Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01181

 

  П.Үнэнзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/02131 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 39 дүгээр магадлалтай, 

П.Үнэнзаяагийн нэхэмжлэлтэй,

Б.Жавхланцогтод холбогдох, 

11,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Үнэнзаяа, хариуцагч Б.Жавхланцогт, өмгөөлөгч В.Ганболд, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч П.Үнэнзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 03 сарын 22-ны өдөр Б.Жавхланцогтоос 44-85 УБА улсын дугаартай, Hyundai маркийн, 2400 тонны даацтай ачааны машин 25,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэвч машин авсан өдрөөс эхэлж эвдэрч, ямар ч ажил хийх нөхцөлгүй байдалд орсон. Б.Жавхланцогт руу тухайн үед нь залгаж энэ машинд эвдрэл их байна засуулмаар байна гэж хэлэхэд засварын мөнгө хэд болж байна би шилжүүлье гээд рулийн түнтгэр хар аппарат солих мөнгө гээд 300,000 төгрөгийг манай нөхөр болох Б.Дөлгөөнбаярын дансруу 2018 оны 03 сарын 22-ны өдрийн үдээс хойш шилжүүлсэн. Гэтэл тэр рулийн түнтгэр хар нь 800,000 төгрөгийн үнэтэй байсан. Түүний утас руу залгахад 2018 оны 03 сарын 23-ны өдрөөс хойш 2018 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл холбогдохгүй байсан. Гэтэл санамсаргүй явж байгаад 2018 оны 05 сарын 05-ны өдөр Б.Жавхланцогттой тааралдаж уулзсан бөгөөд энэ үедээ машин чинь эвдэрсэн мотор авах хэрэгтэй байна гэхэд за, би янзалж өгье гэж хэлсэн. Та хоёрт мотор солих мөнгө болох 8,000,000 төгрөгийг би өгье гээд нотариатч дээр очиж 8,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ хийсэн. Уг автомашиныг Жавхланцогтоос худалдаж аваад ажилд бараг яваагүй, их зарлага гарсан болохоор нь засчхаад 2018 оны 10 сарын 09-ний өдөр бусдад 25,000,000 төгрөгөөр зарсан.

Иймд худалдаж авсан автомашинд авч тавьсан сэлбэгүүд болон, мотор сольж тавиулсан ажлын хөлсөнд нийт 3,000,000 төгрөг, худалдан авч тавьсан моторны үнэ 8,500,000 төгрөгийн хамт нийт 11,500,000 төгрөгийг хариуцагч Б.Жавхланцогтоос гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Б.Жавхланцогт шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 03 сарын 21-ний өдөр Үнэнзаяагийн нөхөр Дөлгөөнбаярт өөрийн эзэмшлийн 44-85 УБА дугаартай, Hyundai Gold маркийн, 23 тонн даацтай автомашиныг 25,000,000 төгрөгөөр худалдсан. Би автомашинаа 2017 оны 9 сард Сайн ломбарданд тавьсан байсан, машин ломбардны хашаанаас гарахад Дөлгөөнбаярыг өөрөө бариад яв гэхэд хот дотор механик тэрэг барьж чадахгүй хүргээд өг гэхээр нь би ломбардны хашаанаас Амгаланд айлын хашаанд аваачиж өгсөн. Тухайн үед рулийн урд шарикаас тос дусаж байгааг бид бүгд харсан. Тэгээд би рулийн могой сальник сольж өгнө гээд чадаагүй учир 300,000 төгрөгийг Дөлгөөнбаярын данс руу шилжүүлсэн. Харин бусад ямар нэгэн эвдрэл гэмтэл машинд байгаагүй болно. Миний бие өвчтэй маш хүнд байсан тул надтай холбоо барьж чадаагүй байхаа, тухайн үед би хагалгаанд орох өдрөө товлохоор гандан дээр явж байгаад Үнэнзаяа, Дөлгөөнбаяр нартай тааралдахад ихээр доромжлоод байхаар нь тэр зээлийн гэрээг хийсэн Үнэнзаяагаас мөнгө зээлж аваагүй. Миний автомашин ломбардны хашаанаас өөрөө явж гарсан, ямар ч эвдрэлгүй байсан, нэхэмжлэгч өөрөө моторыг нь цохиулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/02131 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар хариуцагч Б.Жавхланцогтоос 8,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Үнэнзаяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Үнэнзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 56,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Б.Жавхланцогтоос улсын тэмдэгтийн хураамжид 150,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 39 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/02131 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Жавхланцогт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01-р сарын 06 ны өдрийн 39 дугаар бүхий магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Үнэнзаяа нь надаас 44-85УБА улсын дугаар бүхий 23 тн даацтай Хюьндай маркийн ачааны авто машиныг 2018 оны 3-р сарын 22-ны өдөр худалдан авч ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж байгаад 2018 оны 4-р сарын 26-ны өдөр /2 сар гаруйн дараа/ Налайх дүүргээс 8500 ш тоосго буй 29,7 тн ачааг ачиж /машины техникийн нөхцлөөс 30% илүү / Хэнтий аймаг явах замдаа Монгол улсын зүүн чиглэлд байдаг хамгийн өндөр даваа 5,6-н даваа гүвээг давж өмнө нь том даацын машин барьж байгаагүй дадлага туршлага муутай жолоочоор жолоодуулан хөргөлтийн системийн зориулалтын тосолыг асгаж ус хийж даваа давах үед моторыг хөргөлгүйгээр давж /хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон үйл явдал/ 200 км замыг туулж ашиглалтын журам шаардлагыг ноцтой зөрчиж уг машины моторыг цохиулсан байтал хариуцагч намайг биет байдлын доголдолтой машин техник худалдсан гэж үндэслэж 8,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь бодит нөхцөл байдал үйл баримтад нийцсэн үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй худалдан авагч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3-д заасан ашиглалтын журам зөрчсөнөөс үүссэн хохирол байсаар байтал мөн хуулийн 254 дугаар зүйлийн 254,7-д зааснаар хохирол үүссэн гэж шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцээгүй байна.

