Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 101/2015/07902/и |
Дугаар | 02326 |
Огноо | 2018-11-21 |
Маргааны төрөл | Өвлөх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 02326
2018 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 182/ШШ2018/02326 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:Ж.Ц,
Нэхэмжлэгч: Ж.С
Нэхэмжлэгч: А ХХК
Хариуцагч: Г ХХК
Хариуцагч:М ХХК,
1.Нэхэмжлэгч Ж.С, Ж.Ц нарын гаргасан хариуцагч Г банканд холбогдох
1.1.2013.10.11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 124.469.197 төгрөг 52 мөнгөнд хүү тооцохыг зээлдэгч Д.Бийн нас барсан өдөр буюу 2015.01.29-ний өдрөөс тасалбар болгон зогсоохыг Хариуцагч Г банк ХХК-д даалгах,
1.2.2014.10.17-ны өдрөөс 2015.02.17-ны өдрийг хүртэлх 12. 467 төгрөг 80 мөнгө, нийт 4 сарын амь насны даатгалын төлбөрт 49.971 төгрөг 40 мөнгийг М ХХК-ийн дансанд шилжүүлэхийг хариуцагч Г банк ХХК-д даалгуулах
2.Нэхэмжлэгч Ж.С, Ж.Ц нарын Хариуцагч М ХХК-д холбогдох
2.1. “зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны” даатгалын гэрээний 3.2.1-т “Зээлдэгч аливаа шалтгааны улмаас амь насаа алдах” тохиолдолд эрсдлээс бүрэн хамгаалахаар заасны дагуу үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн эрсдлийг хүлээж, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг Г банкинд төлж барагдуулахыг М компанид даалгуулах
3.Хамтран нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч Г банканд холбогдох
3.1. ЗГ1705017992 тоот зээлийн гэрээнд хүү бодохыг Д.Бийн нас барсан өдөр буюу 2015.01.29-ний өдрөөр тасалбар болгон зогсоолгох тухай нэхэмжлэлүүдтэй,
4.Хариуцагч Г банкнаас нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нарт холбогдох
4.1.Өвлөгч Ж.Ц, Ж.С нараас үндсэн зээл 124.469.197 төгрөг 52 мөнгө, үндсэн хүү 73.678.230 төгрөг 24 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 535.367 төгрөг 15 мөнгө буюу нийт 198.682.794 төгрөг 90 мөнгийг гаргуулах,
4.2.Үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан Ипотекийн гэрээгээр барьцаалагдсан хөрөнгөөс хангуулах
5.Хариуцагч Г банкнаас А ХХК-д холбогдох
5.1.үндсэн зээл 44.049.695 төгрөг 52 мөнгө, үндсэн хүү 22.931.104 төгрөг 19 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 4.225.921 төгрөг 68 мөнгө буюу нийт 71.161.537 төгрөг 26 мөнгийг хариуцагч А ХХК-иас
5.2. Үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан Ипотекийн гэрээгээр барьцаалагдсан хөрөнгүүдээс хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ц, нэхэмжлэгч Ж.С болон А ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Г, хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч Т.Билгүүн, хариуцагч Г банк ХХК-ийн төлөөлөгч А.Мандах, шүүх хуралдааны нарийн даргаар Б.Мандшир нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний ээж Доржгочоогийн Б нь Г банкны байнгын харилцагч, үйлчлүүлэгч, зээлдэгч, банктай байгуулсан гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлдэг сайн харилцагч нь байсан юм. Г банк ч үүнийг үгүйсгэдэггүй. Гэтэл бидэнд 2015-01-29 өдөр нөхөж баршгүй хүнд гарз тохиолдон, миний ээж зуурдаар нас барсан. Бид нас барсан тухай нь Г банкны Саппоро салбарт 2015-01-30-нд утсаар мэдэгдсэн. Мөн өөрийн биеэр очиж уулзан, зээлтэй холбоотой, амь насны болон эд хөрөнгийн даатгалын гэрээнд зааснаар зээлийг барагдуулах авах арга хэмжээ авахыг хүсэж, удаа дараа өргөдөл хүсэлт өгсөн боловч өнөөдрийн байдлаар шийдвэрлэсэн зүйл байхгүй, аливаа тайлбар, шийдвэрээ бичгээр гаргаж өгөхгүй, зээлээ төлөхийг шаардаж байгаа тул бидэнд үүсч болох хохирлоос сэргийлэх зорилгоор шүүхэд хандаж байна. Миний ээж 2010-10-29 өдрийн ЗГ1705017992 тоот зээлийн гэрээ байгуулж эмнэлгийн байр худалдан авах зориулалтаар зээл авсан. Уг зээлээр Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, сэлбэ 58-104 болон 106 тоотод орших, 2 өрөө байрыг зээлээр худалдан авч, эмнэлгийн үйл ажиллагааг миний ээж хариуцан эрхэлдэг байсан. Ээж маань гэнэт нас барж, өнөөдрийн байдлаар эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй, би 2 нялх хүүхдийн хамт амьдарч байгаа, ажилгүй, төлбөрийн чадваргүй, дүү маань оюутан, дөрвүүлээ үлдсэн юм. 2013-10-11-ны өдөр ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээгээр БГД, 5-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/; Энхтайваны өргөн чөлөө, 68-р байрны 57 тоотод орших 93,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 182,130,000 төгрөгөөр худалдан авахад зориулан 70 хувь буюу 127,490,000 төгрөгийн зээлийг 180 сарын хугацаатай авсан. Зээл авах үед Г банкнаас манай ээжийг М компанитай амь насны болон эд хөрөнгийн даатгалыг байгуул гэснээр М компанитай “зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны” даатгалын гэрээг 2028 оны 10 сар хүртэл байгуулж, даатгалын гэрээний төлбөр болон зээлийн төлбөрийг Г банк шилжүүлж байсан бөгөөд гэрээний хавсралт баталгаа хэсэгт “Зээлийн хугацаа 2013 оны 10-р сараас 2028 оны 10-р сар хүртэл” гэж, Гэрээний 3.3-т “...даатгалын хураамжийг жил бүр зээлийн үлдэгдлээс тооцож даатгагчид шилжүүлнэ. Банк хөрөнгийн үнэлгээг жил бүр тодорхойлох ба уг тодорхойлогдсон үнээр даатгалд хамрагдана.” гэж заасны дагуу банкнаас даатгалын гэрээг сунгахаар санаачлага гаргахаар гэрээнд заасан байна. Мөн Г банктай байгуулсан ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний хавсралт 1-ийн сар бүр төлбөр төлөх хуваарь хэсэгт амь насны даатгалын сарын төлбөр баганад сар бүр төлбөрийг суутган авахаар, эд хөрөнгийн даатгалын жилийн төлбөр баганад жил бүрийн 10-р сард 1 удаа авахаар тус тус зааж өгсөн байна. Энэ төлбөрийг төлөх М компанийн данс эсвэл даатгалын төлбөр төлөх дансыг Г банктай байгуулсан гэрээнд зааж өгөөгүй, зээлдэгчийн (талийгаач ээж Д.Б) харилцах дансны үлдэгдэл нь эдгээр төлбөр төлөхөд хүрэлцэхүйц хэмжээтэй байсан болох нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Зээлдэгчийн хувьд анх даатгалын гэрээг Г банкаар дамжуулан байгуулсан, сар бүр төлөх хавсралт 1 гэрээний дагуу төлбөр төлөх нөхцөлтэйгээр гэрээг анх байгууулсан учраас даатгалын гэрээгээ сунгагдсан гэж ойлгон гэрээг байгуулаагүй байж болохоор байна. Учир нь миний ээж аливаа ажлыг цаг тухайд нь хийж дуусгадаг. Г банкнаас тавьсан аливаа шаардлагуудыг бүрэн биелүүлдэг, зээлээ төлөхөөр гэрээгээр хүлээсэн үүргээ огт зөрчөөгүй. Г банкны хувьд даатгалын гэрээ байгуулаагүй талаар “...-энэ гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулах ёстой” гэж хэлсэн нь анх зээл олгохдоо даатгалын гэрээ байгуулахыг шаардаж байсантай нь зөрчилдөж байна. Хэрэв Г банк гэрээний Хавсралт 1-ийн төлбөр төлөх хуваарьт даатгалын төлбөр төлөхөөр заагаагүй бол бид гэрээг өөрсдийн санаачлагаар байгуулах ёстой гэж ойлгохоор байсан. Г банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээнд амь насны болон эд хөрөнгийн даатгалын төлбөрийг зээлийн төлбөртэй хамт төлөхөөр заасны дагуу цаг хугацаандаа зээл болон амь насны болон эд хөрөнгийн даатгалаа төлөөд бүр илүү төлөлттэй явж байсан зээлдэгч ээж маань гэнэт нас барж бидэнд нөхөж баршгүй гарз тохиогоод байхад Г банк болон М компани 2 нийлж даатгалын гэрээ болон зээлийн гэрээг аль болох өөрт ашигтай талаас нь тайлбарлаж даатгалын нөхөн төлбөрөөр зээлийг барагдуулахгүй байгаад маш их гомдолтой байгаа тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна.
Зээлдэгч Д.Б нь Г банк ХХК-иас орон сууцны ипотекийн зээл авч уг зээлээ гэрээнд заасан графикийн дагуу төлөлтийг хийж байсан бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан билээ. Зээлдэгч зээлийн графикийн дагуу зээлийн үлдэгдлээс сар бүр амь насны даатгалыг давхар төлж ирсэн байдаг бөгөөд амь насны даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг М ХХК-иас шаардахад даатгалын төлөлт хийгдээгүй хэмээн нөхөн төлбөр өгөхөөс татгалзсан юм. Энэ талаар тодруулахад даатгуулагч зээлийн гэрээний графикийн дагуу амь насны даатгалын хураамжаа төлж явсан байхад Г банкны буруутай үйл ажиллагаанаас болж 2014.10.16-аас хойшхи төлбөр төлөгдөөгүй байх магадлалтай байна. Учир нь даатгагч даатгуулагч хоёрын хооронд дундын зуучлагч Г банк ХХК нь М ХХК-тай байгуулсан Орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээний 3.8, 3.9-т заасны дагуу даатгагчийн дансанд даатгалын хураамжийг шилжүүлээгүй байна. Энэхүү хамтран ажиллах гэрээний 3.9-д зааснаар даатгуулагчийн даатгалын хураамжийг даатгагчийн дансанд шилжүүлснээр даатгуулагч даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй байна. Иймд:
-2013-10-11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээл нь 2015-02- 05-ны өдрийн байдлаар 126.291.573.14 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул зээлийн хүү бодохыг ээжийг минь нас барсан өдөр буюу 2015.01.29-ний өдрөөр тасалбар болгон зогсоох,
-мөн 2014.10.17-ны өдрөөс 2015.02.17-ны өдрийг хүртэлх 12.467,8 төгрөг, нийт 4 сарын амь насны даатгалын төлбөрт 49.971,4 төгрөгийг М ХХК-ийн дансанд шилжүүлэхийг хариуцагч Г банк ХХК-д даалгуулах,
-М компанийн “зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны” даатгалын гэрээний 3.2.1-т “Зээлдэгч аливаа шалтгааны улмаас амь насаа алдах” тохиолдолд эрсдлээс бүрэн хамгаалахаар заасны дагуу үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн эрсдлийг хүлээж, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг Г банкинд төлж барагдуулахыг М ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хамтран нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгч Б.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Танай шүүхэд хянагдаж байгаа Ж.Ц, Ж.С нарын нэхэмжлэлтэй, Г банк ХХК, М ХХК-д холбогдох иргэний хэрэг маргаанд манай компани иргэн Ж.Сын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин доорх нэхэмжлэлийг гаргаж байна. Манай А ХХК нь 2010.10.29-ний өдөр эмнэлэгийн байр худалдах авах зориулалтаар Г банкниас ЗГ1705017992 дугаар зээлийн гэрээг үндэслэн 200.000.000 төгрөгийг зээл авсан бадаг. Манай компани нь Г банкниас авсан 200.000.000 төгрөгийн зээлээс 2015 оны 1 дүгээр сарын байдлаар үндсэн төлбөрт 155.950.304,48 төгрөг, хүүнд 85.997.216 төгрөг нийт 241.947.520,48 төгрөгийг төлсөн байна. А ХХК-ийн захирал Д.Б нь /үүсгэн байгуулагч, 1 гишүүнтэй/ өөрийн эмчийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эмнэлэгийн үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд 2015 оны 01 дүгээр сард зуурдаар нас барж, энэ өдрөөс хойш компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож өнөөдрийг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй зээлийн төлбөр төлөгдөх боломжгүй болсон билээ. Хэдийгээр зээлдэгч нь манай компани боловч уг зээлийн гэрээний барьцаа хөрөнгийн өмчлөгч нь хувь иргэн буюу Д.Б байсан бөгөөд өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар байр, 104, 106, 108 тоот 2 өрөө 3 ширхэг орон сууцыг барьцаалсан байсан юм. Компанийн үүсгэн байгуулагч, захирал буюу барьцаалагч нас барснаар компани болон бусад эд хөрөнгийн өв залгамжлал хуульд заасан хугацааны дараа шийдвэрлэгдсэн бөгөөд одоогоор А ХХК-ийн захирал Ж.С болсон. Өв залгамжлагчийн хувьд эмнэлгийн чиглэлээр тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүйгээс компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон байгаа. Иймд ЗГ1705017992 дугаар зээлийн гэрээний барьцаалагч нас барсан тул Г банкнаас авсан зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг уг нас барсан өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зогсоож өгнө үү гэв.
Хариуцагч М ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нарын ээж Д.Б 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, Г банктай ЗГ1705040981 тоот гэрээ байгуулж, уг зээлээр Баянгол дүүргийн 5 дугаар хороо үйлдвэрийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөөний 68-507 тоотод орших 3 өрөө орон сууцыг зээлээр худалдан авсан. Гэтэл ээж Д.Б нь 2015 оны 01 сарын 29-нд зуурдаар нас барсан тул орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээгээр Г банкны зээлийн гэрээний төлбөрийг төлж барагдуулахыг “М’’ ХХК-д даалгасан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Д.Б нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны 26Р1359657, амь насны 26Р1359857 дугаартай “орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ”-г “М” ХХК-тай байгуулсан болно. Талийгаачийн орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эхэлж, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дууссан тул гэрээний дагуу хүлээх хариуцлага “М” ХХК-ийн зүгээс дуусгавар болсон байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 07 сарын 02-ны өдрийн 9/3319 тоот албан бичигт даатгуулагч Д.Бийн “М” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний 7.1-т “даатгалын хураамжийг даатгагчийн харилцах дансанд шилжүүлсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд тухайн даатгалын хариуцлага хүчин төгөлдөр үйлчилнэ” гэж заасан ба гэрээний 7.2.1-т зааснаар “даатгалын гэрээгээр тогтоосон хугацаа дууссан тул гэрээгээр хүлээх хариуцлага мөн адил дуусгавар болж байна. Нэхэмжлэгч Ж.Ц нь нэхэмжлэлдээ “талийгаач Д.Бийн 10 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ1705017992 тоот зээлийн гэрээ байгуулж эмнэлгийн байр худалдан авах зориулалтаар зээл авсан. Уг зээлээр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 58-104 тоотод орших, 2 өрөө байрыг зээлээр худалдан авч, эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлж байсан” гэсэн байна. Энэ талаарх мэдээлэл болон мөн орон сууц, амь насны даатгалын гэрээ байгуулсан баримт байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжпэгч Ж.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Г банк ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г банк нь нэхэмжлэгч нарын ээж болох Доржгочоогийн Бтэй 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ1705017992 тоот Зээлийн гэрээг байгуулж, 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийн зээлийг сарын 1,3 /нэг аравны гурав/ хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай олгосон. Энэхүү гэрээний хүрээнд ЗБ1705017992 Ипотекийн гэрээг байгуулж, зээлдэгчийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Үүнээс гадна 2013 оны 10 сарын 11-ний өдөр ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулан 127,490,000 төгрөгийг олгосон. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ дээрх зээлүүдийн хүүг бодохыг нэхэмжлэгчийн ээж нас барсан өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн зогсоолгох хүсэлт гаргажээ. Монгол улсын Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.-т “хууль буюу гэрээгээр өв болон залгамжлах, түүнчлэн хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсаны улмаас барьцааны зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан этгээд нь тухайн гэрээгээр барьцаалуулагчийн хүлээх үүргийг өөртөө шилжүүлэн авсан эрх, өв хөрөнгийн үнийн дүнгийн хэмжээгээр хариуцна” хэмээн заасан ба зээлдэгчийн авсан орон сууцанд нэхэмжлэгч тал оршин сууж, зээлийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг нь үүнийг баталж байна. Мөн Монгол улсын Иргэний хуулийн 240-р зүйлийн 240.1.2.