Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2018/00764

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: БНХАУ Б нэхэмжлэлтэй,

/БНХАУ, ӨМӨЗО, Ордос хот, Отог хошуу, Улаанбалгас, 7 дугаар дүүрэг, 114-1 тоотод оршин суух /

 

Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн ВБ нэхэмжлэлтэй,

/БНХАУ, ӨМӨЗО, Хөх хот, Сайхан дүүрэг, Дүн Ены өмнөд гудамж, Улаан бага тойрог, 11 дүгээр байр, 12 тоотод оршин суух /

 

Хариуцагч: “ТХ” ХХК-д холбогдох,

/Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5-81 тоотод байрлах/

 

Хариуцагч: Булгадар овогтой, П.Э холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Гавьжийн 1 дүгээр гудамж, 1 тоотод оршин суух /

 

Хариуцагч: Барга овогтой, Г.Ц холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Гавьжийн 1 дүгээр гудамж, 1 тоотод оршин суух /

 

Хариуцагч: Булгадар овогтой, Э.А холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байр, 48 тоотод оршин суух /

 

Хариуцагч: Булгадар овогтой, Э.Э холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туулын хөвөө хотхон, 36 дугаар байр, 28 тоотод оршин суух /

 

            Гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээний дагуу хөрөнгө оруулсан 240.000.000 төгрөгийг хариуцагч “ТХ” ХХК, П.Э, Г.П нараас гаргуулах, ковшийн үнэ 126.166.040 төгрөгийг хариуцагч “ТХ” ХХК, П.Э, Э.Энараас гаргуулах, тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан гарсан зардалд төлсөн 382.938.857 төгрөгийг хариуцагч “ТХ” ХХК, П.Э, Г.П нараас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буян, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар, П.Ундрах-Эрдэнэ, хариуцагч П.Э, Г.Цээпилмаа, хариуцагч “ТХ” ХХК, Э.А, Э.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Данзандорж, Ж.Бат-Амгалан, гэрч н.Нарису, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буян шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулсан байгаа. Үүнд П.Э, Ван Били, Б нарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 01 тоот “ТХ” ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж хамтран ажиллах гурван талт гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож, Ван Били, Б нараас гэрээний дагуу хөрөнгө оруулсан 240.000.000 төгрөгийг хариуцагч П.Э, Г.Цээпилмаа, “ТХ” ХХК-иас гаргуулж өгнө үү. Уг гэрээний дагуу П.Э нь Гавьжийн тоосгоны үйлдвэрийг 120.000.000 төгрөгөөр үнэлж, Ван Били, Б нар тус бүр 120.000.000 төгрөг буюу нийт 240.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Гавьжийн тоосгоны үйлдвэрт шинэ тоног төхөөрөмж, үйлдвэрийн тохижуулалтад зарцуулж, бүтээгдэхүүн гаргаж эхлэхэд ашгаа 3 тэнцүү хувааж авахаар тохиролцсон. Ингээд гэрээний дагуу Ван Били, Б нар 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 270.824.080 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, П.Э, Г.П нарт хүлээлгэн өгсөн. Гэтэл Ван Били, Б нарт гэрээний дагуу огт ашиг өгөөгүй тул талууд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нөхвөр гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Ван Били, Б нар 270.824.080 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болохыг талууд хүлээн зөвшөөрч, П.Э, Г.П нар Ван Били, Б нарт “ТХ” ХХК-ийн нийт хувьцааны тус бүр 33.3 хувийг шилжүүлж, 240.000.000 төгрөг дээр болтлогч болон ковшийг буцааж өгөх, 2013 онд нэмж оруулсан мөнгийг сар бүрийн 3 хувийн хүү бодож үйлдвэрлэлийн борлуулалтаас олгохоор тохирсон. Гэтэл дээрх хамтран ажиллах гэрээ болон нөхвөр гэрээг байгуулсан П.Э нь гэрээ байгуулах үед “ТХ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байсан бөгөөд компанийн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж гэрээ байгуулсан. Иймээс дээрх хоёр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хөрөнгө оруулалт хийсэн 240.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар гаргуулж өгнө үү.

 

Ван Били нь хамтран ажиллах гэрээ, нөхвөр гэрээний дагуу “ТХ” ХХК-д CDM853 модельтой 2012 оны ковшийг үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Э.Энхбаярт хүлээлгэн өгсөн. Уг ковшийг Ван Били өөрийн мөнгөөр “Алтан гандир” ХХК-ийн нэр дээр 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 52.000 ам.доллараар худалдан авсан. Тухайн ковшийг шилжүүлсэн үндэслэл болсон гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул хүчин төгөлдөр бус гэрээний дагуу “ТХ” ХХК-д ашиглуулахаар Э.Энхбаярт хүлээлгэн өгсөн ковшийн үнэ 126.166.040 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар “ТХ” ХХК, П.Э, Э.Энараас гаргуулж өгнө үү.

 

Гэрээний дагуу тоосгоны үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулж, БНХАУ-ын иргэдийг хөлсөөр ажиллуулах талаар П.Этай тохиролцож, Ван Били, Б нар ажилчдын цалинд 670.564 юань болон 25.300.960 төгрөг, тоног төхөөрөмж, сэлбэг засварын зардалд 221.925 юань болон 3.250.000 төгрөг, компанийн удирдлагуудыг Эрээн хотруу явсан зардал болон визний сунгалтын зардал 127.572 юань болон 65.635.500 төгрөг, бензин шатахуун, цахилгаан нүүрс зэрэг зардалд 35.054.117 төгрөг, засвар техникийн үзлэг, ковшийн түрээс 3.342.000 төгрөг, бусад зардалд 17.235 юань болон 26.765.150 төгрөг, нийт 1.037.296 юань болон 159.347.727 төгрөгийг “ТХ” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт зарцуулснаас Ван Били нь 91.000.000 төгрөгийн зардлаа үйлдвэрлэсэн тоосгоноос авсан тул үлдэх 68.347.727 төгрөг, 1.037.296 юань буюу 314.591.130 төгрөг, нийт 382.938.857 төгрөгийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч “ТХ” П.Э, Г.Пнараас гаргуулж өгнө үү гэв. 

 

            Хариуцагч П.Э, Г.Ц, хариуцагч “ТХ” ХХК, Э.А, Э.Энарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ван Били /Дарамбилэг/, Б болон бид нар 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 01 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр тоосгоны үйлдвэрлэл явуулж, олсон ашгаа бид гурав ижил тэнцүү хувааж авахаар тохирсон. Гэтэл тоосгоны үйлдвэр нь ямар ч ашиг олоогүй бөгөөд Ван Били, Б нар нь үйлдвэрлэсэн тоосгыг өөрсдөө аваад, зарж борлуулан мөнгийг нь авсан. Б, Ван Били нар 270.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Гэрээг байгуулах үед Ван Били, Б нар “ТХ” ХХК нь П.Эын компани биш, түүний хүү Э.Аын компани гэдгийг мэдэж байсан. Иймд 240.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ковшийн хувьд Б, Ван Били нар нь хариуцагч нарт уг ковшийг хүлээлгэж өгөөгүй, энэ талаар мэдэх зүйл байхгүй. Ажилчдын цалин болон бусад зардалд 382 сая төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Ямар тохиролцоо, юунд зарцуулсан мөнгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, талууд энэ талаар тохиролцсон зүйл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

БНХАУ-ын иргэн Б, Ван Били нарын нэхэмжлэлтэй, “ТХ” ХХК, П.Э, Г.Цээпилмаа, Э.А, Э.Энарт холбогдох, гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээний дагуу хөрөнгө оруулсан 240.000.000 төгрөгийг хариуцагч “ТХ” ХХК, П.Э, Г.Пнараас гаргуулах, ковшийн үнэ 126.166.040 төгрөгийг хариуцагч “ТХ” ХХК, П.Э, Э.Энараас гаргуулах, тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан гарсан зардалд төлсөн 382.938.857 төгрөгийг хариуцагч “ТХ” ХХК, П.Э, Г.Пнараас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

П.Э, БНХАУ-ын иргэн Ван Били, БНХАУ-ын иргэн Б нар 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 01 дүгээр “ТХ ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж хамтран ажиллах гурван талт гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр П.Э нь тоосгоны үйлдвэрийн хөрөнгийг 120.000.000 төгрөгөөр үнэлж, Б, Ван Били нар тус бүр 120.000.000 төгрөгийг шинэ тоног төхөөрөмж, гэр байшин тохижуулалтад хөрөнгө оруулалт хийх, үйлдвэрлэл эхлээд бүтээгдэхүүн гаргаж эхлэхэд П.Э эхлэж 3 хуваасны 1-д ногдох ашгаа авч, Б, Ван Били нар хөрөнгө оруулалт бүрэн гүйцэд хийгдээгүй тохиолдолд өөрсдийн ашгаасаа нөхөн төлж болохоор тохиролцсон талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.3-т заасан “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан гэж үзэхээр байна.

 

П.Э, Цэвэлмаа буюу /Л.Цээпилмаа/, БНХАУ-ын иргэн Дарамбилэг буюу /Ван Били/, БНХАУ-ын иргэн Б нар 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Монгол Улсын “ТХ” ХХК, Дундад Улсын Дарамбилэг Ван Били, Бын хоорондох 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тогтсон гэрээний нөхвөр гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр “...2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл гурван тал ажиллаад гэрээний дагуу Ван Били, Б нар 270.824.080 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, П.Э, Л.Цээпилмаа нар 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Ван Били, Б нарын хувь оруулалтын албан ёсны гар гүйцэтгэлийг хуулийн дагуу гүйцэтгэхгүй бол Ван Били, Б нарын хувь оруулалтыг албан журмын дагуу 66.6 хувийг үйлдвэр, үйлчилгээний гэрчилгээнд оруулж, жинхэнэ хувь эзэмшигч болохыг заана. Ван Били, Б нарын оруулсан бүх хөрөнгийн 240.000.000 төгрөгийг өнөө жилийн борлуултын орлогоос буцааж авна. Ван Били, Б нарын хөрөнгө оруулалтын мөнгөө буцааж авсны дараа дээр жилийн нэг болтлогч болоод ковшийг буцааж авна. Ван Били, Б нарын өнөө жилийн нэмж оруулсан бүх үйлдвэрийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн 1 жилийн үйлдвэрийн хугацаа даруй 2013 оны 4 дүгээр сараас 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болтол үйлдвэрийн үйл ажиллагааны хугацаагаа дууссаны дараа бүгдийг буцааж авна...” гэж тохиролцжээ.

 

1. Нэхэмжлэгч талын “...П.Э, Л.Цээпилмаа нар “ТХ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй байж БНХАУ-ын иргэн Ван Били, Б нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, “ТХ” ХХК-ийн хувьцааг шилжүүлэхээр тохирч, уг компанийн тамгыг дарж, Ван Били, Б нарын оруулсан хөрөнгийг “ТХ” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан байх тул талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр хамтран ажиллах гэрээг, мөн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нөхвөр гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, гэрээний дагуу Ван Били, Б нарын хөрөнгө оруулсан 240.000.000 төгрөгийг “ТХ” ХХК, П.Э, Л.Цээпилмаа нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

            Дээрх хамтран ажиллах гэрээ болон уг гэрээний нэмэлт гэрээний талууд болох А.тал: П.Э, Л.Цээпилмаа, И.тал: БНХАУ-ын иргэн Дарамбилэг буюу /Ван Били/, Э.тал: БНХАУ-ын иргэн Б нар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар тоосго үйлдвэрлэж, зарж борлуулан, олсон ашгийг ижил тэнцүү хувааж авах хүсэл зоригийг илэрхийлэн, хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, хураамжийн хэмжээг “П.Э нь “ТХ” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмж буюу хөрөнгийг 120.000.000 төгрөгөөр үнэлж, үйлдвэрлэлийн шинэ тоног төхөөрөмж, гэр байшин тохижуулалтад Ван Били, Б нар тус бүр 120.000.000 төгрөгийн хөрөнгө оруулах”-аар тохиролцжээ.

 

            Талууд уг гэрээний дагуу хамтын үйл ажиллагааг 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хамтран хэрэгжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн “...гэрээний дагуу 240.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, тоосго үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн тоосгоноос ашиг 91.000.000 төгрөгийг Ван Били авсан” гэсэн тайлбар, хариуцагчийн “...гэрээний дагуу “ТХ” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглан хамтран ажиллаж, тоосго үйлдвэрлэсэн хэдий боловч ашиг олоогүй...” гэсэн тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, 198 дугаар зүйлийн 198.1-д “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ болон нэмэлт гэрээнд хариуцагч П.Э, Л.Цээпилмаа нар “ТХ” ХХК-ийн хувьцааг Б, Ван Били нарт шилжүүлнэ гэж тохиролцоогүй байх бөгөөд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр Хамтран ажиллах гэрээнд “ТХ” ХХК-ийн тамга дарагдсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” буюу хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл гэж үзэхгүй бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” буюу тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар талуудын хооронд 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан “Монгол Улсын “ТХ” ХХК, Дундад Улсын Дарамбилэг Ван Били, Бын хоорондох 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тогтсон гэрээний нөхвөр гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл гэж үзэхээргүй байна.

 

Дээр дурдсанаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн гэх 240.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Ван Били, Б нар хариуцагч “ТХ” ХХК, П.Э, Л.Цээпилмаа нараас шаардах эрхгүй юм.

 

Мөн талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр гэрээний 2-т “Э, И тал тус бүр 120.000.000 төгрөгийн гаргаж нэмэлт хөрөнгө оруулна” гэж, 5-д “үйлдвэрлэл эхлээд бүтээгдэхүүнээ гаргаж эхлэхэд А тал эхлэж 3 хуваасны 1 ашгаа авна, И, Э тал эхлэж оруулах хөрөнгө оруулалт бүрэн гүйцэт хийж чадаагүй бол өөрсдийн ашгаасаа нөхөн төлж болно” гэж, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний 1-д “...Э, И талын оруулсан хөрөнгийн 240.000.000 төгрөгийг өнөө жилийн борлуулалтын орлогоос буцааж авна” гэж заасан байх бөгөөд хамтын үйл ажиллагаанаас ашиг олсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлэн, хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2-т зааснаар хураамжийн хэмжээ, хэлбэрийг тодорхойлон, нэхэмжлэлд дурдсанаар “...240.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн” гэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч “ТХ” ХХК, П.Э, Л.Цээпилмаа нарыг нэхэмжлэгч Ван Били, Б нарын 240.000.000 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх боломжгүй байна.

 

2. Нэхэмжлэгч талын “...гэрээний дагуу “ТХ” ХХК-д үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар CDM853 модельтой, 2012 онд үйлдвэрлэсэн ковшийг  2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Э.Энхбаярт хүлээлгэн өгсөн тул ковшийн үнэ 126.166.040 төгрөгийг “ТХ” ХХК, П.Э, Э.Энараас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Уг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “CDM853 модельтой, 2012 онд үйлдвэрлэсэн ковш” буюу тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь нэхэмжлэгч Ван Били, Б мөн эсэх, түүнчлэн уг тээврийн хэрэгслийг хариуцагч “ТХ” ХХК, П.Э, Э.Энарт хүлээлгэн өгсөн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд гэрч н.Нарисугийн “...ковш нь Дарамбилэг буюу Ван Билигийн эзэмшил, өмчлөлийнх, “ТХ” ХХК-д хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар нотлогдоогүй болохыг дурдав.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч “ТХ” ХХК, П.Э, Э.Энарыг нэхэмжлэгч Ван Били, Б нарын “CDM853 модельтой, 2012 онд үйлдвэрлэсэн ковшийг үндэслэлгүйгээр олж авсан” гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлээр уг ковшийг шилжүүлсэн гэх боломжгүй юм.

 

3. Нэхэмжлэгч талын “...тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулж, БНХАУ-ын иргэдийг хөлсөөр ажиллуулах талаар П.Этай тохиролцож, Ван Били, Б нар ажилчдын цалин, тоног төхөөрөмж, сэлбэг засварын зардал, компанийн удирдлагуудыг Эрээн хот руу явсан зардал болон визний сунгалтын зардал, бензин шатахуун, цахилгаан, нүүрс зэрэг зардал, засвар техникийн үзлэг, ковшийн түрээсэнд нийт 1.037.296 юань болон 159.347.727 төгрөгийг “ТХ” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт зарцуулсан тул 382.938.857 төгрөгийг хариуцагч “ТХ” П.Э, Г.Пнараас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр гэрээний 11-д “...тус үйлдвэрийн ажиллагаа нь ямар нэг эрсдэлтэй байдалд орвол хариуцлагыг хамтран хүлээнэ, нөхөж төлөх бол адилхан хувааж төлнө” гэж, гэрээний 8-д “Бүх үйл ажиллагааг 3-н талаараа хэлэлцэж, хувийн эздийн хурлаар дамжуулан шийдвэр гаргана” гэж, Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д “талууд харилцан тохиролцож, тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан нэмэлт зардал гаргах” гэж заасан байх ба гэрээний талууд тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан гарсан зардлыг хэрхэн хуваарилах талаар харилцан тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан ирүүлсэн хавтаст хэргийн 25-68 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогдоогүй болно.

 

Иймд нэхэмжлэлд дурдсанаар Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч “ТХ” ХХК, П.Э, Г.Пнарыг нэхэмжлэгч Ван Били, Б нарын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр “ТХ ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж хамтран ажиллах гурван талт гэрээ”, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Монгол Улсын “ТХ” ХХК, Дундад Улсын Дарамбилэг Ван Били, Бын хоорондох 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тогтсон гэрээний нөхвөр гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хариуцагч “ТХ” ХХК, П.Э, Л.Цээпилмаа нараас хөрөнгө оруулалтад шилжүүлсэн 240.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч “ТХ” ХХК, П.Э, Э.Энараас CDM853 модельтой, 2012 онд үйлдвэрлэсэн ковшийн үнэ 126.166.040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан гарсан зардалд төлсөн 382.938.857 төгрөгийг хариуцагч “ТХ” ХХК, П.Э, Г.Пнараас гаргуулах тухай нэхэмжлэгч Ван Били, Б нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр “ТХ ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж хамтран ажиллах гурван талт гэрээ”, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Монгол Улсын “ТХ” ХХК, Дундад Улсын Дарамбилэг Ван Били, Бын хоорондох 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тогтсон гэрээний нөхвөр гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хөрөнгө оруулалтад шилжүүлсэн 240.000.000 төгрөгийг хариуцагч “ТХ” ХХК, П.Э, Л.Цээпилмаа нараас гаргуулах тухай нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Б /Batujirigala/, БНХАУ-ын иргэн ВБнарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч “ТХ” ХХК, П.Э, Э.Энараас CDM853 модельтой, 2012 онд үйлдвэрлэсэн ковшийн үнэ 126.166.040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Б /Batujirigala/, БНХАУ-ын иргэн ВБнарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан гарсан зардалд төлсөн 382.938.857 төгрөгийг хариуцагч “ТХ” ХХК, П.Э, Г.Пнараас гаргуулах тухай нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Б /Batujirigala/, БНХАУ-ын иргэн ВБнарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянгийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 3.584.720 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 788.790 төгрөг,  2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 70.200 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.СЭМЖИД