Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00282

 

Электронсистемс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01457 дугаар шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1741 дүгээр магадлалтай,

 Электронсистемс ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох

 Үндсэн нэхэмжлэл: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 348.108.000 төгрөг, тоног төхөөрөмжийн үнэ 40.000.000 төгрөг, нийт 388.108.000 гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: Ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, операторын ажлын хөлсөнд төлсөн 1.062.900.000 төгрөг, түрээсийн гэрээний үлдэгдэл 4.715.058 төгрөг, нийт 1.067.615.058 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбатын гаргасан гомдлыг үндэслэн, танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

  Нэхэмжлэгч Электронсистемс ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Тус компани нь 2006 онд байгуулагдан дохиолол хамгаалалтын тоног төхөөрөмж суурилуулах, электроникийн засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Манай компани нь 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Arinc компанийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчийн хувьд Иргэний нисэхийн Ерөнхий газартай ИНЕГ/У/ХХБ/Б-04/12 тоот Чингис хаан олон улсын нисэх буудалд зорчигч бүртгэлийн системийн операторын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажиллаж байсан. Энэхүү гэрээний хүрээнд гүйцэтгэх ажил нь нисэх буудлаар үйлчлүүлж буй бүх зорчигчдын ачааг бар кодоор уншиж, зорчигчийн ачааг хэний ачаа болохыг нь таньж холбох чиг үүрэгтэй ажил бөгөөд гэрээ нь 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон. Гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацааны төлбөр бүрэн төлөгдөж дууссан ба энэ тухай талуудад маргаантай асуудал байхгүй. Харин гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаанд суурилуулсан тоног төхөөрөмжтэй холбоотой болон гэрээ дуусгавар болсон хэдий ч Электронсистемс ХХК нь гэрээний үүргээ гүйцэтгэсээр байсантай холбоотойгоор талуудын хооронд төлбөр тооцоог барагдуулахтай холбоотой хоёр асуудал үүссэн болно. Үүнд, компанийн зүгээс үйл ажиллагаа явуулахдаа Чингис хаан олон улсын нисэх буудалд тодорхой тооны тоног төхөөрөмжүүдийг байрлуулсан болно. Уг тоног төхөөрөмжүүдээ бидний зүгээс буцаан аваагүй бөгөөд үйл ажиллагаа явуулах дараагийн компанид хүлээлгэн өгсөн. Гэтэл уг тоног төхөөрөмжийн үнийг одоог хүртэл өгөөгүй байх бөгөөд бидний зүгээс шүүхээр уг төхөөрөмжийн үнийг нэхэмжлэхээс өөр аргагүй болоод байна. Манай компанийн үзүүлж байсан үйлчилгээний онцлогоос хамааран 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэрээ дуусгавар болсон хэдий ч гэрээгээр гүйцэтгэж байсан үйл ажиллагаагаа зогсоовол Монгол Улсын Иргэний нисэхийн үйл ажиллагаа доголдох магадлалтай учраас 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бидний зүгээс гэрээнд заасан үүргээ тасралтгүй биелүүлж байсан. Энэ хугацаанд манай компани үйл ажиллагаа явуулах бүх зардлаа өөрсдөө нөөц бололцоогоор шийдвэрлэж байсан бөгөөд үүрэг гүйцэтгэсэн хугацаанд 90.000 орчим зорчигч манай системээр үйлчлүүлэн зорчсон. Гэрээгээр анх тохиролцсон үнэ болох нэг зорчигчийн 4,000 төгрөгөөр тооцвол нийт 360,000,000 төгрөгийн үйлчилгээг манай компанийн зүгээс дээрх хугацаанд үзүүлсэн байдаг. Гэвч хэрэгт цугларсан баримтаар нийт 87.027 зорчигч зорчсон болох нь тогтоогдож байх тул нэг зорчигчийг 4,000 төгрөгөөр тооцон нийт 348,108,000 төгрөгийг нэхэмжилж, гүйцэтгэсэн ажлын хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Хэдийгээр гэрээний хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон хэдий ч манай компани дээрх үйлчилгээг өөрсдийн хөрөнгөөр үзүүлсэн учраас уг төлбөрийг Иргэний Нисэхийн Ерөнхий газраас хуульд заасны дагуу шаардах эрх үүссэн. Бид дээрх асуудлыг Иргэний Нисэхийн Ерөнхий газартай ярилцаж шийдвэрлэх хүсэлтэй байсан ба уг асуудлаар Иргэний Нисэхийн Ерөнхий газарт хэд хэдэн удаа хандаж албан бичиг хүргүүлж байсан бөгөөд хамгийн сүүлд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хандан албан бичгийг хүргүүлсэн. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар төрийн байгууллага, албан тушаалтан нь харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах үүрэгтэй ба мөн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэж хариу өгөх ёстой байдаг хэдий ч Иргэний Нисэхийн Ерөнхий газраас бидэнд тодорхой хариу ирээгүй тул уг асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд манай байгууллагын гүйцэтгэсэн ажлын хөлс 348,108,000 төгрөг, Чингис хаан олон улсын нисэх буудалд байрлуулсан тоног төхөөрөмжийн үнэ болох 40,000,000 төгрөг, нийт 388,180,000 төгрөгийг Иргэний нисэхийн Ерөнхий газраас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газрын төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдагдсан 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ИНЕГ/У/ХХБ/Б-04/12 тоот Чингис хаан олон улсын нисэх буудалд зорчигч бүртгэлийн системийн операторын ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дууссан. Энэ ажлын гүйцэтгэлийн талаар тайлагнасан зүйл байхгүй, дөрвөн хүн ажилласныг зөвшөөрөхгүй байна. Манай байгууллага өөрсдийн нөөц бололцоогоор ажиллуулж байгаад 2015 оны 6 дугаар сард МИАТ ТӨХК-д хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш манай байгууллагын санхүүгийн бүртгэлд тус компанийн нэхэмжлээд буй бүртгэлийн хураамж нь өглөгөөр бүртгэгдэхгүй болсон. Гэтэл бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж байсныг тус компани мэдсэн хирнээ гомдлын шаардлага гаргаагүй, төлбөр нэхэмжлээгүй гурван жил өнгөрсөн байгаа нь тухайн компани нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгээ мэдэж байсан гэдийг нотолно. Чингис хаан олон улсын нисэх буудалд байршуулсан тоног төхөөрөмжийн үнэ болох 40,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Учир нь тус компанитай байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь захиалагчийн өөрийн тоног төхөөрөмжийг ашиглаж, зорчигчийн бүртгэлийн үйл ажиллагааг хэвийн ажиллуулах үүрэг хүлээн оролцож байсан. Иймд тус газраас тоног төхөөрөмжийн үнэ нэхэмжлэх эрхгүй юм. Уг тоног төхөөрөмж нь анхнаасаа Иргэний нисэхийн ерөнхий газрын хөрөнгөнд бүртгэлтэй эд хөрөнгө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: ...Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ИНЕГ/У/ХХБ/Б-04/12 тоот Чингис хаан олон улсын нисэх буудалд зорчигч бүртгэлийн системийн операторын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудлаар тухайн үед Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, Иргэний нисэхийн Ерөнхий газрын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежерээр ажиллаж байсан Д.Эрдэнэбат, Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяа Чингис хаан олон улсын нисэх буудлын сүлжээний инженерээр ажиллаж байсан М.Батболд нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсч шалгаж, улмаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1025 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 958 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 57 дугаар тогтоол тус тус гарч Электронсистемс ХХК-ийг операторын үйл ажиллагаа эрхлүүлэхээр сонгож гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн сайдын баталсан жишиг баримт бичгийг тус тус зөрчсөн болохыг тогтоож, улмаар дээрх гэрээг байгуулсан С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарыг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, М.Батболдыг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Батмөнх, Д.Эрдэнэбат нараас тус бүр 278,777,066 төгрөг, М.Батболдоос 505,405,066 төгрөг гаргуулж хохирогч Иргэний нисэхийн Ерөнхий газарт олгож шийдвэрлэсэн. Иймд Электронсистемс ХХК болон Иргэний нисэхийн Ерөнхий газрын хооронд байгуулсан Чингис хаан олон улсын нисэх буудалд зорчигч бүртгэлийн системийн операторын ажил гүйцэтгэх ИНЕГ/У/ХХБ/Б-04/12 тоот гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү. Сангийн сайдын баталсан удирдамжийн дагуу Сангийн яамнаас Иргэний нисэхийн Ерөнхий газрын 2012-2016, 2017 оны эхний 9 сарын байдлаарх санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Энэхүү шалгалтаар дараах нөхцөл байдал тогтоогдсон. Электронсистемс ХХК-иар Чингис хаан олон улсын нисэх буудалд зорчигчийн бүртгэлийн системийн операторын үйл ажиллагааг гүйцэтгүүлэх гэрээг 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулж, гэрээний дагуу 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 300,000,000 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 236,331,200 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 300,000,000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 226,628,000 төгрөг, нийт 1,062,959,200 төгрөг шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ нягтлан бодох бүртгэлийн бичилтээр Электронсистемс ХХК-ийн нэр дээр 1200-1716-04 тоот урьдчилж төлсөн тооцоо данс нээж бүртгэсэн ба Чингис хаан олон улсын нисэх буудлаас тооцогдож ирсэн зорчигч бүртгэлийн хураамж болох 329,382,225 төгрөгөөр дээрх урьдчилж төлсөн тооцооны дансанд нэмэгдүүлэн бүртгэж, тус компанид нийт 1,392,341,425 төгрөгийг Чингис хаан олон улсын нисэх буудлаас авах авлагаар шилжүүлэн хаасан. Электронсистемс ХХК нь суурилагдсан тоног төхөөрөмжийг бүрэн ашиглаж, зорчигч бүртгэлийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулж чадаагүй, программ хангамжийг ашиглах чадвартай мэргэжлийн боловсон хүчин байхгүй, сургаж бэлтгэн өгч дадлагажуулаагүй. Зорчигч бүртгэлийн үйл ажиллагааг тогтмолжуулж, уг системээр нэвтэрсэн зорчигчийн бүртгэлд үндэслэн бичсэн төлбөрийн нэхэмжлэл ирүүлдэггүй байсан тул операторын хөлсөнд төлсөн 1,062,900,000 төгрөгийг Электронсистемс ХХК-иас буцаан нэхэмжлэхийг тус газарт даалгасан тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Энэхүү зөрчилд Монгол Улсын Сангийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02/01-12 дугаартай акт тавигдаж, уг актын дагуу хуулийн байгууллагад хандахыг Иргэний нисэхийн Ерөнхий газарт үүрэг болгосон. Мөн тус компани нь Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяа Чингис хаан олон улсын нисэх буудалд түрээсийн гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байхдаа 2013 онд 3,016,933 төгрөг, 2012 онд 1,698,125 төгрөг, нийт 4,715,058 төгрөгийн түрээсийн төлбөрийг удаа дараа шаардаж байхад төлж барагдуулаагүй тул энэхүү мөнгийг нэхэмжилж байгаа болно. Иймд Электронсистемс ХХК-иас операторын хөлсөнд төлсөн 1,062,900,000 төгрөг, түрээсийн төлбөрийн тооцоо 4,715,058 төгрөг, нийт 1,067,615,058 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэхдээ техникийн алдаа гаргаж 1,067,615,058 төгрөгийг гаргуулна гэж бичсэн байна гэжээ.

 Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...1,062,900,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу Электронсистемс ХХК-д шилжүүлсэн байдаг. Энэхүү төлбөрөө Сангийн яамнаас тавьсан актын дагуу нэхэмжилж байна. Гэтэл уг шилжүүлсэн мөнгийг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрт манай компанийн нэхэмжилсэн үнийн дүнгээс хасч Иргэний хуулийн 238 дугаар зүйлд зааснаар харилцан тооцож дуусгавар болгохоор шийдвэрлэж, нэхэмжилсэн дүнгээс хассан байх бөгөөд энэ талаар манай компани дахин үүрэг хүлээх үндэслэлгүй. Мөн Сангийн яамнаас 2012 онд хийгдсэн ажлын үр дүнг 2018 оны 02 дугаар сард буюу 6 жилийн дараа үнэлж, тус үнэлгээндээ ажил хангалтгүй биелэгдсэн, систем ажиллаагүй гэх зэргээр дүгнэсэн нь бодит үнэнд нийцээгүй байна. Учир нь уг гэрээний асуудлыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх нэг мөр болгон дүгнэж шийдвэрлэсэн. Мөн түрээсийн гэрээний төлбөрт нийт 4,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Уг түрээсийн гэрээний төлбөрийг хариуцагч талаас шаардаагүй таван жил болсон байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Дээрх хоёр шаардлагыг нэгтгэхэд 1 тэрбум 67 сая төгрөг болж байх бөгөөд нэхэмжилж буй нийт үнийн дүн болох 1,6 тэрбум төгрөгийн үлдэх хэсгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул тайлбар өгөх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01457 дугаар  шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 348,108,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Электронсистемс ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,000,000 төгрөг болон хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газрын Чингис хаан олон улсын нисэх буудалд зорчигч бүртгэлийн системийн операторын ажил гүйцэтгэх ИНЕГ/У/ХХБ/Б-04/12 тоот гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, операторын ажлын хөлсөнд төлсөн 1,062,900 төгрөг, түрээсийн гэрээний үлдэгдэл 4,715,058 төгрөг, нийт 1,067,615,058 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 1,898,490 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Электронсистемс ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1741 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01457дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар нэхэмжлэгч Электронсистемс ХХК-ийн 2012 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ИНЕГ/У/ХХБ/Б-4/12 тоот гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 348,108,000 төгрөг, Чингис хаан олон улсын нисэх буудалд байрлуулсан тоног төхөөрөмжийн үнэ болох 40,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг болон Чингис хаан олон улсын нисэх буудалд зорчигч бүртгэлийн системийн операторын ажил гүйцэтгэх ИНЕГ/У/ХХБ/Б-04/12 тоот гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, операторын ажлын хөлсөнд төлсөн 1,062,900,000 төгрөг, түрээсийн гэрээний үлдэгдэл 4,715,058 төгрөг, нийт 1,067,615,058 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбатын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Шүүхээс нэхэмжлэгчийн шаардах эрх дуусгавар болсон хэмээн дүгнэсэн байна. Ийнхүү дүгнэхдээ 2012 онд нэхэмжлэгч болон хариуцагчдын хооронд байгуулсан гэрээг сунгаагүй хэмээн үзсэн байна. Ийнхүү гэрээг сунгаагүй талаар анхан шатны шүүхээс мөн адил дүгнэлт хийсэн байдаг. Нэгэнт гэрээ сунгагдаагүй байтал манай компани ажилласаар байсан нь Иргэний нисэхийн ерөнхий газар үндэслэлгүйгээр хөрөнгөжих үндэс болсон. Үүнийг ч анхан шатны шүүх зөвөөр үнэлж шийдвэрлэсэн байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь 10 жил байх тул хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэх үндэсгүй юм. Нэхэмжлэгч байгууллагыг нэхэмжлэлийн шаардлага болох ажил гүйцэтгэснээ хангалттай нотлоогүй хэмээн дүгнэжээ. 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсноос хойш 2015 оны 06 дугаар сарын 01-нийг дуусталх хугацаанд ажил гүйцэтгэсэн. Ийнхүү манай компани ажил гүйцэтгэснийг анхан шатны шүүхийн шийдвэрийн 6 дахь талд дурдагдсан нийт 3 албан бичгээр нотолсон. Харин давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Иргэний Нисэхийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг нь хоёрдмол утгатай, тодорхой хариулт өгсөн шинжгүй байсан. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний Нисэхийн Ерөнхий газар нь өөрийн харьяаны байгууллагын хувьд ийм албан тоотыг гаргуулсан байх үндэстэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Электронсистемс ХХК, Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан 400,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 388,108,000 төгрөг болгон багасгаж, үндэслэлээ тайлбарлахдаа ...ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусгавар болсон 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажлаа гүйцэтгэсэн, нийт 87.027 зорчигч үйлчлүүлсний бүртгэлийг 1 бүрийн 4,000 төгрөгөөр тооцон 348,108,000 төгрөг, мөн байрлуулсан тоног төхөөрөмжийн үнэ 40,000,000 төгрөг гаргуулна гэжээ.

 Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...ажлын хөлсийн маргааныг өмнө нь шүүх шийдвэрлэсэн, гэрээ дуусгавар болсны дараа үргэлжлүүлэн ажиллуулахыг зөвшөөрч тохиролцоогүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан байна.

 Хариуцагч, сөрөг нэхэмжлэл гаргаж, ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн ажлын хөлс 1,062,900,000 төгрөг, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4,715,058 төгрөг, нийт 1,067,615,058 төгрөг гаргуулахыг хүссэн, энэ нэхэмжлэлийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байна.

 Анхан шатны шүүх, гэрээ дуусгавар болсноос хойш нэхэмжлэгч ажлаа гүйцэтгэсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар уг хугацааны хөлсийг шаардах эрхтэй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна, хугацаа хэтрээгүй гэж ажлын хөлс 348,108,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, ...тоног төхөөрөмжийн өмчлөгч болохоо нотлоогүй үндэслэлээр 40,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг, мөн ...хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдал, хэлцлээр шилжүүлсэн 1,067,615,058 төгрөгийн маргааныг шийдвэрлэсэн, ...түрээсийн гэрээний оролцогч биш гэж сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Давж заалдах шатны шүүх, шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Тус шүүх, анхан шатны шүүхийн ажлын хөлс 348,108,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангасан шийдлийг буруу гэж үзэхдээ ...гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулбал талууд бичгээр тохиролцохоор заасан, гэрээ дуусгавар болсны дараа ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх, ажлын үр дүнг хүлээн авахаар талууд тохиролцоогүй, хэзээ, ямар ажил гүйцэтгэсэн нь тогтоогдоогүй, гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 1. Зохигчийн хооронд 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ИНЕГ/У/ХХБ/Б-04/12 тоот Чингис хаан олон улсын нисэх буудалд зорчигч бүртгэлийн системийн операторын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр нэхэмжлэгч нь нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигчдын ачааг бар кодоор уншиж, хэний ачаа болохыг нь таньж холбох чиг үүрэгтэй ажлыг 3 жилийн хугацаатай гүйцэтгэх, хариуцагч нэг зорчигчийн 4,000 төгрөгөөр тооцож ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд уг шийдвэрээр зохигчийн хооронд гарсан гэрээний хугацаан дахь гүйцэтгэсэн ажил, ажлын хөлсийн маргааныг шийдвэрлэжээ.

 2. Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно гэж заасан байна.

 Зохигч гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан, уг гэрээний хугацаа 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон байна.

3. Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусгавар болсон, талууд хугацааг сунгаагүй гэсэн нь зөв байх боловч гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш нэхэмжлэгч ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн, энэ хугацаанд хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн тус шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

Учир нь зохигч гэрээндээ, гэрээ дууссанаас хойш гэрээний тусгай нөхцөлд заасан бусад үйл ажиллагаа явуулж болохгүй, үйлчилгээ үзүүлэгч нь үйл ажиллагаагаа гэрээний тусгай нөхцөлд тодорхойлсон, дуусгахаар төлөвлөсөн өдөрт дуусгана, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулбал зөвхөн бичгээр үйлдсэн тохиролцоонд үндэслэх ба гэрээний санхүүжилтийг хариуцаж буй Засгийн газрын холбогдох байгууллагын зөвшөөрөл авснаар уг тохиролцоо хүчин төгөлдөр байна гэж тусгайлан тохиролцсон бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулахыг зөвшөөрсөн, талууд харилцан тохиролцсон гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан хэргийн 25-31-р талд байгаа гар тэмдэглэл нь гэрээгээр тохирсон нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигчдын ачааг бар кодоор уншиж, хэний ачаа болохыг нь таньж холбох чиг үүрэг бүхий ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн, нийт 348,108,000 төгрөгийн ажлын хөлс шаардах эрхтэйг нотлоогүйгээс гадна гэрээний үүрэгтэй холбоотой энэхүү шаардлагыг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний нисэхийн ерөнхий газраас Электронсистемс ХХК-д хүргүүлсэн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/2138 тоот, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02/167 тоот албан бичгүүдэд /хх-63-64-р тал/ гэрээний хугацаан дах ажлын хөлсийг төлбөр төлөх асуудал тусгагдсан, харин 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02/1183 тоот албан бичигт /хх-65-р тал/ гэрээ дуусгавар болсноос хойш нэхэмжлэгч ажил гүйцэтгэснийг болон уг хугацааны төлбөр төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн агуулга илэрхийлэгдээгүй байна.

Иймд ажлын хөлс гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо давж заалдах шатны шүүх хэргийн баримтын хүрээнд дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 4. Тоног төхөөрөмжийг өөрийн өмч гэдгээ нэхэмжлэгч нотлоогүй байх тул үнэ 40,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

5. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэнээс гадна хэлцлээр шилжүүлсэн 1,067,615,058 төгрөгийн маргааны талаар дүгнэлт хийсэн тул эдгээр нь тогтоогдсон үйл баримт болно. Хариуцагч нь түрээсийн гэрээний оролцогч биш учир сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүх хэргийн баримтад тулгуурласан гэж дүгнэв.

 Иймд нэхэмжлэгчийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэл, хөөн хэлэлцэх хугацааны талаар давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1741 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбатын гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Электронсистемс ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид 1,898,490 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЦАГААНЦООЖ

                                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                                                                                       ШҮҮГЧИД                           П.ЗОЛЗАЯА

                             Х.СОНИНБАЯР

                              Д.ЦОЛМОН