Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2019/00989

 

Б.Пгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 139/ШШ2018/00805 дугаар шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 216/МА2019/00006 дугаар магадлалтай

Б.Пгийн нэхэмжлэлтэй,

“Ж” ХХК-д холбогдох,

2017 оны 08 дугаар сараас эхлэн 2018 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацааны сул зогсолтын үеийн олговор 6 728 400 төгрөгийг алданги 304 920 төгрөгийн хамт, нийт 7 033 320 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.П нь “Ж” ХХК-д 2016 оны 05 дугаар сарын 27-ноос эхлэн Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн уурхайн экскаваторын оператороор түр тушаалаар ажилд орж улмаар 2016 оны 08 дугаар сард жинхэлж уг ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан. Сарын үндсэн цалин 801 000 төгрөг ба Б.Пг ажиллаж байх хугацаанд буюу 2017 оны 07 дугаар сарын 01-нээс уг компани сул зогсолт хийсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар сар бүр үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх олговор олгож байхаар захирлын тушаал гарсан байсан. Өнгөрсөн хугацаанд П нь сул зогсолтынхоо мөнгийг аваагүй, уг компаниас чөлөөлсөн тушаалгүй болохоор өөр ажилд орж чадахгүй, ажилгүйдлын тэтгэмжээ ч авч чадахгүй хохирч байна.

Иймд тус компаниас 2017 оны 07 дугаар сараас эхлэн 2018 оны 09 дүгээр сар дуусталх хугацааны сул зогсолтын мөнгө 6 728 400 төгрөг, алданги 304 920 төгрөг, нийт 7 033 320 төгрөгийг гаргуулж Б.Пд олгуулах хүсэлтэй байна.

Өнгөрсөн хугацаанд 2 удаа компанийн хүний нөөцөөр ажиллаж байсан Өлзиймаатай уулзахад уг компанид Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, цалинг өгөх боломжгүй шүүхэд хандахыг зөвлөсөн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т зааснаар ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана гэсний дагуу нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Пгийн нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлээ Дундговь аймгийн шүүхэд гаргажээ. Манай компаний төв Улаанбаатар хотод байрладаг. Дундговь аймагт байрлах манай уурхайн үйл ажиллагаа 2016 оны сүүлээс хойш хаагдсан ба үйл ажиллагаа огт явуулахгүй байгаа болно. Тиймээс тус хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй хэмээн үзэж байна.

Мөн тус ажилтан нь өөрийн сул зогсолтод хамрагдсан тушаал, хавсралтаа өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу урьдчилан хянан шийдвэрлэх журмаар компанийн гүйцэтгэх захирал болох С.Оюунбат болон компани, компанийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст огт хандаагүй тул нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй.

Мөн сул зогсолт зарласан тушаалыг гаргасан гэх Ян Жин Гуан гэгч нь энэ компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон улсын бүртгэлийн баримт байхгүй байх бөгөөд тушаал нь хуулийн хүчин төгөлдөр бус байна.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 139/ШШ2018/00805 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт зааснаар “Ж” ХХК-иас 6 728 400 /зургаан сая долоон зуун хорин найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж Б.Пд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127483 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 516 төгрөгийг улсын орлогоос, 122 604 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 216/МА2019/00006 дугаар магадлалаар: Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 139/ШШ2018/00805 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

ИХШХШТХуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 610 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул гомдол гаргаж байна.

Сул зогсолт зарласан шийдвэрийн хүчин төгөлдөр байдал болоод сул зогсолтонд Б.П хамрагдсан эсэх талаар:

Шүүгч магадлалын хянах 5 хэсэгтээ “...“Ж” ХХК сул зогсолт зарласан болон нөхөн олговор олгосон тухай, тушаал, түүний хавсралт /уг тушаал болон хавсралтыг хариуцагч талаас гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан, шүүх хүсэлтийг хангасан хэдий ч хариуцагч талаас энэ талаарх бичиг тэдэнд байхгүй гэжээ/ хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, шүүхээс гарсан шийдвэрийн үндэслэл болоогүй байна” гэжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгч сул зогсолтод хамрагдаж, олговор авах эрхтэй эсэх нь нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд алдаатай. Мөн анхан шатны шүүхээр 2017 оны 07-р сарын 01-ний өдрийн тушаалын талаар хэлэлцээгүй, шүүхээс гарсан шийдвэрийн үндэслэл болоогүй нь алдаатай байна.

Сул зогсолт зарласан шийдвэрийн хүчин төгөлдөр байдлын талаар:

Тухайн тушаалыг гаргасан Ян Жин Гуан гэгч нь “Ж” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн нэрсийн жагсаалтад огт бүртгэлгүй байдаг хууль ёсны гүйцэтгэх захирал байсан эсэх, тушаал нь хууль зүйн эрхтэй эсэх нь тодорхойгүй бөгөөд энэ талаар Улсын бүртгэлийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн лавлагааг хариуцагчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн ба энэ талаар тайлбарласан атал шүүх магадлалд огт дурдаагүй.

Шүүх хянахдаа: “...тухайн “Ж” ХХК-ийн үйл ажиллагаа 2017 оны 07-р сарын 01-ний өдрөөс эхлэн ажилтны буруу биш шалтгаанаар сул зогсолт зарласан болох нь хариуцагчийн тайлбараар тус тус тогтоогдсон гэж дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 56.1, 56.2 дахь хэсгүүдийг үндэслэн сул зогсолтын олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.” гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа “компанийн хувьцаа эзэмшигчдийн маргаанаас үүдэн 2017 оны 07-р сараас эхлэн шүүхээс уурхайн үйл ажиллагааг бүрэн хааж зогсоосон байгаа” гэж тайлбарласан байдаг. Түүнээс “Ж” ХХК нь сул зогсолт зарласан гэж тайлбарлаагүй. Бид өөрсдөө ч тушаалтайгаа эх баримтаар нь танилцаагүй атал сул зогсолт зарласнаа итгэлтэйгээр тайлбарлах боломжгүй юм.

“Ж” ХХК нь Б.Пгийн нэхэмжлэлээс өөр нэхэмжлэгч нартай хөдөлмөрийн маргаанд нотлох баримтаар уг тушаалыг нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн байдаг. Уг тушаалд "... 2017 оны 07.01-нээс эхлэн компани хэвийн үйл ажиллагаагаа эргэн сэргээх хүртэл холбогдох ажилчдад сул зогсолт зарласугай. Сул зогсолтод хамрагдах ажилчдын нэрсийг хавсралтаар баталсугай.” гэсэн утгатай байсан. Хоёр. 2017 оны сул зогсолт зарласан тушаал гарсан байлаа ч нэхэмжлэгч Б.П сул зогсолтод хамрагдсан нэрсэд багтсан эсэх эргэлзээтэй. Хэнд ямар ямар бичиг баримтын үндсэн дээр сул зогсолтын олговор олгох нь тодорхойгүй байна.

Дээрх үндэслэлээс үзэхэд шүүх уг хэргийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг нь бүрэн хангах ямар ч үндэслэлгүй бөгөөд процессийн алдаатай байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.П “Ж” ХХК-д холбогдуулан 2017 оны 08 дугаар сараас эхлэн 2018 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацааны сул зогсолтын үеийн олговор 6 728 400 төгрөгийг алданги 304 920 төгрөгийн хамт, нийт 7 033 320 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч “Ж” ХХК-иас сул зогсолтын олговорт  6 728 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч Б.П нь 2016 оны 05 дугаар сараас Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн уурхайн эксковаторын оператораар ажилласан, Хөдөлмөрийн гэрээгээр сарын үндсэн цалинг 801 000 төгрөгөөр тогтоосон, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс компани сул зогсолт хийсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргах хүртэл ажилгүй байсан, энэ хугацааны сул зогсолтын олговор аваагүй гэх үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Компани сул зогсолт хийсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар сар бүр үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх олговор олгож байхаар захирлын тушаал гарсан байсан. Өнгөрсөн хугацаанд сул зогсолтынхоо мөнгийг аваагүй, ажлаас чөлөөлсөн тушаалгүй болохоор өөр ажилд орж чадахгүй, ажилгүйдлийн тэтгэмж ч авч чадахгүй байна. Иймд сул зогсолтын мөнгийг алдангийн хамт гаргуулж өгнө үү...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Дундговь аймагт байрлах манай уурхайн ажиллагаа 2016 оны сүүлээс хойш хаагдсан, үйл ажиллагаа огт явуулахгүй байгаа болно. Нэхэмжлэгч нь сул зогсолтод хамрагдсан тушаал, хавсралтаа өгөөгүй, энэ талаар компанийн захиргаа, Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй байна, тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн байна.

“Ж” ХХК хэзээнээс сул зогсолт зарласан, энэ нь ямар эрхийн актаар баталгаажсан, түүнчлэн нэхэмжлэл болон хариуцагчийн хариу тайлбарт дурдсан сул зогсолт зарласан гэх компанийн захирлын тушаал, сул зогсолтод хамрагдсан ажилчдын нэрсийн жагсаалт гэх баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Дээрх тушаал, хавсралтыг хариуцагч компаниас гаргуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт гаргасныг шүүх хангаж, хариуцагчаас нотлох баримт гаргуулахаар шүүгчийн захирамж гарсан боловч хариуцагчаас сул зогсолт зарласан тухай тушаал, түүний хавсралтыг шинээр томилогдсон захирал хүлээж аваагүй талаар Гүйцэтгэх захирал С.Оюунбатын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18-2/83 тоот албан бичгээр шүүхэд мэдэгдсэн байна./хх-76/

Шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй тухай албан бичгийг хариуцагч нь шүүх хуралдааны үед гаргасан бөгөөд тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч хүрэлцэн ирээгүй тул захирамжийн заалт биелэгдсэн эсэхийг мэдэх боломжгүй байжээ.

Нотлох баримт бүрдүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж биелэгдээгүй талаар хүсэлт гаргасан этгээдэд мэдэгдээгүй, улмаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 116.3. дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг засуулалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 168. дугаар зүйлийн 168.1.3.,168.1.7. дахь заалтад нийцээгүй байна.

Нотлох баримт дутуу, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол хуульд нийцсэн байх боловч энэ нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 139/ШШ2018/00805 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 216/МА2019/00006 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122 610 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД