Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00178

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2018           01              12

                                     210/МА2018/00178

 
 

 

 

Б.М-, Д.Г-, Д.Э- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/02668 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.М-, Д.Г-, Д.Э- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Г-ад холбогдох

 

Талуудын 2012 оны 3 дугаар сарын 20,  2012 оны 3 дугаар сарын 21-ний  өдрүүдэд байгуулсан, Баянгол дүүрэг, 23-р хороо, Зүүн ард Аюушийн 16-р гудамжны 440 тоот дахь 700 м.кв газар, хувийн сууцуудыг худалдах худалдан авах  гэрээнээс  татгалзаж, үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөх эрхийг буцаан авах, хууль ёсны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г-, нэхэмжлэгч Б.М-ын өмгөөлөгч Т.Мөнхсүлд, нэхэмжлэгч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр, хариуцагч А.Г-, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар, гуравдагч этгээд Г Б-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч А.Г-тай 2012 оны 3 сарын 20 өдөр Баянгол дүүрэг 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 16 гудамж 440 тоот хаягт байрлах 700 м.кв хашааны газрыг 9 500 000 төгрөгөөр, 224 м.кв талбайтай хувийн сууцыг 25 000 000 төгрөгөөр, 56 м.кв талбайтай хувийн сууцыг 23 500 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар, 2012 оны 3 сарын 21 өдөр 700 м.кв хашааны газрыг 3 000 000 төгрөгөөр 224 м.кв талбайтай хувийн сууцыг 5 000 000 төгрөгөөр, 56 м.кв талбайтай хувийн сууцыг 2 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг  байгуулсан. Нэхэмжлэгч нар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчид 2012 оны 3 сарын 21 өдрийн гэрээгээр шилжүүлж, худалдагч тал үүргээ биелүүлсэн бөгөөд А.Г- 2012 оны 3 сарын 21 өдрийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон ч үнийг төлөх үүргээ биелүүлээгүй, нэг ч төгрөг төлөөгүй. А.Г- гэрээний үүргээ биелүүлэхгүй нь тодорхой болсон тул гэрээнээс татгалзаж байна. Нэхэмжлэгч нар 2014 оноос эхлэн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчаас шаардсан боловч шаардлагыг биелүүлээгүй болно. Иймд хариуцагч А.Г-тай 2012 оны 3 сарын 20 өдөр байгуулсан, мөн 2012 оны 3 сарын 21 өдөр байгуулсан Баянгол дүүрэг 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамж 440 тоот хаягт байрлах газар болон байшингуудыг 58 000 000 төгрөгөөр худалдах, мөн 700 м.кв газар, хувийн сууцуудыг нийт 10 000 000 төгрөгөөр худалдсан худалдах, худалдан авах гэрээнүүдээс татгалзаж, дээрхи хэлцлийн үндсэн дээр А.Г-ад шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг буцаан, өмчлөгчөөр тогтоолгоно гэжээ.

 

Хариуцагч А.Г-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Г- нь 2012 онд мөнгө хэрэг болоод байна, хашаа байшингаа зарах боллоо, 40 000 000 төгрөгөөр зарна гэсэн. Иймд  гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон сууцны зориулалттай 2 байшинг нийт 40 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар болж, Хадгаламж банкны зээлээр мөнгийг төлөхөөр Д.Г-тай тохиролцож гэрээг байгуулсан. Ингэхдээ банкнаас 40 000 000 төгрөгийг зээлж хөрөнгүүдийн мөнгийг төлөхийн тул худалдаж авах үнийн 30 хувийг банк өөртөө байршуулахыг шаардана гэсэн тул 2012-03-20 өдрийн гэрээнд худалдах үнийг 58 000 000 төгрөг гэж гэрээнд бичсэн. 17 400 000 төгрөгийг хариуцагч эцгээсээ  зээлж, Хадгаламж банк дахь дансандаа байршуулсан. Ингээд банк руу Д.Г-тай хамт очсон. Банкны ажилтан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтийн газраас лавлагаа аваад ир гэснийг хоёул өмчлөх эрхээ шилжүүлээд ир гэсэн гэж ойлгоод, Д.Г-гийн санаачлагаар, үл хөдлөх хөрөнгө худалдахад улсад төлөх татварыг бага байлгах зорилгоор, 2012 оны 3 сарын 21 өдөр дээрх газар, хувийн сууцуудыг нийт 10 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг дахин байгуулж, энэ гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэх мэдүүлэг бөглөж, үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн. Өмчлөгчийн гэрчилгээ 2012-03-23 өдрийн орчим гарсан байх. Гэрчилгээгээ аваад Хадгаламж банкинд очсон чинь та нарыг өмчлөх эрхээ шилжүүлээд ир гээгүй, лавлагаа аваад ир гэсэн. Нэрээ шилжүүлчихсэн байгаа тул одоо манайх зээл өгөх боломжгүй гэсэн.

Иймээс  үл хөдлөх хөрөнгөө барьцаалж авах зээл Хас банкнаас зээл хөөцөлдөж, зээлийн материал бүрдүүлэн өгөхөд 2012 оны 4 сарын 27 өдөр тус банкнаас 25 000 000 төгрөгийн зээлийг  олгохоор шийдвэрлэсэн бөгөөд зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 23 дугаар хороо ЗАА 16 гудамж 440 тоот хашааны газар сууцны зориулалттай 2 байшинг тус тус барьцаалуулсан. Банкнаас зээлсэн мөнгөний 20 000 000 төгрөгийг 2012 оны 4 сарын 27 өдөр Гэрэлгуад өгч, үлдэгдэл 20 000 000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байршилтай хашаа байшингаа зарж өгөхөөр Д.Г-тай тохиролцсон. М.Дамбадаржаа 2012 оны 5 сарын 18 өдөр Хас банкнаас 14 000 000 төгрөгийн зээлийг гаргуулан авч өөрт байсан бэлэн мөнгөө нэмж 20 000 000 төгрөгийг өгсөн тул хоёулаа мөнгийг Д.Г-д хамт аваачиж өгсөн. Нийт 40 000 000 төгрөг төлсөн. Д.Г- 2014 онд хариуцагчийн  ахаас салсан. Дээрх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Улсын дээд шүүхээс хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлгүй гэдгийг тогтоосон. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Г-ад холбогдох Баянгол дүүргийн 23 дугаар хороо ЗАА 16 гудамж 440 тоотод байрлах газар, хашаа, байшинг худалдсан 2012-03-30, 2012-03-21 өдрүүдөд байгуулсан худалдах худалдан авах гэрээнээс татгалзах, эдгээр хөрөнгийг өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэгч Д.Г-, Б.М-, Д.Э- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 693 150 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн. Гэрээ хэдэн төгрөгийн хүрээнд байгуулагдсан гэдгийг шалгахдаа талуудын хэрэгцээ, хүсэл сонирхол гэрээ байгуулагдсан он цагийн дараалал зэргийг харгалзан үзэх шаардлагатай. Үүнд 2012 оны 3 сарын 20 гэрээ нь талуудын жинхэнэ хүсэл зоригийн илэрхийлэлийг бүрэн гүйцэд илэрхийлсэн гэрээ гэж үзэх үндэслэлтэй. Д.Э- болон Б.М-ыг Д.Г- нь 2012 оны 02 сарын 16-ны өдрөөс 2012 оны 4 сарын 16-ны өдрийг хүртэл төлөөлөх итгэмжлэлийн хүрээнд уг гэрээг байгуулсан. Энэ нь Д.Г- нь 2012 оны 3 сарын 20 өдрийн гэрээний асуудлаар А.Г-тай 2012 оны 4 сарын 16-ны өдрийг хүртэл төлөөлөх эрхтэй, үүнээс хойш А.Г-тай харилцсан нь Д.Э- болон Б.М-нарыг төлөөлөх эрхтэй этгээдэд гэж тооцогдохгүй. Нэхэмжлэгч нараас дээрх гэрээнүүдээс татгалзах нэхэмжлэлийг гаргаж байгаа нь тус 2 хэлцлийг 2-лаа хүсэл зоригийн илэрхийлэл мөн гэж үзэж буй үндэслэл юм.

Хэрэв А.Г- А.Г- 40 000 000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдаж авсан гэж тайлбарладаг боловч 68 000 000 төгрөгийн хэлцлийн үнийн дүнгээс 28 000 000 төгрөгт ногдох хэсгийн хэлцлийг зарим хэсэг хүчин төгөлдөр тогтоолгох эрх хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн атал хариуцагчаас нэхэмжлэл гаргаагүй нь талуудын хооронд 58 000 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасаныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Д.Г-д А.Г- тус гэрээний үүрэгт нэг ч төгрөг хүлээлгэж өгөөгүй. Учир нь Д.Г- болон Б.М-нарын гэрт А.Г- нь 2012 оны 4 сард 1 удаа боодол бүхий мөнгийг авчирч А.Ганбатад өгсөн боловч энэ мөнгийг Б.М-болон Д.Г- нар хүлээж аваагүй, хэдэн төгрөг өгсөнийг тухайн үед мэдээгүй, 2012 оны 3 сарын 20 өдрийн гэрээний мөнгө гэж өгөөгүй тухай цагдаад өгсөн өргөдөл, хохирогчоор байцаагдсан мэдүүлэг, гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дурьдсан. Хариуцагч А.Г- нь шүүхэд гаргаж өгсөн тайлбарт дурьдсан Д.Г-д 2 удаа 20 000 000 төгрөг өгсөнийг юугаар нотлох вэ? гэж асуухад гэрчээр М.Нийдэндагва, М.Дамбадаржаа нарыг оролцуулж энэ нөхцөл байдлыг нотлуулна гэдэг. Гэвч гэрч нар нь А.Г-ын нөхөр, нөхрийн төрсөн дүү тул эргэлзээ бүхий гэрчүүд юм.

Дээрхи гэрээний маргаан 6 жилийн дотор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалттай. Нэхэмжлэгч Д.Г- А.Г-ад хандан: чи  надад мөнгө өгөөгүй биздээ, ах А.Ганбатад мөнгөө өгсөн гэсэн биздээ, яагаад гэрээний үүргээ биелүүлсэн гээд байгаа юм бэ? гэж асуухад А.Г- нь хариулахдаа: та хоёр эхнэр, нөхөр биздээ хамт амьдарч байгаа учраас би тэгж үзэж байна" гэж хариулсан тул шүүх хуралдааны тэмдэглэлийг гаргуулах хүсэлтийг хангаагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Б.Байгальмаагийн тайлбар, мэдүүлгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тус баримтыг ирүүлээгүй шүүх хуралдааныг хойшлуулж 2017 оны 11 сарын 11-ний өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатнаас Д.Г-гийн тайлбарыг мэдүүлгийг сонсож хуралдааныг үргэлжлүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.М-, Д.Г-, Д.Э- нар нь хариуцагч А.Г-ад холбогдуулан 2012 оны 3 дугаар сарын 20, 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн  Баянгол дүүрэг, 23-р хороо, Зүүн ард Аюушийн 16-р гудамжны 440 тоот дахь 700 м.кв газар, хувийн сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, өмчлөх эрхийг буцаан авах, хууль ёсны хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээгээр үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тул гэрээнээс татгалзах үндэслэлгүй гэж маргажээ.

           

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/04533 дугаар шийдвэртэй иргэний хэргээс нотлох баримтаар утасны ярианы бичлэг /СD/, М.Нийдэндагва, М.Дамбадаржаа нарыг гэрчээр асуусан хуралдааны бичлэг /СD/ зэргийг гаргуулсан байна. /1-р хх-ийн 231, 2-р хх-ийн 253/

 

Ийнхүү дээрх баримтуудыг нотлох баримт шинжлэн хэлэлцэх явцад судалсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсан байх боловч тэдгээрийн агуулгыг тусгаагүй, уг нотлох баримтад хуульд заасан журмын дагуу үзлэгийн тэмдэглэл үйлдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48, 51 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл цахим мэдээллийн эх сурвалжийн агуулгыг тэмдэглэж, бэхжүүлээгүй байна.

 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэх зохицуулалтад нийцэхгүй. Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэх боломжгүй, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасан ажиллагааг дутуу хийсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/02668 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 568 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                              

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

                               ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                      Ш.ОЮУНХАНД