Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2019/ДШМ/852

 

 

 

 

 

 

2019          8           22                                        2019/ДШМ/852

                                                       

Ж.Эод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сансарсайхан,

шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Г.Ганбадрах,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 614 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрахын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Эод холбогдох 1908006500176 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            А овгийн Ж.Э, 1959 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн командлагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Станцын 1-24 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Ж.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 9 дүгээр байрны 2 дугаар орцны 88 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу төрсөн дүү Ж.Бг “архи нэхэж уулаа, тог тасалж, хогийн шүүрээр цохилоо “ гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан шүүрийн ишээр болон гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, цохиж, зодон бие махбодод нь чацархайн урагдал, язралт, хэвлийн хөндийд цус алдалт, нүүр, их бие, 2 мөчдөд олон тооны цус хуралт, зулгаралт, шарх бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Эод холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Алаач овгийн Жамбалдагвын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь заалтад заасан “хүнийг алах “ гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ж.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар арван хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эод оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын цагдан хоригдсон 51 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай, хугарсан үзүүр нь хумхигдсан нэг ширхэг шүүрийн ишийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, хоёр ширхэг компакт дискийг энэ хэргийг архивд хадгалах хугацаагаар хэрэгт нь хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Э нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ж.Эын хувийн байдлын тухайд, 60 настай, ам бүл 2, өндөр настай, хүнд өвчтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай эхийн хамт амьдардаг. Өөрийн эрүүл мэндийн хувьд дотор эрхтний өвчлөлийн улмаас яаралтай хагалгаанд орох шаардлагатай зэрэг эрүүл мэндийн хувьд зайлшгүй харгалзах шалтгаантай хүн юм. Хэрэгт холбогдон шалгагдах явцад хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр нь тогтоогдсон. Амьжиргааны хувьд доогуур орлоготой. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй. Амь нас хохирсон хүний төрсөн ах. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо хуулийн байгууллагад бичгээр илэрхийлсэн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж мөрдөгч, прокурор нарт тодорхой ажиллагаа хийлгүүлэх хүсэлтийг гаргаж байсан. Миний үйлчлүүлэгчийн зүгээс болсон үйл явдлын талаар мэдүүлснийг хуулийн дагуу нотлох үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах туршилтыг хийсэн байдаг. Учир нь, Ж.Э нь 168 см өндөртэй, 80 кг жинтэй. Хохирогч 165 см өндөртэй. Яллагдагч хохирогчийг орон дээр аваачиж унтуулах зорилготойгоор хоёр суганаас нь өргөсөн бөгөөд даалгүй давхралдаж унасан. Унах үед хэвлийн тус газар нь тохойлдсон тухайгаа хэлдэг. Тухайн үйл явдлын бодитой эсэхийг хууль зүйн дагуу туршилт явуулж бэхжүүлэхдээ дуу, дүрсний бичлэг хийлгүй, фото зураг хэлбэрээр бэхжүүлсэн байдаг. Мөрдөн шалгах туршилтыг дүрсний бичлэг хийж бэхжүүлээгүй, өмгөөлөгчийг оролцуулалгүй хийсэнд гомдолтой байгаагаа хэлэхэд хүлээж авалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаан даргалагчийн зүгээс шүүх хуралдаанд оролцсон ахлах зэргийн шинжээч Ц.Ганболдод хэрэгт авагдсан мөрдөн шалгах туршилт хийсэн талаарх фото зургийг үзүүлэн тулгаж асуун мэдүүлэг авсан. Уг мэдүүлгийг шийтгэх тогтоолын нэг үндэслэл болгосонд гомдолтой байна. Уг үйл явдал нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн гэхэд эргэлзээ төрүүлж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг бүрэн хэмжээгээр доройтуулсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийг онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг санаатай хохироосон гэж үзэн эрх зүйн байдлыг нь дордуулж ял халдаасныг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.

            ...Ж.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр болсон үйл явдлын талаар “Би дүүдээ одоо архи уухаа боль, хүмүүс уурлаж байна гэж хэлтэл “та ер нь яах гэж ирсэн юм яв “ гээд шүүрний ишээр намайг цохисон. Тэгэнгүүт нь би уурлаад “чи ер нь яах гэж ингэж байдаг юм “ гээд шүүрнийх нь ишээр өөрийг нь хэд хэдэн удаа цохисон. Би гал тогооноос хувцсаа аваад гарах гэтэл миний хөлөөс тэврээд “та битгий яв л даа “ гээд хөлөөс зүүгдээд би газар унасан. Би хөлөөрөө тийчилж өшиглөөд тавиулсан. ...өргөөд босгох санаатай шуунаас нь дээш өргөсөн. Гэтэл миний хөл хивсэнцэрт тээглэж, хөл алдаад дүүгийнхээ дээрээс нь давхралдаад унасан. Тэгэхэд дүү “хэнк “ гээд дуугарах шиг болсон. Би зүүн тийш нь эргүүлээд дор нь байсан нарийн хивсэнцэртэй нь чирээд унтлагын өрөө рүү оруулсан. Түүнээс хойш дахин хүрээгүй. ... “ гэж мэдүүлдэг.

            гэрч Н.Бямбадоржийн “...Би 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дуудлага өгснөөс хойш 20 орчим минутын дараа 103 ирээд нөгөө эмэгтэйг аваад явсан. Намайг дуудлагаар очиход Б нь согтуу байсан. Нүүрний дух хэсэгт хавагнасан бололтой байсан. ... “ /1хх 62-64/,

            гэрч М.Гунгаабуугийн “...2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дуудлагаар очиход, ...Б гэх настай эмэгтэй ер нь бол их согтуу, уруул ам нь хатсан, зүүн билүү баруун нүд хамар нь хавдсан байсан, биеийн бусад ил харагдах хэсэгт ямар нэгэн шарх сорви ажиглагдаагүй. 103-ын эмч хувцсыг сөхөж биед нь үзлэг хийсэн. ... “ /1хх 67/,

            гэрч П.Ганбаатарын “...Би 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад, ил харагдахаас баруун нүдний доод хэсэг, хамрын уулзвар хэсэг хавантай, хамраас цус гараад хатсан байсан тул гэмтэлтэй байж болзошгүй гэх шалтгаанаар Гэмтэлд хүргэж өгөөд явсан. ... “ /1хх 67/,

            гэрч О.Оюундарийн “...нас барсных нь өмнөх орой 20 цагийн орчимд намайг дэлгүүр гарах гэж байтал коридорт чимээ гараад “наад баас шээсээ цэвэрлээч, усанд орооч “ гээд чанга чанга хашхираад. ... “ /1хх 79-80/ гэх мэдүүлгүүд байдаг.

            2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр цагдаа, түргэн тусламж дуудлагаар очиж талийгаачид үйлчилгээ үзүүлсэн байдаг. Шүүх хуралдаанд тухайн үеийн бичлэгийг шинжлэн судалсан. Талийгаач пудволктай байсан ба бусад ил харагдах хэсэг гэж биеийн яг аль хэсэг ил харагдаж байсныг огт тодруулаагүй. 103-н эмч хувцас сөхөж үзсэн гэх ба биеийн аль хэсэгт үзлэг хийсэн нь тодорхойгүй байдаг. Гэмтэл тус бүрээр нь гэмтлийн зэрэг тогтоогоогүй талаар дурдаж, шүүх хуралдаанд мэтгэлцсэн байхад харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д гэмтэл тогтоохгүй талаарх харилцааг зохицуулсан байдаг. Биеийн нийт гадаргуугийн 1 хувиас дээш хамарсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. 27 тооны шарх, гэмтэл, цус хуралтуудын учирсан цаг хугацааг тус бүрд нь тогтоолгох, гэмтлийн зэрэгт хэдэн шарх, цус хуралт нь хамаарч байгааг тогтоолгох ажиллагаа огт хийгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Миний үйлчлүүлэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 30, 31-ний өдөр болсон үйл явдлуудын талаарх мэдүүлгийг гэрч О.Оюундарийн мэдүүлэг нотолж байхад шүүх уг мэдүүлгийг хэт яллах талыг барьж яллах үндэслэл болгосонд гомдолтой байна. Талийгаач 1 дүгээр сарын 31-ний өдөр нас барсан байх бөгөөд гэрч нас барсных нь өмнөх орой гэж 1 дүгээр сарын 30-ны өдөр болсон асуудлыг хэлсэн байдаг. Нарийвчлан тогтоогоогүй. ...2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр задлан шинжилгээ хийсэн байна. Гэрч нас барснаас 1 хоногийн өмнө гэж мэдүүлсэн нь 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөрт хамаарч байна гэж үзэн шийдвэрлэсэн гэж тайлбарласан нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа.

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээч Ц.Ганболдын шүүх хуралдаанд “...Шинэ гэмтлүүд нь 1 дүгээр сарын 30, 31-ний өдөр үүссэн байх боломжтой. ... “ /шийтгэх тогтоолын 4 дүгээр хуудас/,

            бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 501 дугаартай дүгнэлтэд “...Шинэ гэмтлүүд нь 1 дүгээр сарын 30, 31-ний өдөр үүссэн “ гэж үзсэн. Шархны өнгө, хэлбэр хэмжээ болон бусад эмнэл зүйн шинжээр нь гэмтэл учирсан хугацааг тодорхойлох боломжтой байдаг тул нэг хоног дотор, нэг хоногоос дээш гэж ялгаж дүгнэлт гаргасан. Шинжээч эмч М.Энбаярын “...хэвлийд нэг удаагийн хүчтэй цохих, дэвсэх, өшиглөх зэргээс чацархайн урагдал, язрал гэмтэл үүсгэгдэнэ хэвлий дэх цус бүлэгнээгүй байгаа зэргээс үзэхэд бага хугацаанд буюу 1-ээс 2 цагийн хугацаанд нас барсан байна. ... “ /1хх 83-85 , 86/, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 501 дугаартай шүүх эмнэлгийн шинжилгээ “...6-10 цагийн дотор цус алдан шоконд орж үхэлд хүргэнэ. ... “ гэх дүгнэлтүүдээс үзвэл нас барсан хугацааг нарийвчлан тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Учир нь, талийгаачийн хэвлийд үүссэн сул цус, чацархай, хэвлийн арьс, зөөлөн эдэд үүссэн цус хуралтуудаас эд эсийн шинжилгээ авч тусгай будгийн аргаар хугацааг нарийвчлан тогтоох, дахин шинжилгээ хийлгэх ёстой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Чацархайн урагдал, язрал гэмтэл нь цогцост хийсэн үзлэгээр тогтоосон нас барсан цагаас өмнө үүссэн байгааг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг хохирогчийн бие хамгаалах чадваргүй нөхцөл байдлыг мэдэж байсан гэж үзнэ гэж дүгнэн хүндрүүлж ял халдаасан. Тухайн нөхцөлд хохирогч хүчтэй согтуурсан байсан уу, өөрийгөө хамгаалах, хянах чадвартай байсан уу гэдгийг бүрэн тогтоох шаардлагатай байсан боловч тогтоогоогүй. Улсын Дээд Шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай тогтоолын 5.16-д тодорхой тайлбарласан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хохирогч “хүнд зэргийн согтолттой байсан нь бие хамгаалах чадваргүй байжээ “ гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, хүнд зэргийн согтолттой хүн биеэ авч явах чадвартай юу, түүнчлэн спирт задран цусанд шингэх процесс хүн бүрт харилцан адилгүй нөлөөлдөг тул зайлшгүй тогтоох ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл Хэргийн бодит байдлыг тогтоох, 16.2 дугаар зүйл Нотолбол зохих байдал, 16.14 дүгээр зүйл Нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульчлан заасан байна. Ж.Э нь төрсөн дүүгийнхээ амь насыг хохироох санаа зорилго байгаагүй, үйлдэл - хор уршгийн хоорондох шалтгаан холбоо тохиолдлын шинжтэй байгаа /давхралдаж унах үед амь насанд аюултай гэмтэл хохирогчид учирсан/. Талийгаачийг өргөсөн үйлдэл нь түүнийг гэмтээх боломжтой гэдгийг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүйгээр гэмтэл учруулсан байгаа нь субъектив талын болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж үзэх бүрэн үндэстэй юм. Гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдлийг нийгэмд аюултай, хор уршиг учирч болохыг мэдсэн, урьдчилан харсан боловч хор уршгийг учруулахгүй байж чадна гэж найдсан, өөрийн үйлдэл нь хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэх бололцоотой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэнийг гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн гэж үздэг. Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэнийг хайхрамжгүй хандсан гэнэ.

            Миний үйлчлүүлэгиийн хувьд цагаан сарын баярын өдөр тохиох гэж байсан тул талийгаачийн хүүхдүүдийн гуйлтаар гэрт нь очсон. Талийгаачийг усанд оруулж, архи ууж байгааг нь болиулах гэж очсон. Гэрийг нь цэвэрлүүлсэн байсан. 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр тог цахилгаан тасарсан байсан. Талийгаачийг газарт хэвтэж байхад нь орон дээр шилжүүлэн хэвтүүлэх сэдэлт, зорилготойгоор өргөсөн ба даалгүй давхралдаж унасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас шалтгаалан амь насанд аюултай гэмтэл учирсан байгааг анхаарч хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял халдаах боломжтой байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 614 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү. ... “ гэв.

            прокурор М.Сансарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 9 дүгээр байрны 2 дугаар орцны 88 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу төрсөн дүү Ж.Бг “архи нэхэж уулаа, тог тасалж, хогийн шүүрээр цохилоо “ гэх шалтгаанаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг цохиж, зодон бие махбодод нь олон тооны гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ... “ гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Ж.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 9 дүгээр байрны 2 дугаар орцны 88 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу төрсөн дүү Ж.Бг “архи нэхэж уулаа, тог тасалж, хогийн шүүрээр цохилоо “ гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан шүүрийн ишээр болон гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, цохиж, зодон бие махбодод нь чацархайн урагдал, язралт, хэвлийн хөндийд цус алдалт, нүүр, их бие, 2 мөчдөд олон тооны цус хуралт, зулгаралт, шарх бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болормаагийн “...Өглөө 6 цаг өнгөрч байхад манай төрсөн дүү Баярмаа яриад “ээж нас барсан байна “ гэж хэлсэн. Би Москва хороололд байх гэртээ ирэхэд ээжийн төрсөн ах Э, төрсөн дүү Ундрах-Эрдэнэ, Эрдэнэбаатар нар орцны гадаа зогсож байсан. Тэгээд яасан гээд асуухад Э ах “урьд шөнө ус уулгах гэхэд хамаг бие нь хөшөөд хөдлөхгүй байсан “ гэж хэлсэн. ...2019 оны 1 дүгээр сарын 27-ны орой гэртээ ирэхэд ээж архи уусан байсан бөгөөд биед нь ил харагдах гэмтэл, шарх байгаагүй, зүгээр байсан. ... “ /1хх 35-37, 218-219/,

шүүгдэгч Ж.Эын “...Талийгаачид би гар хүрэхдээ эхлээд гэрт нь орох үед төмөр барьсан намайг цохих зээд дайрсан, тэр үед би төмрийг нь булааж аваад хөл, бүсэлхий хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон, дараа нь миний хоёр хөлөөс зуураад байхаар нь цээжнээс доош хэсэг рүү нь өшиглөөд тавиулах гэсэн болов ч тавихгүй давхралдаад унасан. ... “ /1хх 168-170, 176-179, 2хх 84-86/,

гэрч Д.Баярмаагийн “...2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Э ах руу залгаад та ажлаасаа гарсан юм чинь ээжийг очоод хараад өгөөч гэсэн. Тэгтэл Э ах “та нар ээжийгээ харахгүй байна “ гэж бухимдаж байгаад харж өгөхөөр болсон. 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Э ах над руу залгаад “ах нь ээжийнд чинь ирсэн байна, санаа зоволтгүй “ гэж хэлсэн. Ингээд орой нь залгахад Э ах болон ээжийн утас холбогдохгүй байсан. ... “ /1хх 39-41/,

гэрч Ж.Эрдэнэбаатарын “...2019 оны 2 дугаар сарын 1-ний өглөө үүрийн 5 цагийн үед ... би ... хашааны хаалга тайлж өгөхөд Э ах нилээн сандарсан байдалтай байсан ба “эгчийн чинь бие сонин болчихлоо, сэрээх гэхэд сэрэхгүй байхаар нь айгаад хүрээд ирлээ “ гэж хэлсэн. Тэгээд Ундрах-Эрдэнэ ахыг сэрээгээд Москва хороололд ирээд Б эгчийн гэр рүү шууд орсон. Гэрт нь ороход тог тасарсан, гэрлийг нь асаах гэхэд асахгүй байхаар нь асаагуурын гэрэл тусгаад орсон. Гэрээс архины эхүүн үнэр үнэртэж байсан. ...Ундрах-Эрдэнэ ах очиж хараад “Б эгч нас барсан юм шиг байна, хамаг бие нь хөрсөн амьсгалахгүй байна “ гэж хэлсэн. ... “ /1хх 42-43/,

гэрч Ж.Ундрах-Эрдэнийн “...2019 оны 2 дугаар сарын 1-ний өглөө үүрээр 5 цагийн үед бид нарыг унтаж байхад Э ах “Б эгч чинь нас барсан юм шиг байна, би яахаа мэдэхгүй хүрээд ирлээ “ гээд нэлээн сандарсан байдалтай хүрч ирсэн. ...Талийгаач эгч маань шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан ба дээгүүр иь хөнжил нөмөргөсөн байсан. Тэгээд би очоод хөнжлийг нь сөхөж харахад нүүр ам нь хөхөрсөн, хамаг бие нь хүйтэн болоод хөхөрсөн байсан. ... “ /хх 44-45/,

гэрч Ж.Нэргүйн “...1 дүгээр сарын 30-ны өдөр ...цэвэрлэгээ хийгээд байж байтал Б эгчийн төрсөн ах Этой орцонд таарсан. Эоос “та энд юу хийж байгаа юм бэ, архи дарс уух нь уу “ гэхэд “үгүй архи уухгүй, та гэрт ороод гэр орон цэвэрлээд өгөөч “ гэж гуйгаад байхаар нь гэр лүү нь хамт ороход архины муухай үнэр үнэртэж байсан ба Б эгч ариун цэврийн өрөөний үүдэнд гадуур хувцастайгаа хэвтэж байсан. Зодуулж цохиулсан шинж байгаагүй, зүгээр байсан. Би “та орон дээр очиж хэвтэхгүй яасан юм бэ “ гэхэд “зүгээрээ, би ариун цэврийн өрөө орох гэж байна “ гэж хэлсэн. ... “ /1хх 57-59/,

