Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2783

 

                                                  

                                       

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 11 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02783                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ж.Сэмжид, Д.Мөнгөнтуул нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-д холбогдох,

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай,

 

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-д холбогдох,

Гэм хорын хохиролд 319,403,782 /гурван зуун арван есөн сая дөрвөн зуун гурван мянга долоон зуун наян хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бат-Оргил, иргэдийн төлөөлөгч Б.Цэнгэлмаа, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Эаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Бтэй 2017 оны 02 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 55,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж аван зээлийн барьцаанд охин Э.Агийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 баг, Хэрх гүн худаг гудамж 99 тоотод байрлах, 4047 м2 газартай, 000381056 дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-1307002214 дугаарт бүртгэлтэй, 814,7 м2, 4 м2 талбай бүхий Хүнсний агуулах, Цэвэр усны худаг зориулалттай үл хөдлөх хөрөнгийг надад олгосон итгэмжлэлийн дагуу барьцаалах гэтэл зээлдүүлэгч Т.Б барьцаа хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийнх нь өмчлөлд шилжүүлэн өгөхийг шаардсан. Тухайн үед яаралтай мөнгөний хэрэгцээ байсан тул арга буюу 2017 оны 02 сарын 03-ны өдөр Т.Бтэй “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, зээлээ төлж дуусаад барьцааны дээрх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлж авахаар тохирсон. Миний төлөвлөсөн ажил удааширснаас орж ирэх мөнгө маань бүтэхгүй болж зээлийн гэрээний хугацаа дууссан. Тухайн үед энэ тухайгаа Т.Бөд утсаар хэлж хугацаа сунгах талаар учирласан боловч тэрээр “Та нартай тохиролцох юм байхгүй” гэсэн хариуг өгсөн. Дахин Т.Б рүү залгаж учир байдлаа ярих гэхээр ихэнхдээ утсаа авахгүй, утсаа авсан тохиолдолд учир шалтгааныг хүлээж авах боломжгүй гэдэг байсан. Ингээд 2018 оны 6 сарын 27-нд Зүүнхараад нэг танилаасаа “Танай агуулахыг хүмүүс буулгаж байна” гэсэн мэдээлэл аваад очтол Б нь агуулахын байрны 80 хувийг дур мэдэн зээлдэгч надад болон ёсны өмчлөгч Э.Ад мэдэгдэлгүй буулгасан. Уг газар дээр байдаг 3 айлын 60 м2 тоосгон байрны хаалгыг эвдэн орсон байсан. Энэ газар дээр улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдаагүй 100 гаруй сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байдаг. Иймд 2017 оны 02 сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээг халхавчилж, гэрээний талууд эрх тэгш байх зарчмыг зөрчин хууль бусаар хийсэн бүртгэлийн 000347961 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-1307002696 дугаарт бүртгэгдсэн, 18609408365746 нэгж талбарын дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Э нь надаас 55 сая төгрөг зээлж, бидний хооронд 2017 оны 02 сарын 03-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Улмаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сэлэнгэ аймаг, Мандал сумын 4 баг, Хэрх гүн худаг гудамж, 99 тоот хаягт байрлалтай 4047 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдөлөх эд хөрөнгийг тус газар дээр баригдсан 814,7 4,0 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг 2 сарын хугацаанд биелүүлэх ёстой байсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, үндсэн үүргийг огт биелүүлээгүй. Ззэлийн эргэн төлөх хугацаа болсоноос хойш удаа дараа шаардаж байсан боловч сүүлдээ бүр утсаа авахгүй төдийгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдохоо больсон. Зээлийн гэрээний 4-т “Зээлдэгч зээлээ хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд зээлдүүлэгч барьцаа хөрөнгийг 14 хоногийн дараа захиран зарцуулах эрхтэй гэж заасан болохыг нэхэмжлэгч анхаарах хэрэгтэй. Хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байгаа гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан хүчин төгөлдөр гэрээ болно. Талууд хэн нэгэнд худалдах худалдан авах гэрээ байгуулсан болж харагдах гэж, эсхүл татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор энэ гэрээг байгуулаагүй. Харин ч илүү их итгэлцэл бий болгох үүднээс худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Барьцааны гэрээг халхавчлах ямар ч шаардлага байхгүй буюу барьцааны гэрээг халхавчлах ямар ч зорилго байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Агоос шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сэлэнгэ Мандал сумын 4 дүгээр багийн Хэрх гүн худаг гудамжны 99 тоот хаягт улсын бүртгэлийн Г-1307002214 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 98365746 дугаартай, 000381056 дугаарын гэрчилгээтэй, 4047 м2 талбайтай газар болон мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-1307002214 дугаарт бүртгэлтэй, 814.7 м2, 4.0 м2 талбайтай Хүнсний агуулах, цэвэр усны худгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль өмчлөгч нь юм. Би өөрийн төрсөн эцэг Х.Эын санал, хүсэлтийн дагуу өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээ зээлийн гэрээний гүйцэтгэлд барьцаалахыг зөвшөөрч, тэдгээрийг худалдах, зээлийн барьцаанд тавих эрхийг эцэг Х.Этаа 2017.02.02-ны өдрийн итгэмжлэлээр олгосон юм. Эцэг Х.Э нь миний олгосон итгэмжлэлийн дагуу Т.Бтэй 2017.02.03-ны өдөр 55 сая төгрөгийн үнийн дүн бүхий Зээлийн гэрээ байгуулж, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаанд миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байсан. Харин барьцааны гэрээ байгуулах үед Т.Бийн шаардлагын дагуу миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлж барьцаалсан. Зээлийн гэрээнд барьцаалсан миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь өнгөрсөн хугацаанд миний эзэмшил, ашиглалтад байсан ба Т.Бийн эзэмшил, ашиглалтад өгөөгүй. Гэтэл Т.Б нь Х.Эыг зээлээ хугацаандаа төлөөгүй гэдгээр шалтаглаж, өмчлөгч надад урьдчилан мэдэгдэж, миний зөвшөөрлийг авалгүйгээр, 2017.06.27-ны өдөр миний эзэмших, ашиглах, өмчлөх эрхэд байсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд маань хууль бусаар халдаж, хүнсний агуулахын барилгыг буулгаад, ачаад явсан байсан. Одоо тус барилгаас зөвхөн хундам суурь нь л үлдсэн. Холбогдох хууль тогтоомжоор тогтоосон журмын дагуу бол Т.Б нь гэрээний өр төлбөрөө шүүхийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар л барьцаа хөрөнгөөс гаргуулан авах эрхтэй болохоос бус хууль ёсны эзэмших, ашиглах, өмчлөх эрхэд байгаа барьцаа хөрөнгөд дур зоргоор, хууль бусаар халдаж, буулгаж авч явах ямар ч эрхгүй. Би Т.Бийн буулгаж, ачиж явсан агуулахын барилгыг 2014 онд өөрийн эзэмшлийн “Эрчим арт” ХХК-ийн нэр дээр барьж байгуулсан бөгөөд сүүлд нь 2017 онд өөрийн нэр дээр өмчлөх эрхийг нь шилжүүлсэн. Тус агуулахын барилгыг 2014 онд нийт 319,403,782 төгрөгийн зардлаар, өөрийн хөрөнгө, хүч хөдөлмөрөө зориулж барьсан. Бусдын өмчлөлийн эд хөрөнгөд хууль бусаар халдсан үйлдлийн улмаас өмчлөгч миний биед 319.403.782 төгрөгийн бодит хохирол учраад байгаа тул Т.Бөөс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие аливаа хууль бус үйлдлийг хийгээгүй болно. Тус шүүхэд Х.Эын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэгдсэний дараа энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжтой тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Т.Бөд холбогдуулан Х.Э нь хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 481 дүгээр тогтоолоор Т.Бөөс гэм хорын хохиролд 319,403,782 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Агийн нэхэмжлэлтэй хэргийг нэгтгэжээ.

 

1. Х.Эын нэхэмжлэлтэй хэргийн тухайд:

 

Нэхэмжлэгч Х.Э нь шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор улсын бүртгэлийн Г-1307002696 дугаарт бүртгэлтэй газар худалдах, худалдан авах гэрээг хийсэн тул хүчин төгөлдөр бус гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан, гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй, гэрээний 4-т зааснаар барьцаа хөрөнгийг 14 хоногийн дараа захиран зарцуулсан, гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан хүчин төгөлдөр, итгэлцэл бий болгох үүднээс худалдах худалдан авах гэрээг байгуулсан, өөр зорилгогүй, барьцааны гэрээг халхавчлах шаардлага, зорилго байгаагүй гэж маргалаа.

 

Х.Э нь Т.Бтэй 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 55,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж, энэхүү зээлийн гэрээний 3 дахь заалтаар дээрх газрыг барьцаа хөрөнгийн зориулалтаар худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүл, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн дуусгавар болсон үед зээлдэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхээр тохиролцжээ.

 

Э.А нь өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 баг, Хэрх гүн худаг гудамж 99 тоотод байрлах, 4047 м2 талбай бүхий, улсын бүртгэлийн Г-1307002696 дугаарт бүртгэлтэй, 18609408365746 нэгж талбарын дугаартай газрыг худалдах, зээлийн барьцаанд тавих эрхийг Х.Эт 3 жилийн хугацаатай олгосон байна.

 

Энэхүү итгэмжлэлийн үндэслэн Х.Э нь Т.Бтэй 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулан, дээрх газрыг 1,000,000 төгрөгөөр худалдан авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зоригоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийг үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ гэж, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болохыг 40.1-д, хүлээн авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж тооцохыг 40.2-т тодорхойлсон байна.

 

Хүсэл зориг гэдэг нь хэлцэл хийх эрмэлзлэлийг хэлэх ба хэлцэл хийх тухайн нөхцөлд талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалах үсэл зоригийн илэрхийлэлтэй байсан, нэхэмжлэгч тал өөрийн барьцаалсан эд хөрөнгийг буулгасан үндэслэл зааж, тухайн үеийн хэлцлийн хүсэл зоригийг буюу барьцаалах гэрээ бус худалдах авах гэрээг халхавчилсан гэж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Учир нь  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан ба талуудын хооронд байгуулагдсан 2 агуулга бүхий гэрээ байгуулагдсан байх, нэг гэрээ буюу халхавчлагдсан хэлцэл хүчин төгөлдөр байж, нөгөө хэлцэл буюу халхавчилж хийсэн хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байхыг ойлгоно.

 

Хүсэл зоригоо илэрхийлэгч талууд бодит байдлаас өөр хэлцлийг хүчингүй мэт дүр эсгэн хийж байгааг халхавчилсан хэлцэл гэж үзэх ба энэ тохиолдолд хэлцэл хийгч талууд тухайн хэлцлийг хийх болон эрх зүйн үр дагаврыг бий болгох хүсэлгүй байхаас гадна талууд харилцан зөвшилцөж гадаад харилцаанд тодорхой агуулгаар хэлцэл хийсэн мэт дүрийг бий болгоно.

 

Харин халхавчилсан хэлцлийн ард нуугдаж байгаа талуудын бодитоор хүссэн эрх зүйн үр дагавар үүсгэх тохиролцоог халхавчлагдсан хэлцэл гэх ба тухайн тохиолдолд 2 иргэний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байгааг нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан ямар гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргасан атлаа Иргэний хуулийн 56.5-д заасан үр дагаврыг арилгуулахаар шаардлаагүйгээс дүгнэхэд нэхэмжлэл нь өөрөө үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийг нотлох, нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн Х.Эын нэхэмжлэлийг хангах үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Э.Агийн нэхэмжлэлтэй хэргийн тухайд:

 

Х.Э нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 баг, Хэрх гүн худаг гудамж 99 тоотод байрлах, 000381056 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-1307002214 дугаарт бүртгэлтэй, 814,7 м2, 4 м2 талбай бүхий Хүнсний агуулах, Цэвэр усны худаг зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Т.Бөд худалджээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагаа өөрийн өмчлөлийн эзэмшил, ашиглалтад байсан үл хөдлөх эд хөрөнгөд өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр урьдчилан мэдэгдэлгүй хууль бусаар халдаж, буулган ачаад явсан үндэслэлээр хохирол гаргуулахыг шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Э.А нь үл хөдлөх хөрөнгө зарцуулах итгэмжлэлээр Х.Эт өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах эрхийг олгосон байх тул өөрт олгогдсон эрхийн хүрээнд гэрээ байгуулсан байна.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлснээр гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Хуулийн хүчин төгөлдөр гэрээний дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь Э.Агоос Т.Бөд шилжсэн байх тул нэхэмжлэгчид дээрх үл хөдлөх эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардах эрх үүсэхгүй юм.

 

Нэхэмжлэгчээс гэм хорын хохирол гаргуулна гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаандгүй буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

 Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн үйлдэл хууль бус байх, гэм буруутай талаар эрх бүхий этгээдийн шийдвэр байх, нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх буюу тухайн заалтад тавигдах урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардах бөгөөд тухайн тохиолдолд хариуцагчийн гэм буруу нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдоогүй, нэхэмжлэгчид 319,403,782 төгрөгийн гэм хорын хохирол учирсан гэж үзэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна.

 

 Э.А нь өөрийн эзэмшлийн “Эрчим арт” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг барьсан гэж тайлбарлах ч Алунгоо нь уг компанийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгө “Эрчим арт” ХХК-ийн өмчлөлөөс нэхэмжлэгчид шилжсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 баг, Хэрх гүн худаг гудамж 99 тоотод байрлах, 4047 м2 талбай бүхий, улсын бүртгэлийн Г-1307002696 дугаарт бүртгэлтэй газрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн Х.Эын нэхэмжлэл болон мөн хаягт байрлах 000381056 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-1307002214 дугаарт бүртгэлтэй, 814,7 м2, 4 м2 талбай бүхий Хүнсний агуулах, Цэвэр усны худаг зориулалттай үл хөдлөх хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 319,403,782 төгрөг гаргуулахыг хүссэн Э.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Х.Эын төлөөлөгч Г.Туул нь эрүүл мэндийн шалтгаанаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж, Э.Алунгоо нь биечлэн оролцох боломжгүй үндэслэлээр өөрийн эзгүйд өмгөөлөгчийг оролцуулах тухай хүсэлтүүдийг гаргасан, хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулан, эрх үүрэг тайлбарласан боловч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбар гаргасан байна.

 

Иргэдийн төлөөлөгч нь Эыг зээл аваад эргэн төлөлт хийгээгүй учраас Бт гэрээний дагуу уг барилгыг захиран зарцуулах эрх үлдэх ёстой гэсэн дүгнэлтийг шүүх хуралдаан дээр гаргасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Х.Эаас төлсөн 432,950 төгрөг, нэхэмжлэгч Э.Алунгоогоос төлсөн 1,754,970 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан Б-д холбогдох, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Э-ын болон гэм хорын хохиролд 319,403,782 /гурван зуун арван есөн сая дөрвөн зуун гурван мянга долоон зуун наян хоёр төгрөг гаргуулах тухай А-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Х.Эаас төлсөн 432,950 төгрөг, нэхэмжлэгч Э.А төлсөн 1,754,970 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.       

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

              ШҮҮГЧИД                                             Д.МӨНГӨНТУУЛ

 

                                                                            Ж.СЭМЖИД