Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 118

 

Төв аймгийн Архуст сумын Засаг даргын Тамгын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03463 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Архуст сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.С-д холбогдох

 

Гэм хорын хохирол 5 850 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай сум 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулахаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас өвс бэлтгүүлж 900 боодол өвс авсан юм. Ингээд хотод ирж жолооч Б.С-тэй уулзаж өвсөө тээвэрлүүлэхээр тохиролцож авч яваад 900 боодол өвсийг машинтайгаа шатаж байгууллагад 5 850 000 төгрөгийн хохирол учруулсан юм. Жолооч машины янданд оч баригч хийгээгүй явснаас болж гал гарсан байсан. Иймд 5 850 000 төгрөгийг Б.С-ээс гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаар Төв аймгийн Архуст сум хүртэл Б.С- өөрийн эзэмшлийн Диво маркийн 92-62 дугаарын ачааны автомашинд 900 боодол фондны өвс ачаад явах замд нь гал авалцсанаас автомашин болон өвс шатаж тухайн хэргийг Жаргалантхаан сумын цагдаагийн газар шалгасан боловч гал гарсан шалтгаан, хохирлын хэмжээг тогтоож чадаагүй. Галын дүгнэлт нь яндангаас оч үсэрч гарсан байх боломжгүй, мөн Сүхбаатар аймгаас ачсан өвс нь өөрөө нойтон өвс байсан зэргээс шалтгаалаад гал гарсан шалтгааныг тогтоох боломжгүй юм. Хариуцагч Б.С- нь тухайн үед ачсан өвснийхөө тээврийн зардал гэж нэг ч төгрөгийг нэхэмжлэгч н.А-гаас аваагүй, өөрийн зардлаар тээвэрлэсэн. Тухайн эрүүгийн хэрэг нь хариуцагч Б.С-ийн буруутай үйлдлээс хохирол учирсан гэдэг нь нотлогдоогүй байхад хохирол учруулсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй хэмээн үзэж байна. Одоогийн байдлаар хариуцагч Б.С-д Жаргалантхаан сумын цагдаагийн газар, прокурорын газар болон сум дундын шүүхээс ямар нэгэн тогтоол, шийдвэр ирээгүй болно. Тиймээс тухайн эрүүгийн хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй хэмээн үзэж байна. Эрүүгийн хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, хариуцагчийг гэм буруутайг нотлоогүй байхад иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй хэмээн үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.С- нь надад хэлэхдээ н.Амраа надтай ярьж тохиролцоод намайг машинаараа дагаад өөрөө ачигчаа авч яваад ачигч нь өвсийг ачсан. Ачаад явж байхад н.Амраа машинаараа дагаж байсан гэж ярьсан. Нэхэмжлэлийг уншиж үзэхэд н.А- гэх нэр байсан учир н.А-тай ярьж тохирсон юм байх гэж үзээд хариу тайлбарыг гаргасан. Гэтэл прокурорын тогтоолд н.А- биш н.Амарсанаа гэх хүн Б.С-тэй эрх зүйн харилцаа үүсгэн ярьж тохиролцсон болох нь тогтоогддог. Б.С- нь ямар нэг байдлаар Төв аймгийн Архуст сумын Засаг даргын тамгын газартай болон н.А- гэх хүнтэй тээвэрлэлтийн гэрээ байгуулсан, эрх зүйн харилцаа үүссэн зүйл байхгүй. н.Амарсанаа анх Б.С-тэй ирж уулзахдаа ямар нэг байдлаар Төв аймгийн Архуст сумын Засаг даргын тамгын газар өвс ачуулах гэж байгаа талаар хэлээгүй, хувь хүн өөрөө Сүхбаатар аймгаас өвс ачуулах гэсэн байдлаар хэлсэн байдаг. Үүний дагуу өөрөө н.Амарсанаа ачигчаа дагуулаад жижиг машинтай дагаж яваад Сүхбаатар аймгаас өвс ачсан. Ачихдаа задгай тэвшин дээр задгайгаар өвс ачсан. Энэ нь хэрэгт авагдсан фото зургаас харагддаг. “Ачиж дуусаад тээврийн зардлыг өгнө” гэсэн боловч тээврийн зардлын мөнгийг өгөөгүй. Учир нь “бүтэн сайн өдөр байна, явж бай, очихоор мөнгийг өгнө” гэж хэлсний дагуу бүтэн сайн өдөр тэндээс хөдлөөд Даваа гарагийн өглөө “Дуутын даваа” гэх газарт явж байхад гал гарч өвс, машин шатсан. Энэ хугацаанд Б.С- 1 179 000 төгрөгийн түлшийг хийж явсан. Нэхэмжлэгч талаас тээврийн зардал түлшний мөнгөнд нэг ч төгрөг гаргаж өгөөгүй. Төв аймгийн Архуст сумын Засаг даргын тамгын газар Б.С-ийг гэрээний бус үүргийн харилцаа буюу гэм хор учруулсан гэж үзээд байгаа. Гэтэл н.Амарсанаа, Б.С- нарын хооронд Иргэний хуулийн 389 дүгээр  зүйлд заасан тээвэрлэлтийн  гэрээ байгуулагдсан. Б.С-ээс шалтгаалахгүйгээр гал гарсан. Энд Б.С-ийн буруутай үйлдэл тогтоогдоогүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл нэхэмжлэгч нь галын дүгнэлтийг хэрэгт гаргаж өгсөн. Түүнд яндан оч баригчгүй байсан гэх үг байдаггүй, яндангаас оч үсэрч гал гарсан гэсэн үг байдаг. Гэтэл энэ бол задгай тэвш. Мөн дээр нь задгайгаар өвс ачсан учир явдал дунд яндан дээр өвс унаж, яндангийн халалтад задгай өвс дээр оч үсрээд гал гарсан байх магадлалтай байсан. н.Амарсанаа үүнийг тооцоолж байх ёстой. Задгай тээврийн хэрэгсэл дээр задгайгаар өвс ачихад ямар үр дагавар үүсгэхийг н.Амарсанаа өөрөө сайн мэдэж байсан байх. Уг галын дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн учир тухайн дүгнэлтийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна. Учир нь тогтоолоос харахад шинжээчид эрх, үүргийг танилцуулаагүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т зааснаар тогтоолыг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй, шинжээчийг татгалзан гаргах эрхийг эдлүүлээгүй, шинжилгээ хийх явцад хэргийг оролцогч нарыг байлцуулж асуулт асуух эрхийг эдлүүлээгүй нь хуулийг зөрчсөн тул тухайн дүгнэлтийг хүчингүй гэж үзэж байна. Тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан учир үүргийн харилцаа үүссэн. Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.2 дахь хэсэгт заасан гэнэтийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон гэж үзэж байна. Энд Б.С-ийн буруутай үйлдэл, эс үйлдэхгүй харагдахгүй, болгоомжгүй үйлдэл байхгүй учир Б.С- хариуцахгүй. н.Амарсанаа өөрөө тооцоолж байх ёстой. Төв аймгийн Архуст сумын Засаг даргын тамгын газартай ямар нэг эрх зүйн харилцаа үүсээгүй. Төв аймгийн Архуст сумын Засаг даргын тамгын газар шаардах эрхгүй. Гэм хорын хохирлыг шаардах эрхтэй этгээд нь Төв аймгийн Архуст сумын Засаг даргын тамгын газар болох нь тогтоогдохгүй байна. 5 850 000 төгрөгийн үнэлгээ тогтоогдохгүй, Төв аймгийн Архуст сумын Засаг даргын тамгын газраас тийм хэмжээний зардал гарсан гэдэг нь ямар нэг байдлаар тогтоогдохгүй байна. Б.С- өөрөө мөн хохирогч, машин нь бас шатсан. Бид төлөхгүй, хариуцахгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.С-ээс 5 850 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Төв аймгийн Архуст сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03463 тоот шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Төв аймгийн Архуст сумын Засаг даргын тамгын газар 2015-2016 оны өвс бэлтгэхэд Хэнтий, Сүхбаатар аймгаас 950 боодол өвс бэлтгэж сум руугаа татах болоход том оврын машин олдохгүй учир хотын Улиастайд байрлах том машинтай Б.Cоёнгэрэлтэй утсаар ярьж ам хэлцэл хийж өвс ачаад ирэхээр тээврийн хөлс өгнө гэж тохиролцсон юм. Гэтэл Б.С- 950 боодол өвс ачиж яваад Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт машинтай өвстэйгээ шатаж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан.

Хэнтий аймгийн Онцгой байдлын гаргасан дүгнэлтээр жолооч машиныхаа янданд оч баригч хийгээгүйгээс гал гарсан гэж үзсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар байгууллагад учирсан гэм хорын хохирол 950 боодол өвс буюу 5 850 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон учир гомдолтой байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож Б.С-ээс 5 850 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Архуст сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Б.С-д холбогдуулан хохиролд 5 850 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.С-ийн тээврийн хэрэгсэлдээ оч баригч хийгээгүй гэм буруутай эс үйлдлээс байгууллагад 5 850 000 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Б.С- нь өөрийн эзэмшлийн Диво маркийн 92-62 УНО улсын дугаартай машинд 900 боодол өвсийг 2016 он 12 дугаар сарын 05-ны өдөр ачиж явах үед нь гал гарч өвс, машин, чиргүүлийн хамт бүрэн шатсан үйл баримт тогтоогдож байх ба Хэнтий аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/19 тоот тогтоолоор Б.С-ийн тээвэрлэж явсан өвс шатсан үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. /хэргийн 64 дүгээр тал/  

 

Хэрэгт Онцгой байдлын ерөнхий газар гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/29 тоот акт авагдсан байх ба уг актад гал түймэр машины яндангаас галтай цог хаясны улмаас оч өвсөн дээр унаж гарсан байх магадлалтай гэж дурдсан нь гал юунаас болж гарсан буюу хариуцагчийн гэм буруугаас болсон гэдгийг нотлох үнэн зөв эргэлзээгүй баримт болохгүй байна. Өөрөөр хэлбэл, өвс, автомашин шатсан нь хариуцагчийн тээврийн хэрэгслийн яндангаас оч үсэрснээс болсон гэдэг нь хангалттай нотлогдохгүй байх бөгөөд өөр баримтаар давхар тогтоогдохгүй байна. /хэргийн 61 дүгээр тал/

 

Мөн хариуцагчийн тээврийн хэрэгсэлд чаиж явсан 900 бодол өвс нь нэхэмжлэгч Төв аймгийн Архуст сумын Засаг даргын Тамгын газрынх буюу 5 850 000 төгрөгийн өртөгтэй гэх үйл баримт тогтоогдохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч нь А.Амарсанаа гэх хүнтэй тохиролцож уг өвсийг тээвэрлэсэн гэж тайлбарласан бөгөөд А.Амарсанаа нь нэхэмжлэгчийг төлөөлж хариуцагчаар өвс тээвэрлүүлэх талаар тохиролцсон гэх, мөн уг 900 боодол өвсийг нэхэмжлэгч 5 850 000 төгрөгөөр худалдаж авсан буюу өөрт нь ийм хэмжээний хохирол учирсан гэх хөндлөнгийн үнэлгээний баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч Төв аймгийн Архуст сумын Засаг даргын тамгын газар нь өөрөө 900 боодол өвс 5 850 000 төгрөг гэж үнэлсэн нь хохирлын хэмжээг тогтоосон баримт гэж үзэхгүй.

 

Иймээс хариуцагчийн буруугаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03463 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ

 

                                               ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                       С.ЭНХТӨР