гэрч Н.Бямбадоржийн “...Би 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр цагдаагийн ахлагч М.Гунгаабуугийн хамт ... 9 дүгээр байрны 2 дугаар орцны жижүүртэй уулзахад “манай орцны 2 давхрын 88 тоотод байнга архи уудаг эмэгтэй хүн байдаг “ гэхээр нь 88 тоот хаалгыг нүдэхэд согтуу эмэгтэй хаалга онгойлгоод ... хөнжлөө нөмрөөд хэвтсэн. ...Жижүүр надад хэлэхдээ “ах нь гэж нэг хүн байдаг, байнга архи нийлж уудаг “ гэсэн. Бид хоёрыг гэрт нь орох үед маш өмхий, архины эхүүн үнэр үнэртэж байсан. ...103 ирээд нөгөө эмэгтэйг аваад явсан. Намайг дуудлагаар очиход Б нь согтуу байсан. Нүүрний дух хэсэгт жаахан хавагнасан ... харагдаж байсан. Бусад хэсэгт ямар нэгэн шарх, сорви, гэмтэл, бэртэлгүй байсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа дахин дуудлагаар очих үед бие нь нил хөх эрээн болсон, маш их шарх сорвитой болсон байсан. ... “ /1хх 62-64/,

гэрч М.Гунгаабуугийн “...2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дуудлагаар ... 9 дүгээр байрны ... 88 тоот руу ороход орцоор дүүрэн өмхий үнэртэж байсан. Тухайн айлаас шээс, баас, архины эхүүн үнэр үнэртээд байсан. Б гэх настай эмэгтэй ... их согтуу, уруул ам нь хатсан, зүүн билүү баруун нүд хамар нь жаахан хавдсан байсан. Биеийн бусад ил харагдах хэсэгт ямар нэгэн шарх, сорви ажиглагдаагүй. 103-ын эмч хувцсыг сөхөж биед нь үзлэг хийсэн. Дараа нь 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн өглөө Бямбадорж бид хоёр нас барсан хүн байна гэх дуудлагаар очих үед ... хэргийн газар дээр ах дүү нар нь ирсэн байсан. ... “ /1хх 65-66/,

гэрч П.Ганбаатарын “...Би 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтсээс “88 тоотод ухаангүй согтуу ам, хамраас цус алдсан хүн байна “ гэх дуудлагын дагуу очиход уг тоотод, ам хамраас нь цус алдалтгүй, ил харагдахаас баруун нүдний доод хэсэг, хамрын уулзвар хэсэг хавантай, хамраас цус гараад хатсан байсан тул гэмтэлтэй байж болзошгүй гэх шалтгаанаар Гэмтэлд хүргэж өгөөд явсан. ...Тухайн үед хэвлийгээр ямар нэгэн шарх сорви ажиглагдаагүй. Б ямар нэг зовуурь хэлээгүй. ... “ /1хх 67/,

