Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00307

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01522 дугаар шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1744 дугаар магадлалтай,

 Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д.А, Ө.Б нарт холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 8.500.669 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.Амартүвшингийн гаргасан гомдлыг үндэслэн, танхимын тэргүүн Г.Алтанчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнзул, Э.Амартүвшин, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Д.Амартүвшин, Ө.Баярмаа нар нь Хас банк ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1570005849 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 12.000.000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгчийн хүсэлтээр 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндсэн гэрээний дагуу 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дуусах хугацааг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болгохоор тусгасан. Үндсэн гэрээний дагуу олгосон 12.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 8.024.323 төгрөг. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 3.024.664.59 төгрөг, зээлийн хүүд 2.898.280.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6.665.55 төгрөг төлсөн. Зээлдэгч нь банктай байгуулсан 1570005840 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг байнга хугацаа хэтрүүлэн дутуу төлж байгаа ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 736 хоног хугацаа хэтрүүлсэн. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх заалт болон 1570005849 дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 4.999.659 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар хүү 3.153.440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 333.070 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 8.500.669 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амартүвшингийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Д.Амартүвшин миний бие нь 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хас банк ХХК-аас 11.829.900 төгрөгийн зээл авсан. Үүнээс эргэн төлөлтөд 13.953.834 төгрөгийг төлсөн. 2017 оны эргэн төлөлтийн хуваарь өндөр болсон тул Хас банк ХХК-ийн эдийн засагч Н.Батнавчид хандаж учир байдлаа хэлсэн. Эдийн засагч Н.Батнавчийн ажлын хариуцлагагүйгээс болж хуримтлагдсан хүү болох 3.153.440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 333.070 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөгийг төлөх сонирхолгүй байна. Одоо Хас банк ХХК-ийн нэхэмжилсэн 8.500.000 төгрөгийг төлбөл би өөрийн хашаа байшин хөрөнгөө хураалгаж эхнэр 6 хүүхдийн хамт гудамжинд гарах болно. Иймээс Хас банк ХХК-ийн нэхэмжилсэн 8.500.000 төгрөгийг сарын 300.000 төгрөгөөр 29 сарын хугацаатай төлөхөөр эвлэрүүлж өгнө үү гэжээ.

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01522 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Амартүвшин, хариуцагч Ө.Баярмаа нараас бүгд 7.310.339 төгрөгийг нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, үлдсэн 1.190.330 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Амартүвшин, Ө.Баярмаа нар энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 000511446 дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 39 дүгээр гудамж, 464А тоот хаягт байршилтай, 277 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Улсын бүртгэлийн Ү-2203008562 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 39 дүгээр гудамж, 464А тоот, 33.75 м.кв талбайтай хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221.161 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Амартүвшин, хариуцагч Ө.Баярмаа нараас улсын тэмдэгтийн хураамжид 202.115 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1744 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01522 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 131.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Амартүвшингийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ...гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Хас банк ХХК нь банкны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхой бус зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хэрэгт авагдаагүй байна. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/Ш32019/07892 дугаар шүүгчийн захирамжаар Д.Амартүвшин миний өмгөөлөгчтэй оролцох эрхээр минь хангаж шүүх хуралдаан хойшилсон боловч 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 4 хоногийн хугацаа өгсөн нь бага хугацаатай байсан бөгөөд өмгөөлөгч олох боломжгүй байсан. 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ө.Баярмаагийн төлөөлөгчийн хувиар өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан боловч хангаагүй. Мөн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Хас банк ХХК-иас зөрүүтэй дансны хуулга гаргуулах тухай амаар хүсэлт гаргахад хүсэлтийг хүлээн авалгүй шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлсэн байдал нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1570005849 дугаартай зээлийн гэрээ нь байгуулсан боловч Хас банк ХХК нь өөрөө зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан нь тогтоогдоогүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэл байна. Тодруулбал, Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.11-д ...Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг..., 6 дугаар зүйлийн 6.1-д Банк Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ гэж тус тус заасан атал тусгай зөвшөөрлийн шалгалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хавтаст хэргийн 6-р талд Хас банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан бөгөөд гүйцэтгэх захирлаар М.Болдыг томилсон байна. Гэтэл хэргийн 9 болон 43 дахь тал дээр Г.Сансартуяа гэх хүн итгэмжлэл олгосон байна. Г.Сарантуяа нь бусдад хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрх шилжүүлэх эрхтэй этгээд эсэх нь тодорхой бус байхад хоёр шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хэрэгсэхгүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Хас банк ХХК нь Д.Амартүвшин, Ө.Баярмаа нарт холбогдуулан үндсэн зээл 4.999.659 төгрөг, зээлийн хүү 3.153.440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 333.070 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 8.500.669 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч, банкны ажилтны буруугаас хүү хуримтлагдсан гэж маргасан байна.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 Хариуцагч Д.Амартүвшингийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 1. Зохигчийн хооронд банк, эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 Д.Амартүвшин, Ө.Баярмаа нар 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хас банк ХХК-с 12.000.000 төгрөгийг хэрэглээний зээлийн зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл үндсэн зээлийн 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч зээлсэн, мөн өдөр зээлийн үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, Ө.Баярмаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн, 14 дүгээр хороо, Хандгайтын 39 дүгээр гудамж, 464А тот, 33.75 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалсан нь тогтоогдсон байна.

 Иймд зохигчийн хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан талаархи шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасантай нийцжээ.

 Гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийллийн талаар зохигч маргаагүй, эдгээр гэрээ бичгээр байгуулагдсан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 2. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагч Д.Амартүвшингийн харилцах дансанд мөнгийг шилжүүлснийг зохигч маргаагүй, зээлийн гэрээний хавсралтын дагуу зээлийн хүү, үндсэн зээлээс хэсэгчлэн сар тутам төлөх үүргээ хариуцагч нар зохих ёсоор биелүүлээгүй байна.

 3. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тооцооллын хүрээнд зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 7.310.339 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцсэн байна.

 Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл хариуцагч нар үндсэн зээлээс 3.024.664 төгрөг, хүүд 2.898.180 төгрөг төлсөн тул үндсэн зээлийн үлдэх хэсэг 4.999.659 төгрөг, төлөгдөөгүй хүү 1.977.610 төгрөг, нийт 6.977.269 төгрөгийг хариуцагч нараас гаргуулсан шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй ба зээлийн гэрээний 4.1-д нэмэгдүүлсэн хүүг зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр 333.070 төгрөг гаргуулсан нь хууль зөрчөөгүй байна.

 Хэтэрсэн хугацааны хүү гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 Нотариатын зардалд 14.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүйгээс шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасантай нийцжээ.

 4. Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй тул хариуцагч нар зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй бол барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар, албадан дуудлага худалдаа явуулж худалдахыг эрх бүхий байгууллагад шүүх үүрэг болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг зөрчөөгүй байна.

 5. Хэргийн 6-р талд байгаа Хас банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус банкийг арилжааны банкны үйл ажиллагаа явуулах гэж заасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэгч тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар маргаагүй тул шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээд гэж үзэж дүгнэлт хийсэн нь хууль зөрчөөгүй байна.

 Шүүх өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хариуцагчийн эрхийг хангасан нь баримтаар нотлогдсон, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх хүсэлт гаргасан нь тогтоогдоогүй тул шүүх хариуцагчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

 Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Амартүвшингийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01522 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1744 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д.Амартүвшингийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Хариуцагч Д.Амартүвшин хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 131.920 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.СОНИНБАЯР

                                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                                                                             ШҮҮГЧИД                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                                        Б.УНДРАХ

     Г.ЦАГААНЦООЖ