Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2018/02657

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2018/02657

Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: У ХХК/РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  П Б/-д холбогдох

 

3,780,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэд, хариуцагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Найданжав нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК болон П.Б нарын хооронд автомашин санхүүгийн түрээсийн ТТ16-051 тоот гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр түрээслэгч нь 15-23 УНС улсын дугаартай Хюндай Элентра автомашиныг таксины зориулалтаар эзэмшиж, ашиглаж, гэрээнд заагдсан түрээсийн төлбөрийг төлж, түрээслэгч нь гэрээнд заагдсан төлбөрийг бүрэн дуусгаж гэрээний зүйлийг түүний өмчид шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Автомашиныг бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгч талууд 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр акт үйлдсэн байдаг. Гэтэл хариуцагч П.Б нь түрээсийн гэрээний төлбөр төлөх нэмэлт хугацааг тогтоосон боловч үүргээ биелүүгээгүйгээс 29 хоногийн 725.000 төгрөгийн өртэй болсон тул нэхэмжлэгчийн зүгээс автомашины санхүүгийн түрээсийн гэрээний 13.2.9 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчийг байлцуулан автомашин хүлээлцэх акт үйлдэн, автомашиныг түр саатуулан үзлэг оношлогоонд оруулж, холбогдох засвар үйлчилгээг “Монгол хюндай автомотив” компаниар хийлгүүлсэн. Эвдэрсэн сэлбэгүүдээ шинээр сэлбэгээр сольж тавьсан.

Жил бүрийн 1-р сард “Монгол хюндай автомотив” компанийн үзлэг оношилгоонд ордог. Түрээслэгч нь зам тээврийн зөрчил гаргаж 12.500 төгрөгийн торгуулийн өртэй болсон. Нэхэмжлэлийн шаардлагад нийт засвар үйлчилгээний зардалд 2.818.820 төгрөг, түрээсийн гэрээний төлөгдөөгүй төлбөр болох 725.000 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 12.500 төгрөг, бусад авлагад 724.400 төгрөг гээд нийт 3.780.720 төгрөгийг хариуцагч П.Бгаас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Машиныг анх надад өгөхдөө улсын үзлэгт тэнцээгүй машин өгсөн. Би тэгээд засаж авсан. Машиныг буцааж хүлээлгэн өгөхдөө бүгдийг нь засчихсан машин хүлээлгэж өгөөд эд нар унаад явсан. Тэр машин өнөөдрийг хүртэл нэхэмжлэлд дурьдагдсан засварууд нь засагдаагүй явж байгаа. Энэ машин 160.000 км-ын гүйлттэй. Тэгэхэд би урьд нь 2011 онд 0 км-тай машин аваад 146.000 км яваад 26.500.000 төгрөг өгч хувьдаа авсан. Тэгтэл энэ машин одоог хүртэл 160.000 км явсан мөртлөө дахиад 17.000.000 төгрөгийн өртэй гарч ирээд байгаа. Дээрээс нь давхар 3-4 жолооч солигдсон. “Монгол хюндай автомотив” компанид оруулж засварын өртэй гэж гаргадаг. Энэ машин хийх ёстой мөнгөө хийгээд, засвар үйлчилгээгээ хийлгэсэн гэж бодож байна. Миний төлсөн 7,000,000 төгрөг болон урд өмнөх жолооч нарын төлсөн мөнгө нийлээд төлбөр нь гүйцсэн гэж бодож байна. Жилд нэг удаа “Монгол хюндай киа автомотив” компанийн засварын яаман дээр гаргаж байгаад үзлэг оношлогоо хийдэг.

Энэ машиныг 10  дугаар сард хүлээж авсан. Бүх юмыг шинээр сольсон машин гэдэг. Хүлээж авснаас 2 сарын дотор амортизатор, рулийн аппарат эвдэрчихсэн гэдэг. Рулийн аппаратыг шинээр авахад 2-3 жил ажилладаг. Эвдэрсэн байсан бол машин явах боломжгүй. Амортизор ямар байгааг өвөл шалгаж мэдэхгүй. Эдний компанид энэ талаар үзлэг оношлогоо хийх багаж байхгүй. Тийм болохоор нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “УБТТС” ХХКомпани нь хариуцагч П.Бд холбогдуулан 3,780,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал нь ...автомашин түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр 1523 УНС улсын дугаартай автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, ашиглах, заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлсөн тохиолдолд өмчлөлд нь шилжүүлэхээр тохиролцсон. Түрээсийн төлбөрөө төлөөгүй тул үндсэн төлбөр, засвар үйлчилгээний болон бусад зард гаргуулна гэж, хариуцагч тал нь ...анх автомашиныг хүлээн авахад улсын үзлэгт тэнцээгүй автомашиныг хүлээн авсан, түрээсийн төлбөрт 7,000,000 төгрөгийг төлсөн, харин засвар үйлчилгээний зардлыг зөвшөөрөхгүй, эвдэрхий машиныг нь би өөрөө засаж үйлчилгээнд явуулж байсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тус тус тайлбар гарган маргадаг.

 

Зохигч буюу талуудын хооронд нэг талаас ...такси үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар бие байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө хүлээлгэн өгөх, түрээсийн төлбөр авах, гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлэх, нөгөө талаас ...гэрээний зүйлийг зориулалтын дагуу ашиглах, түрээсийн төлбөр төлөх, гэрээний хугацаа дуусахад өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах гэж харилцан тохиролцон 2016 оны 10 сарын 14-ний өдөр “Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ”-г байгуулж, 2017 оны 8 сарын 31-ний өдөр шинэчлэн байгуулсан байх бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзэхэд дээрх харилцааны нэг тал болох түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т “Хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон, эсхүл хөлслөгч 3 сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасны дагуу төлөгдөөгүй түрээсийн төлбөр болон хохирлыг шаардах эрхтэй болно.

 

Хэрэгт цугларсан 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн автомашин санхүүгийн түрээсийн гэрээ /хх 5-7/, санхүүгийн түрээсийн хуваарь /хх 8/, автомашин хүлээлцэх акт /хх 9/, “УБТТС” ХХК-ийн санхүүгийн программ шинэчилсэнтэй холбогдуулан жолооч нарын автомашины санхүүгийн түрээсийн гэрээг шинэчлэн байгуулах тухай акт /хх 10/, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн  автомашин санхүүгийн түрээсийн гэрээ /хх 11-13/, санхүүгийн түрээсийн төлбөр төлөлтийн хуваарь /хх 14/, автомашин хүлээлцэх акт /хх 15/, автомашины оношилгоо, үзлэгийн хуудас /хх 16/, харилцагчийн дэлгэрэнгүй өглөг авлагын тооцоо /хх 17/, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /хх 18/, түрээсийн автомашины үлдэгдэл төлбөрийн тодорхойлолт /хх 19/, түрээсийн төлбөрийн хуулга /хх 20/, зарлагын баримт /хх 21/, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /хх 22/, Улаанбаатар хотын банкны дансны хуулга /хх 23/, торгуулийн мэдээлэл /хх 24/, засвар үйлчилгээний нэхэмжлэх /х 25/, засвар үйлчилгээний хуудас /хх 26-28/, засвар үйлчилгээний хуудас /хх 29-33/, бараа материалын зарлагын баримт /хх 34-39/, баталгааны гэрээ /хх 42/, автомашины оношилгоо, үзлэгийн хуудас /хх 73-74/ зэрэг баримтуудаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолно гэдэг.

 

Нэхэмжлэгч У ХХКбуюу түрээслүүлэгч талаас автомашиныг хүлээлгэн өгсөн, хариуцагч Б.Бямбарагчаа буюу түрээслэгч талаас автомашиныг хүлээн авсан, улмаар такси үйлчилгээ эрхлэх, түрээсийн төлбөр төлөх, өмчлөлдөө шилжүүлэх, түрээсийн төлбөр төлөгдөөгүй бол гэрээ цуцлагдах үйл баримтын талаар талууд маргадаггүй ба хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол хэлэлцэн тохиролцоод амаар болон бичгээр байгуулж болно”, 313  дугаар зүйлийн 313.1-д “Хуульд өөрөө заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасанчлан санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулсан, хэлцэл хүчин төгөлдөр болно. 

 

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д “нэг тал үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэрээ дуусгавар болно” гэж заасны дагуу болон Санхүүгийн түрээсийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.2.9-д заасны дагуу автомашины санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж, 2017 оны 11 сарын 21-ний өдөр дуусгавар болгосон талаар талууд мөн маргадаггүй.

 

Хариуцагч талаас түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан нь үнэн, 29 хоногийн түрээсийн төлбөр 725,000 төгрөг нэхэмжилсэн асуудалд маргахгүй. Мөн миний машин барьж байх үед хамаарах торгуулийг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргадаг бөгөөд тухайн үйл баримтууд нь 2017 оны 11 сарын 02-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийн үлдэгдэл тооцоо, түрээсийн төлбөрийн хуулга, 12,000 төгрөгийн торгуулийн банкны баримт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогддог ба харин нэхэмжлэлийн шаардлагын засвар үйлчилгээний зардал, сэлбэгийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг.

 

Хариуцагч П.Б нь Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1, 289 дүгээр зүйлийн 289.1.4, 289.1.5-д зааснаар ...хөлслөгч эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх, гэрээ дуусгавар болгоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй гэж заасан байна.

 

Гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д “...автомашин болон нэмэлт тоноглолыг түрээслүүлэгчээс түрээслэгчийн эзэмшилд актаар шилжүүлэн өгнө, ...нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөлд автомашин, түүний нэмэлт тоноглолыг анх хүлээн авсан чанар /биет байдлын доголдолгүй болон эрхийн зөрчилгүй/-ээр түрээслүүлэгчид хүлээлгэн өгөх нь түрээслэгчийн үүрэг байна” гэж заажээ.

 

Гэрээнд тусгасан эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2-т “...гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заасан байх бөгөөд талуудын байгуулсан гэрээнд гэрээний зүйл болох автомашины чанарын талаар тохиролцоогүй байна.

 

Хариуцагч талын татгалзал болох эвдрэлтэй, доголдолтой автомашин анх хүлээлгэн өгсөн гэх тайлбар нь 2016 оны 10 сарын 14-ний өдрийн “...хойд гупер жижиг сэвтэй будаг халцарсан, урд гупер зураастай, баруун талын урд буландаа крыло талдаа сэвтэй” гэх тэмдэглэгээтэй автомашин хүлээлцсэн акт болон такси үйлчилгээнд явж түрээсийн төлбөр төлж байсан талаарх баримтаар үгүйсгэгдэж байх бөгөөд нэхэмжлэгч талын автомашиныг хүлээж аваад үзлэг оношилгоонд оруулахад эвдрэл гэмтэл гарсан байсан, түүнийг засварласан, шинэ сэлбэг авсан зардлаа нэхэмжилнэ гэх тайлбарын хувьд талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр гэрээний зүйлийн чанарын талаар болон ердийн элэгдлийн талаар хэлэлцэн тохиролцоогүй тул засвар үйлчилгээний зардлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Тодруулбал, Автомашин буцаан хүлээлцэх үед үйлдсэн 2017 оны 11 сарын 02-ны өдрийн актаас үзэхэд аль эвдрэл гэмтэл нь ердийн элэгдэлд хамаарах, аль нь ердийнхөөс илүүтэй муутгасан, тухайн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, зайлшгүй засварлах гэмтэл болохыг ялгаж заагласан зүйл байхгүй байх бөгөөд автомашины эвдрэл гэмтэл, түүнийг сэргээн засварлахтай холбоотой гарсан зардал гэх “УБТТС” ХХК-ийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн оношилгоо үзлэгийн хуудас, зарлагын баримт, “Монгол Хюндай Автомотив” ХХК-ийн оношилгоо, засвар үйлчилгээний хуудас, нэхэмжлэх, бараа материалын зарлагын баримт зэрэг нь хариуцагч П.Бд анх хүлээлгэн өгсөн автомашиныг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгасан гэдгийг шууд нотлохгүй бөгөөд түрээсийн гэрээний хугацаанд түрээслэгчийн буюу хариуцагчийн буруугаас учирсан эвдрэл, гэмтэл гэж дүгнэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д “Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь ...копут сэвтэй, урд гупер сэвтэй, багаж сэвтэй, хойд гупер сэвтэй, зүүн урд крыло сэвтэй, урд нүүр сэвтэй, урд шаврын хаалт байхгүй, урд их гэрэл хагарсан, толь хагарсан, явсан км 129228 гэх тэмдэглэгээтэй 2017 оны 11 сарын 02-ны өдрийн автомашин хүлээлгэн өгсөн акт, ...129235 юм явсан, хойд болон урд гарны ажиллагаа засах, солих, урд хойд амортизатор пүрш засах, солих, доод рулын аппарат засах солих гэх мэт тэмдэглэгээтэй 2017 оны 11 сарын 03-ны өдрийн автомашины оношлогоо, үзлэгийн хуудсаар нотлогдож байна. ...Хэвийн ажиллагаатай автомашин хүлээлгэж өгсөн, өөрсдөө унаад явсан, рулын аппарат эвдэрсэн бол машин явах боломжгүй гэх тайлбар үндэслэлтэй болно.

Харин нэхэмжлэгч талаас автомашин хүлээлгэн өгөх, хүлээн авах үеийн  тэмдэглэлд тусгагдсан эвдрэлээс толь хагарсан, урд их гэрэл хагарсан гэх эвдрэлийн хувьд Замын хөдөлгөөний дүрэм, журамд заасан хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд тавигдах шаардлагын дагуу ердийн элэгдлээс муутгасан гэж үзэж  хагарсан тольны хавтас 9,800 төгрөг, толь солих ажлын хөлс 4,000 төгрөг, урд их гэрэл буюу холын гэрлийн лампны үнэ 14,000 төгрөг, ламп солих ажлын хөлс 2,400 төгрөгийг /хх 27, 28/ түрээслэгч хариуцах нь зүйтэй ба бусад гэмтэл, засварын зардлын тухайд ердийн элэгдлээс илүүтэй муутгасан, эвдсэн гэмтээсэн хохирол гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  

 

Иймд “УБТТС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу түрээсийн төлбөр 725,000 төгрөг, торгуулийн төлбөр 12,000 төгрөг, сэлбэг засварын үнээс 30,200 төгрөгийг тус тус хангаж, үлдэх засвар үйлчилгээ, сэлбэгийн үнэ 3,013,520 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 288 дугаар зүйлийн 288.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Бгаас 767,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “УБТТС” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,013,520 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн нэхэмжлэгчийн 75,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 22,963 төрөгийг гаргуулж нэхэмжлэгч “УБТТС” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.АМИН-ЭРДЭНЭ