Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

 

 

 

 

П.Ү-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/02131 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Ү-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ж-од холбогдох

 

11 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ү-, түүний өмгөөлөгч С.Э, хариуцагч Б.Ж-, түүний өмгөөлөгч В.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Б.Ж-оос 44-85 УБА улсын дугаартай, Hyundai маркын, 2400 тонны даацтай ачааны машин 25 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Уг тээврийн хэрэгслийг худалдан авсан өдрөө л зарим эвдрэл, доголдол гарч эхэлсэн. Б.Ж-оос тэр өдрөө 300 000 төгрөг нэхэмжлэгчид шилжүүлсэн байдаг. Гэтэл тэр рулийн түнтгэр хар нь 800 000 төгрөгийн үнэтэй байсан.Тэр өдрөөс хойш нөхөр бид хоёр Б.Ж-той холбоо барих гээд их оролдсон боловч утсаа салгаад зугтаад алга болсон. Энэ нь уг машинаа доголдолтой байсныг харуулж байна. Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах үүрэгтэй. Хариуцагч 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 8 000 000 төгрөгийн зээлийн гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг нь мөн л уг худалдсан машиныг доголдолтой байсныг хүлээн зөвшөөрсний шинж юм. Уг машиныг авснаас хойш олон зүйлд нь засвар хийлгүүлж, эвдэрсэн рулийн аппарат, түнтгэр хар, подёмны цлиндр, спидометр, гидрийн насос, дугуй зэрэг юмнуудыг нь сольж тавьсан бөгөөд засварын ажилд орсон мөнгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Шинжээчийн дүгнэлтээр уг машин тосолгооны системийн доголдлоос болж мотор эвдэрсэн гэж тогтоогдсон, даац хэтрүүлсэн гээд байгаа байдал хамаарахгүй. Уг автомашиныг Б.Ж-оос худалдаж аваад ажилд бараг яваагүй, их зарлага гарсан болохоор нь засчихаад 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бусдад 25 000 000 төгрөгөөр зарсан. Иймд худалдаж авсан автомашинд авч тавьсан сэлбэгүүд болон, мотор сольж тавиулсан ажлын хөлсөнд нийт 3 000 000 төгрөг, худалдан авч тавьсан моторны үнэ 8 500 000 төгрөгийн хамт нийт 11 500 000 төгрөгийг хариуцагч Б.Ж-оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэн Үнэнзаяагийн нөхөр Дөлгөөнбаярт өөрийн эзэмшлийн 44-85 УБА дугаартай, Hyundai Gold маркийн, 23 тонн даацтай автомашиныг 25 000 000 төгрөгөөр худалдсан. Автомашинаа 2017 оны 9 сард Сайн ломбарданд тавьсан байсан, улмаар би ломбардны хашаанаас Амгаланд айлын хашаанд автомашиныг аваачиж өгсөн. Тухайн үед рулийн урд шарикаас тос дусаж байгааг бид бүгд харсан. Тэгээд би рулийн могой сальник сольж өгнө гээд чадаагүй учир 300 000 төгрөгийг Дөлгөөнбаярын данс руу шилжүүлсэн. Харин бусад ямар нэгэн эвдрэл гэмтэл машинд байгаагүй болно. Миний бие өвчтэй маш хүнд байсан тул надтай холбоо барьж чадаагүй байхаа, тухайн үед би хагалгаанд орох өдрөө товлохоор гандан дээр явж байгаад Үнэнзаяа, Дөлгөөнбаяр нартай тааралдахад ихээр доромжлоод байхаар нь тэр зээлийн гэрээг хийсэн Үнэнзаяагаас мөнгө зээлж аваагүй. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд машины мотор цохих нь ашиглаж байгаа эзнээс хамаарахаар байгаа. Учир нь тос тосолгооны системийн доголдол уг машиныг ашиглаж байгаа эзнээс хамаарна. Машины даацаас ихэдсэн ачаа ачаад хол замд явсан, даац хэтэрснээс ус халж, тос тосолгооны системд доголдол үүссэн. Гэрээ хийсэн үед зарим зүйлийг сольж өгч байгаа нь моторын доголдол байсан гэдгийг нотлохгүй. Машинд гарсан эвдрэл гэмтэл уг машины ашиглалтаас шууд шалгаалах тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар хариуцагч Б.Ж-оос 8 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ү-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Ү-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 56 000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Б.Ж-оос улсын тэмдэгтийн хураамжид 150 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ж- надаас 44-85УБА улсын дугаар бүхий 23 тн даацтай Хюьндай маркын ачааны авто машиныг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүдалдан авч ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр /2 сар гаруйн дараа/Налайх дүүргээс 8500 ш тоосго буй 29,7 тн ачааг ачиж/ машины техникийн нөхцлөөс 30% илүү / Хэнтий аймаг явах замдаа Монгол улсын зүүн чиглэлд байдаг хамгийн өндөр даваа болох Баянгийн даваа, Их дөтлүүр ,Бага дөтлүүр ,Жолоочийн даваа зэрэг 5,6-н даваа гүвээг давж өмнө нь том даацын машин барьж байгаагүй дадлага туршлага муутай жолоочоор жолоодуулан хөргөлтийн системийн зориулалтын тосолыг асгаж ус хийж даваа давах үед моторыг хөргөлгүйгээр давж / хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон үйл явдал/200 км замыгтуулж ашиглалтын журам шаардлагыг ноцтой зөрчиж уг машины моторыг цохиулсан байтал хариуцагч Жавхланцогт намайг биет байдлын доголдолтой машин техник худалдсан гэж үндэслэж 8 500 ОООтөгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь бодит нөхцөл байдал үйл баримтад нийцсэн үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Миний бие 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гаргасан шинжээч томилуулах хүсэлтэндээ бодит болсон үйл баримтад тулгуурлан шинжээчид 4 асуултыг тавьсанд нэгч асуултанд хариулаагүй тул шинжээчийг шүүх хуралд биечлэн оролцуулах хүсэлтийг гаргахад шүүх хангаагүй нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд учир дутагдалтай байсан. Нэхэмжлэгч мотор цохисоноос моторыг бүтэн сольсон гэж нэхэмжилж байгаа тул моторыг бүрэн сольсон эсэх талаар шүүхийн үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй нь бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл мотор цохихдоо зөвхөн нэг укладш зуурч гацаж цохисон тул түүний зөвхөн угладш болон тахир голыг солих л шаардлага гарахаас моторыг бүхлээр нь солих техникийн шаардлага байхгүйг шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн мөнгөн шилжүүлэг зэргээр нотлогдсоор байхад моторыг бүтнээр сольсон гэж үзэжтөлбөр гаргуулсанд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгчийн жолоочийн хүсэлтээр машин зассан түүний хамаарал бүхий Налайхад байх машин засварын ажилтан болон уг машиныг барьцаанд авсан ломбардны шалгагч нар нь хөдөлгүүрийн доголдолтой хүнд даацын машин ачаагүй үедээ 5-10 км газар л явах боломжтой түүнээс илүү явах боломжгүй гэж хэлсэн зэрэг нь уг машин ямар нэгэн биет байдлын доголдол байгаагүй ба 2 сар гаруйн хугацаанд ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж байгаад эзэмшигчийн ашиглалтын журам зөрчснөөс эвдрэлд хүрсэн / хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон бодит үйл баримтад үндэслэж/гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч П.Ү- нь хариуцагч Б.Ж-од холбогдуулан, худалдаж авсан автомашинд авч тавьсан сэлбэгүүд болон мотор сольж тавьсан ажлын хөлсөнд 3 000 000 төгрөг, моторын үнэ 8 500 000 төгрөг, нийт 11 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 11 дүгээр тал/

 

            Талуудын хооронд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч 44-85 УБА улсын дугаартай, Hyundai маркийн 24 тонн даацтай ачааны автомашиныг 25 000 000 төгрөгөөр худалдан авч, автомашины үнийг шилжүүлсэн талаар талууд маргаагүй, харин хариуцагчийн худалдсан автомашин доголдолтой байсан эсэх талаар маргажээ.

 

            Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч Б.Ж-оос нэхэмжлэгчий нөхөр н.Д-ын данс руу 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр автомашины рулийн могой сальник солиулах зардалд 300 000 төгрөг шилжүүлсэн болон зохигчдын хооронд 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 8 000 000 төгрөгийн зээлийн гэрээ нь автомашины доголдлыг арилгах зардал байсан болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байх тул худалдагч Б.Ж- нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагч П.Ү-гийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. Учир нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7 дахь хэсэгт зааснаар автомашиныг худалдах үед доголдол байсан гэж үзнэ.

            Иймээс нэхэмжлэгч П.Ү- нь хариуцагч Б.Ж-оос Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авсан автомашиныхаа доголдлыг арилгахад гарсан зардлаа шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгч П.Ү- нь хариуцагчид худалдан авсан автомашин нь доголдолтой байсан талаар автомашин худалдаж авсан өдөр болон 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт заасан эд хөрөнгийн доголдлын талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна. Тодруулбал, талууд эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч П.Ү-гийн өмчлөлд автомашин шилжсэн үеэс эхлэн эд хөрөнгийн доголдлын талаар гомдол гаргах хугацааг тоолох нь хуульд нийцнэ.

 

            Хэргийн 103, 104 дүгээр талд авагдсан “Х-” ХХК-ийн дансны хуулгаар нэхэмжлэгч П.Ү- нь уг автомашины моторыг бусдаас 8 500 000 төгрөгөөр худалдан авсан болон шинжээчийн дүгнэлтээр мотор гэмтэлтэй болохыг тогтоосныг хариуцагч үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй байх тул хариуцагч Б.Ж-оос 8 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ү-д олгосон нь зөв.

 

            Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй. Гэвч рулийн аппарат, подёмны цлиндр, спидометр, гидрийн насос, дугуй зэрэг сэлбэгүүдийг худалдан авахад болон засварчны ажлын хөлсөнд нийт 3 000 000 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/02131 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                С.ЭНХТӨР