| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2018/04644/И |
| Дугаар | 001/ХТ2021/00394 |
| Огноо | 2021-04-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2021/00394
Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/02209 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1865 дугаар магадлалтай,
Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хүчит зам ХХК, Ө.Нямцэвээн, Д.Алдартөгс нарт холбогдох
Үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, нийт 245,966,902 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дагвадорж, Х.Тэмүүжин, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт: Хүчит зам ХХК нь 2017.05.23-ны өдөр Хас банк ХХК-тай 1160035156 дугаар зээлийн гэрээ, 1160035156-01 дугаар баталгаат ипотекийн гэрээ байгуулж 260,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, 365 хоногт 20,4 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан. Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ө.Нямцэвээн, М.Буянтөр нар, баталгаат ипотекийн гэрээнд барьцаалуулагч Д.Алдартөгсийг төлөөлж Ө.Нямцэвээн гарын үсэг зурсан. 2017.05.26-ны өдөр талууд харилцан тохиролцож зээлийн гэрээний 1160035156 тоот дансны дугаарыг 1160035212 тоот данс болгон өөрчилсөн. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн 1.1 дэх хэсэгтэй холбоотойгоор үндсэн гэрээний хавсралт 1 болох эргэн төлөлтийн хуваарийг энэхүү нэмэлт өөрчлөлтийн хавсралт 1-ийн дагуу өөрчилсөн. Хүчит зам ХХК нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралт 1-ийн дагуу зээлийн гэрээний 3.2.1-т заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй боловч 2018.05.09-ний өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж өнөөдрийг хүрсэн. Иймд 1160035156 дугаар зээлийн гэрээний 5.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн санаачлагаар гэрээг цуцалж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 1160035156 дугаар зээлийн гэрээний 1.9, 3.1.7, 3.2.1, 3.3.4, 5.1.1 дэх хэсгийг үндэслэн үндсэн зээл 199,764,951 төгрөг, зээлийн хүү 44,547,591 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,654,360 төгрөг, нийт 245,966,902 төгрөгийг хариуцагч Хүчит зам ХХК болон Ө.Нямцэвээн нараас гаргуулж өгнө үү, хариуцагч Ө.Нямцэвээн, хамтран өмчлөгч Д.Алдартөгс нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хүчит зам ХХК, Ө.Нямцэвээн нарын гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Хүчит зам ХХК нь Хас банк ХХК-тай 2017.05.23-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн. Бизнесийн үйл ажиллагааны багахан хүндрэл гарч, авлагатай байгууллага, хувь хүнээс төлбөр, мөнгөө авч чадахгүй хүчин зүйлийн улмаас сүүлийн 4 сарын зээлийн эргэн төлөлтөө хийж чадаагүй. Энэ тухай банкны зээлийн эдийн засагчид удаа дараа хэлж, удахгүй зээлийн хоцрогдлоо бүрэн төлж, графикийн дагуу хэвийн төлөлтөө хийх тухай өөрсдийн байр суурийг илэрхийлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, хариуцагч Хүчит зам ХХК, Ө.Нямцэвээн нар нь нэхэмжлэлийн шаардлагыг ямар хэмжээгээр хариуцах нь тодорхойгүй байна. Хариуцагч Хүчит зам ХХК, Ө.Нямцэвээн нарын хувьд М.Буянтөр оролцох үүрэгтэй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Хариуцагч Д.Алдартөгс болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 62.1.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шинжээ алдсан байна. Нэхэмжлэгч, түүний эрх бүхий албан тушаалтан нь Хүчит зам ХХК-ийг бизнесийн үйл ажиллагаа нь тогтворжсон, санхүүгийн сахилга бат сайтай, хариуцлагатай, зах зээлд байр сууриа олсон, цаашид Хас банк ХХК-ийн нэр хүндтэй харилцагч болох боломжтой гэж дүгнэсэн байдаг. Тухайн үед ийнхүү дүгнэж зээл олгосон мөртлөө нэхэмжлэгч зээлийн ашиглалтыг огт шалгаагүй, зээлдэгчийн үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлээгүй буюу зээлийн гэрээг цаашид хэвийн үргэлжлүүлэх нөхцөл боломжоор хангаагүй. Иймд Д.Алдартөгсийн эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хүчит зам ХХК нь хоёр ч удаа зээлийн төлбөрийг төлж эвлэрэх санал гаргасан байдаг учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлэхгүй үлдээж өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/02209 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Хүчит зам ХХК, Ө.Нямцэвээн нараас 237,773,552.97 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,193,349.3 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Хүчит зам ХХК, Ө.Нямцэвээн нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ө.Нямцэвээн, Д.Алдартөгс нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206031143 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, 25 дугаар байрны 18 тоот хаягт байрлах, 150 м.кв талбай бүхий 4 өрөө амрагчийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,616,073.33 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хүчит зам ХХК, Ө.Нямцэвээн нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 1,346,817.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1865 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/02209 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад 453.1 гэсний дараа 225 дугаар зүйлийн 225.1-д гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболдын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 101/Ш32019/02209 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1865 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хариуцагч Хүчит зам ХХК, иргэн Ө.Нямцэвээн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Хас банк ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 199,764,951 төгрөг, хүүнд 44,547,591 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,654,360 төгрөг буюу нийт 245, 966,902 төгрөг нэхэмжилснээс анхан шатны шүүх 237,773,552.97 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх энэхүү дүнд өөрчлөлт оруулаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх дүнг тооцон гаргахдаа алдаа гаргасан бөгөөд хариуцагч Хүчит зам ХХК нь хүүнд 37,012,322.12 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Иймд манай компаниас 1,044,843.49 төгрөгийг илүү гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг буруу хэрэглэсэн байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, үнийн дүнг зөвөөр тогтоон шийдвэрлэхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Хас банк ХХК, хариуцагч Хүчит зам ХХК, Ө.Нямцэвээн, Д.Алдартөгс нарт холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэлд 245,966,902 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан.
Анхан шатны шүүх хариуцагч Хүчит зам ХХК, Ө.Нямцэвээн нараас 237,773,552.97 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, 8,193,349.3 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ө.Нямцэвээн, Д.Алдартөгс нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ... шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хас банк ХХК болон Хүчит зам ХХК, Ө.Нямцэвээн, М.Буянтөр нарын хооронд 2017.05.23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 260,000,000 төгрөгийг 365 хоногийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаагаар зээлж, зээлдэгч нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт буцааж төлөх үүрэг хүлээж, мөнгийг авсан болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Хоёр шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд зээлдэгч нь үүргийн гүйцэтгэлд нийт 103,143,466 төгрөг төлсөн гэдэгт талууд маргаагүй, хариуцагч нь гэрээ цуцлах тохиолдол бий болсон эсэх талаар маргаж, үүргийн зөрчлийг арилган, зээлийн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэн байна.
Хариуцагч нь 2017.07.05-ны өдөр зээлийн хүүд 6,248,547.95 төгрөг төлж, үүнээс хойш сар бүрийн 05-ны өдөр зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байх ба уг үүргээ 2018.05.09-ний өдрөөс хойш биелүүлээгүй болох нь хариуцагч нарын тайлбар, гүйлгээ хийгдсэн дансны хуулга зэрэг баримтаар нотлогджээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээний 5.1.1-д зээлдэгч энэ гэрээ болон баталгаат ипотекийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд банк санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардахаар харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нарт 2018.09.05-ны өдөр зээлийн төлбөр шаардан, үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон мэдэгдлийг хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүйн улмаас 2018.10.10-ны өдрөөр гэрээг цуцалж, шүүхэд хандсан байна.
Хариуцагч Хүчит зам ХХК нь зээлийн үүргээ биелүүлэх тухай хариу мэдэгдсэн боловч хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд үүргийн зөрчлөө арилгах арга хэмжээ аваагүй байх тул хариуцагч Хүчит зам ХХК, Ө.Нямцэвээн нарыг гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн гэж үзэх боломжгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч нь хариуцагч Хүчит зам ХХК, Ө.Нямцэвээн нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, тэдгээрээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийг 237,773,552.97 төгрөгийн хэмжээнд хангасан хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ.
Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй, барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд хоёр шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ үүрэг зөрчсөнөөс үүсэх үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн заалтыг баримтлаагүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт оруулсан давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иймээс хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболдын хяналтын журмаар гаргасан ...манай компаниас 1,044,843.49 төгрөгийг илүү гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг буруу хэрэглэсэн гэсэн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1865 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 29,627 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН