Нэхэмжлэгч Д.Чулуунцэцэг нь Практикал даатгал ХХК-иас 2018.08.22-ны өдрийн Ипотекийн даатгалын баталгаа-ны гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт 22,265,871 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Магадлалын үндэслэх хэсэгт ...даатгалын тохиолдол бий болоогүй гэснийг буруутгах боломжгүй байна гэжээ. Гэтэл тус нас барсан шалтгааныг өвчин гэж тооцох эсэхийг гэрчийн мэдүүлгийн үндсэн дээр нотлох баримтыг үнэлсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд гэрч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх этгээдүүд юм. Өөрөөр хэлбэл, тус асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан мэргэжлийн этгээдээр дүгнэлт гаргуулсны үндсэн дээр мэдэх боломжтой болох юм. Энэхүү дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь буруу юм. Мөн иргэн Ө.Чулуун-Эрдэнэ болон Д.Чулуунцэцэг нар нь Худалдаа хөгжлийн банктай 2013.06.25-ны өдөр ЗГ-ВСС2013032913-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 83,000,000 төгрөгийг зээлсэн байдаг. Үүний дагуу 2015.06.26-ны өдөр Монгол даатгал ХХК-тай Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын баталгаа-ны гэрээ байгуулсан. Гэтэл Худалдаа хөгжлийн банк-аас хамтран ажиллагч даатгалын компани өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр Практикал даатгал ХХК-тай гэрээ байгуулах шаардлагатай болсон. Ө.Чулуун-Эрдэнэ, Д.Чулуунцэцэг нар нь Худалдаа хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулснаар Монгол даатгал ХХК-тай 2015.06.26-ны өдөр Даатгалын гэрээ байгуулсан. Тус Даатгалын гэрээний 2.1.2 болон 3.1.6 дахь хэсэгт зааснаар даатгалын зүйл нь зээлдэгчийн амь нас байсан бөгөөд өөр ямар нэгэн урьдчилсан нөхцөл заагаагүй, даатгалын гэрээний зорилгодоо нийцсэн байсан. Гэтэл Худалдаа хөгжлийн банк-аас хамтран ажиллагч даатгалын компани өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр зээлдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар Практикал даатгал ХХК-тай гэрээ байгуулах шаардлагатай болсон.

Практикал даатгал ХХК-тай байгуулсан Ипотекийн даатгалын баталгаа нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар гэрээний стандарт нөхцөл. Гэтэл тус гэрээний стандарт нөхцөлийн 3.1.6 дахь хэсэгт заасан Гэнэтийн ослын улмаас нас барах гэсэн нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8 дахь хэсэгт нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн нөхцөл. Тухайлбал, Энэхүү даатгалын гэрээг үг, үсэг болон зорилгоор нь тайлбарлавал Гэнэтийн ослын даатгал-ын төрөл биш бөгөөд Ипотекийн даатгалын баталгаа юм. Өөрөөр хэлбэл, нас барах даатгалын тохиолдлыг гэнэтийн ослын байх хязгаарлалтыг хийсэн нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8 дахь заалтад хамаарч байх тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт зааснаар гэнэтийн ослын гэх хэсгүүд нь хүчин төгөлдөр бус юм. Иймд ИХ-ийн 202 дугаар зүйлийн 202.5 дахь хэсэгт зааснаар гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр боловч Гэнэтийн ослын гэх хэсэг хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байна. Гэвч шүүгч энэхүү нөхцөл байдлыг харгалзаж үзсэнгүй.

Дээрх үндэслэлээс гадна Ипотекийн даатгалын баталгаа-ны гэрээний 2.1.2 дахь хэсэгт зааснаар даатгуулагчийн амь нас буюу гэнэтийн ослын улмаас нас барсан даатгалын тохиолдол бий болсон юм.

Практикал даатгал ХХК-ийн 2019.01.28-ны өдрийн хариу албан бичигт ...Ө.Чулуун-Эрдэнэ нь өвчний улмаас нас барсан болох нь эмнэлгийн тодорхойлолтоор тогтоогдож байна гэжээ. Иймд Гэрээний 8.1.8-д өвчин эмгэгийн улмаас нас барах тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэж заасны дагуу олгохгүй гэжээ. Гэтэл Ө.Чулуун-Эрдэнэ нь өвчин эмгэгийн улмаас нас бараагүй бөгөөд гэнэтийн осол байсан болох нь Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн 2018.10.29-ний өдрийн нас барсан тодорхойлолтоос харагдана.

Тус тодорхойлолтод Ө.Чулуун-Эрдэнийг өвчин эмгэгийн улмаас нас барсан гэж тодорхойлоогүй ба эмгэг судлалын оношоор архины архаг хордлого, тархи болон уушгины хаван, бөөрний сувганцрын голомтлог үхжил, хоёрдогч кардоймиопати гэсэн шалтгаан нь үхэлд хүргэсэн. Өөрөөр хэлбэл, Ө.Чулуун-Эрдэнэ нь архи, согтууруулах ундаа хэрэглэж байх явцдаа гэнэт нас барсан ба аливаа өвчин эмгэг, хууч зэргээс нас бараагүй. Тодорхойлолтод дурдсанаар дээрх нь үхэлд хүргэсэн шалтгаан байсан бөгөөд архины хордлого нь өөрөө өвчин биш юм. Мөн гэнэтийн осол гэж үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл, түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослыг хэлэхээр гэрээнд тусгасан байх бөгөөд Ө.Чулуун-Эрдэнийн үхэл нь урьдчилан мэдэх боломжгүй ахуйн осол байсан. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9 дэх хэсэг, Ипотекийн даатгалын баталгааны гэрээний 3.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн даатгалын нөхөн төлбөрт хариуцагч Практикал даатгал ХХК-иас 22,265,871 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэл бүрдсэн байсан. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.02-ны өдрийн 182\ШШ2019\01464 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.13-ны өдрийн 1915 магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч Практикал даатгал ХХК-иас 22,265,871 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 111,330 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Чулуунцэцэг нь хариуцагч Практикал даатгал ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 22,265,871 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, даатгуулагч Ө.Чулуун-Эрдэнэ нь өвчний улмаас нас барсан нь нотлогдсон, өвчний улмаас нас барсныг гэнэтийн осол гэж үзэхгүй, даатгалын гэрээний 2.1.2, 8.1.9-д заасан даатгалын тохиолдолд хамаарахгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Чулуунцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Худалдаа хөгжлийн банк ХХК-тай 2013.06.25-ны өдөр Д.Чулуунцэцэг, Ө.Чулуун-Эрдэнэ нар нь 58,000,000 төгрөгийн зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээг тус тус байгуулжээ.

Түүнчлэн Д.Чулуунцэцэг, Ө.Чулуун-Эрдэнэ нарын Практикал даатгал ХХК-тай 2018.08.22-ны өдөр байгуулсан 2021.08.21-ний өдрийг хүртэл хугацаатай Ипотекийн даатгалын баталгаа-ны гэрээгээр даатгалын тохиолдолд бий болсон даатгуулагчид зээлийн гэрээний төлөгдөөгүй үндсэн үүргийн хэмжээгээр нөхөн төлбөрийг даатгагч төлөх, даатгуулагч даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн буюу хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан эрхийг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх энэ алдааг илрүүлээгүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д нийцээгүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд 2018.10.29-ний өдөр даатгуулагч Ө.Чулуун-Эрдэнэ нь нас барсан ба Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 2018.10.29-ний өдрийн 8237 тоот өвчтөний түүх, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ зэрэг баримтад талийгаачид тавьсан оношийг архины хордлого, хүнд зэрэг, Хоол боловсруулах замын цус алдалт, олон эрхтний дутагдал гэж, Эмгэг судлаач эмчийн 2018.11.19-ний өдрийн Эмгэг судлалын шинжилгээний СБ-52/2018 тоот протоколд оношийг Архины архаг хордлого: олон эрхтний илрэлтэй: элэгний тархмал өөхжилт, архаг шархлаат гастрит, нарийн гэдэсний шархлаат үрэвсэл ӨОУА 10.Т51, Тархи, уушгины хаван, бөөрний сувганцрын голомтот үхжил, хоёрдогч кардиомиопати: зүрх 450 гр, ЗХХ 1,6 см, БХХ 0,5, үхлийн шалтгаан архины архаг хордлого, олон эрхтний дутагдал гэж, мөн эмнэлгийн 2018.12.17-ны өдрийн 181 тоот тодорхойлолтод талийгаачийг тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 2018.10.29-ний өдрийн 06 цаг 30 минутаас 12 цаг 30 минут хүртэлх хугацаанд биеийн байдал маш хүнд, эмчлэгдэж байгаад нас барсан, Эмгэг судлалын шинжилгээнд хамрагдаж онош батлагдсан гэжээ.

Талууд даатгалын тохиолдол бий болсон эсэх тухайд маргасан байна.

Даатгуулагч Ө.Чулуун-Эрдэнийн нас барсан шалтгаан буюу өвчний улмаас нас барсан эсэх тухай шинжээч томилуулахаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан 2019.07.04-ний өдрийн хүсэлтийн дагуу анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /хх-87,92-94/

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2019.07.10-ны өдрийн 10/3768 тоотоор ...одоогоор дүгнэлт гаргах боломжгүй тухай хариуг шүүхэд ирүүлжээ. /xx-96/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч томилсон шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэсэн тайлбар гарган 2019.08.29-ний өдрийн шүүх хуралдаанд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д нийцээгүй байна. /xx-116-120/

Шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхийн тулд даатгуулагчийн нас барсан шалтгааныг үндэслэл бүхий тодорхойлох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.3-т нийцнэ.

Түүнчлэн ...2015.06.26-ны өдөр Монгол даатгал ХХК-тай Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын баталгаа-ны гэрээ байгуулсан байсан, энэ гэрээний даатгалын зүйл нь зээлдэгчийн амь нас байсан ...харин банкнаас хамтран ажиллагч даатгалын компани өөрчлөгдсөн гэснээр Практикал даатгал ХХК-тай гэрээ байгуулсан, ... энэ гэрээний 3.1.6 дахь хэсэгт заасан Гэнэтийн ослын улмаас нас барах гэсэн нөхцөлийг гэрээний зорилгодоо нийцээгүй, стандарт нөхцөл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д заасанд хамаарах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01464 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1915 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 269,500 (хоёр зуун жаран есөн мянга таван зуу) төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД