Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 513

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

                                                                                                 Нэхэмжлэгч:  “МТХУ”   ХХК

                                                                                         Хариуцагч:   “НБУ” ХХК

600 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “МТХУ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Манай компани “НБУ” ХХК-тай байгуулсан 80/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай, 81/16 тоот Барьцааны гэрээг 80/16 тоот гэрээний үүрэг дуусах хүртэл хугацаатай байгуулсан. 80/16 тоот  гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу Худалдан авагч нь тухайн сард худалдан авсан барааны тооцоог дараа сарын 05-ны өдөр тооцоо нийлж акт үйлдэх ба акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор Хаан банк дахь “МТХУ” ХХК-ийн 5028020441 тоот дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөх үүрэгтэй. Гэтэл тус компани нь 2017 оны 05 дугаар сараас хойш гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 400.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. 80/16 тоот гэрээний 3.1, 8.2-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 400.000.000 төгрөгөөс 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцон Иргэний хуулийн 234.4-д зааснаар 50 хувьд хүргэж зогсооход 200.000.000 төгрөг болж байна.

Иймд дээрх гэрээний үүргийг гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 400.000.000 төгрөг, алданги 200.000.000 төгрөг нийт 600.000.000 төгрөгийг “НБУ” ХХК-аас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 Манай компани үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 81/16 тоот барьцааны гэрээ  байгуулсан. 81/16 тоот барьцааны гэрээний барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2206029294, гэрчилгээ-000450734 дугаартай Улаанбаатао хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Зайсан гудамж 66/2 тоот хаягт байрлах 1124 мкв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэмж гаргасан. Үндсэн төлбөр болох 400 000 000 төгрөг, иргэний хуульд нийцүүлэн тооцсон түүний алданги 50 хувь 200 000 000 төгрөг гээд нийт 600 000 000 төгрөг гаргуулах, 81/16 тоот барьцааны гэрээний зүйл болох Ү:2206029294 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний 000450734 дугаартай Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсан гудамж 66/2 тоотод байрлах 1124 мкв аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа. Гэрээ байгуулснаас хойш 2 сарын хугацаанд  327089 литр шатахуун авсан. Энэ нь шатахуун түгээх станцын үнээр 581 641 690 төгрөг хөнгөлөлт урамшууллын 48 467 500 төгрөгөө хасаад 533 174 190 төгрөгийн шатахуун авснаас уг гэрээний дагуу бол 440 000 000 төгрөгийн  лимит байсан боловч лимит хэтрүүлж авсан байсан. Одоо 400 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэрээний 5.1 дэх заалтад 440 000 000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх ёстой байсан боловч маш олон шатахуун түгээх станцууд байгаа. Тэгээд тал талаас авсан шатахуунууд нь тухайн сарын сүүлд тооцоо нийлэх хүртэл хэд хэдэн литр шатахуун авсан нь мэдэгдэхгүй нэмэгдэж явсаар байгаад гэрээний үнийн дүнгээс бол 90 000 000 төгрөгөөр хэтэрсэн байсан. 2016 оны 11 дүгээр сард ШТС:137-оос 11, 12 саруудад нийт 11439 литр шатахуун гээд хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд байгаа. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тооцоо нийлсэн акт байгаа. Шатахуун авсан нь хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд харагдаж байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд буюу гэрээ эхэлсэн хугацаанаас гээд харагдаж байгаа. 05 дугаар сард задаргаа хийж тооцоо нийлсэн. 2016 оны 11, 12 саруудад ШТС:137-оос 11439 литр шатахуун авсан нь 18 664 690 төгрөг, ШТС:25-аас 11,12 саруудад 315650 литр шатахууныг 514 509 500 төгрөг болсон.Энэ бүх нийлбэр нь 327089 литр болоод ШТС-н үнээр 581 000 000 төгрөг болж байгаа хөнгөлөлтийн 48 000 000 төгрөг хасагдаад 533 174 190 төгрөг болж байгаа гэв.

Хариуцагч “НБУ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарыг дуустал “ЦЭӨ ” ХХК-ийн “Таван толгой” ХХК-аас авах нүүрсний ачилтыг хариуцан хийлгэж байсан. “ЦЭӨ ” ХХК-ийн нүүрсний үнийг МТ колонкоос түлш авсан хөрс хуулалтын компаниуд түлшний төлбөрийг “Таван толгой” ХХК-ийн дансруу “ЦЭӨ ” ХХК-ийн нүүрсний үнэ гэсэн утгаар уурхайн данс руу шууд шилжүүлж байсан болно.

