Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 6

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 143/ШШ2019/00092 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч “МУ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч “НУ ” ХХК-нд холбогдох,

“Гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр, алданги болох 600 000 000 төгрөг гаргуулах, үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “РГ  ” ХХК-ийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,  нарийн бичгийн даргаар Ц.Даваасүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч “МУ ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагадаа: Манай компани “НУ ” ХХК-тай байгуулсан 80/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай, 81/16 тоот Барьцааны гэрээг 80/16 тоот гэрээний үүрэг дуусах хүртэл хугацаатай байгуулсан. 2016 оны 11, 12 дугаар сард  шатахуунаа нийлүүлсэн байдаг.

80/16 тоот  гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу худалдан авагч нь тухайн сард худалдан авсан барааны тооцоог дараа сарын 05-ны өдөр тооцоо нийлж акт үйлдэх ба акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөх үүрэгтэй.

 Гэтэл тус компани нь 2017 оны 05 дугаар сараас хойш гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 400.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцон 50 хувьд хүргэж зогсооход 200.000.000 төгрөг болж байна.

Иймд үлдэгдэл төлбөр 400.000.000 төгрөг, алданги 200.000.000 төгрөг нийт 600.000.000 төгрөгийг “НУ ” ХХК-аас гаргуулах хүсэлтэй.

Барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2206029294, гэрчилгээ-000450734 дугаартай Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Зайсан гудамж 66/2 тоот хаягт байрлах 1124 мкв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э  анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хариуцагчаас 600 000 000 төгрөг гаргуулах мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч 600 000 000 төгрөгийн шатахуун авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Худалдагч, худалдан авагч, барьцаалуулагч нар бүгд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар буюу 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар “НУ ” ХХК нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус, залилуулсан талаар өөр ямар нэгэн хууль хүчний байгууллагад бүртгүүлэн шалгуулж байгаа нотлох баримт хэрэгт авагдаагүй байдаг. Манайх 533 000 000 төгрөгийн шатахуун өгсөн гэхдээ илүү нийлүүлсэн 133 000 000 төгрөг дээр талуудын хооронд маргаангүй байгаа.

Мөн 133 000 000 төгрөг дээр алданги тооцоогүй, гэрээний үлдэгдэл 400 000 000 төгрөгийн төлбөртэй. Хариуцагч тал нь төлбөрийн үнийн дүн болон алдангийн үнийн дүнтэй маргаагүй учраас үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 2 шаардлагыг бүрэн дэмжиж байна, бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.   

   Хариуцагч “НУ ” ХХК-ий төлөөлөгч  анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ”ЦНӨ ”  ХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ компани нь “Таван толгой” ХК-тай 2016 онд хийх нүүрсний гэрээтэй. “ЦНӨ ” ХХК-ийн захирал Т , “РГ  ” ХХК-ийн захирал Ц.Л  нар нь өөрсдийн бизнесийг явуулахын тулд манай компанийн нэр дээр “МУ ” ХХК-тай 80/16 тоот гэрээ хийлгэсэн.

“РГ  ” ХХК нь тухайн үед “МУ ” ХХК-тай гэрээ хийж болохгүй байна. Танай компанийг бид асуудалд оруулахгүй, гэрээний учрыг асуух хэрэггүй, бизнесийн нууц учир гэрээ хийчих гэж гуйсны үндсэн дээр манай компани “МУ ” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг хийсэн.

Уг гэрээг дагалдуулж 81/16 тоот барьцааны гэрээг хийсэн. Уг барьцааны гэрээнд “РГ  ” ХХК-ийн өмчийн 1124 мкв талбай бүхий орон сууцыг барьцаалсан.  “МУ ” ХХК нотариатаар батлуулах ёстой гэсэн  шаардлага тавихад  нотариат барьцаа хөрөнгийн эзэн нь байхгүй бол батлах боломжгүй гээд Ц.Л  өөрөө ирж гарын үсэг зурж байсан.

 Манай компанийн хувьд нэг литр ч шатахуун авч хэрэглээгүй. Зээлээр авсан шатахууныг “РГ  ” ХХК болон “ЦНӨ ” ХХК хамтран гаргасан нүүрсний үнэд “Таван толгой” ХХК-ийн хөрсний компаниудад нийлүүлсэн. Мөн шатахууны үнийг  “Таван толгой” ХК-тай “ЦНӨ ” ХХК-ийн нүүрсний үнэд суутган тооцох гэрээ байгуулсан болно.

“МУ ” ХХК-аас авсан шатахууныг манай компани өөр бизнест зарцуулаагүй тул “РГ  ” ХХК-ийг гуравдагч этгээдээр татах нь эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. “МУ ” ХХК-аас 533 174 190 төгрөгийн шатахуун авсан.

 Шатахууны үнийн үлдэгдэл 400 000 000  төгрөг үлдэж байгаа нэхэмжлэгч тал алдангийг үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй гээд 200 000 000 төгрөгийг нэхэмжлээд нийт нэхэмжлэлийн үнийн дүн 600 000 000 төгрөг болсон нь үнэн.

Манай компанийн зүгээс 600 000 000 төгрөгийг төлж чадахгүй, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “РГ  ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өмнөговь аймагт бүртгэлтэй “НУ ” ХХК нь анх нүүрс тээвэрлэлтийн хүнд даацын /60-80 тн/ 82 /наян хоёр/ тоо ширхэг бүхий бүрэн ажиллагаатай тээврийн автомашинтай гэж хуурч залилан итгүүлж, улмаар тухайн үед “ЦНӨ ” ХХК-тай тохиролцсоныхоо дагуу орон нутгийн өмчит “Таван толгой” ХХК-аас нүүрс худалдан авч тээвэрлэн борлуулахаар 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан НГ/2016/057 тоот гэрээг үндэслэн хөрөнгө оруулалт хийлгэж нийт 235 000 000 /хоёр зуун гучин таван сая/ төгрөг “ЦНӨ ” ХХК-аар дамжуулан авсан.

 Бидний зүгээс дээрх компаниудын хоорондын хэлцэлд ямар нэгэн байдлаар шууд оролцоогүй бөгөөд харин тэдний хүсэлтийн дагуу ашиг хуваарилан авах, хөрөнгө оруулалтаа нөхөн авна гэсэн итгэл үнэмшлээр мөнгө оруулж хохирсон болно.

“МУ ” ХХК-тай компанитай “НУ ” ХХК-ийн байгуулсан гэрээг гуйж байгуулсан мэтээр ямар ч баримтгүй худал тайлбарлаж манай компанийг гуравдагч этгээдээр татуулсан байх ба баталгаа болгож ХУД-ийн 11-р хороо, Зайсан гудамж 66/2 тоот үл хөдлөх хөрөнгийг /давхар барьцаанд байсан/ өөрсдөө залилж итгүүлэн барьцаанд тавиулсан нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох тул бид дээрх байдлаар шалгуулахаар болсон.

 Иймд “МУ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “НУ ” ХХК-д холбогдох иргэний хэрэгт “РГ  ” ХХК /захирал Ц.Л /-ийг гуравдагч этгээдээр татсан нь үндэслэлгүй бөгөөд барьцаа хөрөнгөөр манайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нэхэмжлэлийн нэмэлт шаардлага нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.3-т зааснаар “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор” хууран уг хэлцлээс манай компанид ямар нэгэн төлбөр 1 -т зааснаар ашиг хуваарилна гэсэн тохиролцож бэлэн мөнгөөр 235 000 000 төгрөг, барьцаа хөрөнгө ХУД-ийн 11-р хороо, Зайсан гудамж 66/2 тоот үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 59-р зүйлийн 59.1-д зааснаар “НУ ” ХХК нь “РГ  ” ХХК /захирал Ц.Л /-ийг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж эс зөвшөөрч байна.

  Иргэний хуулийн 29-р зүйлийн 29.5-д зааснаар” Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх эрхгүй тул анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцохгүй, биднийг байлцуулалгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

        Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 143/ШШ2019/00092 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 153 дугаар зүйлийн 153.1, 156 зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар ”НУ ” ХХК-аас 600 000 000 төгрөг гаргуулан “МУ ” ХХК-д олгож, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Зайсан гудамж 66/2 тоот хаягт байрлах 1124 м2 талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар   “МУ ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 229 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, “НУ ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 3 229 950 төгрөг гаргуулан “МУ ” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “РГ  ” ХХК-ийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “НУ ” ХХК нь “МУ ” ХХК-тай компанитай байгуулсан гэрээний дагуу 400 000 000 /дөрвөн зуун сая/ төгрөгийн үнэ бүхий түлш шатахуун авч өөрсдөө зарцуулчхаад төлбөрийн баталгаа болгож манай компанийн өмчлөлийн ХУД-ийн 11 - р хороо, Зайсан гудамж 66/2 тоот үл хөдлөх хөрөнгийг давхар банкны барьцаанд байгаа гэж залилж итгүүлэн барьцаанд тавиулсан нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж гомдолтой байгаа болно.

          Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “РГ  ”ХХК-ны өмчлөлийн УБ хот, ХУД-ийн 11 -р хороо, Зайсан гудамж 66/2 тоот хаягт байрлах 1124 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 29-р зүйлийн 29.5-д зааснаар “Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй.” гэсэн заалтыг шууд зөрчсөн үндэслэлээр гуравдагч этгээдийн эд хөрөнгөд үүрэг ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай уулийн 29-р зүйлийн 29.4-т заасан эрхийн дагуу гаргасан энэ хэрэгт “ЦНӨ ” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан хуулийн 179.1.1-д зааснаар 192900109 тоот эрүүгийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг” нээгдэн шалгагдаж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “РГ  ”ХХК-ны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд үүрэг ногдуулсан хэсэг нь шинээр илэрсэн нөхцөл байдал болох, 65.1.8-д заасан үндэслэл нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд үүссэн эсэхийг магадлан шийдвэрлүүлэх, 63.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тушаасан тэмдэгтийн хураамж нь хуулийн дагуу байх боловч мөн хуулийн 58-р зүйлийн 58.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх /нэмэгдүүлэх/ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байгааг тус тус магадлан шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж чадаагүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч “МУ ” ХХК нь  “НУ ” ХХК-д холбогдуулан,  худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу үнэ 400 000 000, барааны үнэ төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн алдангид 200 000 000 төгрөг, нийт 600 000 000  төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийг  барьцааны гэрээний зүйл болох  үл хөдлөх эд хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. /хэргийн 02, 63 дугаар хуудас/

Нэхэмжлэгч “МУ ” ХХК нь  нэхэмжлэлээ “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ”, “Барьцааны гэрээ”-нд үндэслэжээ.

Хариуцагч “НУ ” ХХК нь худалдах худалдан авах 80/16 тоот гэрээний үүрэг, алдангид нийт 600 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба харин энэ үүргээ барьцаа хөрөнгөөр хангуулж өгөхийг хүссэн байна. /хэргийн 151 дүгээр тал/

“НУ ” ХХК-ий хүсэлтээр 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүгчийн 143/ШЗ2018/01465 дугаар захирамжаар “РГ  ” ХХК, захирал Ц.Л ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан. /хэргийн 52, 55 дугаар хуудас/

“РГ  ” ХХК-ий захирал Ц.Л  нь өөрийгөө төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг Б.Батбаярт 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэлээр олгосон байна. /хэргийн 145 дугаар хуудас/.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан анхны шаардлагын талаар:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ч гэрээгээ хэрхэн нэрлэхээс үл хамааран талуудын хүсэл зориг нь гэрээний зорилго, гол нөхцөл, агуулгад хэрхэн илэрхийлэгдэж буйгаар гэрээний үндсэн шинж тодорхойлогдож энэ нь хуулийг зөв хэрэглэж, маргааныг шийдвэрлэх эрх зүйн үндэс болно.

Анхан шатны шүүхийн талуудын хооронд газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авахтай холбоотой гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, 80/16 тоот гэрээ нь хүчин төгөлдөр талаар хийсэн дүгнэлт хуульд нийцсэн боловч гэрээг буруу тайлбарласнаас зохигчдын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааны төрлийг буруу тодорхойлжээ.

“МУ ” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг өөрийн Шатахуун түгээх станцаас 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл хугацаанд 440 000 000 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр нийлүүлэх, “НУ ” ХХК нь зээлээр худалдан авсан барааны төлбөр тооцоог гэрээнд заасан журмын дагуу төлөх үүрэг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасаар хүсэл зоригоо илэрхийлж баримт үйлдэж түүнийгээ “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ” гэж нэрлэн, эрх бүхий этгээдүүд гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тамгаа дарж баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /хэргийн 08-10 дугаар хуудас/

Талууд “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-гээр газрын тосны бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ, нэг бүрийн үнэ зэргийг тодорхойлоогүй боловч гэрээний ерөнхий зүйлд газрын тосны бүтээгдэхүүнийг бараа гэнэ,  5.1-т барааны үнэ нь ямар ч тохиолдолд 440000000 /дөрвөн зуун дөчин сая/ төгрөгөөс хэтрэхгүй гэж заасан байх тул гэрээний үнийг тохирсон гэж үзнэ. Энэ талаар талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3, 263.2.4-т заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний хүүгийн хэмжээ, үнэ тодорхойлох журмын агуулгаас үзвэл, хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний үнэ нь мөн хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний үнээс нэмэгдсэн байх шинжийг илэрхийлж байх ба энэ нь  уг хоёр гэрээний ялгагдах шинж болж байна. 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, заалтаас барааг худалдан авсан даруй төлөх үнээс тодорхой хугацааны дараа, хэсэгчлэн төлөх үнэ нь нэмэгдсэн гэх байдал харагдахгүй, энэ талаар талууд мэтгэлцээгүй, хүү төлөх талаар тохиролцоогүй тул уг гэрээ нь Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлд заасан “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний шинжийг агуулаагүй байна.

