Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 218/МА2020/00002

 

 Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 139/ШШ2019/00478 тоот шийдвэртэй,

Б.*******гийн нэхэмжлэлтэй ******* ХХК-нд хариуцагдах сул зогсолтын үеийн олговор 12495600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгонжаргал

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа нар оролцов.

 

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.******* нь ******* ХХК-д 2016 оны 05 сарын 27-ноос эхлэн ******* үйлдвэрийн уурхайн экскаваторын оператораар түр тушаалаар ажилд орж улмаар 2016 оны 08 сард жинхэлж уг ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг 2016 оны 08 сарын 15-ны өдөр байгуулсан. Сарын үндсэн цалин 801000 төгрөг ба *******г ажиллаж байх хугацаанд буюу 2017 оны 07 сарын 01-нээс уг компани сул зогсолт хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар cap бүр үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх олговор олгож байхаар захирлын тушаал гарсан байсан. Иймд тус компаниас 2017 оны 07 сараас эхлэн 2018 оны 09 cap дуусталх хугацааны сул зогсолтын мөнгө 6728400 төгрөг, алданги 304920 төгрөг нийт 7033320 төгрөгийг гаргуулж, Б.*******д олгуулах нэхэмжлэл гаргасан.

Гэтэл хариуцагч талаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаснаар уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Шүүхэд маргаантай байх хугацаанд миний бие энэ компаниас хөдөлмөрийн харилцаа дуусаагүй, үргэлжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2018 оны 9 сараас 2019 оны 9 сарыг дуустал хугацааны сул зогсолтын олговор болох 5767200 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Б.******* сард 801000 төгрөгийн үндсэн цалинтай, үүний 60 хувиар тооцож сард 480600 төгрөг авах ёстой. Үүнийг 12 сараар үржүүлж 5767200 төгрөгөөр тооцож байна. Би анхны нэхэмжлэлдээ алданги 304920 төгрөг нэхэмжилсэн ба үүнээсээ татгалзаж байна. Одоо миний нэхэмжлэлийн шаардлага 2017 оны 7 сараас 2019 оны 9 cap дуустал хугацааны сул зогсолтын мөнгө 26 сараар тооцож 12495600 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Б.*******гийн нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлээ Дундговь аймгийн шүүхэд гаргажээ. Манай компаний төв Улаанбаатар хотод байрладаг. Дундговь аймагт байрлах манай уурхайн үйл ажиллагаа 2016 оны сүүлээс хойш хаагдсан ба үйл ажиллагаа огт явуулахгүй байгаа болно. Тиймээс тус хэргийг хэрэгсэхүй болгох нь зүйтэй хэмээн үзэж байна. Мөн тус ажилтан нь өөрийн сул зогсолтод хамрагдсан тушаал, хавсралтаа өгөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу урьдчилан хянан шийдвэрлэх журмаар компанийн гүйцэтгэх захирал болох ******* болон компани, компаний Хөдөлмөрийн маргаан таслах комисст огт хандаагүй тул нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй. Мөн сул зогсолт зарласан тушаалыг гаргасан гэх гэгч нь энэ компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон улсын бүртгэлийн баримт байхгүй байх бөгөөд тушаал нь хуулийн хүчин төгөлдөр бус байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.11, 56.2-т зааснаар ******* ХХК-с сул зогсолтын олговор 12495600 /арван хоёр сая дөрвөн зуун ерэн таван мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан ******* овогт ******* ******* /*******/- д олгож,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 212500 /хоёр зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.*******гээс 2380 /хоёр мянга гурван зуун ная/ төгрөг нөхөн гаргуулж төсвийн орлогод оруулж, хариуцагч ******* ХХК-с 214880 /хоёр зуун арван дөрвөн мянга найман зуун ная/ төгрөг гаргуулж, нэхэмжпэгч Б.*******д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдал, талуудын хүсэл зориг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж шийдвэрлэсэн ба Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон байна.

Иймээс хариуцагчийн зүгээс дараах хэд хэдэн үндэслэлээр Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 19-ний өдрийн 139/ШШ2019/0478 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. ******* ХХК-н ажилтан ы гаргасан тушаал нь хуульд заасан шаардлага хангаагүй буюу хүчин төгөлдөр бус шийдвэр болох тухай.

2017 оны 06 сараас эхлэн ******* ХХК-н Уулын баяжуулах салхит үйлдвэрт явуулж байсан ашигт малтмал олборлох, баяжуулах үйл ажиллагаа нь тодорхой шалтгааны улмаас бүхэлдээ зогссон байдаг. Харин энэ үед компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох нь сул зогсолт зарласан байх боловч энэхүү тушаал нь хуульд заасны дагуу гараагүй буюу ямар ч эрх зүйн үр дагаваргүй тушаал болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол хамтын гэрээнд заасан хэмжээний олговор олгоно", мөн зүйлийн 56.2 Хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй." гэж заасан байх ба хуульд заасан сул зогсолтын Компанийн тухай хуулийн 83.1, 83.2, 83.3 дахь заалтуудад тусгагдсан компанийн гүйцэтгэх захирал буюу хууль тогтоомжид заасан компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гаргаж байж энэхүү тушаал нь хуулийн хүчин төгөлдөр болох юм.

Өөрөөр хэлбэл дээрх тушаалыг зөвхөн компанийн хууль ёсны гүйцэтгэх захирал, төлөөлөх эрхтэй этгээд гаргасан тохиолдолд эрх зүйн үр дагавар агуулж улмаар хуульд заасан сул зогсолтын олговрыг олгох нөхцөл байдал бий болно. Гэвч 2017 оны 07 сарын 01-ны өдрийн №17/53 тушаал нь ******* ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд бус харин тухайн үеийн компанийн ажилтан байсан БНХАУ-н иргэн гаргасан тул энэ нь уг тушаал нь ямар нэг эрх зүйн үр дагаваргүй юм.

Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна 10.1.10-д хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар, гадаадын иргэн бол паспортын хуулбар", Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна мөн зүйлийн 83.2-т Компанийн дүрэмд гуйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ., 83.3-д "Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.", мөн зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна. гэж зохицуулсан байдаг.

Дээрх зохицуулалтаас үзвэл компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээр компанийн гүйцэтгэх удирдлагын эрхийг эдэлж холбогдох, тушаал, шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд гаргаж байж тэдгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох талаар заасан байна. Тухайн үед буюу маргаан бүхий сул зогсолт заралсан тушаал гаргасан үе болох 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд бичигдсэнээр 2015 оны 05 сарын 08-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл БНХАУ-н иргэн Жин Жиан мин /Jin Jian Min/ байсан бөгөөд улмаар 2017 оны 07 сарын 08-ны өдрөөс Монгол Улсын иргэн Ганхуягийн Жаргалан, --сарын 07-ны өдрөөс одоогийн компанийн гүйцэтгэх захирал Сэдрагчаагийн Оюунбат тус тус бүртгэгдсэн байдаг. Үүнээс үзвэл сул зогсолт зарласан тушаал гаргасан БНХАУ-н иргэн нь ******* ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлж компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн хуульд заасан холбогдох бүрэн эрхүүдийг итгэмжлэлгүйгээр хэрэгжүүлэх эрх бүхий этгээд биш болох нь тодорхой юм.

Гэвч 2017 оны 07 сарын 01-ний өдрийн 17/53 дугаартай сул зогсолт зарлах тухай захирлын тушаалыг гаргасан нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудад нийцэхгүй байх тул дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх зүйн үр дагаврыг бий болгохгүй тул шүүгч дээрх шийдвэрт үндэслэн шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй байна.

Хоёр. Хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлж дүгнэсэн тухайд.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 09 сарын 25-ны өдөр Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Дундговь аймаг дахь СДИХАШШүүхийн 2018 оны 08 сарын 17-ны өдрийн №579 дугаартай хэрэгт сул зогсолт хийх тухай тушаалыг хавсралтын хамт хуулбарлан авах хүсэлтэй байна гэх хүсэлтийг гаргаж улмаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 139/Ш32019/01428 дугаартай захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэж ******* ХХК-н захирлын 2017 оны 07 сарын 01-ны өдрийн №17/53 дугаартай Сул зогсолт зарлах тухай тушаалыг гурван хуудас бүхий хавсралтын хамт нотлох баримтаар ирүүлжээ.

Энэхүү нотлох баримтыг задлан шинжилбэл захирлын тушаал хэсэгт ******* ХХК-н ажилтан , түүний гарын үсэг болон тамга дарагдсан байна. Гэвч тус нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангаагүй юм. Тодруулбал, 2017 оны 07 сарын 01-ний өдрийн 17/53 дугаар тушаалын ард талын хуудаснуудыг харвал компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн гаргасан эсэх, мөн ямар тоот тушаалын хавсралт болохыг мэдэх боломжгүй буюу тухайн хавсралтын зүүн дээд буланд тоот тушаалын хавсралт гэхээс өөр ямар нэг бичгэн тэмдэглэгээ, компанийн тамга тэмдэг байхгүй байна. Дээрх хавсралт гэх 3 хуудас материалыг дурын этгээд Microsoft Excel програм дээр шивж шүүхэд өгч болох хэдий ч шүүхийн зүгээс тус баримтыг хуульд заасан нотлох баримтыг шаардлага хангасан эсэхийг нарийвчлан тогтоох, нотлох баримтыг үнэлэхдээ анхаарах шаардлагатай юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ., 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно., мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ", мөн зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно." гэж заасан нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед иргэний хэрэгт ач холбогдол бүхий бичгэн нотлох баримт гэдэгт юуг ойлгох, мөн түүнийг хэрхэн бүрдүүлж, баталгаажуулан шүүхэд өгөх тухай маш тодорхой тусгасан байдаг.

Харин өмнө дурдсан 17/53 дугаар тушаалын хавсралт гэх 3 хуудас материал нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд хэний гаргасан, ямар тушаалын хавсралт гэдэг нь тодорхойгүй байдаг. Мөн нотлох баримтыг 2018 оны 08 сарын 17-ны өдрийн 139/ШШ2018/00579 дугаартай шийдвэртэй иргэний хэргээс ирүүлсэн гэдэг нь үнэн боловч уг нотлох баримтыг тухайн хэрэгт хэн гаргаж өгсөн нь тодорхойгүй байна. Түүнчлэн уг баримтыг 17/53 дугаар тушаалын хавсралт мөн гэж үзэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу нотариатаар гэрчлүүлсэн байх хуулийн шаардлагатай. Гэтэл хавсралт гэх энэхүү 3 хуудас баримт нь дээрх шаардлагуудын алийг ч нь хангаагүй байх бөгөөд тухайн тушаалын хавсралтын эх хувь биш, мөн ямар нэг байдлаар нотариатаар гэрчлүүлээгүй зэрэг нь дээрх хавсралт гэх 3 хуудас материал дээр зөвхөн Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын тамга дарагдсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна. гэх заалтын дагуу уг шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх бөгөөд энэхүү тэмдэг нь тухайн баримт нь шүүхийн архивт байсан нь үнэн гэдгийг нотлохоос бус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т заасан уг баримтын эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн нь үнэн болно гэдгийг батлахгүй юм.

Иймд уг 17/53 дугаар тушаалын хавсралт гэх 3 хуудас бүхий баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т "Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Нотлох баримтыг гаргах. цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн ундэслэл болохгүй" гэж тус тус заасанчлан хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн хуулийн шаардлага хангаагүй нотлох баримт байх тул энэхүү нотлох баримт нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэг нөлөөлөл үзүүлэхгүй бөгөөд нотлох чадваргүй нотлох чадвараа алдахаар байна.

Ийнхүү дээрх нотлох баримт нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. " гэж заасны дагуу ямар нэг байдлаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй боловч ийнхүү шүүгч энэхүү нотлох баримтын үнэлэн шийдвэр гаргасан нь хууль хэрэглээний алдаатай, хэргийг тал бүрээс нь харж, үндэслэл бүхий гарсан гэж үзэх боломжгүй шийдвэр болжээ.

Гурав. Шүүгч хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг бүрэн тодорхойлж чадаагүй тухайд

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын уурхайн үйл ажиллагаа нь 2017 оны 06 дугаар сараас эхлэн хууль болон шүүхийн байгууллагуудын шийдвэрийн улмаас зогссон бөгөөд улмаар 2018 оны 12 сарын 29-ны өдрийн Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнийн А/591 дугаар захирамжаар орон нутгийн хамгаалалтад авагдсан. Улмаар компанийн удирдлагууд тухайн цаг үеэс хойш уурхайд нэвтрэх боломжгүй болсон бөгөөд уурхайд үйл ажиллагаа явуулах нь бүү хэл, өөрийн өмчлөлийн уурхайд нэвтрэх боломжгүй болоод байгаа билээ. Энэхүү нөхцөл байдалд өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд 2017 оны 06 сараас хойш компани ямар нэг байдлаар ашиг, орлого олоогүй юм.

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ. гэж заасан байдаг бөгөөд манай компанийн үндсэн зорилго нь мөн л ашиг олох юм. Гэвч өмнө дурдсанчлан 2017 оны 06 сараас эхлэн үйл ажиллагаа нь бүрэн зогссон бөгөөд тухайн үеэс эхлэн үндсэн зорилгоо хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүрсэн билээ.

Нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацаанд компани ямар ч үйл ажиллагаа явуулаагүй буюу уг хугацаанд ашиг, орлого олоогүй байхад шүүгчийн зүгээс энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай шийдвэр болсон болохыг харуулж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хууль зүйн үндэслэл муутай, хэргийн тал бүрээс нь бодитой хараагүй, хууль бус нотлох баримтыг үндэслэж гарсан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдаанаар Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 19-ний өдрийн 139/ШШ2019/00478 тоот шийдвэртэй ******* ХХК-д хариуцагдах хэргийг хариуцагчийн давж заалдсан гомдлын дагуу хянан үзэв.

Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хянан үзээд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн заалт шаардлагын дагуу явагдсан, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн зүйл тогтоогдоогүй, материаллаг хуулийн хэм хэмжээг зөв сонгон тайлбарлаж хэрэглэсэн дээд шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай гэж үзсэн нөхцөл хангагдсан зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.*******гийн ******* ХХК-д ажиллаж байхдаа 2017 оны 07 сарын 01-нээс хойшхи сул согсолтын мөнгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 12495600 төгрөг гаргуулах шаардлага тавьсныг шүүх хянан шийдвэрлэжээ.

Шүүхийн энэхүү шийдвэрлэлтийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сул согсолтын олговор олгох тушаалыг эрх бүхий этгээд гаргаагүй гэж үзэж байх боловч энэ нь хууль зүйн дагуу нотолж шалгаж тогтоосон зүйлгүй байна.

гэх хүний тушаал үндэстэй эсэх асуудал огт шалгагдаж шийдвэрлээгүй бөгөөд ажилтны эрх ашигт энэ чухал биш, олон сар хоногоор ажилтны эрх ашиг хохирч байгаа хохирлыг арилгах талаар шийдвэрлэж гаргасан шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтын талаар гомдолдоо дурьдсан байх боловч нэхэмжлэгч талын зүгээс ажилтны сул зогсолтын олговор авах үндэслэл болсон компаний удирдлагын баримт бичгийг хууль зүйн шаардлагад нийцүүлэн шүүхэд ирүүлсэн байх бөгөөд хариуцагч талын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэн шүүх хуралд оролцох ёстой.

Хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар шүүх хуульд заасан үйл ажиллагааг явуулсан байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч талын зүгээс Салхитын уурхайн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын шийдвэрээр зогсоосон, өмчлөлийн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа бөгөөд энэ нь хэрэгт ач холбогдол бүхий үйл явдал гэж гомдсон байх боловч энэхүү асуудал нь иргэн Б.*******гийн эрх ашгаа хамгаалуулах талаархи гомдолд хамааралгүй асуудал байна.

Ажилтны хохирсон эрх ашгийг хамгаалж гарсан шүүхийн энэхүү шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хариуцагч тал давж заалдах гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө гэж заасан байна.

Хариуцагч талын гомдлоос үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй агуулгатай байх тул нэхэмжлэлийн үнийн дүн болох 12495600 төгрөгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцон 214880 төгрөгийг төлөх нь зүйтэй байна.

Иймд хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг хангаагүй тул хариуцагч ******* ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 144680 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 139/ШШ2019/00478 тоот шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.    Хариуцагч ******* ХХК-ий давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, ******* ХХК-аас давж заалдах гомдол гаргахад дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 144680 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

 

Ш.ТӨМӨРБААТАР