Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 341

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Э, Э.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02783 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Х.Э, Э.А нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Бөд холбогдох

 

Хэлцэл хүчин төгөлдөр буст тооцуулах болон гэм хорын хохиролд 319 403 782 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Банзрагч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Бтэй 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 55 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж аван зээлийн барьцаанд охин Э.Агийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 баг, Хэрх гүн худаг гудамж 99 тоотод байрлах, 4047 м.кв газартай, 000381056 дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-1307002214 дугаарт бүртгэлтэй, 814.7 м.кв, 4 м.кв талбай бүхий хүнсний агуулах, цэвэр усны худгийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг итгэмжлэлийн дагуу барьцаалах гэтэл Т.Б барьцаа хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулан өөрийнх нь өмчлөлд шилжүүлэхийг шаардсан. Тухайн үед яаралтай мөнгөний хэрэгцээ байсан тул арга буюу Т.Бтэй үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулан, зээлээ төлж дуусаад барьцааны дээрх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлж авахаар тохиролцсон. Миний төлөвлөсөн ажил удааширснаас орж ирэх мөнгө маань бүтэхгүй болж зээлийн гэрээний хугацаа дууссан. Тухайн үедээ энэ талаар Т.Бөд утсаар хэлж хугацаа сунгахыг учирласан боловч тэрээр “тохиролцохгүй” гэсэн хариу өгсөн. Дахин Т.Б рүү залгаж учир байдлаа ярих гэхээр ихэнхдээ утсаа авахгүй, утсаа авсан тохиолдолд учир шалтгааныг хүлээж авах боломжгүй гэдэг байсан. Ингээд 2018 оны 6 дугаар сарын 27-нд нэг танилаасаа “танай агуулахыг хүмүүс буулгаж байна” гэсэн мэдээлэл аваад очтол Т.Б нь агуулахын байрны 80 хувийг дур мэдэн надад болон Э.Ад мэдэгдэлгүй буулгаж, уг газар дээр байдаг 3 айлын 60 м.кв тоосгон байрны хаалгыг эвдэн орсон байсан. Энэ газар дээр улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдаагүй 100 гаруй сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байдаг. Иймд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээг халхавчилж, гэрээний талууд эрх тэгш байх зарчмыг зөрчин хууль бусаар хийсэн бүртгэлийн 000347961 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-1307002696 дугаарт бүртгэгдсэн, 18609408365746 нэгж талбарын дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Э нь надаас 55 сая төгрөг зээлж, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Улмаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сэлэнгэ аймаг, Мандал сумын 4 баг, Хэрх гүн худаг гудамж, 99 тоот хаягт байрлалтай 4047 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус газар дээр баригдсан 814.7 4.0 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг 2 сарын хугацаанд биелүүлэх байсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Ззэлийн эргэн төлөх хугацаа болсоноос хойш удаа дараа шаардсан боловч сүүлдээ утсаа авахгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдохоо больсон. Зээлийн гэрээний 4-т “зээлдэгч зээлээ хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд зээлдүүлэгч барьцаа хөрөнгийг 14 хоногийн дараа захиран зарцуулах эрхтэй” гэж заасан. Хүчин төгөлдөр буст тооцуулах гээд байгаа гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан хүчин төгөлдөр гэрээ болно. Талууд хэн нэгэнд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болж харагдах гэж, эсхүл татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор энэ гэрээг байгуулаагүй. Харин илүү их итгэлцэл бий болгохоор уг гэрээг байгуулсан. Барьцааны гэрээг халхавчлах ямар ч шаардлага байхгүй буюу зорилго байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

 

Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Сэлэнгэ Мандал сумын 4 дүгээр багийн Хэрх гүн худаг гудамжны 99 тоот хаягт улсын бүртгэлийн Г-1307002214 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 98365746 дугаартай, 000381056 дугаарын гэрчилгээтэй, 4047 м.кв талбайтай газар болон мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-1307002214 дугаарт бүртгэлтэй, 814.7 м.кв, 4.0 м.кв талбайтай хүнсний агуулах, цэвэр усны худгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль өмчлөгч нь юм. Би эцэг Х.Эын хүсэлтээр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээ зээлийн гэрээний үүрэгт барьцаалахыг зөвшөөрч, тэдгээрийг худалдах, зээлийн барьцаанд тавих эрхийг итгэмжлэлээр түүнд олгосон. Уг итгэмжлэлийн дагуу эцэг Х.Э нь Т.Бтэй 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 55 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулж, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаанд миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Харин барьцааны гэрээ байгуулах үед Т.Бийн шаардлагын дагуу миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах-худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлж барьцаалсан. Зээлийн гэрээнд барьцаалсан миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь өнгөрсөн хугацаанд миний эзэмшил, ашиглалтад байсан ба Т.Бийн эзэмшил, ашиглалтад өгөөгүй. Гэтэл Т.Б нь Х.Эыг зээлээ хугацаандаа төлөөгүй гэдгээр шалтаглан, өмчлөгч надад мэдэгдэлгүй, миний зөвшөөрөлгүйгээр 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр миний эзэмших, ашиглах, өмчлөх эрхэд байсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд хууль бусаар халдаж, хүнсний агуулахын барилгыг буулгаж, ачаад явсан байсан. Одоо тус барилгаас зөвхөн хундам суурь нь үлдсэн. Холбогдох хууль тогтоомжийн дагуу Т.Б нь гэрээний өр төлбөрөө шүүхийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар барьцаа хөрөнгөөс гаргуулан авах эрхтэй болохоос бус хууль ёсны эзэмших, ашиглах, өмчлөх эрхэд байгаа барьцаа хөрөнгөд дур зоргоор, хууль бусаар халдаж, буулгаж авч явах эрхгүй. Би Т.Бийн буулгаж, ачиж явсан агуулахын барилгыг 2014 онд өөрийн эзэмшлийн “Эрчим арт” ХХК-ийн нэр дээр барьж байгуулсан бөгөөд сүүлд нь 2017 онд өөрийн нэр дээр өмчлөх эрхийг нь шилжүүлсэн. Тус агуулахын барилгыг 2014 онд нийт 319 403 782 төгрөгийн зардлаар, өөрийн хөрөнгө, хүч хөдөлмөрөө зориулж барьсан. Бусдын өмчлөлийн эд хөрөнгөд хууль бусаар халдсаны улмаас өмчлөгч надад 319 403 782 төгрөгийн бодит хохирол учирсан тул Т.Бөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие аливаа хууль бус үйлдлийг хийгээгүй. Тус шүүхэд Х.Эын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсний дараа энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжтой тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Бөд холбогдох, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Х.Эын болон гэм хорын хохиролд 319 403 782 төгрөг гаргуулах тухай Э.Агийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Х.Эаас төлсөн 432 950 төгрөг, нэхэмжлэгч Э.Агоос төлсөн 1 754 970 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг болон мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийг буруу тайлбарлаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Х.Э, Т.Б нар харилцан тохиролцож 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Э.Агийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр багийн Хэрх гүн худаг гадамжны 99 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-1307002214 дугаарт бүртгэлтэй, 814.7 м.кв талбайтай хүнсний агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Талууд Э.Агийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байсан боловч зээлдүүлэгч Т.Бийн шаардлагын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах бус худалдах- худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, Т.Бийн өмчлөх эрхэд шилжүүлсэн хууль бус үйлдэл гаргаж, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн. Т.Б нь барьцааны зүйлийг худалдах-худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөх эрхэд шилжүүлэн авч буй хууль бус үйлдлээ талуудын хооронд илүү итгэлцэл бий болгох зорилготой хэмээн тайлбарлаж, зээлийн гэрээний мөнгө төлөгдсөний дараа уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаагаад Э.Агийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн. Гэтэл нь Т.Б нь Х.Эыг зээлийн гэрээний төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй үндэслэлээр барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2018 оны 6 дугаар сард өөрийн дур зоргоор буулгаад, ачаад явсан. Зээлийн гэрээний үнэ 55 сая төгрөг бол Т.Бийн буулгаж, ачиж явсан Э.Агийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь 320 сая төгрөгийн үнэлгээтэй. Т.Б, Х.Э нарын хэн алинд анхнаасаа Э.Агийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах-худалдан авах хүсэл зориг байгаагүй, харин 55 сая төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хангахаар барьцаалах хүсэл зоригтой байсан. Энэ талаар Т.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа Э.Агийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, барьцааны зүйл байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Үүнээс үзвэл Т.Бийн шаардлагаар 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл. Т.Б нь зээлдүүлэгчийн давуу байдлаа ашиглаж, өөрийн санал, шаардлагаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулж, түүний үндсэн дээр бусдын үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хууль бусаар шилжүүлэн авч, улмаар бусдад дамжуулан худалдаж, буулгаж, ачиж явсан.

Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.3-д "өөр хэлцлийт халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" гэж тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино гэж тайлбарласан. Үүнээс үзвэл 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ нь Т.Б, Х.Э нарын хоорондын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний 3.1-д заасан барьцааны заалтыг халхавчлан байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Мөн Т.Б нь барьцааны зүйлийг буулгаж, ачиж явсан байхаас гадна уг ул хөдлөх эд хөрөнгүүдийг Ч.Баярсайхан гэж хүнд дамжуулан худалдсан. Харин хэзээ, ямар үнээр худалдсан, өмчлөх эрхийг хэзээ шилжүүлсэн талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Энэ талаарх нотлох баримтыг эрх бүхий байгууллагаас гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүйд гомдолтой байна. Шүүхээс Ч.Баярсайханыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан боловч түүнээс тайлбар аваагүй, шүүх хуралдаанд оролцуулалгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Х.Эын нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

