Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 805

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 139/ШШ2018/00805

Дундговь аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Урианхай овог Б.П-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК-д холбогдох,

Сул зогсолтын мөнгө 6728400 төгрөг, алданги 304920 төгрөг, нийт 7033320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.П  нь Э ХХК-д 2016 оны 05 сарын 27-ноос эхлэн Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн уурхайн экскаваторын оператораар түр тушаалаар ажилд орж улмаар 2016 оны 08 сард жинхэлж уг ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг 2016 оны 08 сарын 15-ны өдөр байгуулсан. Сарын үндсэн цалин 801000 төгрөг ба П-г ажиллаж байх хугацаанд буюу 2017 оны 07 сарын 01-нээс уг компани сул зогсолт хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар сар бүр үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх олговор олгож байхаар захирлын тушаал гарсан байсан. Өнгөрсөн хугацаанд П  сул зогсолтынхоо мөнгийг аваагүй, уг компаниас  чөлөөлсөн тушаалгүй болохоор өөр ажилд орж чадахгүй , ажилгүйдлийн тэтгэмжээ ч авч чадахгүй хохирч байна.

Иймд тус компаниас 2017 оны 07 сараас эхдэн 2018 оны 09 сар дуусталх хугацааны сул зогсолтын мөнгө 6728400 төгрөг, алданги 304920 төгрөг нийт 7033320 төгрөгийг  гаргуулж, Б.П-д олгуулах хүсэлтэй байна.

Өнгөрсөн хугацаанд 2 удаа компаний хүний нөөцөөр ажиллаж байсан Ө-тай уулзахад уг компанид Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, цалинг өгөх боломжгүй шүүхэд хандахыг зөвлөсөн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т зааснаар ‘’Ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гарана’’ гэсний дагуу нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ. 

 

Хариуцагчийн төлөөлөгч С.О  шүүхэд гаргасан тайлбартаа: ...Иргэн Б.П-ийн нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлээ Дундговь аймгийн шүүхэд гаргажээ. Манай компаний төв Улаанбаатар хотод байрладаг. Дундговь аймагт байрлах манай уурхайн үйл ажиллагаа 2016 оны сүүлээс хойш хаагдсан ба үйл ажиллагаа огт явуулахгүй байгаа болно. Тиймээс тус хэргийг хэрэгсэхүй болгох нь зүйтэй хэмээн үзэж байна.

Мөн тус ажилтан нь өөрийн сул зогсолтод хамрагдсан тушаал, хавсралтаа өгөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу урьдчилан хянан шийдвэрлэх журмаар компанийн гүйцэтгэх захирал болох С.О  болон компани, компаний Хөдөлмөрийн маргаан таслах комисст огт хандаагүй тул  нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй.

Мөн сул зогсолт зарласан тугаалыг гаргасан гэх Я гэгч нь энэ компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон улсын бүртгэлийн баримт байхгүй байх бөгөөд тушаал нь хуулийн хүчин төгөлдөр бус байна.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч Б.П-ийн сул зогсолтын олговор 7033320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох дараах 5 үндэслэл байна.

1. Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчиж нэхэмжлэл гаргасан.

2. Хэргийн хариуцагчийн хувьд маргаантай байгаа. Учир нь хариуцагчийн хууль зүйн статус тодорхойгүй байгаа энэ үед “Э” ХХК-нийг хариуцагчаар татах үндэслэлгүй, хариуцагчийн хууль зүйн статус эрүүгийн журмаар шийдвэрлэгдэх хүртэл хүлээх ёстой байсан.

3. Нэхэмжлэгч “Э” ХХК-ний гүйцэтгэх захирлын 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс сул зогсолтоо зарлаж, үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх олговор олгож байхаар тушаал гаргасан гэж нэхэмжлэлдээ дурдсан байсан. Гэтэл уг тушаалыг нотлох баримтаар хэрэгт өгөөгүй.

4. Тухайн үед уг тушаалыг гаргасан Янжингуан гэдэг захирал “Э” ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн нэрсийн жагсаалтанд огт байдаггүй. Ажилтан Б.П-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан 2016 онд гүйцэтгэх захирлын алба хашиж байсан Р.Эрдэнэ-Цогт гэх гүйцэтгэх захирал улсын бүртгэлд бүртгэлгүй байсан.

5. Нэхэмжлэгч нь нотлох баримтаар нийгмийн даатгалын лавлагааг өгсөн байсан. Уг нийгмийн даатгалын лавлагаа гэсэн баримтны дээд талыг нь уншвал “ Гурвансайхан Э ХХК” гэсэн нэртэй тодорхойлолт байгаа. Манай компани хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад анх бүртгүүлэхдээ “Э ХХК” гэсэн нэрээр бүртгүүлсэн байдаг. Тиймээс нэхэмжлэгчийн хэрэгт өгсөн нотлох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохгүй байна гэж бид нар үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч Э ХХК-аас сул зогсолтын мөнгө 6728400 төгрөг, алданги 304920 төгрөг, нийт 7033320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргахдаа хэргийн болон шүүхийн харъяалал зөрчөөгүй болох нь хэргийн 43-р хуудсанд авагдсан  Э ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Хуулийн этгээдийн албан ёсны хаяг Дундговь, Гурвансайхан,  3-р баг, Чулуут, Зүүн нэртэй салхит талбай гэсэн хаягаар  Э ХХК бүртгэлтэй байна/-аар нотлогдож байна.

Компаний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт зааснаар Компаний хаягийн өөрчлөлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуульд заасны дагуу бүртгэх байгууллагад бүртгүүлнэ гэжээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуульд заасны дагуу тус компани нь Дундговь, Гурвансайхан,  3-р баг, Чулуут, Зүүн нэртэй салхит талбай гэсэн хаягаар  Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй болох нь  хэргийн 43-р хуудсанд авагдсан Э ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэлд хэргийн хариуцагчийн хувьд маргаантай байгаа бол гэсэн зохицуулалт байдаггүй. Мөн Э ХХК татан буугдсан эсэх маргаан үүсгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Б.П,  Э ХХК-ийг хариуцагчаар татах нь хуульд заасан эрхийн асуудал юм.

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан журмыг зөрчиж буюу Э ХХК-ний гүйцэтгэх захирал С.О  болон хөдөлмөрийн маргаан таслах комиссд огт хандаагүй гэж хариуцагч тал тайлбарладаг. Гэвч хариуцагч Э ХХК нь маргаан таслах комисстой болох нь бичгийн нотлох баримтаар нотлогддогүй. Мөн Э ХХК, нэхэмжлэгч Б.П  нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт маргаанаа хөдөлмөрийн маргаан таслах комисс эсхүл холбогдох байгууллагаар шийдвэрлүүлнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.П  Э ХХК-д ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 5-7-р хуудас/, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа /хх-ийн 8-р хуудас/, хариуцагчийн төлөөлөгч С.О /хх-ийн 21-р хуудас/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б  /шүүх хуралдааны тэмдэглэл/ нарын тайлбараар нотлогдож байна.

          Нэхэмжлэгч нь Э ХХК-д ажиллах хугацаанд 801000 төгрөгийн үндсэн цалин авч байсан болох нь хэргийн 8-р хуудсанд авагдсан Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр нотлогдож байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 801000 төгрөгийн үндсэн цалинтай гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал үгүйсгээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн үндсэн цалинг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь хуульд нийцнэ.

            Э ХХК нь 2017 оны 7 сараас эхлэн ажилтны буруу биш шалтгаанаар сул зогсолт зарласан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогддог.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сүл зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол хамтын гэрээнд заасан хэмжээний олговор олгоно.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт сул зогсолтын олговрын хэмжээ нь ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй гэжээ.

           

            Иймд нэхэмжлэгч Б.П-д олгох сул зогсолтын олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар үндсэн цалингийн 60 хувиар тооцон олгож, сул зогсолтын мөнгийг олгоогүйтэй холбоотой алданги 304920 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

           Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127483 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1516 төгрөгийг улсын орлогоос, 122604 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдэрлэлээ.

 

            Учир нь нэхэмжлэгч Э ХХК-д ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс биш ажил олгогчийн буруугаас тус компани сул зогсолт зарласан байна. Сул зогсолтын олговрын хэмжээг тогтоосон хамтын гэрээ хэрэгт авагдаагүй тул  Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн нэхэмжлэгчийн үндсэн цалингийн 60 хувиар бодож, хариуцагчаас 2017 оны 7 сараас 2018 оны 9 сарыг дуусталх хугацааны сул зогсолтын олговор 6728400 төгрөгийг гургуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдсэн.

            Нэхэмжлэгч  сул зогсолтын мөнгийг олгоогүйтэй холбоотой алданги 304920 төгрөгийг нэхэмжилсэн нь хуульд нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн  141.4 дэх хэсэгт Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно гэжээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшууллаас бүрдэнэ гэсэн байх тул сул зогсолтын олговор цалин хөлс биш учир алданги тооцохгүй байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ. 

 

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт зааснаар Э ХХК-аас 6728400 /зургаан сая долоон зуун хорин найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж Б.П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127483 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1516 төгрөгийг улсын орлогоос, 122604 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.ХИШИГДЭЛГЭР