Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2417

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 30 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02417                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И” ХХК-ийн / нэхэмжлэлтэй,

Хариуцагч Сд / холбогдох,

орон сууцны ашиглаллт, ус дулааны төлбөр 580,959.40 /таван зуун наян мянга есөн зуун тавин есөн төгрөг дөчин мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  “И” ХХК нь орон сууцны ашиглалт, ус дулаанаар хангах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн хүрээнд ашиглалт, үйлчилгээ хариуцсан хуулийн этгээд ба энэхүү ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан гудамж, 46 байрны ус, дулаанаар хангаж ажилладаг байсан. 2015 оны 5 сарын 01-ний өдөр 46 байрыг ус, дулаанаар хангах гэрээг “Г” СӨХ-д шилжүүлсэн. Иймд хариуцагч М.Сгаас 2014 оны 12 сар, 2015 оны 1, 2, 3 сарын ус, дулааны төлбөр 580,959.40 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.С нь 2014 оны ус, дулааны төлбөрийг бүгдийг нь бэлнээр төлсөн. “И” ХХК нягтлангийн дансаар төлсөн эдгээр мөнгийг тооцсон атлаа сүүлд М.Сгийн төлсөн төлбөрийг оруулаагүй. Бид “И” ХХК-ийн санхүүгийн баримттай танилцахаар очсон боловч бидэнд үзүүлээгүй. М.С 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 1, 2, 3 дугаар саруудын орон сууцны ус, дулааны  төлбөрийг бэлнээр төлсөн. “И” ХХК-ийн 2014, 2015 онуудын орлогын ордерын баримт болон санхүүгийн баримттай очиж танилцахад, тайланд ороогүй гэх хэн хэзээ бичсэн тодорхойгүй, 4-5 ширхэг баримтыг бидэнд үзүүлсэн ба баримтад 46 байрны орлогын ордерын баримтууд байхгүй байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

“И” ХХК нь М.Сд холбогдуулан орон сууцны ашиглалт, ус дулааны төлбөр 580,959.40 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нь төлбөр төлсөн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй маргав.

 

Орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т зааснаар “цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Хариуцагч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 46В /9/ байр, 36 тоотын өмчлөгч байх тул өөрийн өмчлөлийн орон сууцны ашиглалт, ус дулааны төлбөрийг эрх бүхий этгээдэд төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн талбараар хариуцагч нь 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 1, 2, 3 дугаар саруудын орон сууц ашиглалт ус, дулааны  төлбөрийг төлөөгүй нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэдийгээр хариуцагч нь нягтлангийнх нь дансаар шилжүүлж, бэлнээр төлдөг байсан, ямар нэгэн өр төлбөргүй гэж маргадаг боловч нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 18,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт зааснаар С /-аас орон сууцны ашиглалт, ус дулааны төлбөрт 580,959.40 төгрөгийг гаргуулж “И” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 18,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.         

                     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