Би 2019 оны 03-р сарын 29-ны өдөр гаргасан шинжээч томилуулах хүсэлтдээ бодит болсон үйл баримтад тулгуурлан шинжээчид 4 асуултыг тавьсанд нэг ч асуултад хариулаагүй тул шинжээчийг шүүх хуралд биечлэн оролцуулах хүсэлтийг гаргахад шүүх хангаагүй болон Давж заалдах шатны шүүхээс шинжээчид хууль сануулж дүгнэлт гаргуулахаар буцаасан байхад зөвхөн хууль сануулж гарын үсэг зуруулж үзлэгийг дахин хийлгэлгүй хуучин дүгнэлтийн он сарыг солиулж хэрэгт авахуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд учир дутагдалтай байсан. Нэхэмжлэгч мотор цохсоноос моторыг бүтэн сольсон гэж нэхэмжилж байгаа тул моторыг бүрэн сольсон эсэх талаар шүүхийн үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй нь бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл мотор цохихдоо зөвхөн нэг үкладш зуурч гацаж цохисон тул түүний зөвхөн угладш болон тахир голыг солих л шаардлага гарахаас моторыг бүхлээр нь солих техникийн шаардлага байхгүйг шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн мөнгөн шилжүүлэг/зөвхөн блок тахир голны төлбөр гээд 2,000,000 төг шилжүүлсэн/ зэргээр нотлогдсоор байхад моторыг бүтнээр сольсон гэж үзэж төлбөр гаргуулсанд гомдолтой байна.

Мөн нэхэмжлэгчийн жолоочийн хүсэлтээр машин зассан түүний хамаарал бүхий Налайхад байх машин засварын ажилтан болон уг машиныг барьцаанд авсан ломбардны шалгагч нар нь хөдөлгүүрийн доголдолтой хүнд даацын машин ачаагүй үедээ 5-10 км газар л явах боломжтой түүнээс илүү явах боломжгүй гэж хэлсэн зэрэг нь уг машин ямар нэгэн биет байдлын доголдол байгаагүй ба 2 сар гаруйн хугацаанд ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж байгаад эзэмшигчийн ашиглалтын журам зөрчсөнөөс эвдрэлд хүрсэн /хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон бодит үйл баримтад үндэслэж/ гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

 П.Үнэнзаяа нь Б.Жавхланцогтод холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 11,500,000 төгрөг шаардахдаа ...сэлбэг болон ажлын хөлс 3,000,000 төгрөг, моторын үнэ 8,500,000 төгрөг... гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ...эвдрэл гэмтэлгүй байсан, ...нэхэмжлэгч өөрөө моторыг цохиулсан ... гэж маргасан байна.  

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

        Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

       Б.Жавхланцогт нь 2018.03.22-ны өдөр 44-85 УБА улсын дугаартай 24 тонны даацтай ачааны машиныг худалдах, П.Үнэнзаяа 25,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь тогтоогджээ.  

       Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. 

       Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцжээ.

        Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.  

       Хариуцагч гэрээний зүйл болох авто машиныг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч мөнгийг бүрэн төлсөн, энэ талаар маргаагүй байна.  

Харин шилжүүлсэн автомашин доголдолтой байсан эсэх, нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгө биет байдлын хувьд доголдолгүй байдаг бөгөөд харин гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үздэг. 

Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй болно.  

Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. Эдгээр шаардлагыг худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд  гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан. 

Нэхэмжлэгч гэрээний зүйлийг биет байдлын доголдолтой байсан гэж марган доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч нь рулийн могой сальник солиулах зардалд 300,000 төгрөгийг худалдан авагчид төлсөн ба нэхэмжлэгчийн ...2018.05.05-ны өдөр гандан хийд дээр тааралдаад мотор солиулах шаардлагатай байна гэхэд янзалж өгье, мотор солих мөнгө өгье гээд 8,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, мөнгөө өгөөгүй... гэжээ.

Худалдсан автомашины мотор эвдэрсэн тодруулбал, 8 цилиндртэй хөдөлгүүрийн зүүн талын урдаасаа 3 дахь цилиндрийн шатуун боогддог тахир голын гар биеийн хэсэг их хэмжээгээр зүлгэгдэж зураас ховил гарсан, шатууны холхивч /вкладешь/ байрлах хэсэг дээр холхивч нь бяцарч наалдсан, ...хөдөлгүүр цохиж зуурсан талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан, хариуцагч нэхэмжлэгчийн тайлбар болон дээрх баримтыг үгүйсгэж чадаагүй байна. 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлээс 8,500,000 төгрөгийн шаардлагыг хангахдаа хэрэгт авагдсан баримтад үндэслэсэн, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Шүүх зохигчийн хүсэлтийг хангаж, шинжээч томилж эрх, үүргийг тайлбарлан өгсөн, шинжээч шүүгчийн захирамжид заасан асуудлаар дүгнэлт гаргасан байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.  

Түүнчлэн хариуцагчийн ...шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах... хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.  

      Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/02131 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 39 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 150,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

Г.ЦАГААНЦООЖ 

  Х.ЭРДЭНЭСУВД