Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/00405

 

Хүрээ цамхаг ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01838 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1882 дугаар магадлалтай, 

Хүрээ цамхаг ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.Хонгорзулд холбогдох

Гэрээ цуцалснаас учирсан хохиролд 12,250,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 31,200,0000 төгрөг, нийт 43,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Манайх Г.Хонгорзултай Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 баг, 2 хороолол, 44 А байр, 14, 15 тоот 2 орон сууцыг 156,250,000 төгрөгөөр худалдаж авахаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээг байр тус бүрээр байгуулсан. Дээрх 2 орон сууцны төлбөрийг гэрээний 5.4-т заасны дагуу 2016 оны 02 дугаар сарын 28-ны дотор төлөх байсан ч хугацаа хэтрүүлэн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байрны төлбөрт 25,000,000 төгрөг төлсөн. Төлбөр төлөх хугацаа дууссан талаар удаа дараа Г.Хонгорзул, түүний нөхөр А.Энхболд нарт мэдэгдэхэд удахгүй төлнө гэсээр өдийг хүрсэн. Захиалагч нь дээрх 2 орон сууцыг нийлүүлж засвар хийлгэж авах хүсэлтийн дагуу 7,250,000 төгрөгийн зардал гаргасан. Г.Хонгорзул нь гэрээний үүргээ зөрчиж үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй тул гэрээг цуцалж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Одоо уг орон сууцуудыг чөлөөлж аваад дахин худалдан борлуулахын тулд 2 тусдаа орон сууц болгон анхны байдалд оруулахын тулд нэмж засварын зардал гарах тул дээрх орон сууцнуудыг албадан чөлөөлж, засвар хийсний дараа энэхүү зардлыг нэхэмжлэх болно. Уг 2 орон сууц хүлээлгэн өгснөөс хойш шүүхийн шийдвэрээр чөлөөлүүлж буцаан хүлээн авсан хугацаанд Г.Хонгорзулын эзэмшил ашиглалтад байсан ба 1 орон сууцны түрээсийн төлбөрийг 400,000 төгрөг, 2 орон сууцны төлбөрт 1 сард 800,000 төгрөг нэхэмжилнэ. Захиалагчийн буруугаас гэрээ дуусгавар болсон тул гэрээний 6.2-т зааснаар урьдчилгаа төлбөрийн 20 хувь болох 5,000,000 төгрөг болно. Иймд Иргэний хуулийн 227.1-д зааснаар зардал 7,250,000 төгрөг болон гэрээ цуцалсны төлбөрт 5,000,000 төгрөг, Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар 2 орон сууцны түрээсийн төлбөрт 800,000 төгрөгөөр 39 сарын 31,200,000 төгрөг, нийт 43,450,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээгээр 7,250,000 төгрөгийн засвар хийх талаар тохиролцоогүй, ийм зардал гаргасан нь үндэслэлгүй юм. Хүрээ цамхаг ХХК нь дээрх орон сууц болон бусад байрыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр иргэд, хуулийн этгээдэд шилжүүлж байсан ба тус хугацаанд түрээслэж, ашиг олох байсан гэдэг нь үндэслэлгүй юм. Энэхүү гэрээг цуцалж, ийнхүү цуцалснаас гарах үр дагавартай холбоотой асуудлыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00171 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 575 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01838 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан /РД:Т386082069/ Тост овогтой Галтбаатарын Хонгорзулаас 2,400,000 төгрөг гаргуулан, Хүрээ цамхаг ХХК-д /РД:5428688/ олгож, шаардлагаас үлдэх 41,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 375,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 53,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1882 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01838 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1882 дугаартай магадлалыг хүчингүй болгуулах тухай. Хариуцагч Г.Хонгорзул нь гэрээний үүргээ зөрчиж үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй тул Хүрээ цамхаг ХХК нь гэрээнээс татгалзан байраа чөлөөлүүлэх, алданги нэхэмжилсэн шаардлагатай холбоотой Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00171 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 575 дугаар магадлалаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дутаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар. Захиалагч буюу худалдан авагч гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой 5,000,000 төгрөг нэхэмжилсэн тухайд: Магадлалд ...20 хувийн суутгалтай холбоотой шаардлагын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан хэмээн дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Гэрээнээс татгалзаж, өгсөн авсан зүйлээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар харилцан буцаасан тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар торгууль шаардах эрх үүсээгүй гэсэн байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт ...Талуудын байгуулсан гэрээний 5.2-т захиалагч нь төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс 30 хоног хэтэрсэн тохиолдолд нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, төлсөн төлбөрийн 20 хувийг суутгах эрх нь худалдагчид үүсэхээр байгаа боловч худалдагч нь гэрээний үүрэг зөрчсөнөөс хойш дээрх хугацаанд гэрээг цуцлах санал гаргаагүй байх тул шаардах эрхгүй гэж үзлээ. Түүнчлэн хуулийн хүчин төгөлдөр болсон дээрх шийдвэр, магадлалаар гэрээний үндсэн болон нэмэлт үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн байна. гэжээ. Орон сууц захиалгын гэрээний 5.2-т ийм заалт байхгүй. Орон сууцны захиалгын гэрээний 4.5-д Захиалагч энэ гэрээг дангаараа зөрчсөн ... тохиолдолд төлсөн нийт төлбөрийн 20 хувийг суутгуулж үлдсэн хэсгийг буцаан авна, мөн гэрээний 6.2 дахь хэсэгт Захиалагч гэрээний төлбөрийг графикт хугацаандаа төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд ийнхүү 30 хоног хэтэрвэл Хүрээ цамхаг ХХК-д саад учирсан гэж үзэж гэрээг нэг талын санаачлагаар цуцална. Ингэхдээ захиалагчийн төлсөн төлбөрийн 20 хувийг суутгана гэсэн тул төлсөн 25,000,000 төгрөгийн 20 хувь буюу 5,000,000 төгрөгийг Г.Хонгорзулаас шаардах үндэслэлтэй байна. Дээрх тохиолдолд торгууль шаардах эрх үүсэхгүй гэсэн заалт Иргэний хуулинд байхгүй. Харин шүүх торгууль шаардах эрх үүсээгүй гэж дүгнэснээр Иргэний хуулийн 189 дүгээр зүилийн 189.1 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв хэмээн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Орон сууц ашигласны төлбөрийн тухайд хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээ байгуулснаас хойш нийтдээ 3 жил 3 сар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийтдээ 39 сарын хугацаанд орон сууцнуудыг ашигласан. Хамгийн сүүлд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан чөлөөлсөн. Та бүхэн огт танихгүй хөндлөнгийн хүнд 3 жил хагасын хугацаанд орон суүцаа үнэгүй ашиглуулах уу? мэдээж үгүй гэж хариулах байх. Орон сууц худалдан авна гэж багахан түрээсийн мөнгө өгч олон жилийн хугацаанд амьдарчихаад үлдэгдэл мөнгөө төлөхгүй гэрээнээс татгалзуулаад өмнө өгсөн бүх мөнгөө 100 хувь буцааж аваад үнэгүй амьдраад, бусдын хөрөнгийг завшаад байж болно гэснийг анхан болон давж заалдах шатны шүүх хуульд нийцнэ гэж дүгнэлээ. Иргэний хуулийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан. 01838 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Хоёр тусдаа орон сууцыг нийлүүлж засварласан зардлын тухайд ... Гэвч хэргийн үйл баримтаар худалдан авагч буюу Г.Хонгорзул нь дээрх 2 орон сууцыг нийлүүлж засвар хийлгэх талаар хүсэлт гаргасан болон талууд энэ талаар тохиролцсон гэж үзэх байдал тогтоогдохгүй байна. Харин худалдагч буюу Хүрээ цамхаг" ХХК нь орон сууцыг борлуулахын тулд түүний 2 зэргэлдээ орон сууц худалдан авч байгаад нийлүүлэн засварласан байх тул зардал 7,250,000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй байна. Түүнчлэн гэрээний дагуу хийсэн засварын зардлыг гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд тооцохгүй. гэжээ. Түүнчлэн худалдан авагч 2 зэргэлдээ сууц нийлүүлэх хүсэлтэй байсан учраас зардал гаргаж засвар хийсэн. Хэрэв тус тусдаа зэргэлдээ орон сууц худалдан авсан, нийлүүлэх хүсэлт гаргаагүй бол зардал гаргаж засвар хийхгүй байсан. Харин ч одоо зарахын тулд тус тусдаа орон сууц болгон тусгаарлахын тулд мөн дээрх хэмжээний зардал гаргахаар болж байна. Хоёр орон сууцыг нийлүүлж авах тохиолдол маш ховор ба зөвхөн худалдан авагчийн хүсэлтээр нийлүүлсэн нь ойлгомжтой бөгөөд энэ талаар хэргийн оролцогч маргаагүй. Энэ удаагийн нэхэмжлэлээс өмнө тухайн үед талуудын гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд гэрээнээс нэхэмжлэгч татгалзсанаар учирсан хохирол гаргуулахаар шаардахад дээрх шийдвэр саад болохгүй гэж зөв дүгнэсэн. Гэвч ...Нэхэмжлэгч нь уг 2 орон сууцыг хариуцагчийн эзэмшил ашиглалтад гэрээний дагуу хүлээлгэн өгсөн атлаа гэрээнээс татгалзсан үндэслэлээр дээрх хугацаанд олох байсан ашгийг түрээсийн төлбөртэй дүйцүүлэн нэхэмжилж байгааг хангах үндэслэлгүй гэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгтэй зөрчилдөж байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Өмнө нь шүүхийн журмаар шийдвэрлэхэд зөвхөн талууд авсан зүйлээ биет байдлаар нь харилцан буцааж өгөх асуудлыг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх өмнө маргасан шаардлагатай холбоотой шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл түрээсийн төлбөр шаардах эрхгүй гэсэн атлаа Харин 00171 дугаар шийдвэр, 575 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноор Г.Хонгорзул болон Хүрээ цамхаг ХХК-ийн хооронд үүссэн үүрэг дуусгавар болж хариуцагч орон сууцыг хэлцэлгүйгээр ашигласныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 заалт ноцтой зөрчигдсөн. Ингэснээр мөн хуулийн 172.2.2 дахь заалт зөрчигдсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2019.09.06-ны өдрийн шүүх хуралдаанд ...1 орон сууцны түрээсийн 1 сарын төлбөр 400,000 төгрөг, 2 орон сууцны 1 сарын түрээсийн төлбөр 800,000 төгрөг гэж тооцон нэхэмжилсэн боловч шүүх нотлох баримт гэж үзэх боломжгүй тул шинжээч томилж үнэлгээ хийлгэхээр шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байхад шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулаад бидний нэхэмжилсэн түрээсийн үнэлгээг шууд баримтлан хэргийг шийдвэрлэснээр хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан эрхийг ноцтой зөрчиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг дутуу бүрдүүлэн шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь заалт, мөн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.06-ны өдрийн 183/ШШ2019/01838 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019.11.26-ны өдрийн 1882 магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Хүрээ цамхаг ХХК нь хариуцагч Г.Хонгорзулд холбогдуулан гэрээ цуцалснаас учирсан хохиролд нийт 43,450,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч Г.Хонгорзулаас 2,400,000 төгрөг гаргуулан Хүрээ цамхаг ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 41,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ... хариуцагч үүргээ зөрчсөн, гэрээг цуцалсны торгууль, хохирол шаардана, ... түүний хүсэлтээр 2 орон сууцыг нийлүүлж засварласан тул энэ зардлыг гаргуулна, орон сууцыг эзэмшиж ашигласан тул түрээсийн төлбөрийн жишгээр төлбөр гаргуулна гэж тайлбарласан байна.

Хариуцагч нь ...засвар хийх талаар тохиролцоогүй, гэрээний дагуу шилжүүлсэн тул түрээсэлж ашиг олох байсан гэсэн нь үндэслэлгүй, гэрээг цуцалж, гарах үр дагавартай холбоотой асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн гэж татгалзлаа тайлбарлажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2015.11.30-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээгээр нэхэмжлэгч нь Дархан-Уул аймаг, Дархан сумын XIV баг, II хороолол, 44а байр, 14, 15 тоот орон сууцыг худалдах, хариуцагч нь орон сууцны төлбөрт нийт 166,250,000 төгрөгийг 2016.02.28-ны дотор нэхэмжлэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 Дээрх гэрээнээс нэхэмжлэгч татгалзсантай холбоотой Хүрээ цамхаг ХХК-аас Г.Хонгорзулд холбогдуулан гаргасан нэхэмжлэлд татгалзлын зарим үр дагаврыг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00171 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 575 дугаар магадлал хэрэгт авагдсан байх бөгөөд зохигчийн маргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь хариуцагчаас учирсан хохирол гаргуулахаар шаардахад дээрх шийдвэр, магадлал саад болохгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Иймээс хариуцагчийг 39 сарын хугацаанд орон сууцыг эзэмшилдээ байлгасан гэсэн үндэслэлээр 31,200,000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцож нэхэмжилснээс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2019.03.29-ний өдрөөс шүүхэд энэ нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх 3 сарын хугацааг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж тодорхойлж, хариуцагчаас 2,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг зөрчөөгүй байна.

Талууд гэрээнд засварын зардлын талаар тохиролцсон баримтгүй, нэхэмжлэгчийн хоёр орон сууцыг борлуулах зорилгоор засварласан зардал нь худалдах-худалдан авах гэрээний зүйлийн үнэд орсон гэж үзэх үндэслэлтэй, түүнчлэн 20 хувийн суутгалтай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо ...нэмэлт үүргийг шаардах эрхгүй тухай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан гэж дүгнэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-т зааснаар үнэлсэн байна.

Иймээс гэрээнээс татгалзсантай холбогдуулж хоёр орон сууцыг нийлүүлэхэд гарсан зардал 7,250,000 төгрөг, гэрээний 6.2-т зааснаар төлсөн төлбөрийн 20 хувь буюу 5,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т нийцсэн гэж үзнэ.

  Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хэрэглэх ёстой хуулийг үндэслэл бүхий хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Хэргийн баримтаас үзэхэд шүүх талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн орон сууцны түрээсийн төлбөрийн ханшийг шинжээч томилуулж тодруулахаар гаргасан хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгах боломжгүй, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байх тул энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01838 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1882 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 375,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН