Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2016/0604

 

“******* ******* Сий ******* *******” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхзул, Д.Хаш-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, З.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн  351 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, иргэн “******* ******* Сий ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: "Газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 162 дугаар тушаалыг хүчингүй болгож, Газрын тосны газар болон "******* ******* Сий ******* *******" ХХК нарын хооронд 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний хугацааг сунгахыг Газрын тосны газарт даалгуулах" гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, 4.1.14, 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.2, 18 дугаар зүйлийн 18.4-т заасныг тус тус баримтлан Газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн "Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах тухай" 162 дугаар тушаалыг хүчингүй болгож, Газрын тосны хайгуулын "Тариач-XV” талбайд "******* ******* Сий ******* Эксплорэйшн Корпорэйшн" компанитай байгуулсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний хугацааг Гэрээлэгчийн хүсэлт гаргаснаар 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс тооцож асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 351 дүгээр шийдвэрээр "******* ******* Сий Петролеум *******" ХХК-ийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

  1. Газрын тосны хайгуулын Тариач XV талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээ /БХГ/-г цуцалсан тухай мэдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2-1322 тоот албан бичгийг Газрын тосны газар /ГТГ/-аас 2015 оны 12 дугаар сарын 07- ны өдөр шуудангийн 37 дугаар салбарт хүлээлгэн өгсөн боловч илгээсэн хаяг дээрээ байхгүй гэсэн шалтгаанаар 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буцаж ирсэн. Гэхдээ уг албан бичгийн хуулбарыг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Гэрээлэгч компанийн гүйцэтгэх захирал Ц.Буяндэлгэр, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Гэрээлэгч компанийн менежер Ц.Цогтжаргал нарт гардуулж өгсөн болно.
  2. ГТГ нь Газрын тосны хайгуулын Тариач XV талбайг Засгийн газарт буцаан өгөх тухай мэдэгдлийг 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1-795 тоот албан бичгээр хүргүүлсэн.
  3. ГТГ болон Дорноговь аймгийн Байгаль орчны газартай хамтран Тариач XV талбай дахь химийн бодисын хадгалалт, хамгаалалт, өрмийн хаягдлын сангийн нөхөн сэргээлтийн байдлыг шалгах, байгаль орчныг хамгаалах ажпын гүйцэтгэлд дүгнэлт гаргах зорилгоор 2014 болон 2015 онуудад зохих шалгалтуудыг хийсэн. Манай байгууллагатай хамтран ажилласан эрх бүхий төрийн байгууллага энэ шалгалтын талаар хэрэгт ач холбогдол бүхий шаардлагыг Гэрээлэгчид хүргүүлсэн байдаг.

Иймд дээрх гомдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн 2016 оны 351 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байна.” гэжээ.

ХЯНАВАЛ

Ашигт  малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар болон нэхэмжлэгч БНХАУ-ын “******* ******* Сий ******* Эксплорэйшн корперэйшн ХХК /“******* ******* Сий ******* *******” ХХК/[1]-ийн хооронд 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г 5 жилийн хугацаатай байгуулж, 2012 онд гэрээний хугацааг 2 жилээр сунгажээ.

Энэхүү гэрээний сунгалтын хугацаа 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дуусахаас өмнө нэхэмжлэгчээс гэрээний хугацааг дахин сунгуулах хүсэлт гаргасан боловч “Тариат XV” талбайд хариуцагчаас Дорноговь аймгийн Байгаль орчны газартай хамтран хийсэн 2014 оны 12 сарын шалгалт болон 2015 оны 09 сард хийсэн шалгалтуудаар байгаль орчны нөхөн сэргээлтийг хангалтгүй гэж үзэн Засгийн газрын шийдвэрийн дагуу Газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 162 дугаар тушаалаар “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г цуцалсан байна.

Дараах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

1. Ашигт малтмал, газрын тосны газрын санаачлагаар “******* ******* Сий ******* Эксплорэйшн корперэйшн” ХХК-тай байгуулсан гэрээг Засгийн газарт танилцуулж, Газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 162 дугаар тушаалаар цуцалсан гэх боловч Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 431 дүгээр “Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах эрх олгох тухай” 431 дүгээр тогтоолоор гэрээ цуцлах асуудлаар дүгнэлт хийсэн байна.

Газрын тосны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Бүтээгдэхүүн хуваах гэрээг ... Засгийн газрын шийдвэрээр цуцална” гэж зааснаас үзвэл гэрээ цуцлах эрх Засгийн газарт олгогдсон зохицуулалттай байх тул хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулах, Засгийн газрын шийдвэртэй маргаагүй, уг шийдвэр хүчинтэй байгаа тохиолдолд маргааныг таслан шийдвэрлэх боломжтой эсэхийг хэргийн оролцогчдоос тайлбар, баримт авч, тэдгээрт үндэслэн холбогдох хуулийн зохицуулалтыг харьцуулах замаар энэ асуудалд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

2. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн оноосон нэр нь 2006 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөр “******* ******* Сий ******* *******” ХХК болж өөрчлөгдсөн  байх боловч “******* ******* Сий ******* Эксплорэйшн корперэйшн” гэсэн хуулийн этгээд бүтээгдэхүүн хуваах гэрээг 2007 оны 02 дугаар сарын 02 -ны өдөр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газартай байгуулсан байна. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигч болон бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан хуулийн этгээд нь нэг этгээд болох эсэх, бүтээгдэхүүн хуваах гэрээг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан эсэх, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын хуулийн этгээд байх шаардлагын үүднээс ...” гэх тайлбар зэрэгт холбогдох баримтад үндэслэн шалган тогтоох нь “тусгай зөвшөөрөл эзэмшигч болон бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан этгээдүүдийн хоорондын болон тэдгээрийн хэн нь хариуцагч Газрын тосны газартай ямар асуудлаар харилцах бүрэн эрхтэйг тогтоох” зэрэгт ач холбогдолтой байна.

3. Бүтээгдэхүүн хуваах гэрээ цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан тухай нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэх тухайд:

Тусгай зөвшөөрөл эзэмшигч /”******* Сий Петролеум” ХХК/ болон гэрээлэгчийн /******* ******* Сий ******* *******” ХХК/ эрх зүйн байдал, хариуцагчтай хэн нь ямар асуудлаар харилцах бүрэн эрхтэй талаар нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийж дараах асуудлаарх зөрүүтэй байдлыг тодруулах шаардлагатай байна. Үүнд:

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээнд зааснаар тус компанийн БНХАУ-д байрлах хаягт хүргүүлээгүй гэж маргах бөгөөд мөн гэрээнд зааснаар Монгол Улсад төлөөлөгч оршин байхыг шаардсан эсэх, тийм бол уг төлөөлөгч байсан эсэх, гэрээлэгч гэх хуулийн этгээд нь Засгийн газрын төлөөлөгч буюу хариуцагчтай ямар асуудлаар харилцах эрхтэй болох, өмнө ямар асуудлаар харилцаж байсан зэргийг тодруулснаар нэхэмжлэлийн энэ үндэслэлийг тогтооход ач холбогдолтой байна.

Тухайлбал, хариуцагч Газрын тосны газраас “Тариач XV” талбайг Засгийн газарт буцаан өгөх тухай мэдэгдлийг гэрээнд зааснаар тус компаний БНХАУ-д байрлах хаягт хүргүүлээгүй болох нь хэрэгт авагдсан хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдох боловч өмнө нь хариуцагчаас 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаа сунгалтын тухай, 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай зэрэг албан бичгүүдийг хүргүүлж байсан байх бөгөөд эдгээр албан бичгүүдийг ямар хаягаар хүргүүлж байсан болохыг тодруулах шаардлагатай.

Учир нь хариуцагчаас маргаан бүхий актыг 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 2-1322 дугаар албан бичгийг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шуудангийн 37 дугаар салбарт хүлээлгэн өгөхөд хаяг дээрээ байхгүй гэх шалтгаанаар буцаагдан ирсэн гэх бөгөөд дээрх албан бичгүүдийг нэхэмжлэгчийн гэрээнд заагдсан хаягаар хүргүүлж харилцдаг байсан эсэх талаар баримтыг тодруулах шаардлагатай байна.

4. Газрын тосны газар болон “******* ******* Сий Петролум *******” ХХК нарын хооронд 2007 оны 02 дугаар 02-ны өдөр байгуулагдсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний хугацааг сунгахыг Газрын тосны газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах ажиллагааг хийх шаардлагатай байна.

Хариуцагчаас Дорноговь аймгийн Байгаль орчны газартай хамтран хийсэн 2014 оны 12 сарын шалгалт болон 2015 оны 09 сард хийсэн шалгалтуудыг хийсэн гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчээс хариуцагч өөрийн мэргэжилтнүүдийн тайланд үндэслэж зөрчил гарсан гэж үзсэн нь буруу, зөрчил гарсан эсэхийг мэргэжлийн байгууллага тогтоох ёстой хэмээн маргаж байна. Хэрэгт энэ асуудлыг нэг мөр дүгнэлт өгч шийдвэрлэх хангалттай баримт авагдаагүй байна.

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар болоод Дорноговь аймгийн Байгаль орчны газраас хийсэн гэх хяналт шалгалтын талаар тодруулах нь хэргийн оролцогчдын маргаж буй зөрчил гарсан эсэх, зөрчлийг хэн тогтоох эрхтэй эсэх зэргийг таслан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2 удаагийн шалгалт хийж “Тариат XV” талбайн нөхөн сэргээлт хангалтгүй гэж дүгнэсэн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, үндэслэлтэй эсэхийг тогтоосны дараа зөрчил гаргаагүй нь тогтоогдсон тохиолдолд гэрээний хугацааг сунгах асуудлаар даалгах нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжтой байна. Учир нь гагцхүү гэрээг сунгах хүчин зүйлс бүрэн хангагдсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шаардлагатай ажиллагааг бүрэн хийсэн, харин хариуцагчийн татгалзал нь хуульд нийцээгүй тохиолдолд гэрээний хугацааг сунгахыг даалгаж шийдвэрлэх боломжтой.

Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дугаар зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 351 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                                    ШҮҮГЧ                                              Г.БИЛГҮҮН

                                    ШҮҮГЧ                                              О.НОМУУЛИН

                                    ШҮҮГЧ                                              Ц.ЦОГТ