Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 242

 

А.Б, З.Г, Л.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02292 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Б, З.Г, Л.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.О-т холбогдох

 

2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч А.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Г, М.М,

Хариуцагчийн өмгөөлөгч З.А,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.О- нь 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ар гүнт /18120/ Ф30, Ф31, Ф32 хаягт байрлах, 000170854 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Y-2201027902 дугаартай, 781.4 м.кв талбайтай 3 ширхэг фермерийн аж ахуйн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 650 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн боловч 200-аад сая төгрөг төлөөд үлдсэн мөнгийг төлөөгүй. Мөн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 1 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамж 26/А тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Y-2204019037 дугаартай, 000240225 тоот гэрчилгээтэй, 100 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 1 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамж, 26 тоот хаягт байршилтай 18654311128117 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-2204014187 дугаартай, 000110385 тоот гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 515 м.кв газар, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ар гүнт /18120/ гудамж Ф28 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2201021667 дугаартай, 000080514 тоот гэрчилгээтэй, фермерийн аж ахуйн зориулалттай 626 м.кв талбайтай 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Хужирбулан, A гудамж, А-93 тоот хаягт байршилтай, 18646310911171 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-2204003999 дугаартай, 000069653 тоот гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 539 м.кв газар, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 9 дүгээр хэсэг, Хужирбулан А-93 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204015783 дугаартай, 000179693 тоот гэрчилгээтэй, 416 м.кв талбайтай хувийн сууцыг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгож буцаан гаргуулж авна. Т.О- бидний гал голомтыг зээлийн барьцаанд тавьж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаад гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарбаа: 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Y-2204019037, Д-00240225 гэрчилгээтэй үйлчилгээний барилгын, Г-1240014187, Д-000110385 гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-2201021667, 0000801514 дугаарын гэрчилгээтэй аж ахуйн зориулалттай байшин, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Ү-2204015783, Д-000179693 гэрчилгээтэй амины орон сууц, Ү-2204003999, Д-000069653 гэрчилгээтэй газрыг бэлэглэх гэрээг Иргэний хуулийн 40, 41, 42, 43 дугаар зүйлд заасан талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Капитал банктай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08 тоот зээлийн гэрээний барьцаанд барьцаалуулсан бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8900 тоот шийдвэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах /18120/ Ф30, ф31, ф32 хаягт байрлах гэрчилгээний 000170854 дугаартай, Улсын бүртгэлийн Ү-2201027902 дугаартай 781.4 м.кв талбайтай 3 ширхэг фермерийн аж ахуйн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулж 650 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд 200 000 000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх төлбөрийн хувьд үнийн талаар ярилцаж буулгасан нь бэлэглэлийн гэрээнд хамаарахгүй. Бэлэглэгч нарыг гомдоогоогүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.О- нь Капитал банктай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08 тоот зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой маргааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8900 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн. Хариуцагч “Ад” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд уг хөрөнгүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэж заасан байдаг. Өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй, бэлэглэгч биднийг гомдоож хохироож байгаа тул бэлэглэгч бидний гомдоож хохироож байгаа тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах бэлэглэгч нарыг гомдоосон үйлдэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.О-т холбогдох 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдөр, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай А.Б, З.Б, З.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 02292 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. А.Б, З.Г, Л.Б нарын өмч болох Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтэд байрлах фермерийн аж ахуйг “А д” ХХК-ийн захирал Т.О- нь 650 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож худалдах-худалдан авах гэрээ байгуулан бидний өмч болох фермерийн аж ахуй, газар зэргийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл дээрх худалдах-худалдан авах гэрээнд заагдсан үнийн дүнгээс 100 гаран сая төгрөгийг өгсөн бусад мөнгийг өгөөгүй байгаа болно.

Т.О- нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байрлах хувийн хаус болон хүнсний дэлгүүрийн худалдаж авъя надад эрүүл цэвэр агаар, байшин барилга чинь маш их таалагдаж байна, би ийм л өөрийн гэсэн хаустай болохыг хүсэж явдаг байсан зэргээр худалдаж авах санал гаргасан. Ингээд бид Г.О-тэй бэлэглэлийн гэрээ байгуулан өөрсдийн амьдарч байсан хувийн орон сууц, хүнсний дэлгүүрийн барилга, газар зэргийг шилжүүлэн өгсөн.

1. Шүүх хуралдаан эхлэхэд талуудад эвлэрэх санал байгаа эсэхийг шүүгч асууж тодруулахад хариуцагч нь “Нэхэмжлэгчээс бэлэглэлийн гэрээгээр өгсөн авсан эд хөрөнгүүдийг Капитал банкинд зээлийн барьцаанд барьцаанд тавьсан, зээлийн барьцаанаас чөлөөлүүлж чадвал эздэд нь буцаан өгөхөд бэлэн байгаа” гэдгээ хэлсэн. Энэ тухай шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна. Хариуцагчаас гаргасан энэхүү хүсэлтийг шүүгч эвлэрэх санал биш гэж үзсэн бөгөөд хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Хариуцагчийн хэлсэн үг, санал нь шүүх хуралдааны хурлын тэмдэглэл болон хуралдааны явцын бичлэгт хадгалагдан үлдсэн.

2. Шийдвэрт бэлэглэгч нар Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т зааснаар бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй боловч бэлэг хүлээн авагч Т.О- нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн болох хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж шийдвэрлэсэн нь талуудын хооронд үүссэн маргааны бодит үнэнийг олж тогтоогоогүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн энэ хэсэгт талуудын маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2 гэх хамааралгүй хуулийн заалтыг дурьдсан гэж үзэж байна. Харин мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх заалт нь хэрэг маргааныг шийдвэрлэх гол заалт байсан бөгөөд бэлэг хүлээн авагч нь дээрх заалтыг зөрчсөн тогтоогдсон гэж үзэж байна.

3. Мөн шийдвэрт Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь зүйл бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заасан байх ба бэлэглэгч нар бэлэглэлийн гэрээнд болзол заагаагүй, бэлэг хүлээн авагч Т.О- нь дээрх эд хөрөнгийг хууль ёсны дагуу өмчилж байхдаа үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны зүйл болгож зээл авсан гэсэн байна. Бэлэглэгч нар нь Т.О-ийг өөрсдийг нь хууран мэхэлсэн, бэлэг хүлээн авахаасаа өмнө харилцан тохиролцсон аман хэлцлээсээ буцсан, гомдоосон ноцтой үйлдэл гаргасан талаар 2016 оны 7 сард Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зарлан дуудах мэдэгдлийг хашаан дээр наасан байхад нь харж, мэдсэнээр өөрсдийн гараар бий болгон амьдарч байсан гал голомтыг нь банкинд барьцаанд тавьж эзэнгүй болгон хаяж, эд хөрөнгөнөөс нь хулгайд алдаж байгааг мэдсэн. Энэ талаар шүүх хуралдаанд мэдүүлж байсан ба хэргийн материалд фото зураг хэлбэрээр нотлох баримт болгон өгсөн.

4. Бэлэг хүлээн авагч Т.О- нь бэлэглэгч бид нараас 650 000 000 төгрөгийн эд хөрөнгийг Худалдах-худалдан авах гэрээ байгуулан авсан боловч үнийг нь төлөлгүй олон жил болж байна. Мөн дээрх эд хөрөнгүүдийг барьцаанд тавьж, эзэнгүйдүүлж хаясан зэргээс бэлэглэгч нар бэлэг хүлээн авагчид гомдсон. Мөн бэлэг хүлээн авагчийн өмнөх Худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж бэлэглэгч нар өнөөдрийг хүртэл айлын байр түрээслэн амьдарч, нийгэмд эзлэх байр суурийн хувьд болон сэтгэл санаа бусад эд материалаар ихээхэн хохирч байна. Т.О- нь анхандаа утсаа авдаг байсан бол сүүлдээ утсаа авахаа байж арай ядан нэг холбогдохоор бэлэглэгч бид нарыг хуурч худлаа ярих, доромжлох, гомдоох үйлдлийг байнга хийх болсонд үнэхээр их гомдож байгааг хэлэх байна.

5. Т.О- нь бидний гал голомтонд амьдран суугаагүй  бөгөөд банкны барьцаанд тавьж, хугацаандаа төлбөрөө төлөөгүйн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилсэнийг би 2016 оны 7 сард очихдоо хаалган дээр наасан шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудаснаас мэдэж авсан. Т.О- нь бидний гал голомтонд амьдран суугаагүй болохыг манай хөрш айлууд болон 2017 оны 7 сард хашааны том хаалгыг нь хулгайч авч явснаас болж цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн ирж хэргийн газрын үзлэг хийх явцдаа энэ байшин эзэнгүй одон жил болж байна, эзэнгүй ийм хашаа байшин нь гэмт хэрэг гарах, үйлддэгдэг үүр болох магадлал их байдаг мөн байнга эд зүйл нь хулгайд алдагддаг, бид эргүүл хийх болгондоо байнга эргэж тойрдог хэдий ч эзэд нь эд хөрөнгөндөө анхаарал тавих шаардлагатай гэдгийг хэлж ярьж, мэдэгдсэн. Г.О нь бидний гал голомт, өөрсдийн гараар барьж босгосон эд хөрөнгөнд санаа тавьж байгаагүй нь олон жишээ баримтаар батлагддаг, учир нь тэр хүнд бидний амьдарч, бий болгосон гал голомтыг зөвхөн барьцаанд тавьж мөнгө олох хөрөнгө, эд зүйл гэдэг талаас нь харж авсныг сүүлд мэдсэн. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож болно гэж заасан байна. Иргэний хуулийн тайлбарт 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсгийг тайлбарласан.

Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгч нартай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээнийхээ үүргийг ноцтой зөрчиж гомдоосон, энэхүү үйлдлээс нь болж бэлэглэгч нар айлын байр түрээслэж, эд хөрөнгө,сэтгэл санаагаараа хохирсон, цаашлаад нийгэмд эзлэх байр суурь,нэр хүндэд нь муугаар нөлөөлж байна. Мөн бэлэглэлийн гэрээ хийгдэхээс өмнө амаар ярьж тохирч байсан хэлцэлүүдээ зөрчиж бидм өөрсдийн гараар бүтээн босгосон гал голомтыг минь эзэнгүй хаяж, барьцаанд тавьж, хараа хяналт тавиагүйн улмаас цонх шил нь хагарч, эд зүйлсээс нь хулгайч авч гаднах өнгө үзэмж нь маш муудсан байгаа болно.

Бид бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж өөрсдийн гараар бүтээн байгуух бий болгосон эд хөрөнгөө өөрсдөө цаашид эзэмшиж, ашиглаж өөд нь татаж өмчилж байсан шиг нь авч явж, өөрсдөө амьдрахыг хүсэж байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, бэлэглэлийн  гэрээнүүдийг  хүчингүйд тооцуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Хариуцагч Т.О-т холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 10, 19, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд байгуулагдсан 5 бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч А.Б, З.Г, Л.Б нар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч А.Б 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 1 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамж 26/А тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Y-2204019037 дугаартай, 000240225 тоот гэрчилгээтэй, 100 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 1 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамж, 26 тоот хаягт байршилтай 18654311128117 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-2204014187 дугаартай, 000110385 тоот гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 515 м.кв газрыг, мөн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ар гүнт /18120/ гудамж Ф28 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2201021667 дугаартай, 000080514 тоот гэрчилгээтэй, фермерийн аж ахуйн зориулалттай 626 м.кв талбайтай 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг, нэхэмжлэгч М.Б нь 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Хужирбулан, A гудамж, А-93 тоот хаягт байршилтай, 18646310911171 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-2204003999 дугаартай, 000069653 тоот гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 539 м.кв газрыг, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 9 дүгээр хэсэг, Хужирбулан А-93 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204015783 дугаартай, 000179693 тоот гэрчилгээтэй, 416 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус бэлэглэлийн гэрээгээр хариуцагч Т.О-т шилжүүлсэн байна. /хэргийн 6-14 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагч өөрсдийнх нь бэлэглэсэн эд хөрөнгүүдийг банкинд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалж, шүүхийн шийдвэрийн дагуу хураалгаж байгаад гомдож дээрх бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах болсон гэснээс гадна түүнийг худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй гэж гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлажээ. Гэтэл Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй, мөн хуулийн 276.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг шилжүүлснээр бэлэглэлийн гэрээ байгуулагдсанд тооцохоор тус тус зохицуулсан байгаагаас үзэхэд бэлэг хүлээн авагч бэлэглэгчийн өмнө ямар нэг үүрэг хүлээдэггүй байна.

 

Тодруулбал, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч өөрийн нэр дээр шилжүүлж авсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нар нь маргаан бүхий бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгож, бэлэглэсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан авах шаардлагаа гаргажээ. Өөрөөр хэлбэл, бэлэглэгч нарыг хариуцагч ноцтой гомдоосон гэсэн үндэслэлээс гадна худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлажээ.

 

Түүнчлэн хариуцагч Т.О- нь Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ар гүнт /18120/ Ф30, Ф31, Ф32 хаягт байрлах, 000170854 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Y-2201027902 дугаартай, 781.4 м.кв талбайтай 3 ширхэг фермерийн аж ахуйн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 650 000 000 төгрөгөөр нэхэмжлэгч З.Г-аас худалдан авахаар тохирч, тэдгээрийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээ, 8875 м.кв газар шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдаж, мөн Хаан банкнаас зээл авч уг гэрээний төлбөрийг төлөхөөр тохиролцож, хариуцагч өөрийн компанийн барьж буй орон сууцны барилгаар баталгаа гаргахаар 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хэлцэл хийжээ. Уг гэрээний дагуу талуудын хооронд өр төлбөрийн талаар маргаан байгааг харилцан үгүйсгээгүй байна. Мөн нэхэмжлэгч А.Б-ээс 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчид Сонгинохайрхан дүүргийн 21 хороо Аргүнт Шар хаданд байршилтай тэжээлийн ургамлын зориулалттай 12620 м.кв газрыг шилжүүлэх тухай гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч А.Бийн бусдаас авсан зээл, газрын төлбөрийг хариуцагч төлж бэлэглэлийн зүйлийг зээлийн барьцаанаас чөлөөлж байсан үйл баримт талуудын тайлбар, Эрэл банкны 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13/644 тоот албан бичиг, 2013 оны 12 дугаар сарын 10-ны Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ, ХААН банкны 2014 оны 5 сарын 09-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогджээ. /хэргийн 58-63, 92-94 дүгээр тал/ 

 

Гэтэл бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн бусдад төлөх зээлийн гэрээний барьцаанаас хариуцагч яагаад чөлөөлсөн болон зохигчид бэлэглэлийн гэрээ байгуулах болсон шалтгаан нөхцөл тодорхой бус байхад шүүх иргэний хэрэг үүсгэж буюу тодорхой бус нэхэмжлэлээр хэргийг шийдвэрлэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл ойлгомжтой, тодорхой болсноор нотлох баримтын талаар талуудын үүргийн хуваарилалт, нотлох баримтын үнэлгээ, маргааны үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээ зөв болох учиртай. Энэ талаар шүүх тодруулж хэргийг шийдвэрлээгүй нь буруу болжээ.

 

Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02292 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Б давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                                     ШҮҮГЧИД                                 Б.НАРМАНДАХ

 

 

                                                                                       С.ЭНХТӨР