-т ”Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувьд дуусгавар болно” гэсэн нь гүйцэтгэл зөвхөн тухайн нас барсан этгээдийн хувьд дуусгавар болсныг тодорхойлж буй бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн өв болон эрх залгамжлагчид хүчин төгөлдөр хэвээр үргэлжлэхийг тодорхойлж буй юм. Банкны зээлийн барьцаагаар хангагдах эрх хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй, хучин төгөлдөр хэвээр үйлчилсээр байгааг тодорхойлж байх тул зээлийн хүүг зогсоох боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч нараас Г банк ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч “Г банк” ХХК нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Доржгочоо овогтой Б /РД: ЧР62051588, “А” ХХК-ийн захирал асан/ нь 2013 оны 10-р сарын 11-ний өдөр Г банктай ЗГ1705040981 дугаартай "Орон сууцын зээлийн гэрээ”-г байгуулан 127,490,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар авсан бөгөөд энэхүү зээл нь 180 сарын хугацаатай, жилийн 17,4 хувийн хүүтэйгээр олгогдсон. Зээпийг олгохдоо талуудын хооронд 10-р сарын 11 өдөр Г банктай ЗБ1705040981 дугаартай “Ипотекийн гэрээ”-г байгуулан Баянгол дүргийн 5-р хороо Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энхтайвны өргөн чөлөө 68-р байрны 57 тоот 93,4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь 2015 оны 01 сарын 29 өдөр нас барсан бөгөөд энэ хугацаанаас хойш зээл төлөлт зогссон. Банк нь өвийн асуудлыг шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд хүлээцтэйгээр хандаж байсан боловч өвлөгчийн зүгээс Зээлдүүлэгчийг шүүхэд хариуцагчаар татсан болно.Өвпөгчөөс Г банк, М ХХК-уудыг хариуцагчаар татан зохих нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд Г банкнаас олгогдсон зээлийн хүүг Зээлдэгчийг нас барсан өдрөөр дуусгавар болгон зогсоох шаардлага тавьсан байх бөгөөд энэхүү шаардлагыг хүлээн авах боломжгүй тул дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.Нотариатын танхимаас 2016 оны 05 сарын 24 өдөр Г банкинд ирүүлсэн лавлагааны хариугаар Зээлдэгчийн төрсөн охид болох Жаргалсайхан овогтой Цолмон /РД:ЧР83080261/ зээлийн барьцаа хөрөнгийн өвлөгчөөр тогтоолгон өвлөх эрхийн гэрчилгээг гардан авсан байна. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ" гэсэн заалт болон талуудын хооронд байгуулсан ЗГ1705017992 дугаартай “Зээлийн гэрээ”-ний 2.3 болон 2.6 дахь заалтыг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд:
Хариуцагч Г банк ХХК нэхэмжлэгч А ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “А” ХХК нь Г банкинд хандан зээл авах хүсэлт гаргасныг үндэслэн талуудын хооронд 2010 оны 10 сарын 29 өдөр ЗГ1705017992 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулснаар 200 сая төгрөгийн зээлийг эмнэлгийн байр худалдан авах зориулалтаар авсан бөгөөд энэхүү зээл нь 60 сарын хугацаатай, сарын 1,3 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр олгогдсон. Зээлийг олгохдоо талуудын хооронд 2010 оны 10 сарын 29 өдөр ЗБ1705017992 дугаартай “Ипотекийн гэрээ”-г байгуулснаар нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.
“А” ХХК-ийн захирал нь 2015 оны 01 сарын 29 өдөр нас барсан бөгөөд энэ хугацаанаас хойш төлөлт зогссон. Банк нь өвийн асуудлыг шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд хүлээцтэйгээр хандаж байсан боловч өвлөгчийн зүгээс Зээлдүүлэгчийг шүүхэд хандан хариуцагчаар татсан болно. Өвлөгчөөс Г банк, М ХХК-уудыг хариуцагчаар татан зохих нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд Г банкнаас олгогдсон зээлийн хүүг Зээлдэгчийг нас барсан өдрөөр дуусгавар болгон зогсоох шаардлага тавьсан байх бөгөөд энэхүү шаардлагыг хүлээн авах боломжгүй тул дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Нотариатын танхимаас 2016 оны 05 сарын 24 өдөр Г банкинд ирүүлсэн лавлагааны хариугаар Компаний захирлын төрсөн охин болох Жаргалсайхан овогтой Сувд /РД:УУ90050923/ нь “А” ХХК-ийг болон бусад зээлийн барьцаа хөрөнгүүдийн өвлөгчөөр тогтоолгон өвлөх эрхийн гэрчилгээг гардан авсан байна. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ" гэсэн заалт болон талуудын хооронд байгуулсан ЗГ1705017992 дугаартай “Зээлийн гэрээ”-ний 2.3 болон 2.6 дахь заалтыг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд:
-ЗГ1705017992 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 44.049.695,52 төгрөг, зээлийн хүү 22.931.104,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.225.921,68 төгрөг буюу нийт 71.161.537,26 төгрөгийг нэхэмжилж байна.
-Үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан Ипотекийн гэрээгээр барьцаалагдсан хөрөнгөөр хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нараас сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Г банкны 2016 оны 10 сарын 17-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлд “А” ХХК-аас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 57,854,812.14 төгрөг, Ж.Ц, Ж.С нараас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 162,554,463.74 төгрөг тус тус нэхэмжилжээ. “А” ХХК /захирал Д.Б/ нь Г банкнаас 2010 оны 10 сарын 29-ны өдөр ЗГ1705017992 тоот зээлийн гэрээгээр 200,000,000 төгрөг, мөн 2013 оны 10 сарын 11-ний өдөр ЗГ1705040981 тоот зээлийн гэрээгээр 127,490,000 төгрөгийн зээлийг тус тус авсан бөгөөд зээлийн буцаан төлөлтийг цаг тухайд нь хийж байсан билээ.
Гэтэл зээлдэгч Д.Б нь 2015 оны 1 сард гэнэтийн шалтгаанаар нас барж зээлийн төлөлт бүрэн зогссон юм. Г банк Д.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн дээр зээлдэгчийн амь насны даатгал хийгдсэн байсан ба дээрх зээлийн үлдэгдлийг Г банк, “М” ХХК-ийн хооронд байгуулсан “Орон сууцны зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээний дагуу даатгуулагч Д.Бийн амь насны даатгалын нөхөн төлбөрт “М” ХХК-аас Г банкинд төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлэх үндэслэлгүй юм гэв.
Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Г банкны 2016 оны 10 сарын 17-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлд А ХХК-аас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 57,854,812.14 төгрөг нэхэмжилж байна. “А” ХХК /захирал Д.Б/ нь Г банкнаас 2010 оны 10 сарын 29-ны өдөр ЗГ1705017992 тоот зээлийн гэрээгээр 200,000,000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд зээлийн буцаан төлөлтийг цаг тухайд нь хийж байсан билээ. Гэтэл зээлдэгч Д.Б нь 2015 оны 1 дүгээр сард гэнэтийн шалтгаанаар нас барж зээлийн төлөлт бүрэн зогссон. Иргэний хуульд заасны дагуу 1 жилийн хугацаанд Д.Бийн өв залгамжлалын асуудал шийдвэрлэгдсэн бөгөөд одоо “А” ХХК-ийн өв залгамжлагч нь Ж.С болсон юм.
“А” ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд өв залгамжлагчийн хувьд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй тул компаний үйл ажиллагаа доголдож өнөөдрийг хүртэл компаний өр зээлийг төлж чадахгүй байна. Дээрх зээлийн хувьд зээлдэгч нас барсан өдрөөс хойш өв залгамжлалын асуудал шийдвэрлэхэд өнгөрсөн цаг хугацааны хүү төлөх боломжгүй байгаа тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нар болон А ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г банк ХХК, М ХХК-иудад холбогдох нэхэмжлэлийн заримыг, хариуцагч Г банкны нэхэмжлэлтэй нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нар болон А ХХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1.Нэхэмжлэгч Ж.С, Ж.Ц нарын гаргасан хариуцагч Г банканд холбогдох нэхэмжлэлийн талаар:
1.1. Нэхэмжлэгч Ж.С, Ж.Ц нарын ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээнд хүү бодохыг ээж Д.Бийн нас барсан өдөр буюу 2015.01.29-ний өдрөөр тасалбар болгон зогсоолгох тухай шаардлага,
2014.10.17-ны өдрөөс 2015.02.17-ны өдрийг хүртэлх 12. 467 төгрөг 80 мөнгө, нийт 4 сарын амь насны даатгалын төлбөрт 49.971 төгрөг 40 мөнгийг М ХХК-ийн дансанд шилжүүлэхийг хариуцагч Г банк ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Г банк нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
Иргэн Доржгочоогийн Б нь 2013 оны 10-р сарын 11-ний өдөр Г банктай ЗГ1705040981 дугаартай "Орон сууцын зээлийн гэрээ”-г байгуулан 127.490.000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар 180 сарын хугацаатай, жилийн 17,4 хувийн хүүтэй зээлдэж авч, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 10-р сарын 11-ний өдөр ЗБ1705040981 дугаартай “Ипотекийн гэрээ”-г байгуулан 182.130.000 төгрөгийн үнэ бүхий Баянгол дүргийн 5-р хороо Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энхтайвны өргөн чөлөө 68-р байрны 57 тоот 93,4 м.кв талбай бүхий 3 өрөө, 182.130.000 төгрөгийн үнэтэй орон сууцыг барьцаалсан нь зохигчдын тайлбар, зээлийн болон орон сууцны ипотекийн гэрээ зэргээр тогтоогдов.
Мөн зээлдэгч Д.Б нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны 26Р1359657, амь насны 26Р1359857 дугаартай орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг М ХХК-тай байгуулж, барьцаалсан орон сууцны болон зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг байгуулж, даатгалын хураамжийг зээлийн төлбөрийн графикт заасан хугацаа, хэмжээгээр төлөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбар, даатгалын гэрээ зэргээр тогтоогдов.
Гэтэл зээлдэгч Д.Б 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өвчнөөр нас барсан болох нь зохигчийн тайлбар, нас барсны гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлдэгчийн үүрэг түүний нас барсан дээрх өдрөөр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гаргасан ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 124.469.197 төгрөг 52 мөнгөнд зээлийн хүү бодохыг зогсоолгох тухай шаардлагыг хангах үндэслэлтэй.
1.2. Нэхэмжлэгч Ж.С, Ж.Ц нарын гаргасан 2014.10.17-ны өдрөөс 2015.02.17-ны өдрийг хүртэлх 12. 467 төгрөг 80 мөнгө, нийт 4 сарын амь насны даатгалын төлбөрт 49.971 төгрөг 40 мөнгийг М ХХК-ийн дансанд шилжүүлэхийг хариуцагч Г банк ХХК-д даалгуулах тухай шаардлага:
Зээлдэгч асан Д.Б нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны 26Р1359657, амь насны 26Р1359857 дугаартай орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг М ХХК-тай байгуулж, барьцаалсан орон сууцны болон зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг байгуулж, даатгалын хураамжийг зээлийн төлбөрийн графикт заасан хугацаа, хэмжээгээр төлөхөөр тохиролцсон байдаг.
Хариуцагч Г банк ХХК, хариуцагч М ХХК-иудын хооронд 2013.06.01-ний өдөр байгуулагдсан 26А1300001 дугаартай “Орон сууцны зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан байх ба, уг гэрээний нийтлэг үндэслэл 1.1, 2.1.3, 3.3, 3.5, 3.8, 3.9, 3.10, 5.2.1, 6.1.1, 6.2.1, 6.2.3 дэх заалт болон хариуцагч 2013.10.11-ний өдрийн Орон сууцны зээлийн гэрээний “Зээлийн эргэн төлөлтийн тооцоо, нэхэмжлэгч нарын тайлбар зэргийг харьцуулан үзэхэд зээлдэгч Д.Бийг даатгалын хураамжийг төлөөгүй, гэрээг сунгаагүй гэж үзэх боломжгүй байна гэж үзэв.
Өөрөөр хэлбэл хариуцагч Г банк ХХК, хариуцагч М ХХК-иудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээгээр даатгуулагчтай жил бүр гэрээг шинэчлэн хийх талаар тохиролцоогүй байх бөгөөд гагцхүү даатгалын хураамжийг даатгуулагчаас хариуцагч М ХХК-ийн даатгалын төлөөлөгчийн хувьд Г банк төвлөрүүлэн авч даатгагч М ХХК-д шилжүүлж байхаар тохиролцсон байна.
Харин хариуцагч Г банк ХХК, хариуцагч М ХХК-иуд нь даатгуулагч нартай холбогдсон даатгалын хураамжийн талаарх тайлан тооцоог хэрхэн тооцож байсан нь даатгуулагчид хамааралгүй бөгөөд даатгуулагч зээлийн төлбөрийг графикт заасан хэмжээгээр төлж байсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 11, 12 сар, 2015 оны 1 сарын зээлийн төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байх тул зээлдэгч Г банканд зээлийн төлбөр болон даатгалын хураамжийг графикийн дагуу төлж байсан гэж үзэх үндэслэлтэй болжээ.
Зээлдэгч Д.Бийн хувьд хариуцагч нарын даатгалын талаар хамтран ажиллах гэрээний хугацаа зэрэг нь хамааралгүй бөгөөд гагцхүү даатгуулагчийн хувьд даатгалын хураамжийг төлж үүргээ биелүүлж байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар хүлээн зөвшөөрснөөр даатгалын гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэл бүхий байна.
Иймд зээлдэгч Д.Бийн амь насны даатгалын гэрээний дагуу 2014 оны 11, 12 сар, 2015 оны 1 сарын даатгалын хураамжинд төлсөн нийт 37.453 төгрөг 80 мөнгийг М ХХК-д шилжүүлэхийг үүрэг болгож, нэхэмжлэлээс үлдэх 12.517 төгрөг 60 мөнгийг хэрэгсэхгүй болголоо.
2.Нэхэмжлэгч Ж.С, Ж.Ц нарын Хариуцагч М ХХК-д холбогдох нэхэмжлэлийн талаар:
Нэхэмжлэгч нараас “зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны” даатгалын гэрээний 3.2.1-т “Зээлдэгч аливаа шалтгааны улмаас амь насаа алдах” тохиолдолд эрсдлээс бүрэн хамгаалахаар заасны дагуу үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн эрсдлийг хүлээж, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг Г банкинд төлж барагдуулахыг М компанид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч М ХХК зээлдэгч Д.Бтэй байгуулсан даатгалын гэрээ дуусгавар болсон ба, даатгуулагч Д.Б даатгалын гэрээгээ сунгаж дахин гэрээ байгуулаагүй, даатгалын хураамжийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
Гэтэл хариуцагч Г банк даатгалын төлөөлөгчийн хувиар зээлдэгч Д.Бтэй байгуулсан даатгалын гэрээнд 2013.10.17-ноос 2014.10.16-ныг хүртэл хугацаатай гэрээ байгуулсан байгаа боловч дээр дурдсанчлан Г банк ХХК, хариуцагч М ХХК-иудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээгээр даатгуулагчтай жил бүр гэрээг шинэчлэн хийх талаар тохиролцоогүй байх бөгөөд гагцхүү даатгалын хураамжийг даатгуулагчаас хариуцагч М ХХК-ийн даатгалын төлөөлөгчийн хувьд Г банк төвлөрүүлэн авч даатгагч М ХХК-д шилжүүлж байхаар тохиролцсон, мөн даатгалын гэрээний 2.1.3, 3.3, 3.4, 5.2.4, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний 3.1.3-т зааснаар зээлдэгч Д.Б даатгалын төлөөлөгч Г банктай даатгалын гэрээг байгуулсан байх ба, зээлийн эргэн төлөлтийн хамт даатгалын хураамжийг хамт төлөхөөр тохиролцож, уг хураамжийг зээлийн төлбөртэй хамт төлж байсан нь 2014 оны 11, 12 сар, 2015 оны 1 сарын зээлийн төлбөр төлсөн баримтуудаар нотлогдож байна.
Харин даатгалын хураамжийг хамтран ажиллах гэрээний дагуу тооцоо хийж өгч авалцах нь уг гэрээний талуудын асуудал бөгөөд энэ нь даатгагчид хамааралгүй гэж үзэх ба, бичгээр хийсэн гэрээний хугацаа дууссанаас хойш үргэлжлүүлэн 2014 оны 11, 12, 2015 оны 1 саруудад хураамжийг төлж байсан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар гэрээг тодорхой хэлбэр шаардахгүйгээр даатгалын гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлтэй.
Иймд орон сууцны зээлийн гэрээний зээлдэгч Д.Бийн амь насны даатгалын нөхөн төлбөрт 124.469.197 төгрөг 52 мөнгийг хариуцагч М ХХК-иас гаргуулж Г банкинд шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч нарын шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
3.Хамтран нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч Г банканд холбогдох нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч А ХХК нь ЗГ1705017992 тоот зээлийн гэрээнд хүү бодохыг ганц гишүүнтэй компанийн үүсгэн байгуулагч болох захирал Д.Бийн нас барсан өдөр буюу 2015.01.29-ний өдрөөр тасалбар болгон зогсоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Г банк ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж сөрөг нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Г банктай 2010 оны 10 сарын 29-ний өдөр ЗГ1705017992 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 200 сая төгрөгийн зээлийг эмнэлгийн байр худалдан авах зориулалтаар, 60 сарын хугацаатай, сарын 1,3 хувийн хүүтэй, Ипотекийн гэрээ байгуулж нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.
Зээлийн барьцаанд:
Зээлдэгч А ХХК-ийн ганц гишүүн,захирал асан Д.Б 2015.01.29-ний өдөр нас барсан үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой байх тул зээлийн гэрээний үлдэгдэл 44.049.695 төгрөг 52 мөнгөнд зээлийн хүү тооцохыг 2015.01.29-ний өдрөөс зогсоохыг Г банкинд даалгуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн захирал Ж.Сын гаргасан шаардлагыг үндэслэлтэй гэж үзлээ.
4.Хариуцагч Г банк ХХК-иас нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нарт холбогдох сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч Г банк ХХК-иас Өвлөгч Ж.Ц, Ж.С нараас үндсэн зээл 124.469.197 төгрөг 52 мөнгө, үндсэн хүү 73.678.230 төгрөг 24 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 535.367 төгрөг 15 мөнгө, нийт 198.682.794 төгрөг 90 мөнгийг гаргуулах, Үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан Ипотекийн гэрээгээр барьцаалагдсан хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч мэтгэлцсэн.
Д.Бийн 2013 оны 10-р сарын 11-ний өдөр Г банктай ЗГ1705040981 дугаартай Орон сууцны зээлийн гэрээгээр 127.490.000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар 180 сарын хугацаатай, жилийн 17,4 хувийн хүүтэй зээлдэж авч, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 10-р сарын 11-ний өдөр ЗБ1705040981 дугаартай Ипотекийн гэрээ байгуулан 182.130.000 төгрөгийн үнэ бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205046120 дугаарт бүртгэлтэй Баянгол дүргийн 5-р хороо Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энхтайвны өргөн чөлөө 68-р байрны 57 тоот 93,4 м.кв талбай бүхий 3 өрөө, орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар болон зээлийн болон барьцааны гэрээ зэргээр тогтоогддог.
Зээлдэгч асан Д.Б 2015.01.29-ний өдөр нас барсан тул зээлдэгчийн өвлөгчид болох Ж.Ц, Ж.С нараас дээрх зээлийн гэрээний 2015.01.29-ний өдрийн үлдэгдэл 124.469.197 төгрөг 52 мөнгө, зээлийн хүү 73.678.230 төгрөг 24 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 535.367 төгрөг 15 мөнгө, нийт 198.682.794 төгрөг 90 мөнгийг гаргуулах, Үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан Ипотекийн гэрээгээр барьцаалагдсан хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.
Зээлдэгч асан Д.Б нь 2015.01.29-ний өдөр нас барсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлдэгчийн үүрэг түүний нас барсан дээрх өдрөөр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй ба, үүргийн гүйцэтгэл түүний хувийн байдалтай салшгүй холбоотой тул өвлөгч нар болох Ж.Ц, Ж.С нар зээлийн гэрээний дагуу үндсэн болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэггүй.
Харин зээлдэгч асан Д.Б нь амь насны даатгалын гэрээтэй байсан гэж дээр дурдсанчлан үзэх үндэслэлтэй тул зээлийн гэрээний үлдэгдэл 124.469.197 төгрөг 52 мөнгийг даатгалын нөхөн төлбөрт хариуцагч М ХХК нь Г банканд төлөх үүрэгтэй тул зээлдэгчийн өвлөгч нарт холбогдох 198.682.794 төгрөг 90 мөнгийг гаргуулах, Үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан Ипотекийн гэрээгээр барьцаалагдсан хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.
Мөн Г банкан дахь зээлдэгчийн зээлийн дансны хуулгаас үзвэл зээлдэгч Д.Б нь 2014 оны 10 дугаар сарын 16-нд бичгээр хийсэн даатгалын гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн төлбөрийг даатгалын хураамжийн хамт графикт заасны дагуу төлж байсныг хариуцагч Г банк зээлийн төлбөрт суутган авч байсан байдал тогтоогдож байх ба, зээлдэгчийн амь насны даатгалын хураамжид шилжүүлэх тухай М ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй, талууд харилцан тооцоогоо хийдэггүй байсанд зээлдэгчийн буруу байхгүй гэж үзэх үндэслэлтэй.
Дээрх барьцааны гэрээнд 182.130.000 төгрөгөөр үнэлж барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205046120 дугаарт бүртгэлтэй Баянгол дүргийн 5-р хороо Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энхтайвны өргөн чөлөө 68-р байрны 57 тоот 93,4 м.кв талбай бүхий 3 өрөө, орон сууцыг өвлөх эрхийг нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нарт олгосон болох нь өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба, уг орон сууцны зах зээлийн үнэ ханшийг 171.400.600 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний дүгнэлтээр нотлогдож байгаа болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
5.Хариуцагч Г банкнаас А ХХК-д холбогдох
Хариуцагч Г банкнаас нэхэмжлэгч А ХХК-иас үндсэн зээл 44.049.695 төгрөг 52 мөнгө, үндсэн хүү 22.931.104 төгрөг 19 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 4.225.921 төгрөг 68 мөнгө, нийт 71.161.537 төгрөг 26 мөнгийг Ипотекийн гэрээгээр барьцаалагдсан хөрөнгүүдээс хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч А ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 44.049.695 төгрөг 52 мөнгөнөөс бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч А ХХК нь нэг гишүүнтэй хуулийн этгээд байх бөгөөд үүсгэн байгуулагч захирал Д.Б нь хариуцагч Г банктай 2010 оны 10 сарын 29-ний өдөр ЗГ1705017992 дугаартай Зээлийн гэрээгээр 200.000.000 төгрөгийг эмнэлгийн байр худалдан авах зориулалтаар, 60 сарын хугацаатай, сарын 1.3 хувийн хүүтэй, Ипотекийн гэрээ байгуулж нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан болох нь дээр дурдсанаар тогтоогдсон.
Зээлдэгч А ХХК-ийн ганц гишүүн,захирал асан Д.Б 2015.01.29-ний өдөр нас барсан байх тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл нь уг компанийн захирал асан Д.Бийн хувийн байдалтай салшгүй холбоотой байх тул зээлийн гэрээний үлдэгдэл 44.049.695 төгрөг 52 мөнгөнд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд хариуцагч Г банк ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 44.049.695 төгрөг 52 мөнгийг хангаж, уг үүргийг хариуцагч А ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан хөрөнгөнөөс хангуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Зээлийн барьцаанд:
Дээр дурдсан барьцааны хөрөнгүүдээс нэхэмжлэгч Ж.Цд улсын бүртгэлийн Ү-2203018489 дугаарт бүртгэлтэй, орон сууц үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58-р байрны 108 тоотын 2 өрөө 84.96 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгогдож, өв залгамжлалын 15, 16 дугаарт 2016.03.10-нд бүртгэгдсэн нь Монголын нотариатын танхимын 2016.05.24-ний өдрийн 315 тоотоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж.С нь улсын бүртгэлийн Ү-2203018487 дугаарт бүртгэлтэй, орон сууц үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58-р байрны 106 тоотын 2 өрөө 80.72 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өвлөн авах эрхтэй гэж өвлөх эрхийн гэрчилгээнд бүртгэгдэж, уг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 191.965.000 төгрөгөөр үнэлсэн,
Нэхэмжлэгч Ж.С, Ж.Ц нар нь улсын бүртгэлийн Ү-2203018315 дугаарт бүртгэлтэй, орон сууц, үйлчилгээний зориулалтай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58-р байрны 104 тоот, 2 өрөө 80.72 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өвлөн авах эрхтэй тухай өвлөх эрхийн гэрчилгээ авагдсан байх ба уг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 187.372.800 төгрөгөөр тус тус үнэлсэн болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Зээлийн барьцааны эрх нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлд заасан салгаж үл болох эрх гэж үзэх тул барьцааны хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн ч үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлдэгч Д.Бийн 2013.10.11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 124.469.197 төгрөг 52 мөнгөнд болон зээлдэгч А ХХК-ийн 2010.10.29-ний өдрийн ЗГ1705017992 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 44.049.695 төгрөг 52 мөнгөнд тус тус хүү тооцохыг зээлдэгч агсан Д.Бийн нас барсан өдөр буюу 2015.01.29-ний өдрөөс тасалбар болгон зогсоохыг хариуцагч Г банк ХХК-д даалгасугай.
2.Иргэний хуулийн 440 дүгээр зүйлийн 440.1, 443.1-д зааснаар зээлдэгч Д.Бийн 2014 оны 11, 12, 2015 оны 1 сарын амь насны даатгалын хураамжинд төлсөн 37.453 төгрөг, 80 мөнгийг М ХХК-д шилжүүлэхийг хариуцагч Г банканд үүрэг болгож, нэхэмжлэлээс үлдэх 12.517 төгрөг 60 мөнгөний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1, 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар зээлдэгч агсан Д.Бийн 2013.10.11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 124.469.197 төгрөг 52 мөнгийг амь насны даатгалын нөхөн төлбөрт хариуцагч Г банканд төлөхийг хариуцагч М ХХК-д үүрэг болгосугай.
4.Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нараас 198.682.794 төгрөг 90 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай хариуцагч Г банкны сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч А ХХК-иас 44.049.695 төгрөг 52 мөнгө гаргуулж Г банканд олгож, зээлдэгч А ХХК уг төлбөрийг биелүүлэхгүй бол ипотекийн гэрээний зүйл болох улсын бүртгэлийн Ү-2203018315 дугаарт бүртгэлтэй, орон сууц, үйлчилгээний зориулалтай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58-р байрны 104 тоот, 2 өрөө 80.72 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203018487 дугаарт бүртгэлтэй, орон сууц үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58-р байрны 106 тоотын 2 өрөө 80.72 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203018489 дугаарт бүртгэлтэй, орон сууц үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58-р байрны 108 тоотын 2 өрөө 84.96 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдээс албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 27.111.841 төгрөг 74 мөнгөний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2, 44.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.950 төгрөг, Г банк ХХК-иас төлсөн 1.949.320 төгрөгнөөс төлбөл зохих 1.507.172 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 442.148 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, А ХХК-иас 378.198 төгрөг гаргуулж Г банк ХХК-д, хариуцагч М ХХК-иас 780.296 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