Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00641

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 143/ШШ2019/00092 дугаар шийдвэр,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 203/МА2019/00006 дугаар магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Н” ХХК-д холбогдох,

“Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргийн үлдэгдэл төлбөр, алдангид нийт 600 000 000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Э.Зоригтбаатар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттогтох нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, Б.Оюунсувд, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нармандах, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Р” ХХК-ийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсувд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: Манай компани “Н” ХХК-тай байгуулсан 80/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай, 81/16 тоот Барьцааны гэрээг 80/16 тоот гэрээний үүрэг дуусах хүртэл хугацаатай байгуулсан. 2016 оны 11, 12 дугаар сард шатахуунаа нийлүүлсэн байдаг.

80/16 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу худалдан авагч нь тухайн сард худалдан авсан барааны тооцоог дараа сарын 05-ны өдөр тооцоо нийлж акт үйлдэх ба акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөх үүрэгтэй.

Гэтэл тус компани нь 2017 оны 05 дугаар сараас хойш гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 400 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцон 50 хувьд хүргэж зогсооход 200 000 000 төгрөг болж байна.

Иймд үлдэгдэл төлбөр 400 000 000 төгрөг, алданги 200 000 000 төгрөг, нийт 600 000 000 төгрөгийг “Н” ХХК-иас гаргуулах хүсэлтэй байна.

Барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2206029294, гэрчилгээ-000450734 дугаартай Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Зайсан гудамж 66/2 тоот хаягт байрлах 1 124 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хариуцагчаас 600 000 000 төгрөг гаргуулах мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч 600 000 000 төгрөгийн шатахуун авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Худалдагч, худалдан авагч, барьцаалуулагч нар бүгд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар буюу 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар “Н” ХХК нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус, залилуулсан талаар өөр ямар нэгэн хууль хүчний байгууллагад бүртгүүлэн шалгуулж байгаа нотлох баримт хэрэгт авагдаагүй байдаг. Манайх 533 000 000 төгрөгийн шатахуун өгсөн гэхдээ илүү нийлүүлсэн 133 000 000 төгрөг дээр талуудын хооронд маргаангүй байгаа.

Мөн 133 000 000 төгрөг дээр алданги тооцоогүй, гэрээний үлдэгдэл 400 000 000 төгрөгийн төлбөртэй. Хариуцагч тал нь төлбөрийн үнийн дүн болон алдангийн үнийн дүнтэй маргаагүй учраас үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 2 шаардлагыг бүрэн дэмжиж байна, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Э.Зоригтбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Ц” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ компани нь “Т” ХК-тай 2016 онд хийх нүүрсний гэрээтэй. “Ц” ХХК-ийн захирал н.Т, “Р” ХХК-ийн захирал Ц.Л нар нь өөрсдийн бизнесийг явуулахын тулд манай компанийн нэр дээр “М” ХХК-тай 80/16 тоот гэрээ хийлгэсэн.

“Р” ХХК нь тухайн үед “М” ХХК-тай гэрээ хийж болохгүй байна. Танай компанийг бид асуудалд оруулахгүй, гэрээний учрыг асуух хэрэггүй, бизнесийн нууц учир гэрээ хийчих гэж гуйсны үндсэн дээр манай компани “М” ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг хийсэн.

Уг гэрээг дагалдуулж 81/16 тоот барьцааны гэрээг хийсэн. Уг барьцааны гэрээнд “Р” ХХК-ийн өмчийн 1 124 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан. “М” ХХК нотариатаар батлуулах ёстой гэсэн шаардлага тавихад нотариат барьцаа хөрөнгийн эзэн нь байхгүй бол батлах боломжгүй гээд Ц.Л өөрөө ирж гарын үсэг зурж байсан.

Манай компанийн хувьд нэг литр ч шатахуун авч хэрэглээгүй. Зээлээр авсан шатахууныг “Р” ХХК болон “Ц” ХХК хамтран гаргасан нүүрсний үнэд “Т” ХК-ийн хөрсний компаниудад нийлүүлсэн. Мөн шатахууны үнийг “Т” ХК-тай “Ц” ХХК-ийн нүүрсний үнэд суутган тооцох гэрээ байгуулсан болно.

“М” ХХК-иас авсан шатахууныг манай компани өөр бизнест зарцуулаагүй тул “Р” ХХК-ийг гуравдагч этгээдээр татах нь эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. “М” ХХК-иас 533 174 190 төгрөгийн шатахуун авсан.

Шатахууны үнийн үлдэгдэл 400 000 000 төгрөг үлдэж байгаа нэхэмжлэгч тал алдангийг үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй гээд 200 000 000 төгрөгийг нэхэмжлээд нийт нэхэмжлэлийн үнийн дүн 600 000 000 төгрөг болсон нь үнэн.

Манай компанийн зүгээс 600 000 000 төгрөгийг төлж чадахгүй, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймагт бүртгэлтэй “Н” ХХК нь анх нүүрс тээвэрлэлтийн хүнд даацын /60-80 тн/ 82 тоо ширхэг бүхий бүрэн ажиллагаатай тээврийн автомашинтай гэж хуурч залилан итгүүлж, улмаар тухайн үед “Ц” ХХК-тай тохиролцсоныхоо дагуу орон нутгийн өмчит “Т” ХК-иас нүүрс худалдан авч тээвэрлэн борлуулахаар 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан НГ/2016/057 тоот гэрээг үндэслэн хөрөнгө оруулалт хийлгэж нийт 235 000 000 төгрөг “Ц” ХХК-иар дамжуулан авсан.

Бидний зүгээс дээрх компаниудын хоорондын хэлцэлд ямар нэгэн байдлаар шууд оролцоогүй бөгөөд харин тэдний хүсэлтийн дагуу ашиг хуваарилан авах, хөрөнгө оруулалтаа нөхөн авна гэсэн итгэл үнэмшлээр мөнгө оруулж хохирсон болно.

“М” ХХК-тай “Н” ХХК-ийн байгуулсан гэрээг гуйж байгуулсан мэтээр ямар ч баримтгүй худал тайлбарлаж манай компанийг гуравдагч этгээдээр татуулсан байх ба баталгаа болгож ХУД-ийн 11-р хороо, Зайсан гудамж 66/2 тоот үл хөдлөх хөрөнгийг /давхар барьцаанд байсан/ өөрсдөө залилж итгүүлэн барьцаанд тавиулсан нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох тул бид дээрх байдлаар шалгуулахаар болсон.

Иймд “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Н” ХХК-д холбогдох иргэний хэрэгт “Р” ХХК /захирал Ц.Л/-ийг гуравдагч этгээдээр татсан нь үндэслэлгүй бөгөөд барьцаа хөрөнгөөр манайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нэхэмжлэлийн нэмэлт шаардлага нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хууран, уг хэлцлээс манай компанид ямар нэгэн төлбөр мөнгө ороогүй болно.

Мөн ашиг хуваарилна гэж ноцтой төөрөгдөлд оруулж, бэлэн мөнгөөр 235 000 000 төгрөг, барьцаа хөрөнгө ХУД-ийн 11-р хороо, Зайсан гудамж 66/2 тоот үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 59-р зүйлийн 59.1-д зааснаар “Н” ХХК нь “Р” ХХК /захирал Ц.Л/-ийг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж, эс зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 29-р зүйлийн 29.5-д зааснаар шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх эрхгүй тул анхан шатны шүүх хуралдаанд оролцохгүй, биднийг байлцуулалгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 143/ШШ2019/00092 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 153 дугаар зүйлийн 153.1, 156 зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар “Н” ХХК-аас 600 000 000 төгрөг гаргуулан” М” ХХК-д олгож, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Зайсан гудамж 66/2 тоот хаягт байрлах 1124 м2 талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 229 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, “Ноён богд” уул ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 3 229 950 төгрөг гаргуулан “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 203/МА2019/00006 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 143/ШШ2019/00092 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн ХХК-д олгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тул нэхэмжлэлээс 81/16 тоот барьцааны гэрээний зүйл болох аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “...3 229 950 төгрөг гаргуулан” гэснийг “...3 159 750 төгрөг гаргуулан” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Р” ХХК-иас давж гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 229 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Э.Зоригтбаатар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттогтох нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “М” ХХК-тай манай компани гэрээ байгуулсан гэх боловч тус гэрээгээр авсан шатахууныг мөнгө болгон “Ц” ХХК болон “Р” ХХК нь нүүрсний үнэд тооцуулан “Т” ХК-д суутган тооцуулах гэрээгээр өгдөг байсан. “Ц” ХХК нь “Т” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах НГ/2016/057 тоот гэрээ байгуулсан байдаг юм. “Ц” ХХК нь НГ/2016/057 тоот гэрээний нүүрсээ “Т” ХК-иас авч борлуулахын тулд өөрсдөө санхүүгийн асуудалтай байсан тул “Р” ХХК-тай хамтран нүүрсний борлуулалт хийхээр тохиролцон “Ц” ХХК-ийн захирал н.Т /ӨМӨЗО-ны иргэн/ нь намайг дагуулан “Р” ХХК-ийн захирал Ц.Лтой уулзуулсан. “Р” ХХК нь өөрийн нэр дээр “М” ХХК-тай гэрээ хийх боломжгүй байгаа тул та нар өөрсдийн “Н” ХХК-ийнхаа нэр дээр хийчих гэж гуйсны үндсэн дээр бид энэхүү гэрээг “М” ХХК-тай газрын тос зээлээр худалдах, худалдан авах 80/16 тоот гэрээг хийсэн. “Р” ХХК нь өөрсдийн барьцаа хөрөнгөө захирал Ц.Л нь өөрийн биеэр ирж барьцаа хөрөнгийн гэрээн дээр гарын үсэг зурж, шатахууны төлбөр тооцоог манай компани өөрсдөө хийгээд явна, танай компанийг ямар ч асуудалд оруулахгүй гэж хэлсний үндсэн дээр уг гэрээг байгуулсан болно.

Бидний олборлолт хийн тээвэрлүүлж өгсөн нүүрсний үнэ “Ц” ХХК болон “Р” ХХК-ийн данс руу ордог байсан болно. Манай компанийн данс руу нүүрс борлуулсан ямар ч мөнгө ордоггүй байсан.

“Ц” ХХК болон “Р” ХХК нь манай компаниар ажлаа хийлгэн өөрсдөө ашиг хүртсэн боловч манай компанийн нэр дээр хийлгэсэн гэрээний төлбөрөө “М” ХХК-д төлөөгүй байна.

“М” ХХК нь “Н” ХХК-д 533 174 190 төгрөгийн шатахуун нийлүүлсэн гэх боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т зааснаар манай компанийн эрх бүхий хүний зөвшөөрлийг авч бараа нийлүүлж байгаагүй бөгөөд манай компани 1 литр бензин авч байгаагүй.

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа болон ажлын газрын хаягаар мэдэгдэнэ гэж заасан.

Гэтэл давж заалдах шатны 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны товыг нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Зоригтбаатар надад мэдэгдээгүй, намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан.

Мэтгэлцэх зарчим нь давж заалдах шатны шүүхийн хувьд зөвхөн шүүх хуралдаан дээр хэрэгждэг. Давж заалдах шатны шүүхээс намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчжээ.

Хариуцагч “Н” ХХК-ийн төлөөлөгч Э.Зоригтбаатар би 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Даваасүрэнгийн Баттогтоход анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдаанд тайлбар өгөх, албан тоот хүргүүлэх зэрэг ажиллагаанд оролцох” хүсэлтийг гаргасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд Д.Баттогтох оролцсон. Хариуцагч талын энэ хүсэлт нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд Д.Баттогтох оролцоно гэсэн санааг агуулаагүй юм.

“Н” ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах хүсэлтийг ирүүлээгүй байхад Д.Баттогтох надаар 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай баримтад та энэ баримт дээр гарын үсэг зурчих гэж зуруулсан. Итгэмжлэлийг шүүхэд хүргүүлснээс хойш надад зохигчийн эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдааныг шууд явуулсан. Шүүх хуралдаанд Д.Баттоггох надад эрх үүрэг тайлбарлаж өгсөн боловч миний бие хууль, эрх зүйн мэдлэггүй, дээр нь шүүх хуралдаанд анх оролцож байгаа болохоор тайлбарлаж өгсөн зүйлийг нь сайн ойлгоогүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхээ бүрэн эдлэж чадаагүй.

“Н” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой хийгдсэн барьцааны гэрээний зүйл нь “Хансуун зам” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар “Р” ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 -р хороо, Зайсан гудамж, 66/02 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206029294 дугаартай, үл хөдлөх хөрөнгийн 000450734 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байдаг.

“Р” ХХК-иас “Манай компанийн нэр дээр бүртгэлтэй ...улсын бүртгэлийн Ү- 2206029294 дугаартай, 1124 м.кв талбай бүхий ...үл хөдлөх эд хөрөнгийг танай компанид барьцаалан “Хансуун зам” ХХК нь 1 500 000 000 төгрөгийн нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, энэ гэрээний үлдэгдэл мөнгөн дүн буюу 440 000 000 төгрөгийн үнийн дүнтэй дүйцэх хэмжээний түлшийг “Н” ХХК-д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 80/16 тоот албан бичгийг “Магнай трейд” ХХК-д хүргүүлсэн. Энэ албан бичгийн дагуу “М” ХХК манай компанитай гэрээ байгуулсан. Одоо уг барилга бүрэн ашиглалтад орж “М” ХХК-ийн нэр дээр шилжсэн байгаа. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үеэр ярьж байсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч компаниас авсан гэх 400 000 000 төгрөгийн шатахууны үнэ үл хөдлөх хөрөнгөөр бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 143/ШШ2019/00092 дугаартай шийдвэр, Өмнөговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 203/МА2019/00006 дугаартай магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“М” ХХК нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргийн үлдэгдэл төлбөр, алдангид нийт 600 000 000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хурлын тов мэдэгдээгүй нь шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй, ...хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүйгээс анхан шатны шүүхийн алдааг засаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

  1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3.-т хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх эрхтэй, 6 дугаар зүйлийн 6.1-т шүүх шүүх хуралдааныг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.3.-т шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож мэтгэлцэх эрхтэй, 76 дугаар зүйлд шүүх хуралдааны товыг мэдэгдэх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Р” ХХК давж заалдах журмаар гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хэргийг хянан хэлэлцэхээр 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр товлож, хариуцагчийн төлөөлөгч Д.Баттогтоход мэдэгдсэн, Д.Баттогтох хурлын товыг хүлээн авч, шүүх хуралдаанд хүрэлцэн ирж оролцсон, хуульд заасан мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, 36.4.-т төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох бөгөөд энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдэнэ, мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно гэжээ.

Хэргийн 196 дугаар талд авагдсан “Н” ХХК-иас Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 2019.13.19-ний өдрийн 12 тоот хүсэлтэд “М ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдаанд тайлбар гаргах эрхийг Даваасүрэнгийн Баттогтоход олгож байна...” гэсэн байх бөгөөд төлөөлүүлэгч нь төлөөлөгчөөс татгалзсан тухайгаа бичгээр мэдэгдээгүй, итгэмжлэлийн хуульд заасан хугацаа өнгөрөөгүй тул давж заалдах шатны шүүх Д.Баттогтоход хурлын товыг хүргэж, шүүх хуралдаанд оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүх эрх бүхий этгээдэд хурлын тов хүргээгүй гэх гомдол үндэслэлгүй болно.

  1. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

“М” ХХК нь “Н” ХХК-д холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргийн үлдэгдэл төлбөр, алдангид нийт 600 000 000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Зохигч 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №80/16 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулсан, гэрээний дагуу худалдагч “М” ХХК өөрийн газрын тосны бүтээгдэхүүнийг Шатахуун түгээх станцаас гэрээнд заасан хугацаа, нөхцөлийн дагуу худалдан авагчид нийлүүлэх, худалдан авагч “Н” ХХК нь зээлээр худалдан авсан барааны төлбөр тооцоог гэрээнд заасан журмын дагуу хугацаанд нь барагдуулахаар, гэрээний хугацааг 2016 оны 10 дугаар сарын 28-наас 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, зээлээр худалдах барааны нийт үнэ нь ямар ч тохиолдолд 400 000 000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар, худалдан авагч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр харилцан тохирч, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож “Р” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 66/2 тоот хаягт байрлах 1 124 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 80%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, “Барьцааны гэрээ” байгуулжээ.

Гэрээний дагуу худалдагч “М” ХХК нийт 533 174 190 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн, 400 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар хоёр тал 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр харилцан тооцоо нийлж, худалдан авагч “Н” ХХК төлбөрийг зөвшөөрч гарын үсэг зурж, компанийн тэмдэг даран баталгаажуулсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 263 дугаар зүйлийн 263.1., 263.2.-т зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ, гэрээнд худалдан авсан эд хөрөнгийн үнийг бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журмыг заавал тусгана гэж тухайлан заажээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр нэхэмжлэгчээс нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг, гэрээнд заасан алдангийн хамт гаргуулахаар шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч талуудын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Түүнчлэн зохигчийн хооронд байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.-т заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байхад барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засч, шийдвэрт өөрчлөлт оруулахаар дүгнэлт хийсэн боловч энэ талаар магадлалын тогтоох хэсэгт орхигдуулсан байх тул магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иймд хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэрэгт цугларсан баримтад үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар анхан шатны шүүхийн алдааг засч, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 203/МА2019/00006 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 143/ШШ2019/00092 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч “Н” ХХК-иас 600 000 000 төгрөгийг гаргуулан “М” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Э.Зоригтбаатар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттогтох нарын гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттогтохоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 228 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД