Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2018/02537

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2018/02537

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: П.Ү-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Б.Ж-д холбогдох

11.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Ү, түүний өмгөөлөгч С.Э, хариуцагч Б.Ж, түүний өмгөөлөгч В.Г, Б.З, гэрч Б.Д, нарийн бичгийн даргад Э.Байгалмаа нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч П.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

П.Ү миний бие 2018 оны 3 дугаар сарын 22-нд Б.Жоос 44-85 УБА Hyundai Маркын 2400 тонны даацтай ачааны машин 25.000.000 төгрөгөөр худалдаж авсан.

Тухайн үед Б.Ж нь уг машинаа ажилд гаргахад бэлэн, ямарч эвдрэлгүй сайн машин байгаа юмаа, хэрэв эвдрэх юм бол эвдэрсэн засварыг хийж өгнө гэж хэлээд надад машинаа шилжүүлж өгсөн.

Гэвч машин авсан өдрөөс эхэлж эвдэрч ямарч ажил хийх нөхцөлгүй байдалд орсон. Тэгэхээр нь Б.Ж руу залгаж энэ машинд эвдрэл их байна засуулмаар байна гэж хэлэхэд засварын мөнгө хэд болж байна би шилжүүлье гээд рулийн түнтгэр хар аппарат солих мөнгө гээд 300.000 төгрөгийг манай нөхөр болох Б.Дөлгөөнбаярын дансруу 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш шилжүүлсэн. Гэтэл тэр рулийн түнтгэр хар нь 800.000 төгрөгийн үнэтэй байсан.

Тэр өдрөөс хойш нөхөр бид хоёр Б.Ж той холбоо барих гээд их оролдсон боловч утсаа салгаад зугтаад алга болсон. Түүний 99889603 дугаар бүхий мобикомын дугаар луу нь залгахад 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэл холбогдохгүй байсан.

Нөхөр бид хоёр цагдаад хүртэл хандсан, иргэний маргаан байна гээд авч хэлэлцэхгүй, иргэний шүүх рүү яв гэсэн.

Гэтэл санамсаргүй явж байгаад 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Б.Жтой Гандан хийд дээр тааралдаж уулзсан бөгөөд энэ үедээ машин чинь эвдэрсэн мотор авах хэрэгтэй байна гэхэд за би янзалж өгье гэж хэлсэн.

Та хоёрт мотор солих мөнгө болох 8.000.000 сая төгрөгийг би өгье гээд нотариатч дээр очиж 8.000.000 сая төгрөгний зээлийн гэрээ хийцгээсэн болно.

Т.Үнэнзаяа миний бие уг машиныг авснаас хойш олон зүйлд нь засвар хийлгүүлж, эвдэрсэн рулийн аппарат, түнтгэр хар, подёмны цлиндр, спидометр, гидрийн насос, дугуй зэрэг юмнуудыг нь сольж тавьсан бөгөөд засварын ажилд орсон мөнгийг гаргуулж авах хүсэлтэй байна.

Би хуулийн мэдлэг муутай учраас эдгээр эд зүйлийг худалдаж авсан баримтуудыг аваагүй, хадгалаагүй тул шүүхэд өгч чадаагүй, мөн уг машины моторыг солиулахад засварчинд ажлын хөлсөнд нь мөнгө өгсөн. Энэ бүхнийг нийлүүлээд ойролцоогоор 3.000.000 төгрөг гэж багцаалсан. Үнэн хэрэг дээрээ үүнээс их зардал гарсан.

Уг автомашиныг Жавхланцогтоос худалдаж аваад ажилд бараг яваагүй, их зарлага гарсан болохоор нь засчихаад 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бусдад 25.000.000 төгрөгөөр зарсан.

Иймээс худалдаж авсан автомашинд авч тавьсан сэлбэгүүд болон, мотор сольж тавиулсан ажлын хөлсөнд нийт 3.000.000 төгрөг, худалдан авч тавьсан моторны үнэ 8.500.000 төгрөгийн хамт нийт 11.500.000 төгрөгийг хариуцагч Б.Жоос гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэн Үнэнзаяагийн нөхөр Дөлгөөнбаярт өөрийн эзэмшлийн 44-85 УБА дугаартай Hyundai Gold маркийн 23 тонн даацтай автомашиныг 25.000.000 төгрөгөөр худалдсан нь үнэн.

            Маргааш нь Дөлгөөнбаяр ирж үзээд 2018 оны 03 сарын 23-ны өдөр өөрийн эзэмшилд шилжүүлж авахаар Авто тээврийн газар дээр очоод Дөлгөөнбаяр Үнэнзаяа хоёр уг автомашиныг хэний нэр дээр шилжүүлэхээс болж бага зэрэг маргалдаж байгаад харилцан ойлголцож эхнэр Үнэнзаяагийн нэр дээр шилжүүлж өгсөн.

Тухайн үед миний машиныг худалдаж авахаар 3 хүн над руу ярисан байсан. Дөлгөөнбаяр гуйсаар байж авсан.

Би автомашинаа 2017 оны 9 дүгээр сард Сайн ломбарданд тавьсан байсан, машин ломбардны хашаанаас гарахад Дөлгөөнбаярыг өөрөө бариад яв гэхэд хот дотор механик тэрэг барьж чадахгүй хүргээд өг гэхээр нь би ломбардны хашаанаас Амгаланд айлын хашаанд аваачиж өгсөн.

Тухайн үед рулийн урд шарикаас тос дусаж байгааг бид бүгд харсан. Тэгээд би рулийн могой сальник сольж өгнө гээд чадаагүй учир 300.000 төгрөгийг Дөлгөөнбаярын данс руу шилжүүлсэн. Харин бусад ямар нэгэн эвдрэл гэмтэл машинд байгаагүй болно.

Миний бие өвчтэй маш хүнд байсан тул надтай холбоо барьж чадаагүй байхаа, тухайн үед би хагалгаанд орох өдрөө товлохоор гандан дээр явж байгаад Ү, Дөлгөөнбаяр нартай тааралдахад ихээр доромжлоод байхаар нь тэр зээлийн гэрээг хийсэн Ү-с мөнгө зээлж аваагүй юмаа.

Миний автомашин ломбардны хашаанаас өөрөө явж гарсан, ямар ч эвдрэлгүй байсан, нэхэмжлэгч өөрөө моторыг нь цохиулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гэрч Б.Д-рын мэдүүлгийг сонсов.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад          

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч П.Ү нь хариуцагч Б.Жод холбогдуулан 11.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Ж нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч П.Ү нь хариуцагч Б.Жоос 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 44-85 УБА Hyundai Маркийн 2400 тонны даацтай ачааны автомашиныг 25.000.000 төгрөгөөр худалдан авч уг автомашины үнийг хариуцагчид шилжүүлжээ.

Иймд нэхэмжлэгч П.Ү, хариуцагч Б.Ж нарын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Худалдагч Б.Ж нь биет байдлын доголдолгүй 44-85 УБА Hyundai Маркийн ачааны автомашин, түүнийг дагалах бичиг баримтын хамт худалдан авагч П.Үгийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч П.Ү нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.

Худалдан авагч П.Ү нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлсөн байхад худалдагч Б.Ж нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 5,27-30,36-45,94-95,168,112- р хуудас/

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2.-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэжээ.

Худалдагч нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1.-т зааснаар Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй гэж,

Мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.2.-т Энэ хуулийн 253.1-д зааснаар доголдлыг арилгахтай холбогдсон /ачих, тээвэрлэх, гүйцэтгэсэн ажлын хөлс, зарцуулсан материалын үнэ гэх мэт/ зардлыг худалдагч хариуцна гэж,

254 дүгээр зүйлийн 254.1.-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан байх тул худалдан авагч П.Ү нь худалдан авсан автомашиныхаа доголдлыг арилгахад гарсан зардлаа шаардах эрхтэй байна.

Хариуцагч Б.Ж нь 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Д.Үнэнзаяад 8.000.000 төгрөгийг зээлдүүлсэн мэт зээлийн гэрээ хийж баталгаажуулсан нь худалдагч Б.Ж нь уг автомашиныг худалдан авагч П.Үд шилжүүлэн өгөх үед буюу худалдах үед доголдол байсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл зохигчид автомашин худалдан авах үедээ баталгаат хугацаа тогтоогоогүй бөгөөд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжүүлэн авсанаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч П.Ү нь уг доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлөх эрхтэй гэж үзнэ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасны дагуу 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 44-85 УБА Hyundai Маркийн ачааны автомашин худалдаж авсан өдөртөө болон мөн 2 сар гаруй хугацааны дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр эд хөрөнгийн доголдлын талаар хариуцагч /худалдагч/ Б.Жод мэдэгдэж байсан болох нь талуудын тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7.-д Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацаа /Иргэний хуулийн 254.6-д заасан хугацаа/-ны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж заасан. Иймд нэхэмжлэгчийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 44-85 УБА Hyundai Маркийн ачааны автомашиныг худалдан авах үед доголдол байсан гэж үзнэ.

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын шинжээчийн дүгнэлтэд:

... уг автомашины хөдөлгүүрийг авч задалсан байх бөгөөд V хэлбэртэй 8 цлиндртэй хөдөлгүүрийн зүүн талын урдаас 3 дахь цлиндрийн шатуун боогддог тахир голын гар биеийн хэсэг их хэмжээгээр зүлгэгдэж зураас, ховил гарсан хөдөлгүүрийн хажууд тавьсан цлиндрийн шатууны холхивч /укладешь/ байрлах хэсэг дээр холхивч нь бяцарч наалдсан байв. Эдгээрээс дүгнэхэд автомашины хөдөлгүүр цохиж, зуурсан гэдэг нь тодорхой байна.

Дотоод шаталтат хөдөлгүүрийн цохиж зуурах гол шалтгаан нь:

1.Хөдөлгүүрийн тослолтын систем тосны шахуурга /маслын насос/ элэгдэж муудсанаас тахир голын зарим хэсэгт тос очихгүй болсноос тахир голон дээр байрлах холхивч элэгдэж цохио үүсэн,

2. Тахир голын гар бие их биеэн дээрх шатуны эрүүний боолт суларсан үед цохио үүсэн гэх мэт шалтгаанууд байдаг бөгөөд нэгэнт задалчихсан хөдөлгүүр дээр шалтгааныг тодорхойлох боломжгүй байна.

3. Дизель хөдөлгүүрийн эд ангиудын эвдрэл гэмтлийг тодорхойлоход ашиглагдах зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл манай байгууллага ашигладаггүй болно.

... тухайн автомашины хөдөлгүүр цохисон нь үнэн болохыг тодорхойлж дүгнэлт гаргав гэжээ. /хх-ийн 32-45-р хуудас/

Худалдан авагч нь уг автомашины моторыг иргэн Ц.Ц-аас 8.500.000 төгрөгөөр худалдан авч автомашиндаа тавьсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 36-45, 86,103,104-р хуудас/

Харин рулийн аппарат, подёмны цлиндр, спидометр, гидрийн насос, дугуй зэрэг сэлбэгүүдийг худалдан авахад болон засварчны ажлын хөлсөнд нийт 3.000.000 төгрөгийг зарцуулсан болох нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд хариуцагч Б.Ж-оос 8.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ү-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 56.000 төгрөгийг дутуу төлсөн байх тул нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 254 дүгээр зүйлийн 254.1., 254.6.-д зааснаар хариуцагч Б.Ж-оос 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Ү-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Үгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 56.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Б.Ж-оос улсын тэмдэгтийн хураамжид 150.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ                       Ч.ИЧИНХОРЛОО