Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00931

 

Х.Э, Э.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02783 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 341 дүгээр магадлалтай

Х.Э, Э.А нарын нэхэмжлэлтэй,

Т.Б-өд холбогдох,

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 319 403 782 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Т.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бат-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Банзрагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Бтэй 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 55 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж аван зээлийн барьцаанд охин Э.Агийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 баг, Хэрх гүн худаг гудамж 99 тоотод байрлах, 4047 м.кв газартай, 000381056 дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-1307002214 дугаарт бүртгэлтэй, 814.7 м.кв, 4 м.кв талбай бүхий хүнсний агуулах, цэвэр усны худгийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг итгэмжлэлийн дагуу барьцаалах гэтэл Т.Б барьцаа хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулан өөрийнх нь өмчлөлд шилжүүлэхийг шаардсан. Тухайн үед яаралтай мөнгөний хэрэгцээ байсан тул арга буюу Т.Бтэй үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулан, зээлээ төлж дуусаад барьцааны дээрх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлж авахаар тохиролцсон. Миний төлөвлөсөн ажил удааширснаас орж ирэх мөнгө маань бүтэхгүй болж зээлийн гэрээний хугацаа дууссан. Тухайн үедээ энэ талаар Т.Бөд утсаар хэлж хугацаа сунгахыг учирласан боловч тэрээр тохиролцохгүй гэсэн хариу өгсөн. Дахин Т.Б рүү залгаж учир байдлаа ярих гэхээр ихэнхдээ утсаа авахгүй, утсаа авсан тохиолдолд учир шалтгааныг хүлээж авах боломжгүй гэдэг байсан.

Ингээд 2018 оны 6 дугаар сарын 27-нд нэг танилаасаа танай агуулахыг хүмүүс буулгаж байна гэсэн мэдээлэл аваад очтол Т.Б нь агуулахын байрны 80 хувийг дур мэдэн надад болон Э.Ад мэдэгдэлгүй буулгаж, уг газар дээр байдаг 3 айлын 60 м.кв тоосгон байрны хаалгыг эвдэн орсон байсан. Энэ газар дээр улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдаагүй 100 гаруй сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байдаг. Иймд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээг халхавчилж, гэрээний талууд эрх тэгш байх зарчмыг зөрчин хууль бусаар хийсэн бүртгэлийн 000347961 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-1307002696 дугаарт бүртгэгдсэн, 18609408365746 нэгж талбарын дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч нь Х.Эын нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Х.Э нь надаас 55 сая төгрөг зээлж, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Улмаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сэлэнгэ аймаг, Мандал сумын 4 баг, Хэрх гүн худаг гудамж, 99 тоот хаягт байрлалтай 4047 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус газар дээр баригдсан 814.7 4.0 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг 2 сарын хугацаанд биелүүлэх байсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Зээлийн эргэн төлөх хугацаа болсноос хойш удаа дараа шаардсан боловч сүүлдээ утсаа авахгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдохоо больсон. Зээлийн гэрээний 4-т зээлдэгч зээлээ хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд зээлдүүлэгч барьцаа хөрөнгийг 14 хоногийн дараа захиран зарцуулах эрхтэй гэж заасан.

Хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байгаа гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан хүчин төгөлдөр гэрээ болно. Талууд хэн нэгэнд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болж харагдах гэж, эсхүл татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор энэ гэрээг байгуулаагүй. Харин илүү их итгэлцэл бий болгохоор уг гэрээг байгуулсан. Барьцааны гэрээг халхавчлах ямар ч шаардлага байхгүй буюу зорилго байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр багийн Хэрх гүн худаг гудамжны 99 тоот хаягт улсын бүртгэлийн Г-1307002214 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 98365746 дугаартай, 000381056 дугаарын гэрчилгээтэй, 4047 м.кв талбайтай газар болон мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-1307002214 дугаарт бүртгэлтэй, 814.7 м.кв, 4.0 м.кв талбайтай хүнсний агуулах, цэвэр усны худгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь юм. Би эцэг Х.Эын хүсэлтээр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээ зээлийн гэрээний үүрэгт барьцаалахыг зөвшөөрч, тэдгээрийг худалдах, зээлийн барьцаанд тавих эрхийг итгэмжлэлээр түүнд олгосон. Уг итгэмжлэлийн дагуу эцэг Х.Э нь Т.Бтэй 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 55 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулж, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаанд миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Харин барьцааны гэрээ байгуулах үед Т.Бийн шаардлагын дагуу миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах-худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлж барьцаалсан. Зээлийн гэрээнд барьцаалсан миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь өнгөрсөн хугацаанд миний эзэмшил, ашиглалтад байсан ба Т.Бийн эзэмшил, ашиглалтад өгөөгүй.

Гэтэл Т.Б нь Х.Эыг зээлээ хугацаандаа төлөөгүй гэдгээр шалтаглан, өмчлөгч надад мэдэгдэлгүй, миний зөвшөөрөлгүйгээр 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр миний эзэмших, ашиглах, өмчлөх эрхэд байсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд хууль бусаар халдаж, хүнсний агуулахын барилгыг буулгаж, ачаад явсан байсан. Одоо тус барилгаас зөвхөн хундам суурь нь үлдсэн. Холбогдох хууль тогтоомжийн дагуу Т.Б нь гэрээний өр төлбөрөө шүүхийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар барьцаа хөрөнгөөс гаргуулан авах эрхтэй болохоос бус хууль ёсны эзэмших, ашиглах, өмчлөх эрхэд байгаа барьцаа хөрөнгөд дур зоргоор, хууль бусаар халдаж, буулгаж авч явах эрхгүй. Би Т.Бийн буулгаж, ачиж явсан агуулахын барилгыг 2014 онд өөрийн эзэмшлийн Эрчим арт ХХК-ийн нэр дээр барьж байгуулсан бөгөөд сүүлд нь 2017 онд өөрийн нэр дээр өмчлөх эрхийг нь шилжүүлсэн. Тус агуулахын барилгыг 2014 онд нийт 319 403 782 төгрөгийн зардлаар, өөрийн хөрөнгө, хүч хөдөлмөрөө зориулж барьсан. Бусдын өмчлөлийн эд хөрөнгөд хууль бусаар халдсаны улмаас өмчлөгч надад 319 403 782 төгрөгийн бодит хохирол учирсан тул Т.Бөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь Э.Агийн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие аливаа хууль бус үйлдлийг хийгээгүй. Тус шүүхэд байгаа Х.Эын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсний дараа энэ хэргийг шийдвэрлэх боломжтой тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02783 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Бөд холбогдох, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Х.Эын болон гэм хорын хохиролд 319 403 782 төгрөг гаргуулах тухай Э.Агийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Х.Эаас төлсөн 432 950 төгрөг, нэхэмжлэгч Э.Агоос төлсөн 1 754 970 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 341 дүгээр магадлалаар: ан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02783 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х.Эаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432 950 төгрөгийг, нэхэмжлэгч Э.Агоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 754 970 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй болно.

Учир нь давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч талын гаргасан хууль зүйн үндэслэл тайлбарыг огт анхаарч үзээгүй мөн шүүхийн магадлалд ч энэ тухай дурдаагүй байна.

Мөн шүүх ...дээрх гэрээний дагуу газрын өмчлөлийг худалдан авагч Т.Бөд хэн шилжүүлсэн, худалдан авагч өмчлөлдөө хэрхэн авсан эсэх нь эргэлзээтэй, уг үйл баримтыг тогтоох нотлох баримт хэрэгт авагдаагүй... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд талууд энэ асуудал дээр огт маргаагүй, өмчлөгч Э.Агоос олгосон итгэмжлэлийн дагуу түүний эцэг Х.Э Т.Бөд шилжүүлсэн үйл баримт, талуудын тайлбар байгааг харгалзан үзээгүй.

Шүүх ... учир нь шүүх хохирлын хэмжээг өөрөө тодорхойлох боломжгүй, түүнчлэн хохирлыг шаардах эрхтэй эсэх талаар шууд дүгнэхдээ хохирлын хэмжээг тодорхойлохгүйгээр шийдвэрлэх нь ИХШХШтХ-ийн 40.3 дахь хэсэгт заасан зарчимтай нийцэхгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ өөрөө тодорхойлж, нотлох баримтыг бүрдүүлж, нотлох үүргийг хүлээх болохоос шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэггүй юм. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлах замаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүх нотлох үүрэгтэй мэтээр тайлбарласан нь ойлгомжгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлал нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.,168.1.7. дахь заалтад нийцсэн байна.

Х.Э, Э.А нар нь Т.Бөд холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 319 403 782 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Нэхэмжлэгч Х.Э нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Т.Бөөс 55 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8%-ийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож өөрийн охин Э.Агийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх гүн худаг гудамжны 99 тоот хаягт байршилтай 4047 м.кв талбай бүхий гэр бүлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахыг санал болгосон боловч зээлдүүлэгч дээрх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрч, талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байна.

Зээлийн төлбөр хугацаандаа төлөгдөөгүй үндэслэлээр зээлдүүлэгч хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлснээр тус хаягт байрлах агуулахыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй буулгаж, орон сууцанд нэвтэрч, эд хөрөнгөд хохирол учруулсан үндэслэлээр зээлдэгч Х.Э барьцааны гэрээг халхавчилж хийсэн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар, өмчлөгч Э.А эд хөрөнгөд учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Э.А нэхэмжлэлийн шаардлагыг нотлохын тулд өөрт учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх “...хөрөнгийн зардлыг тооцон гаргахад санхүү, эдийн засгийн нарийн судалгаа, тооцоо, барилга угсралт, техникийн тусгай мэдлэг шаардагдахгүй...” гэх үндэслэлээр, маргааны зүйл болсон газар, түүн дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө ямар үндэслэлээр гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн талаар холбогдох лавлагааг гаргуулахаар хүсэлт гаргасныг “...нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй...” гэх үндэслэлээр хүсэлтийг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3.-т хэргийн оролцогч шинжээч томилуулах хүсэлт гаргах эрхтэй гэж,  25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.6.-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг бүрдүүлнэ гэж, 6 дугаар зүйлийн 6.4.-т зохигч шүүх хуралдаанд ...нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэж тус тус зохицуулжээ.

Шинжээч томилуулах, нотлох баримт гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамжийн үндэслэл нь хуульд нийцээгүй байх тул шүүх нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 168.1.7., 166 дугаар зүйлийн 166.4.-т нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 341 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Т.Бийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 187 920 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЦАГААНЦООЖ     

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД