Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2012 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2018/03633

 

 

 

 

 

 

      2018 оны 12 сарын 03 өдөр

             Дугаар 102/ШШ2018/03633

                Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61-37 тоот хаягт байрлах, хуулийн этгээдийн 2619261 регистртэй Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 24 дүгээр байрны 23 тоотод оршин суух, эмэгтэй, 60 настай, ЧЛ58110107 регистртэй, Бамбагар ямаат овогт Д Ц д холбогдох,

Зээлийн болон барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,270,000 /хорин дөрвөн сая хоёр зуун далан мянган/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Цгийн гэрээний дагуу илүү төлсөн 8,711,000 төгрөг болон, барьцаанд тавьсан 11 ширхэг эд зүйлийг Н ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин, хариуцагч Д.Ц нар оролцов.                           

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Н ХХК нь Д.Цтэй 2015.1.12-нд 9,809,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр, мөн 2015.3.13-нд 5,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр тус тус харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн байдаг. Д.Ц нь дээрх зээлийн гэрээний үүргүүдийг дараах байдлаар зөрчиж байна. Үүнд: 2015.1.12-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт 2015.7.10-ны өдөр 809,000 төгрөг төлсөн бөгөөд, өнөөдрийг хүртэл үндсэн зээл 9,000,000 төгрөг, гэрээнд заасан хүүгийн төлбөр 54,000 төгрөгийг төлж барагдуулалгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Талуудын байгуулсан гэрээнд “хугацаа хэтэрвэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцүү алданги төлнө” гэж заасны дагуу 2015.7.10-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 1020 хоногийн алдангийг Иргэний хуулийн 232.4 дэх заалтад үндэслэн тооцвол 4,500,000 төгрөгийн алданги бодогдсон бөгөөд, 2015.1.12-ны Барьцаат зээлийн гэрээний хүрээнд нийт 13,940,000 төгрөгийн хохирол учруулаад байна.

2015.3.13-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт 2015.11.30-н хүртэл үндсэн зээлээс нийт 3,700,000 төгрөг, хүүгийн төлбөрт 330,000 төгрөг төлсөн бөгөөд, өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 1,800,000 төгрөгийг төлж барагдуулалгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд 2015.11.30-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 949 хоногийн алдангийг Иргэний хуулийн 232.4 дэх заалтад үндэслэн тооцвол 900,000 төгрөгийн алданги бодогдсон бөгөөд, барьцаат зээлийн гэрээний хүрээнд нийт 2,700,000 төгрөгийн хохирол учруулаад байна. Иймд Н ХХК болон Д.Ц нарын харилцан тохиролцож байгуулсан 2015.1.12-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээнээс учирсан хохирол 13,940,000 төгрөг, мөн 2015.3.13-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээнээс учирсан хохирол 2,700,000 төгрөг, нийт хохирол 16,640,000 төгрөгийг Д.Цгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, ихэсгэсэн шаардлагадаа:

Д.Ц нь Н ХХК-иас 2015.1.12-ны өдрийн №46 тоот “Барьцаалан зээлдүүлэх” гэрээгээр 9,809,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр; 2015.3.13-ны өдрийн №8 тоот “Барьцаалан зээлдүүлэх” гэрээгээр 5,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр; 2015.2.16-ны өдрийн №6129 тоот “Барьцаалан зээлдүүлэх” гэрээгээр 4,400,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр тус тус харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан зээлсэн байдаг. Тэрээр дээрх 3 зээлийн гэрээнүүдийн үүргийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй зөрчиж байна.

№8 тоот гэрээний барьцаа хөрөнгө тус компанид өнөөдрийг хүртэл хадгалагдаж байгаа. Харин №46 болон №6129 тоот гэрээнүүд нь ямар нэгэн барьцаа хөрөнгө байхгүй. Д.Цтэй байгуулсан дээрх гэрээний үүргүүд бүгд зөрчигдөж, компанийг ихээхэн хохироож байгаа бөгөөд, бид барьцаа хөрөнгө байхгүй 2 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

№46 тоот гэрээний төлбөрт 2015.5.12-ны өдрийг хүртэл үндсэн төлбөрөөс 809,000 төгрөг, хүүгийн төлбөрт 540,000 төгрөг төлсөн бөгөөд, өнөөдрийг хүртэл үндсэн зээлд 9,000,000 төгрөгийг төлж барагдуулалгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Гэрээнд болон Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу 4,500,000 төгрөгийн алданги бодогдож, нийт 13,500,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Тус гэрээний үүргээ гүйцэтгэх талаар Д.Цд ломбардны ажилтан байнга утсаар мэдэгддэг байсан бөгөөд, тэрээр манай компанитай зэргэлдээ үйл ажиллагаа явуулдаг, одоогоор үйл ажиллагаа нь зогсонги байгаа учир түр хугацаа өгөөч гэж гуйсаар өнөөдрийг хүрсэн.

№6129 тоот гэрээний төлбөрт 2017.1 сар хүртэл үндсэн зээлээс нийт 2,600,000 төгрөг, хүүгийн төлбөрт 264,000 төгрөг төлсөн бөгөөд, өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 1,800,000 төгрөгийг төлж барагдуулалгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Талуудын байгуулсан гэрээнд зааснаар 2015.11.30-аас нэхэмжлэл гаргасан 2018.7.06-ны өдөр хүртэл 949 хоногийн алдангийг Иргэний хуулийн 232.4 заасанд үндэслэн 900,000 төгрөгийн алданги бодогдсон, ингээд энэ гэрээний хүрээнд нийт 2,700,000 төгрөгийн хохирол учруулаад байна. Д.Ц хамгийн сүүлд 2017 оны 1 сард тус зээлийн гэрээтэй холбоотойгоор төлөлт хийсэн бөгөөд, ингэхдээ ажилтан Оюумаагаас барьцаа хөрөнгүүдээ гуйж авсан байдаг. Н ХХК болон Д.Ц нарын харилцан тохиролцож байгуулсан №46 тоот гэрээнээс учирсан хохирол 13,500,000 төгрөг, №6129 тоот гэрээнээс учирсан хохирол 2,700,000 төгрөг, нийт 16,200,000 төгрөгийг хариуцагч Д.Цгээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

Харин №8 тоот зээлийн гэрээний үүргийг анх нэхэмжлэл гаргахад шаардаагүй боловч одоо уг гэрээний үүргийг нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Д.Ц нь энэ гэрээний дагуу 2015.11 сарыг хүртэл зээлийн гэрээний үндсэн төлбөрт 120,000 төгрөг, хүүгийн төлбөрт 385,000 төгрөгийг хэсэгчлэн цувуулж төлсөн бөгөөд, өнөөдрийг хүртэл үндсэн зээл 5,380,000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Гэрээ болон Иргэний хуульд заасны дагуу алданги тооцон, гүйцэтгээгүй үүргийн 50 хувьд дүйцүүлэн 2,690,000 төгрөгийн алданги, нийт 8,070,000 төгрөгийг нэмж шаардаж байна. Ингээд үндсэн нэхэмжлэл 16,200,000 төгрөг дээр нэмж, нийт 24,270,000 төгрөгийг хариуцагч Д.Цгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар, ихэсгэсэн шаардлагуудад гаргасан тайлбартаа:

Миний бие Н ХХК-иас 2015.3 сард 9,800,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж, өөрт байсан ээмэг, бөгж, монетон гинж, мөнгөн аяга, н.Намжилмаа гэгч эмэгтэйн 2 алтан гинж, 1 ширхэг ээмэг бөгж зэргийг зээлж барьцаалан зээл авсан. Эхний сарын хүү 1,000,000 төгрөг, дараагийн хүүг мөн өгсөн. Н ХХК-ийн энэ салбар нь татан буугдаж, эдийн засгийн мэргэжилтэн н.Мөнгөнзул “ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон. Ломбардад байгаа эд зүйлсээ ав” гэсэн. Бид авч чадахгүй байна гэхэд уг ломбардыг хохиролгүй болгох ёстой. Иймд барьцаанд байгаа эд зүйлсийг зарж борлуулна гэсэн тул бид зөвшөөрсөн. Иймд 2015.3.13-нд авсан энэ зээл барьцаанд тавьсан эд зүйлс, гэрээний хугацаа дууссанаас дуусгавар болсон. 5,500,000 төгрөгийг мөн авахдаа барьцаа тавьсан. 3,500,000 төгрөг өгч, үлдсэн 1,800,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон юм. Би 2015 онд зээлийн мэргэжилтэнд 500,000 төгрөгөөр 3 удаа төлсөн байна. Би энэ компанитай ямар нэгэн зээлийн тооцоо дууссан гэж үзэж, 2015.3.15, 2018.7.15 хүртэл үзэж бодож явсан. Хэрвээ тооцоо, зээлийн үлдэгдэл байсан бол эд зүйлээрээ ломбардыг хохиролгүй болгохоор гэрээ хийж тохиролцсон байсан. Энэ зээл 2015.3.17 байгуулсан. Хуулийн хэрэгжүүлэх хүчинтэй хугацаа дууссан байгааг анхаарч үзнэ үү.2015.1.12-ны зээлийг 2015.2.12-нд үндсэн зээлээс 809,000 төгрөг төлж, хүүнд нь 540,000 төгрөг төлсөн. 2015.3.12-нд үндсэн зээлээс 540,000 төгрөг хасуулсан. 4 сарын 12-нд дахин 540,000 төгрөгийг хасуулж, 5 сарын 12-нд 540,000 төгрөг хасуулсан. Дахин үндсэн зээлээ төлж чадахгүй болсноо мэдэгдэж, барьцаанд тавьсан эд зүйлсээ үлдээж, зээлийн үүргээ биелүүлсэн юм. 2015.5.12-нд зээлийн үүргээ хангуулж дуусгавар болгосон. Иймд 2015.5.12-2018.5.12-нд хууль хэрэгжүүлэх хугацаа дууссан.

2015.2.12-нд 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй 4,400,000 төгрөгийг зээлж сар бүрээр 264,000 төгрөгөөр ижил хуваариар 2017.1.09-н хүртэл 5,972,000 төгрөг төлсөн. Мөн барьцаалсан монетон ээмэг 1 ширхэг, монетон кулон, гинжээ авахдаа 2,600,000 төгрөг, дээр нь 264,000 төгрөгийн хүү гэж нэхэж авсан. Үндсэн зээл чинь 1,800,000 төгрөг авчирж үлдсэн эд зүйлсээ ав гэсэн. 2017.2.09-нд дүү н.Пүрэвсүрэн 800,000 төгрөгтэй очиход мөнгө чинь хүрэхгүй байна гээд үнэт эдлэлийг өгөөгүй. Бид дахин очоогүй. Бид маш их хохирч байна. Сар бүр 2015.2.12-ны өдрөөс 2017.1.09-н хүртэл 23 сард нийт 5,972,000 төгрөг, дээр нь 2,600,000 төгрөг, мөн 264,000 төгрөг төлөөд байна. Харин 4,400,000 төгрөгийн зээлийн илүү төлөлт 4,438,000 төгрөг илүү төлсөн, барьцааны эд зүйлсээр хохироосон билээ. 2015.3.13-нд 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй 5,500,000 төгрөгийг зээлж, сар бүр 384,000 төгрөгийн төлөлт хийж 2016.7.28 хүртэл 16 сар нийт 6,160,000 төгрөг төлж, үүнээс төлвөл зохих дүнг хасвал нийт 275,000 төгрөг илүү төлж, дээр нь барьцаанд байгаа эд зүйлээр хохирч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжихгүй. Н ХХК-ийг иргэн Д.Ц би хохироогоогүй, харин миний үнэт эдлэл болон бэлэн 4,943,000 төгрөгөөр намайг хохироож байгаа нь үнэн болно гэжээ.

Хариуцагч Д.Ц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан сөрөг нэхэмжлэл болон, сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагууддаа:

Н ХХК-иас 2015.3.13-нд 5,500,000 төгрөгийг үнэт эдлэлээ тавьж зээл авч төлсөөр 2016.7.29-н хүртэл сард 385,000 төгрөг төлсөөр нийт 16 сарын дотор 6,160,000 төгрөг төлж, үндсэн зээл 5,500,000 төгрөг, хүү 385,000 төгрөгийг хасахад 275,000 төгрөг илүү төлсөн байна. Мөн 2015.2.12-нд үнэт зүйлсээ барьцаалан 4,400,000 төгрөгийн зээл авч төлсөөр, сар бүр 264,000 төгрөгөөр 2017.1.09-н хүртэл нийт 23 сар төлөхөд 5,972,000 төгрөг төлсөн байна. 2017.1.09-нд монетон ээмэг, бөгж, гинжээ авахад 2,600,000 төгрөг, хүүнд нь 264,000 төгрөг төлсөн. Ингээд нийт 8,936,000 төгрөг өгсөн байна. Үүнээс үндсэн зээлийн 4,400,000 төгрөг, хүү 264,000 төгрөг хасахад 4,536,000 төгрөгөөр илүү төлсөн байна. Мөн барьцаанд байгаа үнэт зүйлсээ авмаар байна. Н ХХК-ийн ломбардыг би хохироогоогүй, харин илүү төлөлт хийсэн болно. Иймд Н ХХК-иас нийт 4,811,000 төгрөгийг нэхэмжилж байна. Түүнчлэн, Н ХХК-ийн ажилтан н.Бямбасүрэнгийн ХААН банкны 5026943658 дансанд 2,500,000 төгрөгийн төлөлт хийсэн нь 2018.5.14-ний 102/ШШ2018/01977 шийдвэрийн Д.Баттулгаас Н ХХК-д төлсөн төлбөр биш гэж тогтоогдсон. Харин иргэн Д.Ц нь Н ХХК-ийн зээлийн ажилтанд шилжүүлсэн учир энэ хэрэгт Н ХХК-д төлсөн төлбөрт тооцуулж гаргуулах хүсэлтэй. Мөн Н ХХК-ийн зээлийн мэргэжилтэн н.Оюумаад 500,000 төгрөг, 400,000 төгрөг, 500,000 төгрөгийг тус тус бэлнээр төлсөн байдаг. Энэ төлсөн 1,900,000 төгрөг нь зээлийн илүү төлөлт тул шүүхээр тогтоолгож, 3,900,000 төгрөгийг өмнө шаардсан 4,811,000 төгрөг дээр нэмж, нийт 8,711,000 төгрөгийг Н ХХК-иас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Н ХХК нь иргэн Д.Цтэй 2015.1.12-ны өдөр 46 тоот барьцаат зээлийн гэрээ, 2015.2.16-ны өдрийн 6127 тоот барьцаат зээлийн гэрээг тус тус байгуулсан. Зээлийн гэрээний үүрэгт 16,200,000 төгрөг нэхэмжилж байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 2015.3.13-ны өдрийн 8 тоот зээлийн гэрээний үүрэг нэмэгдээд нийт 24,270,000 төгрөг болсон. Хариуцагч нь барьцаанд тавьсан зүйлээ Н ХХК-ийн ажилтан Г.Оюумаагаас хүнд үзүүлээд ирье гэж гуйгаад аваад явсан байдаг. 9,809,000 төгрөгийн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацааг хариуцагч дууссан гэдэг. Гэтэл үүрэг гүйцэтгэгчийн хамгийн сүүлд хийсэн гүйлгээ нь 2015.10.11-ний өдөр 12,840 төгрөг төлсөн байгаа. Иргэний хуулийн 76.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй учраас 2018.7 сард нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 4,818,000 төгрөгт гаргасан анхны сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ямар нэгэн баримтгүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа. Нотлох баримтаар өгсөн зээлийн журналыг түүвэрлэж үзэхэд Д.Ц нь өдөрт 10,000-20,000 төгрөгийг бага багаар төлж байсан. Хэзээ ч зээлийг бүтнээр буюу 580,000 төгрөгөөр төлж байгаагүй. Бага мөнгөн дүнгээр сарын турш хийсэн зээлийн эргэн төлөлт ч байдаг. Сүүлд гаргасан 3,900,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн хувьд Н ХХК-ийн нэхэмжлэлтэй н.Баттулгад холбогдох хэргийн шүүхийн шийдвэр болон шүүх дээр гаргаж өгсөн нотлох баримтуудаа өгсөн байна. Мөн шүүхийн шийдвэрийг Д.Ц нь Н ХХК-д төлсөн гэж худлаа дурдлаа. Г.Оюумаад төлж байсан гэх 400,000 төгрөг, 500,000 төгрөгийг 10,000,000 төгрөгтөө холбогдуулан төлсөн байдаг. Д.Ц нь давхар олон зээл авсан, 1 зээл төлөлтийг 4-5 зээлд хамааруулж ярьдаг нь үндэслэлгүй юм. Бага мөнгөн дүнгээр олон удаа төлснийг их мөнгө өгсөн юм шиг андуурч байна уу, эсвэл санаатай худал мэдүүлэг өгч байна уу? Д.Ц нь Н ХХК-д 8,000,000 гаруй төгрөг илүү төлж, барьцаа хөрөнгөө үлдээсэн зүйл байхгүй. 9,809,000 төгрөгийн зээл нь анхнаасаа барьцаагүй байсан. Одоо тус ломбарданд 8 тоот гэрээний дагуу алтан бөгж 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, монетон гинж 2 ширхэг, монетон ээмэг 1 хос байгаа. 2016.12.02-ны өдөр 6127 тоот гэрээний барьцаа хөрөнгөө өөрөө Г.Оюумаагаас гуйгаад аваад явсан.

Хариуцагч нь 46 тоот зээлийн гэрээнд 2,879,780 төгрөг төлсөн. Талууд харилцан тохиролцож 540,000 төгрөгийг 3 удаа буюу 1,620,000 төгрөгийг гэрээг сунгуулахаар хүүнд тооцож авсан байдаг. Үлдсэн 1,259,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох боломжтой гэж үзэж байна. 8 тоот гэрээний хувьд 844,000 төгрөгийг цувуулж төлсөн. Бэлнээр 2,200,000 төгрөгийг төлсөн. Нийт 3,044,000 төгрөгийг төлсөн. 264,000 төгрөг хүүнд хасагдсан. Гэрчийн мэдүүлгээр хариуцагч нь нэг өдрийн хүүг бүтнээр төлж байгаагүй, үргэлж цувуулж өгдөг байсан нь тогтоогдсон. Энэ хооронд нэхэмжлэгч байгууллагад алданги нэхэмжлэх эрх байсан. Гэхдээ хувь хүний нөхцөл байдлыг харгалзаж үзээд алданги тооцоогүй гэдгийг хэлмээр байна. Банкны баримтуудын хувьд Г.Оюумаагаас н.Бямбасүрэнд төлсөн баримтууд гэж дүгнэсэн. Сөрөг нэхэмжлэлээр шаардсан 8,700,000 төгрөгийг илүү төлсөн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй. 11 төрлийн үнэт зүйл тус ломбарданд байгаа гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн. Тухайн үнэт эдлэлийг зах зээлийн ханшаар нь тооцож тэмдэгтийн хураамж төлөх ёстой байсан. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би зээлийн гэрээнүүдийн журамтай танилцаж, сард 8 хувь, хоногийн 0,3 хувь, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцдог, зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 7 дахь өдрөөс нь эхлэн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж байгууллагыг хохиролгүй болгоно гэж заасныг зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурж байгуулсан. 9,809,000 төгрөгийн зээлийн хувьд 2015.2.12-нд 890,000 төгрөг үндсэн зээлээсээ, хүүнд 540,000 төгрөг төлсөн. Мөн 3, 4, 5 сарын 12-нд 540,000 төгрөгийг тус тус төлсөн. Үлдэгдэл 7,380,000 төгрөгт барьцаа хөрөнгө нь хангалттай байсан учраас 2015.6.12-ны өдөр хүртэл барьцаа хөрөнгийг худалдан борлуулахыг зөвшөөрсөн. Энэ зээлийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2015.5.12-ны өдөр дуусгава рболсон тул үүргийн гүйцэтгэл шаардаж байгааг зөвшөөрөхгүй байна. Дараагийн зээлийн хувьд 4,400,000 төгрөгийг зээлж, барьцаанд нь монетон бөгж 3 ширхэг, алтан бөгж 2 ширхэг, монетон ээмэг, гинж, кулон зэргийг тавьсан. 2015.2.15-наас эхлэн 2017.1.12-ны өдөр хүртэл үндсэн зээлээ төлж дууссан. Би зээлийг төлж дууссан тул барьцаа хөрөнгөө авахыг хүсэхэд Н ХХК-ийн ажилтан Г.Оюумаа “н.Бямбаа эгч таны барьцаа хөрөнгийн үнэлгэ хүрэхгүй байна гээд 2,500,000 төгрөг, зээлийн хүүд 280,000 төгрөгийг төлөөрэй” гэж хэлсэн. Ингээд би 2,264,000 төгрөгийг төлж, өөрийн монетон ээмэг, гинж, кулоныг буцаан авсан. Энэ зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,800,000 төгрөг, үлдэгдэл 200,000 төгрөг нийт 2,000,000 төгрөг үлдсэн. Би нийт 8,000,000 төгрөг төлж, зээлийн барьцаанд манай дүүгийн 2 ширхэг алтан бөгж үлдээсэн. 3 дахь зээлийн тухайд: 5,500,000 төгрөгийг зээлж авсан. Ингээд сар бүр 385,000 төгрөгийг 2016.7.30-ны өдөр хүртэл төлсөн. Миний тооцоогоор 6,160,000 төгрөгийг төлж, илүү 285,000 төгрөг төлсөн байдаг. Би энэ зээлийг төлж дуусгасан. Би Н ХХК-тай байгуулсан 3 зээлийн төлбөрийг төлж дуусгасан, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Тус компаниас барьцаанд байгаа алтан бөгж 3 ширхэг, монетон бөгж 5 ширхэг, монетон гинж 1 ширхэг, монетон хос ээмэг зэрэг өөрийн хөрөнгө болон илүү төлсөн мөнгөө буцаан авах хүсэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Д.Цгээс Зээлийн болон барьцаалан зээлдүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 16,640,000 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж, нийт 24,270,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргаан бүхий зээлийн гэрээнүүдийн дагуу төлбөр төлөх үүргээ давуулан биелүүлсэн учир төлбөрийн хариуцлага хүлээхгүй бөгөөд, илүү төлсөн 8,411,000 төгрөг болон, барьцаанд тавьсан 3 ширхэг алтан бөгж, 5 ширхэг монетон бөгж, 1 ширхэг монетон гинж, монетон хос ээмэг зэрэг 11 ширхэг эд зүйлийг нэхэмжлэгч Н ХХК-иас буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Д.Цд 3 удаагийн “Барьцаалан зээлдүүлэх гэрээ”-ний дагуу дараах зээлүүдийг олгожээ. Үүнд:

1.2015.1.12-ны өдрийн №46 тоот “Барьцаалан зээлдүүлэх гэрээ”-ний дагуу 9,809,000 төгрөгийг

2.2015.2.16-ны өдрийн №6127 тоот “Барьцаалан зээлдүүлэх гэрээ”-ний дагуу 4,400,000 төгрөгийг

3.2015.3.13-ны өдрийн №8 тоот “Барьцаалан зээлдүүлэх гэрээ”-ний дагуу 5,500,000 төгрөгийг тус тус зээлдүүлжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ тус бүрт дүгнэлт хийснээр шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгон, хариуцагч Д.Цгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2015.1.12-ны өдрийн №46 тоот гэрээний тухайд:

Нэг талаас зээлдүүлэгч Н ХХК, нөгөө талаас зээлдэгч Д.Ц нар харилцан тохиролцож 9,809,000 төгрөгийг барьцаа хөрөнгөгүйгээр 30 хоногийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд нийт үлдэгдэл дүнгээс 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох нөхцөлтэйгөөр байгуулжээ.

Гэрээний талууд энэхүү гэрээгээр зээлийн хэмжээ, хүү, алданги, зээлийн хугацаа зэргийг тогтоосон байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв. /хх 6/

Хэдийгээр гэрээний нэрийг “Барьцаалан зээлдүүлэх гэрээ” гэж нэрлэсэн бөгөөд, Н ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах эрхтэй байгаа боловч уг зээлийг олгохдоо зээлдэгчээс барьцааны зүйл аваагүй гэж тайлбарлана.

Хариуцагч Д.Ц нь “...уг гэрээний дагуу олон төрлийн эд зүйл барьцаалсан, ...ломбард барьцаагүйгээр зээл олгохгүй...” гэх тайлбарыг гарган маргах боловч, барьцаалсан гэх эд зүйлсээ хэлж мэдэхгүй, шүүхэд гаргаж буй тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, зээлийн гэрээнд барьцааны зүйл бичигдээгүй байгааг нотлох баримтаар үгүйсгээгүй зэргийг нэгтгэн дүгнээд, маргаан бүхий дээрх гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн зээлийн гэрээ гэж дүгнэх нь зүйтэй.

Зээлийн гэрээний хугацаанд 2015.2.12-ны өдрөөс 2015.10.11-ний өдрийн хооронд зээлдэгч Д.Ц нь нийт 2,442,380 төгрөг төлсөн болох нь зээлдүүлэгчийн хар дэвтрийн тооцооллоор тогтоогдсон бөгөөд, сүүлийн төлөлт хүртэл гэрээний хугацаа талуудын хүсэлтээр сунгагдаж байсан байна.

Дээрх зээлийн гэрээний дагуу зээлдэгч Д.Ц нь үндсэн зээл 9,809,000 төгрөг, зээлийн хүү 588,540 төгрөг, нийт 10,397,540 төгрөг төлөх ёстойгоос төлсөн бүгд 2,442,380 төгрөгийг хасч, төлвөл зохих үлдэгдэл 7,955,160 төгрөг дээр Зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу тооцвол 3,977,580 төгрөгийн алданги төлөх үүрэг хүлээн, нийт 11,932,740 төгрөгийг нэхэмжлэгч Н ХХК нь шаардах эрхтэй байна.

2015.2.16-ны өдрийн №6127 тоот гэрээний тухайд:

Зээлдүүлэгч Н ХХК нь зээлдэгч Д.Цд 4,400,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тус тус тохиролцон, уг барьцаат зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангах баталгаа болгож зээлдэгч нь 3 ширхэг монетон бөгж, 2 ширхэг алтан бөгж, 1 хос монетон ээмэг, 1 ширхэг монетон гинж зэргийг барьцаалжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.5 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Д.Цг гэрээний дагуу нийт төлвөл зохих 4,664,000 төгрөгөөс үндсэн зээлийн төлбөрт 2,600,000 төгрөг, хүүгийн төлбөрт 264,000 төгрөг, нийт 2,864,000 төгрөг төлсөн гэж үзэн, төлөгдөөгүй гэх үндсэн зээлийн үлдэгдэл 1,800,000 төгрөг, алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцүүлэн 900,000 төгрөг, нийт 2,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Зээлдэгч Д.Ц нь “Барьцаалан зээлдүүлэх” гэрээний дагуу барьцаалсан эд зүйлсээ буцаан авсан болох нь зохигчдын гаргасан тайлбар, 2016.12.05-ны өдөр Д.Цгийн бичсэн гар бичмэл бүхий баримт, мөн гэрч Г.Оюумаагийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх 48/

Энэхүү “Барьцаалан зээлдүүлэх” гэрээний хугацааг талууд сунгаагүй байх тул нэг сарын хүүгийн төлбөр 264,000 төгрөг тооцож, нийт төлвөл зохих 4,664,000 төгрөгөөс зээлдэгч Д.Цгийн төлсөн нийт 3,044,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 1,620,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр, үүн дээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцүүлэн алданги 810,000 төгрөг, нийт 2,430,000 төгрөгийг нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Д.Цгээс шаардах эрхтэй байна.

2015.3.13-ны өдрийн №8 тоот гэрээний тухайд:

Зээлдүүлэгч Н ХХК нь зээлдэгч Д.Цд 5,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тус тус тохиролцон, уг барьцаат зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангах баталгаа болгож зээлдэгч нь 1 ширхэг алтан бөгж, 2 ширхэг монетон бөгж, 2 ширхэг монетон гинж, 1 хос ээмэг зэргийг барьцаалжээ.

Тэдний хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээ байгуулагдсан байна.

Талууд гэрээндээ зээлийн хүүгийн хэмжээг 6 хувь байхаар заасан /330,000 төгрөг/ боловч хүүгийн хэмжээг бодитоор 385,000 төгрөгөөр тооцсон байгаа нь гэрээгээр тохирсон хэмжээнээс 55,000 төгрөгөөр илүү тооцжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс Д.Цгээс үндсэн зээлийн үлдэгдэл 5,380,000 төгрөг, алданги 2,690,000 төгрөг, нийт 8,070,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба, гэрээний дагуу зээлдэгч нь нийт 600,000 төгрөг төлснийг, төлвөл зохих 5,830,000 төгрөгөөс хасч тооцвол үлдэгдэл 5,230,000 төгрөг, үүн дээр алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн тооцвол 2,615,000 төгрөг, нийт 7,845,000 төгрөгийг Н ХХК нь Д.Цгээс шаардах эрхтэй байна.

Хэдийгээр хариуцагч Д.Ц нь дээрх №8 тоот гэрээний дагуу нэхэмжлэгч Н ХХК-ийн ажилтан гэх н.Бямбасүрэн гэгчид зээлийн төлбөрийг төлж барагдуулсан учир түүнд төлсөн төлбөр зээлийн төлбөрөөс хасагдана гэж тайлбарлах боловч, тэрээр 2015.3.13-ны өдөр иргэн П.Бямбасүрэнтэй тусдаа Зээлийн гэрээ байгуулан, зээл авсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Д.Ц болон П.Бямбасүрэн нарын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”-гээр тогтоогдсон тул түүнд төлсөн гэх төлбөрийн баримтуудыг Н ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй байна гэж дүгнэх үндэслэлтэй. /хх 49/

№8 тоот “Барьцаалан зээлдүүлэх гэрээ”-ний дагуу барьцаалсан эд зүйлс нэхэмжлэгч Н ХХК-ийн эзэмшилд байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон гэрч Г.Оюумаа нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Н ХХК-ийг Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж, мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж тус тус заасан болон, талуудын байгуулсан Гэрээний журамд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байх тул дээрх гэрээний дагуу шаардаж буй 7,845,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн, хариуцагч Д.Ц нь маргаан бүхий “Барьцаалан зээлдүүлэх” гэрээнүүдийн дагуу тодорхой хэмжээгээр төлөлт хийж байсан, зээлдүүлэгч Н ХХК-ийн зүгээс хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй хугацаа алдсан нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасан “үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй 2 жилийн хугацаа өнгөрүүлсэн байгаа нь мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт “хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз шаардах эрхээ алдана” гэж зааснаар нэхэмжлэгчийн шаардсан №46 тоот гэрээний алданги 4,500,000 төгрөг, №6127 тоот гэрээний алданги 900,000 төгрөг, №8 тоот гэрээний алданги 2,690,000 төгрөг, нийт 8,090,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин маргаан бүхий гэрээнүүдийн дагуу төлвөл зохих үндсэн зээлийн төлбөрт №46 тоот гэрээний дагуу 7,955,160 төгрөг, №6127 тоот гэрээний дагуу 1,620,000 төгрөг, нийт 9,575,160 төгрөгийг хариуцагч Д.Ц нь нэхэмжлэгч Н ХХК-д төлөх үүрэг хүлээх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Д.Ц нь маргаан бүхий гэрээнүүдийн дагуу 8,711,000 төгрөгийг илүү төлж, барьцаанд тавьсан эд зүйлсээ буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад тэрээр №8 тоот гэрээний дагуу 275,000 төгрөг, №6127 тоот гэрээний дагуу 3,922,000 төгрөг, №46 тоот гэрээний дагуу 2,969,000 төгрөгийг тус тус илүү төлсөн гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч Д.Цг зээлийн гэрээний дагуу илүү төлөлт хийгээгүй, №6127 тоот гэрээнд барьцаалсан эд зүйлсээ буцаан авсан учир сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргаж байна.

Хариуцагч Д.Ц нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу, сөрөг нэхэмжлэлд дурдсан дээрх илүү төлсөн гэх үйл баримтаа баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн, П.Бямбасүрэн гэгчид төлсөн гэх төлбөрийн баримтуудыг үндэслэл болгон шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, уг төлбөрүүд нь маргаан бүхий Н ХХК болон Д.Ц нарын зээлийн гэрээний үүрэгтэй хамааралгүй байгааг дурдах нь зүйтэй. /хх 78-89/

Мөн нэхэмжлэгч Н ХХК-иас гаргуулахыг хүссэн 11 нэр төрлийн эд зүйлсийг ойлгомжтой тодорхойлоогүй, чухам ямар эд зүйлс байгаа гэдгийг хариуцагч өөрөө ч бүрэн мэдэхгүй байх тул дээрх үндэслэлээр Д.Цгийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                  ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цгээс 9,575,160 /есөн сая таван зуун далан таван мянга нэг зуун жаран/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 14,694,840 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Цгийн нэхэмжлэгч Н ХХК-иас 8,711,000 төгрөг болон барьцаанд тавьсан 11 ширхэг эд зүйлсийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 385,250 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 239,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 168,152 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.САРАНТУЯА