Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2019/ДШМ/822

 

105/2019/0891/Э

 

 

 

 

2019          8           15                                        2019/ДШМ/822

                                                       

С.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мягмаржав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

насанд хүрээгүй хохирогч С.Уын хууль ёсны төлөөлөгч Б.Сайнжаргал,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 933 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Арвинбуудайн бичсэн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 15 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр С.Бт холбогдох 1903002210183 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн С.Б, 1986 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, Хилийн цэргийн 029 дүгээр ангийн хөгжимчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сум, 5 дугаар баг, Улаан-Уул, Ухаа чулуу 1 дүгээр гудамж, 5 дугаар байрны 5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 47 дугаар гудамжны 1021 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй;

            С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2.67 хувийн согтолттой үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Очир-Ундрах” дэлгүүрийн баруун замд 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 14 цаг 53 минутын орчимд Ш.Батжаргалын эзэмшлийн “Тоёота Приус” загварын 39-72 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Уыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: С.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Бийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Бт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч С.Бт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүргийг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №746280 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт хавсаргаж, насанд хүрээгүй хохирогч С.Уын хууль ёсны төлөөлөгч Б.Сайнжаргал нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа иргэний журмаар жич С.Бээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Ц.Арвинбуудай бичсэн эсэргүүцэлдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд гаргасан 2019/ШЦТ/933 дугаартай шийдвэртээ шүүгдэгч С.Бийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа уг шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2-т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй” гээд шүүгдэгч С.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэзээнээс эдлүүлэх талаар тогтоолдоо тусгаагүй, орхигдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүх эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэсэн заалтыг хэрэглээгүй байгаа нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзлээ.

            Иймд С.Бт холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/933 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлийн дагуу зохих өөрчлөлт оруулан зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. “ гэжээ.

            Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмэгдэл ял хэрэглэх зохицуулалтыг хуулиар тодорхой заасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд заасан байхад шүүх хэрэгжүүлээгүй нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй гэж үзэх үндэслэлтэй. Шийтгэх тогтоолд нэмэгдэл ялыг хэзээнээс тоолох, ямар хугацаанд хэрэгжүүлэхийг тодорхой заан өгч, өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

            Насанд хүрээгүй хохирогч С.Уын хууль ёсны төлөөлөгч Б.Сайнжаргал “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Харин шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад “...үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан тодорхой хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр заасан.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн Долдугаар бүлэгт “тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар хуульчлан зохицуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “...тэнсэж, үүрэг хүлээлгэх...” асуудлыг ямар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хэрхэн хэрэглэх талаар тусгайлан зохицуулсан.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан... хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглээгүй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн үндэслэлгүй болжээ.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Бийг дээрх нөхцөл, шаардлагыг биелүүлсэн болон насанд хүрээгүй хохирогч С.У болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Сайнжаргал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон гэх баримт тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг арилаагүй байхад шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Бийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2.67 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч С.Уыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хор уршиг арилаагүй байхад түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, ...хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 933 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан дээд шатны прокурорын эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүйг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 933 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Бт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