гэрч О.Оюундарийн “...Би талийгаачийг ганцаараа амьдардаг гэж бодож байсан. ...Нас барсных нь өмнөх орой 20 цагийн орчимд ... коридорт чимээ гараад шуугиад байхаар нь хаалганыхаа дотроос чагнахад нэг эрэгтэй хүний дуу гараад “наад баас, шээсээ цэвэрлээч, усанд орооч “ гээд чанга чанга хашхираад “пид, пад “ хийн цохих шиг чимээ гарсан чинь, эмээ цохиулж байгаа юм шиг ёолоод хашхирах чимээ гарсан. Тэгээд удалгүй би дэлгүүр лүү явах гээд гарахад ах нь бололтой эрэгтэй хүн коридорт гараад ирсэн надаас “миний дүү тогийг нь яаж залгадаг юм “ гээд асуухаар нь “ “70047004 “ гэсэн дугаар луу залгаад асуугаарай “ гэж хэлчхээд гарч явсан. Буцаж орж ирэхэд тэр ах коридорт байгаагүй. ... “ /1хх 68-69/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 447 дугаартай “...Ж.Бгийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр чацархайн урагдал, язралт, нүүр, их бие, мөчдөд олон тооны цус хуралт, зулгаралт, шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь ойролцоо цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Ж.Б нь чацархайн урагдал, язрал гэмтлийн улмаас хэвлийн хөндийд цус алдаж, цус алдалтын шокт орж нас баржээ. ...Талийгаач Ж.Б нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. ... “ /1хх 79-80/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 501 дугаартай “...Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 447 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. ... “ /2хх 58-61/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 435 дугаартай “...Ж.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ж.Э нь архины хамаарал бүхий эмгэгтэй гэх шинж тэмдэг үгүй байна. Ж.Э нь болсон хэргийн талаар асуултад үнэн зөв хариулах чадвартай байна. Ж.Эрдэнэцогг нь мэдуүлэг өгөх чадвартай байна. Ж.Э нь хэрэг хариуцах чадвартай байна. Ж.Эод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...” /1хх 100-101/ гэх дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1хх 16-19/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 20-26, 30-33/, дуу, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 202-203, 206/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно “ гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Шүүгдэгч Ж.Эын онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрахын “...Миний үйлчлүүлэгчийг онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг санаатай хохироосон гэж үзэн эрх зүйн байдлыг нь дордуулж ял халдаасныг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. ... 27 тооны шарх, гэмтэл, цус хуралтуудын учирсан цаг хугацааг тус бүрд нь тогтоолгох, гэмтлийн зэрэгт хэдэн шарх, цус хуралт нь хамаарч байгааг тогтоолгох ажиллагаа огт хийгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. ... Талийгаачийг газарт хэвтэж байхад нь орон дээр шилжүүлэн хэвтүүлэх сэдэлт, зорилготойгоор өргөсөн ба даалгүй давхралдаж унасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас шалтгаалан амь насанд аюултай гэмтэл учирсан байгааг анхаарч хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял халдаах боломжтой байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 614 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү. ... “ гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч Ж.Эын “...Талийгаачид би гар хүрэхдээ эхлээд гэрт нь орох үед төмөр барьсан намайг цохих зээд дайрсан. Тэр үед би төмрийг нь булааж аваад хөл, бүсэлхий хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. Дараа нь миний хоёр хөлөөс зуураад байхаар нь цээжнээс доош хэсэг рүү нь өшиглөөд тавиулах гэсэн болов ч тавихгүй давхралдаад унасан. ...”, гэрч О.Оюундарийн “коридорт чимээ гараад шуугиад байхаар нь хаалганыхаа дотроос чагнахад нэг эрэгтэй хүний дуу гараад “наад баас, шээсээ цэвэрлээч, усанд орооч “ гээд чанга чанга хашхираад “пид, пад “ хийн цохих шиг чимээ гарсан чинь, эмээ цохиулж байгаа юм шиг ёолоод хашхирах чимээ гарсан” гэх мэдүүлгүүд байх бөгөөд тухайн өдөр талийгаачийн төрсөн охин Д.Баярмаагийн “...Та ажлаасаа гарсан юм чинь ээжийг очоод хараад өгөөч. ...” гэж гуйсны дагуу дүүгийнхээ гэрт очсон боловч төмрөөр зодож, чацархайн урагдал язрал гэмтэл буюу гэмтлийн хүнд зэргийн гэмтэл үүсгэн амь насыг нь хохироосон үйлдлийг бусдын амь насыг хохирооход чиглэсэн болгоомжгүй үйлдэл хийж, уг хор уршигт хүргэсэн хэмээн дүгнэх боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн нөхцлийг тодорхойлон заажээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна “ гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага ногдуулсан нь хуульд нийцжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрахын гомдолд дурдсан үндэслэлээр буюу хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул “ял шийтгэлийг хөнгөрүүлэх “ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.Эын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 447, 501 дугаартай дүгнэлтүүд /1хх 79-80, 2хх 58-61/-ээр тогтоосон хохирогч Ж.Бд учирсан олон тооны гэмтэл зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ял тохирсон байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1062 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