Харин гэрээний гол нөхцөл нь бэлтгэн нийлүүлэх замаар худалдах, худалдан авах гэрээний шинжийг тодорхойлж байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэв.

Гэрээний дагуу худалдагч нь газрын тосны бүтээгдэхүүнийг “НУ ” ХХК-д хүлээлгэж өгч үүргээ зохих ёсоор биелүүлсэн, худалдан авагч нь 80/16 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу тухайн сард худалдан авсан барааны тооцоог дараа сарын 5-ны өдөр тооцоо нийлж, акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор худалдагч талын  ХААН банк дахь харилцах дансанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, нийт 533 177 190 төгрөгийн төлбөр төлөх хугацаа хэтэрсэн үүрэгтэй байснаас 2017 оны 1, 2, 5 дугаар сард нийт 133174190 төгрөгийг төлсөн, одоо 400 000 000 төгрөгийг төлөөгүй нь тооцоо нийлсэн акт, төлбөр барагдуулахыг шаардсан албан бичиг, бараа хүлээн авсан бүртгэлийн карт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

Энэ нь хариуцагчийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болж нэхэмжлэгчид алданги нэхэмжлэх шаардах эрхийг үүсгэсэн.

Гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардсан  үүргээ 2017 оны 5 дугаар сараас хойш тооцсон гэснийг  хариуцагч үгүйсгээгүй.

Хариуцагч буюу худалдан авагчаас хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээнд зааснаар нэхэмжлэгч буюу худалдагчид төлөх алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрсэн тул 50%-иар тооцож 200 000 000 төгрөгийн алданги нэхэмжилсэн гэх мөнгөн дүнгийн хэмжээтэй хариуцагч маргаагүй тул шүүх шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах диспозитив зарчим болон Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг болон  232 дугаар зүйлийн 232.1 дахь хэсэгт хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. 232.4 дэх хэсэгт анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тодорхойлсонтой нийцсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт  анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор заасан боловч ийм нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, зохигчид энэ асуудлаар маргаагүй байна. 

Харин шүүх алданги төлүүлэх үүргийг хариуцагчид хүлээлгэхдээ холбогдох хуулийн хэм хэмжээг  баримтлаагүй нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Иймд   эрх зүйн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг  өөрчилж,  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт  заасныг баримтлан хууль хэрэглээний өөрчлөлтийг шийдвэрт оруулахаар шийдвэрлэлээ.

Нэмэгдүүлсэн шаардлагын талаар:

Барьцааны үүрэг нь үндсэн үүрэг биш, үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах арга тул иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагчийн төлөөлөгчөөс ирүүлсэн тайлбарыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй.

Нэхэмжлэгч нь барьцааны 81/16 тоот гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн. /хэргийн 63 дугаар хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй. Энэ нь анхны гаргасан шаардлага дээр нэмж шаардлага гаргах, эсхүл нэхэмжлэлийн үнийн дүнг ихэсгэх агуулгаар илэрнэ. 

Нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлж буй нь хариуцагчид хандаж 2 төрлийн шаардлага гаргасан гэж үзэхээр бөгөөд шүүх шаардлагыг тодруулаагүй боловч, мөнгө гаргуулах үүргийг хариуцагч биелүүлээгүй тохиолдолд барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн барьцааны эрхийн зохицуулалттай нийцсэн хэдий ч уг барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад эрх зүйн дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох бөгөөд энэ тохиолдолд эд хөрөнгөө бусдын үүрэгт барьцаалуулахыг өмчлөгч өөрөө зөвшөөрсөн  байх нь өмчлөгчийн эрхийг хамгаалах хуулийн зохицуулалтад нийцнэ.

 “МУ ” ХХК, “НУ ” ХХК-ий хооронд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 81/16 тоот барьцааны гэрээ байгуулж, худалдах худалдан авах 80/16 тоот гэрээний үүрэгт “РГ  ” ХХК-ний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хэргийн 11-13 дугаар хуудас/ 

Барьцааны гэрээний 3, барьцааны хөрөнгийн мэдээлэл гэсэн хэсэгт 1124м2  талбайтай орон сууц, өмчлөгч “РГ  ”, улсын бүртгэлийн Y-2206029294 дүгээрт бүртгэгдсэн, 000450734 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг, 11-р хороо, Зайсан гудамж, 66/02 тоот хаягт байрлах, аялал жуулчлалын зориулалттай 80%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө гэж бичигдсэн ба гэрээний төгсгөл хэсэгт Ц.Л  гарын үсгээ зурсан байна

 “РГ  ” ХХК-иас “М ” ХХК-д хүргүүлж байсан “манай компаний .... эд хөрөнгийг танай компанид барьцаалан “ХЗ  ” ХХК нь 1 500 000 000 төгрөгийн нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, энэ гэрээний үлдэгдэл мөнгөн дүн буюу 440 000 000 төгрөгийн үнийн дүнтэй түлшийг “НУ ” ХХК-д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 80/16 дугаартай албан бичиг хэргийн 18 дугаар хуудсанд байна.

 Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулахаас гадна заавал бүртгэлийн газарт бүртгүүлсэн байхыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэг, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэг,  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны хууль/ 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт тусгайлан заажээ.

 Ийнхүү улсын бүртгэлд бүртгүүлж, гэрээнд тавигдах хэлбэрийн шаардлага хангаснаар Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 166.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан барьцааны эрх нь үүснэ.

“НУ ” ХХК-ий үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой хийгдсэн барьцааны гэрээний зүйл нь “ХЗ  ” ХХК-ий үүргийн гүйцэтгэлийг хангахаар манай компаний барьцаанд бүртгэгдсэн тул 81/16 тоот барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар нь барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх дээрх хуулиудын болон гэрээний 8-д заасан “Нэмэлт нөхцөл: Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн, үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэсэн шаардлагатай нийцэхгүй тул, тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Барьцааны гэрээнд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаас гадна Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэдээллийг заавал тусгах ёстой. Гэрээнд энэ хуулийн 11.1.3-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн байршлын талаарх мэдээллийг тусгасан боловч тухайн зүйл барьцаалуулагчийн өмч мөн болохыг нотлох баримт, мөн зүйлийн 11.1.2-т заасан үүрэг нь өөр гэрээнд үндэслэсэн бол уг гэрээний талууд, гэрээг байгуулсан он,сар, өдөр, түүнтэй холбоотой бусад нөхцөл зэргийг гэрээнд тусгаагүй байна.

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалах эрхтэй боловч маргаж буй барьцааны гэрээний зүйл нь “ХЗ  ” ХХК-ий үүргийг хангуулахаар нэхэмжлэгч “МУ ” ХХК-д барьцаалагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, барьцааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг тодорхойлох улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй байна.

Талууд нь хуулийн этгээд тул Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нь хуулийн этгээд бол барьцаагаар хангагдах үүргийг хуульд заасан журмын дагуу нягтлан бодох бүртгэлд тусгах үүрэгтэй боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймээс 81/16 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэг,  56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар  хүчин төгөлдөр бус байна.

Барьцааны гэрээ хуульд зааснаар хүчин төгөлдөр бус тул  барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгчийн  шаардлагыг хангах боломжгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон “РГ  ” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “НУ ” ХХК нь манай компанийг гуйж гэрээ байгуулсан мэтээр худлаа тайлбар гаргасан, нэхэмжлэлийн нэмэлт шаардлага нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор мэхэлж хийсэн хэлцэл, манай үл хөдлөх хөрөнгийг өөрсдөө залилан итгүүлэн барьцаанд тавиулсан, энэ үйлдэл гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох тул шалгуулах болсон гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн ба барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан./хэргийн 159-161 дүгээр хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан зохигч гэдэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хамаарахгүй ч мөн хуулийн 29 дүгээр зүйлийн  29.4 дэх хэсэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасны дагуу тэрээр давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “РГ  ” ХХК, түүний захирал Ц.Л  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны талаар үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлож чадаагүй байна.

Гэвч талуудын маргасан эсэхээс үл шалтгаалан гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт өгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага, маргааныг шийдвэрлэх эрх зүйн үндэслэл болно.

Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргийн дагуу залруулж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн “гуравдагч этгээдийн эд хөрөнгөд үүрэг ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах” давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс мөн  хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 143/ШШ2019/00092 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний  хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “НУ ” ХХК-иас 600 000 000 төгрөг гаргуулан “МУ ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тул нэхэмжлэлээс 81/16 тоот барьцааны гэрээний зүйл  болох аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “...3 229 950 төгрөг гаргуулан” гэснийг “...3 159 750 төгрөг гаргуулан” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “РГ  ” ХХК-иас давж  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 229 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                ШҮҮГЧИД                                         Х.БАЙГАЛМАА

                                                                    Х.ГЭРЭЛМАА