“ЦЭӨ ” ХХК-ийн захирал Т  /ӨМӨЗО-ны иргэн/ “Рг” ХХК-ийн захирал Л  нар нь өөрсдийн бизнесийг явуулахын тулд манай компанийн нэр дээр “МТХУ” ХХК-тай 80/16 тоот гэрээ хийлгэсэн. “Р” ХХК нь тухайн үед “МТХУ” ХХК-тай гэрээ хийж болохгүй байна танай компанийг бид асуудалд оруулахгүй ээ, энэ гэрээний учрыг асуух хэрэггүй бидний бизнесийн нууц, хийчих гэж гуйсны үндсэн дээр манай компани энэхүү гэрээг “МТХУ” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Манай компани тухайн үед ямар нэгэн ажилгүй байсан учир ажилтай болохын тулд уг гэрээг дээрх хоёр компанийн захирлуудад итгэн нэр дээрээ хийсэн. Уг гэрээнд дагалдуулж 81/16 тоот барьцааны гэрээг хийсэн. Уг барьцааны гэрээнд “Рг” ХХК-ийн өмчийн 1124 мкв талбай бүхий орон сууцыг барьцаалсан. “Рг” ХХК-ийн захирал Л  “ах нь ийм их хөрөнгөө барьцаалж байгаа юм чинь танай компанийг ямар ч асуудалд оруулахгүй төлнө” гэж хэлсэн болно. Манай компанийн хувьд нэг литр ч шатахуун авж хэрэглээгүй болно. Иймээс манай компанийн зүгээс “МТХУ” ХХК-аас нэхэмжилсэн 600 000 000 төгрөгийг төлж чадахгүй.

Манай компани нь “МТХУ” ХХК-аас дизель түлшийг өөрийн нэр дээр гэрээ хийн авсан боловч энэ их шатахууныг “Рг” ХХК болон “ЦЭӨ ” ХХК хамтран гаргасан нүүрсний үнэд “Таван толгой” ХХК-ийн хөрсний компаниудад нийлүүлсэн. Мөн “Таван толгой” ХХК-тай шатахууны үнэд “ЦЭӨ ” ХХК-ийн нүүрсний үнэд суутган тооцох гэрээ байгуулсан болно. Манай компани нь “МТХУ” ХХК-аас авсан шатахууныг өөр бизнест зарцуулаагүй болно гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “МТХУ” ХХК нь зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 400 000 000 төгрөг, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэний төлбөрт 200 000 000 төгрөг, барьцаагаар хангагдсан үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2206029294, гэрчилгээ-000450734 дугаартай Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Зайсан гудамж 66/2 тоот хаягт байрлах 1124 мкв талбайтай  аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр шаардлагаа хангуулахыг хүсчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

“МТХУ” ХХК нь “НБУ” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Зайсан гудамж 66/2 тоот хаягт байрлах 1124 мкв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан мөн хугацаатай барьцааны гэрээг байгуулсан болох нь 80/16 дугаартай зээлийн гэрээ, 81/16 дугаартай барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

 “МТХУ” ХХК нь 533 174 190 төгрөгийн үнэ бүхий 327089л шатахууныг “НБ -Уул” ХХК-д нийлүүлсэн ба  НБ  ХХК нь шатахууны үнэд 133 174 190 төгрөг төлсөн болох нь  тооцоо нийлсэн акт, НБУ ХХК-д нийлүүлсэн түлшний баримт /хх-22-28-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.  

Хариуцагч тал нь “ЦЭӨ ” ХХК-ийн захирал Т  /ӨМӨЗО-ны иргэн/ “Рг” ХХК-ийн захирал Л  нар нь өөрсдийн бизнесийг явуулахын тулд манай компанийн нэр дээр “МТХУ” ХХК-тай 80/16 тоот гэрээ хийлгэсэн. Уг гэрээнд дагалдуулж 81/16 тоот барьцааны гэрээг хийсэн. Уг барьцааны гэрээнд “Рг” ХХК-ийн өмчийн 1124 мкв талбай бүхий орон сууцыг барьцаалсан. Манай компани тухайн үед ямар нэгэн ажилгүй байсан учир ажилтай болохын тулд уг гэрээг дээрх хоёр компанийн захирлуудад итгэн нэр дээрээ хийсэн. Манай компанийн хувьд нэг литр ч шатахуун авч хэрэглээгүй тул 600 000 000 төгрөгийг төлж чадахгүй гэсэн тайлбарыг гарган маргадаг.

Иргэний хуулийн 263.1 дэх хэсэгт “Зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ” гэж, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, мөн хуулийн 196.1.2 дахь хэсэгт “Гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан .... бол талууд нэг бичиг баримт үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд гэрээ байгуулагдсан гэж үзэхээр заажээ. Талуудын хооронд байгуулагдсан 80/16, 81/16 тоот гэрээнүүд нь “МТХУ” ХХК, “НБ -Уул” ХХК-ын хооронд бичгээр хийгдэж, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулсан байх тул дээрхи хоёр хуулийн этгээдийн хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт “Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь ...барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэжээ.

Гэрээний 5.2-д “Худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны тооцоог дараа сарын 5-ны дотор тооцоо нийлж акт үйлдэх ба акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор ...дансанд шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр төлнө” гэжээ. 

“МТХУ” ХХК нь шатахуунаа үнийг төлөхөөс өмнө шилжүүлэхээр, “НБ -Уул” ХХК нь үнийг 2 сарын турш хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон болох нь тэдний хооронд байгуулагдсан гэрээгээр нотлогдож байх тул талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусчээ.

Нэхэмжлэгч “МТХУ” ХХК нь гэрээний үүргийн биелэлтийг, барьцааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тус тус шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч тал 533 174 190 төгрөгний шатахуун нийлүүлсэн гэсэн тайлбарыг гаргаж байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийн тайлбар түүнтэй холбоотой гаргаж өгсөн нотлох баримтуудыг үгүйсгээгүй, баримтаар няцаагаагүй болно.

80/16 дугаартай гэрээний 5.1-д “Талууд барааны үнийг ....ямарч тохиолдолд 440 000 000 /дөрвөн зуун дөчин сая төгрөгнөөс хэтрэхгүй... байна” гэж тохиролцжээ.

Иймд гэрээгээр тохиролцоогүй хэтрүүлэн олгосон шатахууны үнийг шаардах эрхгүй байх тул гэрээний үүргээ биелүүлээгүй шаардлагыг дээрхи мөнгөн дүнгээр тооцох үндэслэлтэй гэж үзнэ.

 Хариуцагч “НБ -Уул” ХХК нь 2017 оны 01, 02, 05  саруудад нийт 133 174 190 төгрөгийг төлсөн болох нь тооцоо нийлсэн актаар нотлогдож байх тул түүний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 306 825 810 төгрөг гэж тооцов.

Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт “Хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг торгууль гэнэ” гэжээ.

Мөн гэрээний 8.2-д “Худалдан авагч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж тохиролцжээ.

Нэхэмжлэгч “МТХУ” ХХК зээлийн гэрээнд заасан алдангийг тооцохдоо 400 000 000 сая төгрөгнөөс тооцсон нь үндэслэлгүй байна. Хариуцагч “НБ -Уул” ХХК нь зээлийн гэрээний үүргийг хэтрүүлсэн байх ба энэхүү хэтэрсэн хугацааны алданги нь гүйцэтгээгүй үүрэг болох 306 825 810 төгрөгийн 50 хувиас хэтрэхээр байна. Гэрээнд заасан алдангийг тооцохдоо гүйцэтгээгүй үүрэг болох 306 825 810 төгрөгөөс тооцож 153 412 905 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд шинжлэн судалсан  “МТХУ” ХХК-ны 9011087114 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “МТХУ” ХХК-ийн дүрэм, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 80/16 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 81/16 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний хугацаанд өгч авалцсан зүйлийн тооцоо нийлсэн актын баримт, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд “МТХУ” ХХК-ийн тооцоо нийлсэн акт, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “МТХУ” ХХК-аас  “НБ-У” ХХК-д төлбөр барагдуулах тухай албан тоот, “МТХУ” ХХК-аас  “НБ-У” ХХК-ийн авч байсан шатахууны баримтууд, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “МТХУ” ХХК-ийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, “НБ-У” ХХК-ийн гаргасан хариу тайлбарууд, “НБ-У” ХХК-ийн захирлын тушаал, “НБ-У” ХХК-ийн дүрэм, “НБ-У” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “МТХУ” ХХК-аас  ирүүлсэн хариу тайлбарууд зэрэг баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан, хуульд заасан журмыг зөрчаагүй байх тул шүүх үнэн зөв гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

        Хариуцагч “НБ -Уул” ХХК-ийн төлөөлөгч Э.З , гуравдагч этгээд Ц.Л  нарт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар мэдэгджээ.

        Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Нэхэмжлэгч тал хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 100 дугаар  зүйлийн 100.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 153 дугаар зүйлийн 153.1, 156 зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар ”НБ -Уул” ХХК-аас 460 238 715 төгрөг гаргуулан “МТХУ” ХХК-д олгож, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Зайсан гудамж 66/2 тоот хаягт байрлах 1124 мкв талбайтай  аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

2.”МТХУ” ХХК-ийн нэхэмжлэлээс 139 761 285 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар   “МТХУ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 229 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, “НБ -Уул” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2 529 344 төгрөг гаргуулан “МТХУ” ХХК-д олгосугай.

Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс эхлээд зохигчид 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р. УРАНЧИМЭГ