Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар    2022/ШЦТ/288

 

 

 

 

 

 

 

 

 

2022           08          23                                  2022/ШЦТ/288

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

Хохирогч Б.М,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох эрүүгийн 2025004000*** дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Б

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Мыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Орхон аймаг Баян-Өндөр суманд Капитрон банкнаас зээл авахаар материал бүрдүүлж өгсөн өмнөх зээлийн үлдэгдэл 15,200,000 төгрөгийг төлөх хэрэгтэй байна гэж Шүхэрт Бат-Эрдэнэ гэх Голомт банкны ********* дугаарын данснаас 14,490,000 төгрөгийг Г.Бийн Капитрон банкны ******** дугаарын дансаар шилжүүлэн авсан, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б.Мын ******** дугаартай Хаан банкны данснаас Г.Бийн Капитрон банкны ******** дугаарын дансанд 700,000 төгрөгийг шилжүүлж авсан, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод аав нас барсан ажил явдалтай байна гэж Б.Мыг хуурч 300,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ******** дугаарын дансаар авсан, 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Капитрон банкны зээлд хамтран зээлдэгчээр орсон дүүгийн Мобикомын зээлийг төлөх шаардлагатай байгаа учраас зээлээ аваад өгнө гэж хуурч 1,500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ******** дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 16,990,000 төгрөгийг залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд: “...Би Б.Маас мөнгө авсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол 16,990,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2 настай, 1 сартай хүүхэдтэй ажилгүй байгаа учраас төлж чадахгүй байна. Нөхөр маань сая ажилд орсон, ойрын хугацаанд төлж барагдуулна, надад хугацаа өгөөч...” гэв.

 

- Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд ...2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б.Маас “би Капитрон банкнаас зээл авчихсан байгаа, одоо 21,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, энэ зээлээ төлчхөөд ахиж Капитрон банкнаас зээл аваад буцаагаад өгье.” гэж хэлээд 15,200,000 төгрөгийг 7 удаагийн үйлдлээр 14 хоногийн хугацаанд буцааж төлөхөөр гэрээ хийж авсан. Дараа нь 1,500,000 төгрөгийг “дүүгийн Мобиком компаниас гар утас лизингээр авсан байгаа зээлийг төлөх юм.” гэж хэлээд авсан. Дээрх 1,500,000 төгрөг болон 15,200,000 төгрөгийг би мөнгө өгөх өртэй байсан Алиманцэцэг гэх хүний данс руу шилжүүлж, өрөө барагдуулж зарцуулсан. Тэгээд хэд хоногийн дараа 300,000 төгрөгийг “...миний аав нас барчихлаа, Улаанбаатар хотод очиж, ажил явдалд зарцуулах гэсэн юм.” гэж авсан. Би үнэнээ хэлэхээр мөнгө зээлэхгүй байх гэж бодоод худал хэлж мөнгө зээлсэн. Би Б.Маас зээлсэн 17,000,000 төгрөгөөс 3 удаагийн гүйлгээгээр 510,000 төгрөгийг шилжүүлсэн...Би Б.Маас өмнө нь олон удаа өдрийн 1-2 хувийн хүүтэйгээр мөнгө зээлж хүүний хамт буцаан өгч байсан. Одоо тэр өгсөн мөнгөн дүнгээ бодвол би Б.Мд өгөх мөнгөний өр байхгүй бөгөөд эсрэгээрээ би мөнгө авах ёстой гэж бодож байгаа... Мөн намайг цахим орчинд миний зургийг 3 удаа мөнгө залилсан эмэгтэй гэж тавьж байсан... Би Б.Маас 300,000 төгрөгийг авахдаа ажил явдал гарчихлаа гэж хэлээд мөнгө авч байсан... Би Б.Маас авсан 17,000,000 төгрөгийг төлж барагдуулахгүй. Яагаад гэвэл урьд нь хүүний мөнгө гэж илүү төлсөн мөнгөндөө тааруулж, Капитрон банкны зээлээ дараад ахиж зээл авчхаад буцаагаад өгье гэж хэлж мөнгө авсан. Тэгэхээр би одоогоор Б.Мд өртэй биш авлагатай явж байгаа... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 121-122, 123-124х/,

 

          - Хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: “...2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Г.Б гэх эмэгтэй “...Капитрон банкнаас зээл авах гэсэн чинь өмнөх өрөө төлж байж зээл гаргана гээд байна, найздаа 15,200,000 төгрөг зээлээч 7 хоногийн дараа өгье.” гэхэд нь би Капитрон банкны данс руу нь шилжүүлсэн. ...аав Ш.Бат-Эрдэнийн данснаас 6 удаагийн гүйлгээгээр нийт 14,490,000 төгрөгийг, өөрийн хаан банкны ******** дугаарын данснаас 700,000 төгрөгийг шилжүүлж нийт тус өдөр 15,190,000 төгрөгийг Г.Бийн Капитрон банкны ******** дугаарын данс руу шилжүүлсэн, дараа нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Г.Б над руу утсаар залгаад “...аав нас барчихлаа мөнгө байвал зээлж тус болооч” гэхээр нь өөрийн хаан банкны данснаас Г.Бийн хаан банк нь ******** дугаарын дансанд 300,000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “...зээл хөөцөлдөх гэхээр батлан даагч хэрэгтэй болоод байна, дүүгээ батлан даагч болгох гэсэн чинь манай дүү Мобикомоос гар утас зээлээр авчихсан зээлтэй юм байна надад 1,500,000 төгрөг зээлчих би дүүгийнхээ зээлийг төлж өөрийн зээлийг бүтээчхээд чамаас зээлсэн бүх мөнгөө буцаагаад төлье” гэж хэлэхээр нь өөрийн Хаан банкны данснаас Г.Бийн хаан банкны данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд нийт 16,990,000 төгрөгийг надаас зээлж авсан... Мөнгийг маань авчхаад өгөхгүй худлаа яриад 2 жил болж байна. Хохирлоо хурдан барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 97-98, 99-100х/,

 

          - Гэрч Ш.Алиманцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд: “... Г.Бийг танина. 2020 оны 01 сард надаас 26,500,000 төгрөгийг Эрдэнэчимэгээр дамжуулж зохиомол байдал бий болгож хамтарч залилж байсан. 2020 оны 03 сарын 13-ны өдөр Г.Б нь өөрийн ******** данснаас миний ************** дугаарын данс руу 5 удаагийн гүйлгээгээр нийт 14,500,000 төгрөгийг шилжүүлж хийсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 103х/,

         

          - Голомт банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 13-18х/,

 

          - Хаан банкны ******** тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 19-42х/,

 

- Б.Мын Хаан банкны ******** дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 43х/,

 

- Г.Бийн Капитрон банкны болон Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 45-49, 51-87, 140-142, 2-р хх-ийн 138-141х/,

 

          - Г.Бийн Капитрон банкны ******** дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 50х/,

 

          - Г.Бийн Хаан банкны ******** дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 88х/,

 

          - Г.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 146, 144х/,

 

          - Г.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тэмдэглэл /хх-ийн 161, 128х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-146х/,

 

          - Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн С.Ганхуягийн талаарх лавлагаа /1хх-ийн 159х/,

         

          - 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20/345 дугаартай, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /1-р хх-171/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Бийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.Маас Капитрон банкнаас зээл авахаар материал бүрдүүлж өгсөн, өмнөх зээлийн үлдэгдэл 15,200,000 төгрөгийг төлөөд зээл аваад өгье гэж гуйсны дагуу Б.М нь өөрийн аав Шүхэртийн Бат-Эрдэнэд хэлж түүний данснаас 14,490,000 төгрөгийг, өөрийн данснаас 700,000 төгрөгийг Г.Бийн Капитрон банкны ******** дугаарын данс руу  шилжүүлсэн, уг мөнгийг Г.Б нь Ш.А-т өрөндөө өгсөн, мөн Г.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод аав нас барсан ажил явдалтай байна 300,000 төгрөг зээлээч гэсний дагуу Б.М нь түүний Хаан банкны ******** дугаарын данс руу шилжүүлсэн, 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Капитрон банкнаас зээл авахаар хамтран зээлдэгчээр дүүгээ болгох гэхэд дүү маань Мобикомоос гар утас зээлээр авчихсан, уг зээлийн 1,500,000 төгрөгийг төлөөд зээл авахаар болчихлоо  1,500,000 төгрөг зээлээч гэсний дагуу Б.М нь түүний Хаан банкны ******** дугаартай данс руу шилжүүлсэн үйл баримтууд болсон байна.

 

Гэм буруугийн талаар:          

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б нь Б.Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 16,990,000 төгрөгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргасан. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Г.Б нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Мын “...2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Г.Б гэх эмэгтэй “...Капитрон банкнаас зээл авах гэсэн чинь өмнөх өрөө төлж байж зээл гаргана гээд байна, найздаа 15,200,000 төгрөг зээлээч 7 хоногийн дараа өгье.” гэхэд нь би Капитрон банкны данс руу нь шилжүүлсэн. ...аав Ш.Бат-Эрдэнийн данснаас 6 удаагийн гүйлгээгээр нийт 14,490,000 төгрөгийг, өөрийн хаан банкны ******** дугаарын данснаас 700,000 төгрөгийг шилжүүлж нийт тус өдөр 15,190,000 төгрөгийг Г.Бийн Капитрон банкны ******** дугаарын данс руу шилжүүлсэн, дараа нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Г.Б над руу утсаар залгаад “...аав нас барчихлаа мөнгө байвал зээлж тус болооч” гэхээр нь өөрийн хаан банкны данснаас Г.Бийн хаан банк нь ******** дугаарын дансанд 300,000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “...зээл хөөцөлдөх гэхээр батлан даагч хэрэгтэй болоод байна, дүүгээ батлан даагч болгох гэсэн чинь манай дүү Мобикомоос гар утас зээлээр авчихсан зээлтэй юм байна надад 1,500,000 төгрөг зээлчих би дүүгийнхээ зээлийг төлж өөрийн зээлийг бүтээчхээд чамаас зээлсэн бүх мөнгөө буцаагаад төлье” гэж хэлэхээр нь өөрийн Хаан банкны данснаас Г.Бийн хаан банкны данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд нийт 16,990,000 төгрөгийг надаас зээлж авсан... Мөнгийг маань авчхаад өгөхгүй худлаа яриад 2 жил болж байна. Хохирлоо хурдан барагдуулж авмаар байна...” гэсэн, гэрч Ш.Алиманцэцэгийн “... Г.Бийг танина. 2020 оны 01 сард надаас 26,500,000 төгрөгийг Эрдэнэчимэгээр дамжуулж зохиомол байдал бий болгож хамтарч залилж байсан. 2020 оны 03 сарын 13-ны өдөр Г.Б нь өөрийн ******** данснаас миний 5094467605 дугаарын данс руу 5 удаагийн гүйлгээгээр нийт 14,500,000 төгрөгийг шилжүүлж хийсэн...” гэсэн мэдүүлгүүд, Голомт банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Г.Бийн Капитрон банкны болон Хаан банкны дансны хуулга, Б.Мын Хаан банкны ******** дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Г.Бийн Капитрон банкны ******** дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Г.Бийн Хаан банкны ******** дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Б, хохирогч Г.Б.М нар нь бие биеэ таньдаг хоорондоо мөнгө төгрөг өгч авалцдаг байсан бөгөөд Г.Б нь Г.Б.Маас нийт 16,990,000 төгрөгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авахдаа банкнаас зээлсэн үлдэгдэл төгрөгийг төлөөд нэмж зээл аваад өгье, аав нас барсан,  хамтран зээлдэгчээр дүүгээ болгох гэсэн дүү гар утас зээлээр авсан уг зээлийг төлөөд зээлээ аваад мөнгийг чинь өгье гэх зэргээр авсан. Гэтэл Г.Б.Маас авсан мөнгөө бодит байдал дээр өртэй байсан Ш.Алиманцэцэгт өгсөн, аав С.Ганхуяг нь нас бараагүй, авсан мөнгөө өөр зүйлд зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Г.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Г.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Г.Б нь хохирогч Б.Маас 16,990,000 төгрөгийг авсан байх ба хохирогч Б.М нь 16,990,000 төгрөг нэхэмжилнэ гэж байх тул шүүгдэгч Г.Бээс 16,990,000 төгрөгийг гаргуулан Б.Мд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас ...Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар солих...” гэсэн болно.

 

Хохирогч Б.М “... Хохирол төлбөр төлүүлэхээр албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч “...Би ойрын хугацаанд мөнгийг нь төлж барагдуулна...” гэв.

 

Шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Шүүх шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал болох бага насны хүүхдүүдтэй зэргийг харгалзан үзэхээс гадна хохирогчид хохирол төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 6 сарын тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганхуягийн Г.Бт хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 6 сарын тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь дээрх үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

          

4. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Бээс 16,990,000 /арван зургаан сая есөн зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.М-д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