| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 144/2019/0061/Э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2019-09-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 28
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Прокурор Д.Ганчимэг /онлайнаар/
Иргэний хариуцагч “МЦТ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, Б.Эрхэмбаяр
Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан иргэний хариуцагч А.У ын давж заалдах гомдлоор Ж.Э д холбогдох 1929000650045 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймаг Галт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, эксковаторчин жолооч мэргэжилтэй, “МЦТ” ХХК-д жолоочоор ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ..................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, Хариад овогт Ж.Э /регистрийн дугаар ............/
Шүүгдэгч Ж.Э нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт 2019 оны 03 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд /1,88%/ согтуурсан үедээ 62-43 БЧ чиргүүлтэй, 74-38 УБК улсын дугаартай Бэйбэн маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11,3 дахь заалтыг зөрчсөний улмаас 28-43 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж, иргэн Н.Э ын жолоодож явсан 32-86 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Н.Э ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 74-38 УБК улсын дугаартай Бэйбэн маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ч.Э ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь Ж.Э ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Ж.Э ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Э д тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдахыг үүрэг болгож, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “МЦТ” ХХК-аас “Аз хур трейвэл” ХХК-д 29550000, “МЦТ” ХХК-д 3500000 төгрөгийг гаргуулж тус тус олгож, хохирогч Н.Э нь эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, хохирол төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагч А.У давж заалдах гомдолдоо: ... “Манай компанийн хувьд уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцах этгээд биш байхад энэ талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, нотлох баримт нь зөрүүтэй байхад зөвхөн авто машины эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэж, уг тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж үзэн иргэний хариуцагчаар тогтоож, төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь буруу.
Шүүгдэгч Ж.Э ы унаж явсан 74-38 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон 62-43 БЧ дугаартай чиргүүл нь манай компанийн хууль ёсны эзэмшлийн авто тээврийн хэрэгсэл биш юм.
Бидний хувьд уг тээврийн хэрэгслийг хууль ёсоор, бодит байдлаар эзэмшилдээ авсан зүйл огт байхгүй.
Хүсэлтийн дагуу бидний зүгээс хамтран ажиллах боломжтой гэж үзсэн тул дээрх шаардлагад нийцүүлэн Ж.Э тай “.. Эд хөрөнгө өмчлөлд түр шилжүүлэх гэрээ..." байгуулж, уг гэрээний үндсэн дээр авто машины эзэмших эрхийг манай компанийн нэр дээр түр хугацаагаар шилжүүлсэн.
Ж.Э нь өөрийн ашиг сонирхлын үүднээс манай компанийн эзэмшилд уг тээврийн хэрэгслийг түр байлгах бүрэн эрхийг олгож, өөрөө бодитойгоор эзэмшин, үйл ажиллагаа явуулж байсан тул манай компанийг эзэмшигч гэж үзэх хууль ёсны үндэслэл байхгүй болно. Мөн Ж.Э нь манай компанитай хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсгэсэн ажилтан биш юм.
Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагааны явцад дээрх байдалд бодит дүгнэлт өгөх баримтыг бүрэн цуглуулаагүйн улмаас манай компанийг үндэслэлгүйгээр иргэний хариуцагчаар оролцуулж төлбөр гаргуулан шийдвэрлэсэн байна.
Тухайн зам тээврийн ослын улмаас эвдэрсэн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “АХТ ” ХХК болон “МЦТ” ХХК байхад иргэний нэхэмжлэгчээр Б.А болон Ө.Б нарыг мөрдөгчийн тогтоолоор тогтоосон.
Шүүх уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй “АХТ ” ХХК болон “МЦТ” ХХК нарт хохирол гаргуулж олгосон нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Иймд дээрх үндэслэлийн дагуу эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: .. “Хэрэг шалгах явцад шүүгдэгч Ж.Э өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж явсан гэдэг нь тогтоогдоогүй. Лавлагаагаар 74-38 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон 62-43 БЧ дугаартай чиргүүл нь МЦТ ХХК-ийн өмч болох нь тогтоогдсон байдаг.
Мөн өмнө нь Ж.Э өмчлөгч байсан тухай баримт ч байхгүй юм. Машиныг түр хугацаагаар дээрх компанийн өмчлөлд шилжүүлсэн тухай огт яригдаагүй. Ийм гэрээ ч байхгүй гэж Ж.Э үгүйсгэж байна.
Тийм учраас иргэний хариуцагчийн давж заалдсан гомдол нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү” гэжээ.
Хохирогч Н.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Э нь тухайн хэрэг болох үед согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн байсан. Хохирогч надад учруулсан хохирлоо барагдуулаагүй улмаар нөхөн төлөхөө илэрхийлсэн ямар нэгэн баримт гэрээ хэлцэл хийгээгүй энэ талаар нотлох баримт бичиг хавтаст хэрэгт байхгүй байтал хохирол барагдуулсан мэтээр хэт хөнгөн ял оногдуулсан байна.
Миний бие ослоос үүдэлтэй гэмтлээ эмчлүүлсэн эмнэлэг болон хагалгааны зардлын нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн атал хэрэгсэхгүй болгож, иргэний журмаар нэхэмжлэх ёстой гэж шүүх дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтас хэрэгт ослоос үүдэлтэй эмчилгээний зардлын нотлох баримтуудаа өгсөн. Шүүгдэгч Ж. Энхсайхан нь ял завшиж хөнгөн ял авч байгаад гомдолтой байна.
Иймд Н.Э миний гомдлуудыг хүлээн авч хянан хэлэлцэж, надад учруулсан хохирлыг шүүгдэгч Ж.Э аас гаргаж энэхүү хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Прокуророос давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Тус хэрэгт Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 9.5 дугаар зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэгч болон, иргэний хариуцагч талуудаас итгэмжлэл олгогдсон этгээдийг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоосон.
Иргэний хариуцагчийн хувьд тухайн шүүгдэгчийн унаж явсан тээврийн хэрэгсэл буюу 7438 УБК улсын дугаартай автомашин, 62-43 БЧ дугаартай чиргүүл нь эрх бүхий байгууллагаас авсан “МЦТ” ХХК”-ийн эзэмшлийнх болох нь лавлагаа, гэрчилгээний хуулбараар тогтоогддог. Иймд Иргэний хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилгүй, хууль зүйн үндэслэлтэй байх тул 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МЦТ” ХХК-ийг биш А.У ыг иргэний хариуцагчаар татсан өдрөө хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай явуулсан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ачаа тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, эд юмсад эвдрэл гэмтэл гарсан бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасныг шүүх буруу ойлгож тайлбарласан байна гэж үзэж байна.
Гэм хорын хохирлыг гаргуулан шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагатай нийцэхгүй байна.
Итгэмжлэл нь хуулийн шаардлага хангахгүй, хуулбар нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй. Иргэний хариуцагчаар А.У ыг татсан. Шинжээч асуултанд хариулаагүй нь хэргийн зүйлчлэл, хор хохирлын асуудалд нөлөөтэй гэж үзэж байна гэв.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд иргэний нэхэмжлэгч гэдгийг тодорхой заасан. Мөн хуулийн 9.5 дугаар зүйлд хууль ёсны төлөөлөгчийг мөрдөгч, прокурор хууль ёсны төлөөлөгчийг тогтооно. Хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, итгэмжлэгдсэн төлөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тогтоож тайлбар мэдүүлэг аваагүй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар хувь хүнийг татчихаад шийдвэр гаргахдаа компаниудаас хохирлыг гаргуулж байгаа нь хууль ёсны шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна. Прокурорын гаргасан тайлбар үндэслэлгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч А.У ын бичсэн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтасны 7-8/ болон гэрэл зургийн үзүүлэлтүүдэд /хх-11-26/...62-43 БЧ дугаартай улаан өнгийн чиргүүлтэй 74-38 УБХ дугаартай хүрэн өнгийн чирэгч, 06-08 БЧ дугаартай чиргүүлтэй 28-43 УНЦ дугаартай тээврийн хэрэгсэл, 35-43 ТЧ дугаартай улаан өнгийн чиргүүлтэй 32-86 ӨМҮ дугаартай тээврийн хэрэгслүүд зам тээврийн осол гарсан газарт эвдрэлтэй байсан гэж тус тус тэмдэглэгдсэн байх бөгөөд дээрх тээврийн хэрэгсэл, чиргүүлүүдийн эвдрэл, учирсан үнэлгээг тогтоосон талаарх дүгнэлтийг гаргуулан хавтас хэрэгт хавсаргаагүй.
Дээрх тээврийн хэрэгсэл, чиргүүлүүдийн эвдрэл гэмтлийн үнэлгээний нийт дүн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг нотлоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын явцад нотлоогүй байна.
“АХТ ” ХХК-ийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тушаалаар тус компанийг төлөөлж орон нутаг дахь тээвэр зохицуулагч менежер ажилтай Ө.Б д тус компаний эзэмшлийн 32-86 ӨМҮ дугаартай Норд бенц маркийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудал дээр Цагдаагийн газарт байцаалт өгөх, тодорхойлолт, нэхэмжлэл гаргуулах эрхийг олгосон /хх-50/ байхад мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоолд /хх-51/ хуулийн этгээд биш төлөөлөгчөөр Ө.Б ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон.
Хуулийн этгээд биш төлөөлөгч “МЦТ” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гүйцэтгэх захирал З.Батжаргалын “Норд бенц маркийн 28-43 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зам тээврийн осолд тус компаний менежер ажилтай Батсүх овогтой Б.А д итгэмжлэл олгов”, мөн “МЦТ” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24/13 дугаартай “итгэмжлэл” гэсэн утгатай албан бичгүүд нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т зааснаар ямар эрхийг Б.А , А.У нарт олгосон талаар огт заагаагүй, итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй байна. Мөн мөрдөгчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор хуулийн этгээдийг төлөөлөх этгээд биш Б.А г /хх-54/ иргэний нэхэмжлэгчээр тогтоосон.
Мөрдөгчийн дээрх иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоолууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр тавьж байгаа хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ гэсэн” заалттай нийцээгүй байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт ...”тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд “МЦТ” ХХК-ийн эзэмшлийн гэх 74-38 УНЦ улсын дугаартай чирэгч, 62-43 БЧ улсын дугаартай чиргүүлийн жинхэнэ өмчлөгчийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосноор Иргэний хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх боломжтой юм.
Хяналтын прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/58 дугаартай яллах дүгнэлтэд /хх-141-144/ Ж.Э ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэж Ж.Э д холбогдох хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх нь Ж.Э ыг гэмт хэрэг согтуугаар үйлдсэн эсэхэд дүгнэлт хийхгүйгээр түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар Хариад овгийн Ж.Э ы 382623 дугаартай В, С, Е ангилалтай жолоочийн үнэмлэхийг хураан авч эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байхад /хх-29, 30, 144/ анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Ж.Э ы жолоочийн үнэмлэхийг хэрхэн шийдвэрлэх тухай тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байхад гэм буруутай гэж тооцогдсон этгээд болох Ж.Э аас хохирлыг гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн зорилго, зарчим, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр болжээ.
Мөрдөн байцаалтын явцад иргэний хариуцагч МЦТ ХХК-ийн эрх зүйн байдлыг Монгол Улс Бүгд Найрамдах Хятад Ард улсын хооронд байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх эрхтэй эсэх тээвэрлэлт гүйцэтгэхэд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг шалгаагүй байна.
Мөн иргэний хариуцагч “МЦТ” ХХК-ийн хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт заасан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийх шаардлагатай гэж үзэв.
Иймд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухай” иргэний хариуцагч А.У ын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг нотлоогүй тул Ж.Э д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Ж.Э д холбогдох 1929000650045 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцаасугай.
3. Хэргийг прокурорт очтол Ж.Э д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.БЯМБАЖАВ