Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2019/ДШМ/856

 

 

 

 

 

 

2019          8           22                                        2019/ДШМ/856

                                                       

Т.Цт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хашбаатар,

шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 440 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Т.Цт холбогдох 1903003170210 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Т овгийн Т Ц, 1975 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, 53-8 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй ;

            Т.Ц нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 35 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2.27 хувийг согтолттой үедээ Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шувуун фабрикийн эцсийн буудалд байрлах дэлгүүрийн урд замд “Ниссан Вингроүд” загварын 33-67 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Гыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

            дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Т.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Түмэнгийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Түмэнгийн Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Цт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн Түмэнгийн Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №380001 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц нь хохирогч Д.Гад эмчилгээний зардалд 250.000 төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Г нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой гарсан зардал болон сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Т.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хэрэг гарсан цагаас эхлэн өөрийн гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Хохирогчид 250.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан ба цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байна. Мөн 2-оос 10 насны 5 нялх хүүхэдтэй, эхнэр хүүхдээ хардаг, би гэртээ ганцаараа ажил хийж, үр хүүхдээ тэжээж, гэр бүлээ авч явдаг. Аав маань хамар хашаанд амьдардаг, сахарын өвчтэй, уушигны астамтай, хэвтрийн шахуу байдаг. Би аавынхаа эм тариаг авах болон тусалж дэмждэг ганц хүн нь байгаа юм. Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэг давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид сайн дураараа учруулсан хохирол 250.000 төгрөгийг төлсөн.

            ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчлан заасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хуульчлаагүй байхад шүүх Т.Цт оногдуулсан торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ял дээр нэмж нэгтгэн хорих ял болгон хүндрүүлж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр боллоо. Иймд Т.Цт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгуулийн ялыг тусад нь хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ... 2 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан заалтыг хэрэглэх боломжтой, хуульд нийцнэ гэж үзэж байх тул Т.Цт оногдуулсан хорих ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            прокурор Ц.Хашбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримт дотор эцэг тогтоосон тухай шүүхийн 2016 оны шийдвэр байгаа. Уг шийдвэр нь Т.Цыг архины хамааралтай болсон, хүүхдүүдийн амьдрах орчинд аюултай нөхцөл байдал үүсгэж байгаа учраас эхэд нь асрамжийг тогтоолгох тухай байсан. Гэтэл энэ хүн 2019 онд дахин архи ууж, тухайн гэмт хэргийг үйлдсэн байгаа нь уг хүнийг архины хамааралтай болсныг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Т.Ц нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 35 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2.27 хувийг согтолттой үедээ Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шувуун фабрикийн эцсийн буудалд байрлах дэлгүүрийн урд замд “Ниссан Вингроүд” загварын 33-67 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Гыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Гын “...Хашааны буланд, тэр хавьд байдаг Саарлаа гэх хочтой залуу халамцуу зогсож байхаар нь би хажууд нь очоод тамхи асаах санаатай “гал байна уу” гээд асуусан чинь тэр залуу гал гаргах гээд дээлнийхээ энгэрийг ухаад зогсож байтал бид хоёрын баруун талаас гэнэт машин ямар нэгэн чимээ өгөлгүй шууд орж ирээд бид хоёрыг мөргөж унагаагаад цаашаа хашаа мөргөөд зогссон. Би машины зүүн талд нь унасан, харин Саарлаа машины урд хашаанд ороод унасан байсан. Би “юу болов” гээд хартал манай Шувууны хойд хэсэгт согтуу Баяраа хочтой Ц “Ниссан Вингроүд” загварын машин жолоодоод ганцаараа явж байсан. Тэгээд ухраад шууд зогссон. Би Цыг “бууж ирэх нь дээ” гэж бодтол зогсож байснаа хөдлөөд зугтаагаад явчихсан. ...” /хх 25-26/,

шүүгдэгч Т.Цын “...2019 оны 3 дугаар сарын 25-ны өглөө 8 цаг 15 минутын үед би 33-67 УНЛ улсын дугаартай машиныг жолоодоод эхнэр, хүүхдүүдийн хамт гэрээс гарсан. ...Би эхнэр, хүүхдүүдээ ажил, сургуульд нь хүргэж өгөөд гэрлүүгээ ... явж байхад Шувууны хуучин эцэст нэг хүн гараа өргөж байхаар нь ... аваад ... Шинэ эцсийн буудал руу ... хүргэж өгөхөд тэр хүн өврөөсөө 0.5 литрийн архи гаргаж ирээд ... миний машин дотор хувааж уусан. ...Архиа ууж дуусаад тэр хүнийг ... үлдээгээд би гэрлүүгээ харих гээд машинаа унаад явж байтал шинэ баригдаж байгаа эмнэлгийн хашааны буланд Ганбаа ах, Саарлаа хоёр тамхи татаад зогсож байсан. Тэр хоёроос тамхи авах санаатай тэр хоёр луу дөхөөд очтол машины голд байсан rap утас дуугараад утсаа авах гэж тонгойгоод буцаад хартал хашааны буланд зогсож байсан. Ганбаа ах Саарлаа хоёрыг мөргөөд хашаа мөргөөд зогссон. Тэгээд би ухраад согтуу байсан болохоор сандарсандаа зугтаасан. ...” /хх 65-66/,

