Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2018/03581

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-05 тоотод байрлах, РД-2075377, Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, 33-05-31 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХЕ88020207, Гал овогт Галсанбаатарын Дэлгэржаргал,

хариуцагч-Баянгол  дүүрэг, 3-р хороо,  Нарны хороолол, 9-р байрны 16 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ХЕ79051311, Гал овогт Галсанбаатарын Мөнхбаяр нарт холбогдох,

95 438 325,91 төгрөгийг гаргуулах, уг үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун, хариуцагч Г.Дэлгэржаргалыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Г.Мөнхбаяр, хариуцагч нарын өмгөөлөгч З.Шүрэнчулуун/шүүхэд төлөөлөгч үнэмлэхийн дугаар 0095/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 95 438 325,91 төгрөгийг гаргуулах, уг үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардсныг шүүх хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Зээлдэгч Г.Мөнхбаяр, Г.Дэлгэржаргал нар нь 2014-08-22 өдөр зээлийн ЗГ2705100627, барьцааны БГ2705100627 тоот гэрээнүүдийг байгуулж, манай банкнаас орон сууц худалдан авах зориулалтаар, 81 000 000 төгрөгийг, жилд 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээлсэн.

Зээлдэгч Г.Мөнхбаяр, Г.Дэлгэржаргал нар нь үндсэн зээлийн төлбөрт 3 685 544,95 төгрөг, үндсэн хүүнд 24 501 134,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6453,68 төгрөг, нийт 28 193 132,85 төгрөгийг төлсөн.

Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийг хуваариар төлөх үүргээ 2016-06-10 өдрөөс хойш удаа дараа   зөрчиж,  хугацаанд биелүүлээгүй. Иймд банк гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл 77 314 455, 05 төгрөг, зээлийн хүү 18 071 341,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52 529,53 төгрөг, бүгд 95 438 325,91 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 Зээлийн гэрээний үүрэгт Баянгол дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамжны 9-р байрны 16 тоотод байрлах, Ү-2205055935 дугаарт бүртгэгдсэн,  79,85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг баргьцаалсан тул дээрх үүргийг барьцааны хөрөнгө болох   Баянгол дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамжны 9-р байрны 16 тоотод байрлах, 79,85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү? гэв.

 

Хариуцагч нар тайлбартаа: Голомт банкнаас 2014-08-22 өдөр 81 000 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлсэн нь үнэн. Зээл маань орон сууцны зориулалттай бөгөөд Г.Мөнхбаяр миний хувьд уг орон сууцыг 157 700 000 төгрөгөөр худалдаж авсан. Орон сууцны үнэийн 40 хувийг буюу 80-аад сая төгрөгийг урьдчилж төлж, Голомт банкнаас 81 000 000 төгрөгийг зээлж бусад төлбөрийг хийсэн юм.Г.Дэлгэржаргал нь миний дүү бөгөөд зээл олгоход орлого дутлаа гэсэн шалтгаанаар хамтран зээлдэгч болсон. Түүнээс тэр зээл авсан, орон сууц худалдаж авсан зүйлгүй тул би зээлийг хариуцах юм.

Зээлээ зарим үед хугацаандаа буюу сар бүрийн 22 өдөр цалин буухгүй, цалин 25 өдөр буудаг тул дутуу төлөөд, дараа нь гүйцээгээд явж байтал үүнийг зөрчилд тооцоод, Голомт банк сард 19 хувийн хүү рүү орлоо гэсэн. Ингээд мөргөөн үүссэн. Мөнгө төлөхөөр зөвхөн хүүд аваад, зээлд тооцдоггүй. Тэгээд шүүхээр явж асуудлаа шийдвэрлүүл гэсэн.  

Иймд зээл  77,3 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин үндсэн хүүгийн төлбөр гэх 18,0 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зээлийг 8 хувийн хүүтэй авсан атал Голомт банкнаас дахин гэрээг шинэчлэн хийлгүйгээр сар бүр 1 200 000 төгрөгөөр төлөхөөр болсон гэж зээлийн эдийн засагч төлөх графикийг гаргаж өгсөн нь сар бүр төлөх боломжгүй болгосон гэж үзэж байна.

Мөн миний биеийн байдлаас шалтгаалж, зээл төлөхөд доголдол гарч байсан ч үүргийнхээ дагуу Голомт банкны зохих ажилтанд тухай бүр нь мэдэгдэж байсан. Ийм үед  боломжоороо 4 сая, 2,5 сая, 2 сая гэх мэтээр дараа нь төлбөрөө төлж байсан нь үнэн. Голомт банк таны санхүүгийн асуудлыг уян хатан нөхцөлтэйгээр шийдвэрлэж өгнө гэсний дагуу тухайн банкийг сонгон үйлчлүүлсэн боловч 81,0 сая төгрөгийн зээл авч, нийтдээ 28,1 сая төгрөгийг төлөөд өнөөдөр 95,4 сая төгрөг нэхэмжилж байгаа нь шударга бус гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн эргэн төлөлтийн тооцоо, хүү тооцооллын хүснэгт, ипотекийн гэрээ,барьцаалбар, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, мэдэгдлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүгчийн захирамж, хүсэлт, өргөдөл зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

           ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Мөнхбаяр, Г.Дэлгэржаргал нартай  2014-08-22 өдөр зээлийн ЗГ2705100627, барьцааны БГ2705100627 тоот гэрээнүүдийг байгуулж,  хариуцагч нар  орон сууц худалдан авах зориулалтаар, 81 000 000 төгрөгийг, жилд 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээлсэн байна.

Зохигч  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан,  Баянгол дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамжны 9-р байрны 16 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205055935 дугаарт бүртгэгдсэн,  79,85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан  ипотекийн гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасны дагуу тус тус бичгээр байгуулж,барьцааны үүргийг  улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Зохигчийн байгуулсан дээрх гэрээнүүд хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

Зээлдэгч Г.Мөнхбаяр, Г.Дэлгэржаргал нар нь зээлийн гэрээний үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь болон хуваариар тогтоосон хугацаа хэтрүүлэн үндсэн зээлд 3 685 544,95 төгрөгийг, зээлийн хүүд 24 501 134,22 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 6453,68 төгрөгийг буюу нийт 28 193 132,85 төгрөгийг төлсөн талаар зохигч маргахгүй байна.

Зээлдэгч Г.Мөнхбаяр авсан   зээлээрээ  худалдан авсан орон сууцныхаа үнийн зарим хэсгийг  төлж, уг орон сууцны өмчлөгч   болсон байх бөгөөд тэрээр төсвийн байгууллага цалингаа  сар бүрийн 25 өдөр олгодог, зээлдэгч биеийн  эрүүл мэндийн байдал зэргээс шалтгаалан зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээр тохирсон сар бүрийн 22 өдөр үүргээ биелүүлэх  боломжгүй байдал үүсч,  хугацаа хоцрох  зөрчил гарч байсан болохыг хүлээн зөвшөөрч байна.

Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, хүү тохирсон  хуваариар төлөх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлээгүйгээс зохигчийн хооронд маргаан үүсч, зээлдүүлэгч нь зээл, зээлийн хүүг бүхэлд буцааж төлөхээр зээлдэгчээс 2017-10-04 өдөр шаардсан  мэдэгдлийг  хүргүүлжээ.

Энэ мэдэгдлээр зээлдүүлэгч нь зээлийн  гэрээг  гэрээний 4 дүгээр хэсгийн 4.4.1 дэх заалтаар цуцалж байгааг зээлдэгчид мэдэгдэж, гэрээний дагуу зээлдэгчийн биелүүлбэл зохих бүх үүргийг  шаардсан  байна.

Иймд хариуцагчаас  гэрээг цуцлах  хүртлэх зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгч   зээлийн хүүг хариуцагчаас шаардахдаа гэрээгээр тохирсон хэмжээгээр бус, тухайн банкны эргэлтийн хөрөнгийн зээлийн хүү болох жилийн 19,2 хувиар хүүг тооцсон нь үндэслэлгүй, ийм  хүүг   талууд тохирсон  гэж үзэх боломжгүй юм.

  Хариуцагч  2016-09-22 өдрөөс үүргийг хугацаа хэтрүүлсэн байх тул зээлийн гэрээний 2.6-д заасны дагуу зээлийн хүүг хугацаа хэтрүүлсэн сараас 20 хувиар нэмэгдүүлж төлөх үүрэгтэй.

 2016-08-22 өдөр зээлийн үлдэгдэл 77 778 614, 28 төгрөг,   2016-08-22 өдрөөс  2017-10-04 өдрийг  хүртэл 13 сар 29 хоногийн  хүүг  20 хувиар нэмэгдүүлж, сард төлөх  хүүг  0,79 хувиар  тооцоход 8 581 831, 9 төгрөгийг хариуцагч хүүд төлөх үүрэгтэй байна.

 Зээлийн гэрээний дагуу биелүүлбэл зохих  нийт үүрэг 86 360 436,18 төгрөгөөс 2016-08-22 өдрөөс хойшхи  хугацаанд зээлдэгчийн төлсөн 13 340 000 төгрөгийг  хасахад нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 73 020 436 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах эрхтэй байна.

Хариуцагч нар зээлийн гэрээний  үүргийг биелүүлэлгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул  Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгчид барьцааны хөрөнгийг  худалдахыг хариуцагчаас шаардах эрх үүссэн байна.

Иймд хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу  Баянгол дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамжны 9-р байрны 16 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205055935 дугаарт бүртгэгдсэн,  79,85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг  шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулах  эрхтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэхь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 705 341 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 593 252 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгох нь хуульд нийцнэ.