            Хариуцагч Т.Б нь зээлдүүлэгчийн давуу байдлаа ашиглаж, өөрийн шаардлагаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулж, түүнийгээ үндэслэн бусдын үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд хууль бусаар шилжүүлэн авч, цааш бусдад дамжуулан худалдаж, улмаар буулгаж, ачиж явсан.  Миний эцэг Х.Э надаас олгогдсон итгэмжлэлийн дагуу Т.Бтэй 55 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Барьцааны  гэрээ байгуулах үед зээлдүүлэгч Т.Бийн шаардлагын дагуу миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах-худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг Т.Бийн нэр дээр шилжүүлсэн. Зээлийн барьцаанд байсан миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь өнгөрсөн хугацаанд Э.А миний ззэмшил, ашиглалтад байсан. Тэдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг Т.Бийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгөөгүй. Гэтэл Т.Б нь Х.Эыг  зээлээ хугацаандаа төлөөгүй гэдгээр шалтаглаж, өмчлөгчид урьдчилан мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль бусаар буулгаад, ачаад явсан. Одоо тус барилгаас зөвхөн хундам суур л үлдсэн. Т.Б нь зээлийн гэрээний өр төлбөрөө шүүхийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар л барьцаа хөрөнгөнөөс гаргуулан авах эрхтэй болохоос бус өөрийн дур зоргоор, хууль бусаар бусдын өмчлөх эрхэд халдах эрхгүй. Т.Бийн шаардлагын дагуу зээлийн гэрээний барьцааны зүйл болох Э.Агийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах бус худалдах-худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, Т.Бийн өмчлөх эрхэд шилжүүлсэн хууль бус үйлдэл гаргаж, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн. Т.Б, Х.Э нарын хоорондын зээлийн гэрээний үнийн дүн нь 55 сая төгрөг бол Т.Бийн буулгаж, ачиж явсан Э.А миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь 319 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө юм. Т.Б, Х.Э нарын хэн аль нь анхнаасаа Э.Агийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах-худалдан авах хүсэл зориг байгаагүй. Харин 55 сая төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах, барьцаалах хүсэл зоригтой байсан. Т.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа Э.Апуунгоогийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах-худалдан авах санаа, хүсэл зорилго байгаагүй, харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, барьцааны зүйл байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Үүнээс үзвэл 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Э.Апуунгоогийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч Х.Э, Э.А нар хариуцагч Т.Бөд холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэм хорын хохиролд 319 403 782 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэргийн баримтаас үзэхэд Х.Э, Т.Б нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний 3.1 дэх заалтаар барьцаа болох Ү-1307002214, Г-1307002696 тоот дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө буюу газрыг зээлдүүлэгчийн өмчлөлд барьцааны зориулалтаар худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлнэ гэж тохирсон байна. /хх 5/ Мөн өдөр Э.А, Т.Бтэй үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн 4047 м.кв талбай бүхий газрыг 1 000 000 төгрөгөөр худалдаж, өмчлөлд нь шилжүүлэхээр тохиролцсон байх ба гэрээнд Э.Агийн олгосон итгэмжлэлийн дагуу түүний эцэг Х.Э төлөөлж гарын үсэг зуржээ. /хх 6-7/

 

            Худалдах-худалдан авах гэрээг худалдагчийн өөрийн өмчлөлийнх эсхүл итгэмжлэлээр олгогдсон эрхийн дагуу өөр этгээд худалдагчийг төлөөлж болно. Дээрх гэрээний дагуу газрын өмчлөлийг худалдан авагч Т.Бөд хэн шилжүүлсэн, худалдан авагч өмчлөлдөө хэрхэн авсан эсэх нь эргэлзээтэй, уг үйл баримтыг тогтоох нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Мөн талуудын маргааны зүйл болох газар, түүн дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь гуравдагч этгээд Х.Баярсайханы өмчлөлд бүртгэлтэй талаар Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг хэрэгт авагджээ. /хх 143/ Уг баримтад үл хөдлөх эд хөрөнгө хэнээс, хэзээ гуравдагч этгээдэд шилжсэн нь тодорхойгүй байна. Уг асуудлаар нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд хэзээ шилжүүлсэн талаар бүртгэл лавлагааг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь Х.Баярсайханыг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэхэд дүгнэлт хийхэд учир дутагдалтай. /хх 157-158, 169/

 

            Нэхэмжлэгч Э.А өөрт учирсан гэм хорын хохирлоо тодорхойлохдоо өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бодитойгоор байхгүй болсон гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар газар дээр баригдсан обьект байхгүй болсон гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч гэм хор учирсан талаар шаардах эрх хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хохирол тогтоолгохоор шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх тусгай мэдлэг шаардагдахгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь шүүх хохирлын хэмжээг өөрөө тодорхойлох боломжгүй. Түүнчлэн хохирлыг шаардах эрхтэй эсэх талаар шүүх дүгнэхдээ хохирлыг хэмжээг тодорхойлохгүйгээр шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн зарчимтай нийцэхгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт шинжээч томилуулах тухай хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэхээр заасныг зөрчижээ.

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэл тогтоогдож буй тул нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02783 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х.Эаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432 950 төгрөгийг, нэхэмжлэгч Э.Агоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 754 970 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

           

                                       ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                 Ч.ЦЭНД