| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2017/02511/и |
| Дугаар | 188 |
| Огноо | 2018-01-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 188
“А н д х о г” ГХОХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/02509 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч “А н д х о г” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч А.П, Б.Г нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 41 714 011 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Ч.У,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А н д х о г” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б.Г, А.П нартай зээлийн гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээлийн хүүний төлбөрт 2017 оны 01 дүгээр сард 2 000 000 төгрөгийг өгсөн. Энэхүү мөнгө нь зээлийн үндсэн хүүнд 195 066 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 49 333 төгрөгийг суутгаж авсан. 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ хугацаанд шүүх хурал хойшлогдоод 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгоод нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нийт зээлийн төлбөрт 25 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүү 14 697 069 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 014 242 төгрөг, нотариатын зардал 2 700 төгрөг, нийт 41 714 011 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 90 а байр 151 тоот хаягт байрлах 46.36 м.кв 2 өрөө орон сууц, мөн фидуцийн гэрээ байгуулан 1991 онд үйлдвэрлэгдэж 2006 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Монгол улсад opж ирсэн Тоёота ланд Круйзер маркийн хар өнгийн 08-12 УНМ улсын дугаартай суудлын автомашин барьцаанд тавьсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-д зааснаар үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу төлбөрийг суутгаж авсан. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаэр зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш энэ дарааллыг тогтоодог. Тиймээс 25 000 000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрөөс зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцсон гэжээ.
Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А н д х о г” ГХОХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б.Г, А.П нартай зээлийн гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатг зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дууссан. Гэрээний дагуу хариуцагч нар нь нэхэмжлэгч байгууллагад 31 415 000 төгрөгийг төлөх ёстой байсан. Зээлдэгч нар нь 2017 оны 01 дүгээр сард нэхэмжлэгчийн Хаан банкны дансанд 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ төлөх ёстой мөнгөнөөс 2 000 000 төгрөгийг хасаад үндсэн зээлийн төлбөрөөс 23 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. 2017 оны 4 дүгээр сараас эхлээд мөн оны 8 cap хүртэл нийт 5 сарын хугацаа хэтэрсэн байна гэж үзэхээр нэг caрд гэрээний дагуу сарын хүү 5 хувь байна гэсэн сарын хүү 1 250 000 төгрөг болж байгаа. Хугацаа хэтэрсэн 5 сараас үржүүлэхэд хүүний төлбөр гарах юм. Үндсэн зээл 23 000 000 төгрөг, 6 250 000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү 1 767 667 төгрөг нотариатын зардал 2 700 төгрөгийг нэмээд, сүүлд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн 1 479 452 төгрөгийг нэмээд 32 499 819 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Г, А.П нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30 502 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А н д х о г” ГХОХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 211 311 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Г, А.П нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох А.Пгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, 90а байрны 151 тоот хаягт байршилтай 46.36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, 08-12 УНМ улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн HDJ810012484 арлы дугаартай 1991 онд үйлдвэрлэгдсэн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467 953 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Г, А.П нараас 310 463,5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А н д х о г” ГХОХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “А н д х о г ББСБ” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдан Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаа явуулж байгаа Компанийн тухай хуулийн дагуу байгуулагдсан хуулийн этгээд юм. Манай ББСБ иргэн Б.Г, А.П нартай 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгиин барьцааны гэрээ, фидуцийн гэрээг тус тус байгуулан 25 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2017 оны 01 дүгээр сард 2 000 000 төгрөгийн төлөлт хийснийг хүүнд суутгаж авсан. Энэ нь хууль зөрчөөгүй. Зээлдэгч нь зээлээ удахгүй төлнө гэсэн тайлбар хэлсээр байгаад 2017 оны 9 дүгээр сард бид зээлээ төлөхгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээл авснаас хойш нэг жил нэг сарын хугацаа өнгөрөхөд ганцхан удаа төлөлт хийсэн, үндсэн зээлийн төлөлтөөс огт төлөлт хийж байгаагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдож 41 714 011 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл шүүх Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 11 211 311 төгрөгийг хасч шийдвэрлэснийг шүүх хэт нэг талын эрх ашигт үйлчилсэн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасны дагуу гомдол гаргаж байна.
Учир нь шүүх хариуцагчийн төлөөлөгчийн итгэмжлэлийг шалгаад шаардлага хангахгүй байгаа тухай мэдэгдэж, итгэмжлэлийг шаардлага хангахуйц байдлаар авч ирсний дараа хурал хийхээр шүүх хурал хойшилж байсан боловч нэхэмжлэгч талын тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор огт асуудал хөндөөгүй байж байгаад хурал завсарлахын өмнө гэнэт асуусан. Бид компанийн гэрчилгээн дээр ББСБ ХХК гэж дурьдагдсан байгаа Санхүүгийн зохицуулах хорооны вэб сайт дээр нийтэд ил тодоор мэдээлэгдсэн байдаг тухай тайлбарлахад танайх гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм уу гэж асуун улмаар хариуцагч тал энэ талаар маргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүйгээр хасч шийдвэрлэсэн. Хэрэв шүүх тухайн нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхийг шүүх эдэлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлж зохигч талуудын тэгш байдлыг хангаж болох байсан. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр ББСБ гэдэг нь нотлогдож байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр буюу 41 714 011 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.
Нэхэмжлэгч “А н д х о г” Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хариуцагч Б.Г, А.П нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40 234 559 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 41 714 011 төгрөг болгосныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 32 499 819 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Талууд 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ-00160068 тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 25 000 000 төгрөгийг хариуцагч Б.Г, А.П нар нь нэхэмжлэгч “А н д х о г” ГХОХХК-иас зээлж, үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2206016122 дугаартай, 000334286 тоот гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 90 а байрны 151 тоот 46,36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүсчээ. /хэргийн 4-8 дугаар тал/
Нэхэмжлэгч “Ази номхон далай хөрөнгө оруулалтын групп” ГХОХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгосон болох нь түүний улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байхад шүүх Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хэрэгт авагдаагүй гэсэн үндэслэлээр талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа үүсээгүй гэж, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт хамаарах зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. /хэргийн 12 дугаар тал/
Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч зээл 25 000 000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн байх бөгөөд хариуцагч нь үндсэн зээл 25 000 000 төгрөг, зээлийн хүү 6 415 000 төгрөг, нийт 31 415 000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 26-ны дотор тохирсон хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн ба гэрээний хугацаанд хариуцагч нар 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 000 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд буюу 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч нарын төлсөн 2 000 000 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцон авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул дээрх 2 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасахад зээлийн үлдэгдэл 23 000 000 төгрөг болж байх бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 23 000 000 төгрөгийг, гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 14 733 331 төгрөгийн хүү нэхэмжлэгчид төлөх үүрэг үүсчээ.
Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр дууссан байх ба хариуцагч нар уг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү 2 946 666 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Иймээс үндсэн зээлд 23 000 000 төгрөг, зээлийн хүүд 14 733 331 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 946 666 төгрөг, нийт 40 679 997 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. Мөн хариуцагчаас төлбөр гаргуулахтай холбоотой гарсан зардалд 2 700 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/02509 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г, А.П нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40 682 697 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А н д х о г” ГХОХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 031 314 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
3 дахь заалтын “310 463” гэснийг “361 363” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436 720 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
С.ЭНХТӨР