гэрч Ц.Мөнхцэнгэлийн “...Би дэлгүүр дээрээ байхад урд талд хүчтэй чимээ гарсан. Би цонхоор харахад Ганбаа ах хөлөө жийгээд газарт барилгын хашааны өнцөг дээр сууж байсан. ...Саарал өнгийн комби машин дэлгүүрийн үүдээр өнгөрөөд явсан. ...Манай энд байдаг Баяраа гэх хүний машин байсан. ...” /хх 34-35/,

гэрч З.Цогоогийн “...2019 оны 3 дугаар сарын 25-ны өглөө ... 9 цаг 30 минутын үед Ц тал шил архи барьчихсан манайд халамцуу орж ирсэн ба сандарсан байдалтай “найз нь машинаараа Ганбаа ахыг мөргөчихлөө, сандарсандаа гэрийн хашаанд машинаа тавьчихлаа” гээд орж ирсэн. Тэгэхээр нь би “солиотой юм шиг зогсохгүй яагаад хаяад ирсэн юм бэ” гэсэн чинь “сандарсандаа шууд машинаа хашаанд оруулаад тавьчихлаа” гэж байсан. ...манайд орж ирэхдээ халамцуу архи үнэртэж байсан. ...” /хх 36/,

Иргэний хариуцагч Ё.Түмэнгийн “...33-67 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний хүү Т.Ц унадаг. Өглөө 7 цаг өнгөрч байхад Ц манайд орж ирээд хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгнө гээд машины түлхүүр ширээн дээрээс аваад гарсан. Би өөрөө түлхүүрээ өгсөн. ... Ц 10 цагийн үед машинаа жолоодож хашаанд оруулж тавиад өөрөө цаашаагаа гэр лүү гээ орж байгаа харагдсан. ...” /хх 30-31/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4012 дугаартай “...Д.Гын биед баруун шилбэний тахилзуур ясны далд зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.            Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх 47/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 170 дугаартай магадлагаа “Жолооч Т.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” /хх 52-53/ гэх дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх 5-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-4/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 10/, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагаа /хх 19/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Т.Цын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хуульд нийцжээ.

Шүүгдэгч Т.Цын “...Би хэрэг гарсан цагаас эхлэн өөрийн гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Хохирогчид 250.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан ба цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байна. Мөн 2-оос 10 насны 5 нялх хүүхэдтэй, эхнэр хүүхдээ хардаг, би гэртээ ганцаараа ажил хийж, үр хүүхдээ тэжээж, гэр бүлээ авч явдаг. Аав маань хамар хашаанд амьдардаг, сахарын өвчтэй, уушигны астамтай, хэвтрийн шахуу байдаг. Би аавынхаа эм тариаг авах болон тусалж дэмждэг ганц хүн нь байгаа юм. Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...”,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн “...Т.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. ...Хохирогчид сайн дураараа учруулсан хохирол 250.000 төгрөгийг төлсөн. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хуульчлаагүй байхад шүүх Т.Цт оногдуулсан торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ял дээр нэмж нэгтгэн хорих ял болгон хүндрүүлж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр боллоо. Иймд Т.Цт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгуулийн ялыг тусад нь хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ... 2 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан заалтыг хэрэглэх боломжтой, хуульд нийцнэ гэж үзэж байх тул Т.Цт оногдуулсан хорих ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гомдолд дурдсан үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн шүүх хуралдаанд Т.Цын хувийн байдалтай холбоотой шинээр гаргаж өгсөн нотлох баримтад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 754 дугаартай шүүхийн шийдвэрийг хавсаргажээ. Уг шүүхийн шийдвэрээр Т.Ц нь 2012 оноос эхлэн архины хамааралтай болсон тул түүний хүүхдүүдийг эхнэр Б.Пүрэвсүрэн асрамжид үлдээсэн нь түүнийг ар гэртээ хариуцлага үүрдэггүй болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахаар зохицуулжээ. Шүүгдэгч Т.Цын хувийн байдлын талаарх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад түүнийг ажил, хөдөлмөр эрхэлж цалин хөлс авдаг талаарх нотлох баримт байхгүй тул шүүхээс түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хорих ялд нэмж нэгтгэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэдийгээр хохирогч Д.Гад 250.000 төгрөгийн хохирлыг төлж, цаашид гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа боловч шүүгдэгч Т.Ц нь эрхэлсэн тодорхой ажилгүй, гэрч хохирогч нарын мэдүүлгээр архины хамааралтай, хохирогч Д.Гад учирсан хохирлын хор уршиг арилсан гэж үзэх баримт хавтас хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Т.Цын хувийн байдал /хх 70-83/, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4012 дугаартай дүгнэлт /хх 47/-ээр тогтоосон хохирогч Д.Гад учирсан “хүндэвтэр” гэмтлийн хор уршиг арилаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ял тохирсон байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 440 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