Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2848

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 18 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02848                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК-д холбогдох,

Дулаан халаалт, цэвэр бохир ус, усан хангамж, хариул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээний төлбөрт 172,321,308.65 /нэг зуун далан хоёр сая гурван зуун хорин нэгэн мянга гурван зуун найман төгрөг жаран таван мөнгө/ гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхболор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.                                                                                                                                                            

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК 2015 оны 4 сарын 01-нээс “М” ХХК-ийн барьсан ХУД, 3 хороо, С.Шаравын гудамж, Ивээл хотхоны 41А, 41Б, 41В блок бүхий 241 айлын орон сууцны дулаан цэвэр бохир ус, усан хангамж гадна дотно харуул хамгаалалт, цахилгаан узель, нэгдсэн тоолуур цэвэрлэгээ зэрэг ажил үйлчилгээг 00178 тоот тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гэрээний дагуу хариуцан ажиллаж ирсэн. Манай компани 2015 оны 4 сарын 01-нээс 2016 оны 9 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд дээрх орон сууцны байруудын гадна дотно, харуул хамгаалалт, цэвэрлэгээ, цахилгаан узель, нэгдсэн тоолуур, цэвэр бохир ус, усан хангамж болон халаалт дулаан зэрэг бүх ажил үйлчилгээг хариуцан ажилласан ба 2016 оны 9 сарын 01-нээс халаалт дулааны үйлчилгээг дагнан хариуцаж Дулааны цахилгаан станцтай гэрээтэй ажилладаг. “М” ХХК-ийн удирдлагуудтай удаа дараа уулзаж, санхүүд сар бүр төлбөрийн нэхэмжлэл бичиж хүргүүлсэн ба тус компанийн ня-ботой тооцоо нийлж өглөг авлагаа тулгаж байсан боловч ашигласан ажил үйлчилгээний төлбөрөө төлөхгүй хохироож байна. “М” ХХК 2015 оны 4 сарын 01-нээс 2016 оны 9 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ашиглалт болон дулааны төлбөр 55,467,261 төгрөг, 2016 оны 9 сарын 01-нээс 2017 оны 4 сарын 30-ны өдөр хүртлэх хугацааны дулааны төлбөр 81,514,708 төгрөг нийт 136,981,969 төгрөгөө цаг хугацаандаа төлөөгүй. “УБДС” ТӨХК нь “М” ХХК-ийн хүсэлтээр 41А, 41Б, 41В блок бүхий 240 айлын орон сууцуудыг дулааны эрчим хүчээр хангах дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээг “Батбаян дулаан” ХХК-тай байгуулж, манай компанитай байгуулсан дулаанаар хангах гэрээг 2017-2018 онд үргэлжүүлэн сунгах боломжгүй гэж үзэж манайхтай байгуулсан гэрээг дуусгавар болгосон нөхцөл байдлаас үүдэн дээрх орон сууцны барилгын эрчим хүчний узель, шугам сүлжээ тоног төхөөрөмжийг албан ёсоор акт үйлдэхгүйгээр узелийн өрөөнд хүчээр дайран орж хаалганы цоожийг эвдэж авсан. Дээрх ажиллагаа нь “М” ХХК-ийн хүсэлтээр хийгдсэн ба манай 2 компанийн хооронд 2015 оны 4 сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны ашиглалтыг шилжүүлэх гэрээний 1.2-д “М” ХХК нь орон сууцны барилгын ил далд инженерийн шугам засварын ажлыг барилгын баталгаат 3 жилийн хугацаанд бүрэн хариуцан ажиллана гэж үүрэг хүлээсэн, барилгын баталгаат хугацаа 2018 оны 4 сарын 28-ны өдөр дуусгахаар гэрээнд заасан. Иймд дээрх гэрээний дагуу Ивээл хотхоны 41А, 41Б, 41В, байрны узельд хийсэн засварын зардал 3,055,000 төгрөг, ажлын хөлс 4,240,000 төгрөг буюу 7,295,000 төгрөг, 2017 оны 9 сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны усны төлбөрт 28,044,339 төгрөг, нийт 172,321,308.65 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлин шаардлагаа нэгтгэж үзэхэд СӨХ-ы төлбөрт 38,785,095 төгрөгийг Иргэний хуулийн 343.1-д зааснаар, тооцоо нийлсэн 3,280,526.20, цүүц, цоож авч хийлгэсэн хөлс 4,690,840.82, ус дулааны төлбөрт 81,514,708.35, узель, шугамд засвар хийсэн 7,295,000, тоолуураар төлсний зөрүү 8,710,799.28, усны төлбөрт 28,044,339 төгрөгийг Иргэний хуулийн 491.1-д зааснаар гаргуулна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дүнгүүдийг тооцохоор 164.241.122,83 төгрөгийн үнийн дүн гарч байна. М ХХК-ийн хувьд Б ХХК нь тусгай зөвшөөрөлтэй ч байсан зөвшөөрөлгүй ч байсан хангах үйл ажиллагаа явуулсныхаа  хувьд ус дулааны төлбөр нэхэмжлэх эрхтэй. Гэхдээ ус дулааны төлбөр нэхэмжлэхдээ хууль дүрэм журмын дагуу нэхэмжлэх үүрэгтэй. Монгол улсад мөрдөгдөж байгаа эрчим хүчний зохицуулах хуулийн дагуу усны зохицуулах хорооноос баталсан үнэ тарифын дагуу цэвэр усны бөгөөд бохир усны төлбөр, хэрэгцээний ус халаасны төлбөрүүдийг төлөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлсээр ирсэн. Үндэслэлгүй үнийн дүн нэхэмжилж байгаа хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2017 оны 10 сарын 10-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 4 сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 сарын 01-нийг хүртэлх хугацааны ашиглалтын болон дулааны төлбөр 55,467,261.30 төгрөг нэхэмжилсэн. 2016 оны 9 сарын 01-нээс 2017 оны 4 сарын 30-нийг хүртэлх дулааны төлбөр 81,514,708.35 төгрөг нийт 136,981,965 төгрөг болж байгаа. 2017 оны 9 сарын 01-нээс 2017.12.31-нийг хүртэлх усны төлбөр 28,044,399 төгрөг, засварын зардал 7,295,000 төгрөг, нийт 172,321,308,65 төгрөг болж байна. Гэтэл сая гаргасан тайлбартаа СӨХ-ны төлбөр 38,0 сая төгрөг, засварын зардал, дулааны төлбөр гэж яриад байгаа нь 2016 онд ус дулааны талаар тооцоо хийхэд яаж тооцсон талаар өөрөө эргэлзээтэй, үйл баримт бодит байдалтай нийцэхгүй байна. Дулааны 81,0 сая төгрөг гэсэн өндөр дүн гаргаж байна. Манай компани УБДС-тэй тоолуураар тооцоо  хийгээд айлуудыг м2-аар тооцож төлбөрөө авч зөрүүнээс ашгаа олж санхүүждэг гэж байна. Энэ бол эрчим хүчний зах зээлийн салбарын зарчим биш. Эрчим хүчний салбар яаж ашгаа олдог вэ гэвэл эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тусгай зөвшөөрлийн тариф гэж байдаг. Улаанбаатар дулаан цахилгаан түгээхээс ямар үнэ тарифаар дулаанаа авах юм бэ гэсэн тариф байдаг. Энэ тарифыг зохицуулах хорооноос жил бүр батлахдаа үйл ажиллагааны зардлыг нөхөн зорилгоор баталж өгдөг. Энэ тарифаар тусгай зөвшөөрөл хангагч компани буюу Б өөрөө ашгаа олж үйл ажиллагаагаа санхүүжүүлж явдаг. Б Монгол улсад мөрдөгдөж байгаа дүрэм журмаас гадуур манайх зөвхөн  шууд м2-аар тооцож ашгаа олдог гэж байгаа нь үндэслэлгүй байна. МУ-н ЗГ-аас баталсан дүрэмд тоолууртай тохиолдолд тоолууроор тооцно, тоолуургүй бол м2-аар гэсэн зохицуулалт байдаг. Гэтэл тоолууртай тоолуургүй байна уу бүх айлаас авч болохгүй. Узельд хийдэг засварын зардал тухайн тарифт сууж өгөөд үйл ажиллагааг санхүүжүүлээд явдаг. Эзэмшлийн заагаар хангагч үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд тухайн байрны узель, гадна шугам сүлжээг дулааны зардал зэргийг өөрийн үйл ажиллагаанд тарифт тусгуулснаар санхүүжиж явдаг.  Хэрэглэгчийн байшин дотор байгаа шугам өөрөө нийтийн өмч гэж үздэг учраас айл өөрөө засуулна. Босоо шугамыг солих тохиолдол СӨХ хариуцдаг. Хэрэгт байгаа баримтаас харахад Баатардулаан ХХК-ийн өмчлөлийн шугамыг засварласан байна. Эрчим хүчний тухай хуулийн дагуу 31.1.11-т хангагч үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд хэрэглэгч өөрийн барилгын үзел шугамыг шилжүүлж өгөх үүрэг хүлээдэг. Б ХХК эзэмшиж үйлчилгээ үзүүлж байгаа. Хуульд заасны дагуу барилга байгууламж барьсан бол хангагч компани баланс шилжүүлж өгөх үүрэг хүлээдэг. Балансад шилжүүлж өгснөөр тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаар тариф батлуулаад элэгдлээ тооцоо засвараа хийгээд явдаг. Одооны байрууд дулааныг хаах партай учраас хаадаг. Хоосон айлуудыг хасаад тооцдог. Босоо шугамнаас том паар хаагдаж байгаа учраас нарийн шугам халдаг учраас дулааны төлбөрийг тооцдог. Усыг тоолуурын заалтын дагуу шаардах ёстой. Зөвхөн суурь үнийг шаарддаг. 2017.09.01-ний өдрөөс 2017.12.31-ний өдрийг хүртэл 28,0 сая төгрөгийн ус гарах боломжгүй. Хэдэн байр хоосон байсныг тооцоод суурь үнээ нэхэмжлэх юм бол манайх төлөх боломжтой. Нарийвчилсан тооцоо гаргаагүй. Нэхэмжлэгчээс өгсөн нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй. Мэргэжлийн байгууллагад хандаад УБВС-ээс ямар хэмжээгээр авсан ямар үнээр тооцсон, хэдий хэмжээний ус авсан гэх мэтчилэн мэдээллийн үндсэн дээр тооцоог мэргэжлийн байгууллагаар гаргуулаад гарч ирсэн төлбөрийг төлөх боломжтой. Хариуцагчийн зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж эрчим хүчний салбараар энэ төлбөрийг тооцож гаргуулах хүсэлтэй байна. Бидний өмнөөс төлсөн гэдгийг нотлох хэрэгтэй. Хавтаст хэрэгт нэхэмжлэхүүд байгаа. 2015 оны 9 сарын 01-ний өдрөөс эхлээд нэхэмжлэх бичих боломжтой. Төлчихсөн төлбөрийг нэхэмжлээд байгаа бол төлсөн баримтаа хэрэгт өгөөгүй, дандаа нэхэмжлэхүүд байна. 2016 оны 9 сарын 01-нээс 2017 оны 8 сарын 31-нийг хүртэл ус дулааны төлбөр 81,0 сая төгрөгийн ус дулааныг яаж тооцсон  талаарх задаргаа байхгүй, төлбөр төлсөн баримтгүй байна. 2 дугаар хавтаст авагдсан Б ХХК-ийн захирал М ХХК-ийн борлуулалтын ажилтан байсан учраас орон сууцыг ашиглалтад ороход би дулааныг хариуцаад явна компанийн санхүү холилдохгүй үүднээс тусдаа компани байгуулаад явахаар хэлэлцээд М ХХК-ийн ажилтан тусгай зөвшөөрөлгүйгээр Б ХХК-ийг байгуулсан. Гэхдээ 2 компани гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөнгө олохыг хүссэн баримтууд дээр М ХХК бэлэн мөнгө олохыг хүсээд Б ХХК ашиглалтын төлбөр гэдэг нэртэйгээ Эрхэмболор мөнгийг хүлээж авсан баримтууд байгаа. Уг баримтуудаас харахад М ХХК-иас ашиглалтын төлбөрөө аваад цаашаагаа төлж байсан тайлбарууд нотлогдож байна. Б ХХК-ийн ажилтан өөрөө байгуулсан учраас компаниас төлбөрийг кассаас өгөөд явдаг байсан. Гэвч тусгай зөвшөөрөлтэй болсноос хойш компаниудын хоорондын харилцаанаас шалтгаалаад гэнэт төлбөрийн нэхэмжлэхүүд гарч ирсэн. Манайх төлөөд явж байсан танайх мөнгө төлдөггүй гэж ярьдаг. Төлбөрийн даалгавар буюу мөнгийг төл гэсний дагуу төлөөд явсан. Нийт төлсөн дүнг тооцохоор 80,0 сая төгрөг болно. 2016 оны 5 сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ төлбөрийн даалагаврыг авч хасагдаагүй байна. 2015 оны 4 сарын 01-нээс 2016 оны 9 сарын 01-ний хугацаа байхад 2016 оны 6 сарын 15-ны өдөр төлбөр төлсөн баримт байна. 2016 оны 9 сарын 20, 2016 оны 7 сарын 27, 2016 оны 8 сарын 11, 2016 оны 9 сарын 20-ны өдөр, 2016 оны 10 сарын 20-ны өдөр гэх мэт мөнгө олгохыг хүссэн баримтууд байна. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нэгдсэн нэхэмжлэх гарын үсэгтэй, гарын үсэггүй маш олон нэхэмжлэхүүдийг нотлох баримт гэж үзэхгүй байна. Компани үүссэн үедээ өөрсдөө бичээд өөрсдөө гарын үсэг зураад өгөх боломжтой. Мөнгө хүссэн баримт дээр төлөөлөгч Эрхэмбаяр М ХХК-иас хүлээн авсан байна. Манай өмнөөс төлсөн бол баримтаа гаргаж өгөөгүй учраас төлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна. Хариуцагчаас тухайн төлсөн баримтуудыг гаргаад мэргэжлийн байгууллагаар тооцуулах хүсэлтэй байсан. Б ХХК түрүүлээд хандсан байсан учраас шүүхээр шийдвэрлүүлэх байр суурьтай байсан. Манайхыг төлбөрөө төлөөгүйгээс болж тусгай зөвшөөрлөө цуцлуулах хэмжээнд хүрсэн гэж байна. Б ХХК 2017 онд тусгай зөвшөөрлөө авсан. Узельтэй холбоотой засварыг Б ХХК хангах үйл ажиллагаа эрхэлж байгаа бол өөрсдөө хариуцах үүрэгтэй байсан. Өмчлөлдөө шилжүүлж авч байж үйл ажиллагаа явуулна. Өмчлөлдөө шилжүүлж аваагүй бол хэрэглэгчийн шугам тоноглолыг ашигласан тухай байгууллага хэрэглэгчид шимтгэл төлөх үүрэгтэй. Эрчим хүчний тухай хууль, дүрэм журам хэрэгжих ёстой. 2015 оны 4 сарын 01-ний гэрээгээр узелийн тоног төхөөрөмжийг өөрсдийн өмчлөлд шилжүүлээд засвар үйлчилгээ хийж байгаа бол зардлыг өөрсдөө хариуцах ёстой.  Нэхэмжлэгчийн гаргаж байгаа шаардлага 176, сая төгрөгийг хэрэгт авагдсан баримтаар шийдвэрлэх боломжгүй. Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлээ тодорхойлж байгаа бол нотлох ёстой. Хэдэн төгрөгийг М ХХК-ийн өмнөөс ямар компанид төлсөн гэдгийг нотлох үүрэгтэй. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд заасныг тодорхойлсон хүрээнд нотлох баримтгүй учраас шаардлага үндэслэлгүй. Мэргэжлийн байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагатай тул 117,1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн байгууллага бодитой тооцоо гаргаж өгвөл манайх төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Үндэслэлгүй өндөр дүн гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Б” ХХК нь “М” ХХК-д холбогдуулан Дулаан халаалт, цэвэр бохир ус, усан хангамж, хариул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээний төлбөрт 172,321,308.65 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

        

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ СӨХ-ы төлбөрт 38,785,095 төгрөгийг Иргэний хуулийн 343.1-д зааснаар, тооцоо нийлсэн 3,280,526.20 төгрөг, цүүц, цоож авч хийлгэсэн хөлс 4,690,840.82 төгрөг, ус дулааны төлбөрт 81,514,708.35 төгрөг, узель, шугамд засвар хийсэн 7,295,000 төгрөг, тоолуураар төлсний зөрүү 8,710,799.28 төгрөг, усны төлбөрт 28,044,339 төгрөгийг Иргэний хуулийн 491.1-д зааснаар гаргуулна гэж тодорхойллоо.

 

Хариуцагч нь гэрээ байгуулсан, төлбөр гарсны хувьд маргахгүй байх бөгөөд харин төлбөр төлсөн нь баримтаар нотлогдохгүй, нотлогдсон хэмжээгээр төлөхөд татгалзахгүй гэж маргав.

 

Б” ХХК, “М” ХХК нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 001 тоот “Орон сууцны ашиглалтыг шилжүүлэх” гэрээ байгуулагдсан, гэрээний хувьд хариуцагч маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтаар “М ХХК нь СӨХ-ны үйл ажиллагааг Баатар дулаан ХХК-д шилжүүлэхээр”, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 001 тоот “Хамтран ажиллах” гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтаар “Гүйцэтгэгч нь захиалагчийн барьж ашиглалтанд оруулсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ивээл” хотхоны 41А,41Б,41В блок бүхий 240 айлын 1 дүгээр давхарт оффис үйлчилгээтэй орон сууцууд болон дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг орон сууц өмчлөгчдөөс төвлөрүүлэх ажлыг хийж гүйцэтгэнэ” гэж харилцан тохиролцож байгуулжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болон агуулгаас дүгнэхэд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш захиалагч, барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцлийг хариуцан хангах хугацааг барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа гэж тодоройлон 14.3-т энэ хугацааг нэг жил байхаар, 14.6-д барилгын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байхаар заажээ.

 

Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд захиалагч буюу хариуцагч нь  өөрийн гүйцэтгэх ажил, үйлчилгээгээ 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 001 тоот “Орон сууцны ашиглалтыг шилжүүлэх” гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 001 тоот “Хамтран ажиллах” гэрээний дагуу нэхэмжлэгч Баатардулаан ХХК-иар гүйцэтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан  баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаар 84 айлын барилга байгууламжийг 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2013/22 дугаар, 161 айлын барилгыг 2015 оны  01 дүгээр сарын 10-ны өдрийн 2015/20 дугаар Улсын комиссын актаар зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдсэн гэж үзэн байнгын ашиглалтад оруулж, нэхэмжлэгч нь гэрээний дагуу дээрх барилгын дундын өмчлөлийн ашиглалт, лифтний үйлчилгээний төлбөрийг 2015.04.01-ээс 2016.08.31-ийг хүртэлх хугацаанд төлсөн байх тул хариуцагчаас 38,785,095 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Хан-Уул дүүрэг, 3 хороо, С.Шаравын гудамж, Ивээл хотхоны 41А, 41Б, 41В блок буюу 241 айлын орон сууцны барилгын ил далд инженерийн шугам засварын ажлыг “М” ХХК нь барилгын баатлгаат 3 жилийн хугацаанд бүрэн хариуцан ажиллах, “Б” ХХК-д инженерийн шугам хоолой, гадна, дотор шугам, узелийн тоног төхөөрөмжийг шилжүүлэхээр 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 01 тоот Орон сууцны ашиглалтын ашиглалтыг шилжүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллахаар тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь 2017.05.01-нээс 2017.12.31-ийг хүртэлх узелийн засвар буюу ус дулаан дамжуулах хоолой сольсон үндэслэлээр зардлаа гаргуулна гэж тайлбарлах ч өөрийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэглэгдэх төхөөрмж эвдэрсэнтэй холбоотойгоор түүнийг засварлахад орсон материалыг ажлын хөлсний хамт шаардсан байх тул 7,295,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь 2016.08.23-ны өдөр “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах” гэрээг Ус сувгийн удирдах газартай, 2016.08.11-ний өдөр “Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах” гэрээг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай тус тус гэрээ байгуулж Ивээл хотхоны 240 айлын ус, дулаанаар хангах ажлыг гүйцэтгэж байсан, эдгээр гэрээнүүдийн дагуу ус, дулааны төлбөрийг төлж барагдуулсан болох нь 2018.03.07-ны өдрийн 12/323 тоот Улаанбаатар дулааны сүлжээ компанийн албан бичиг, 2016.01.01-ээс 2016.12.31. өдөр хүртэл, 2017.01.01-ээс 2017.12.31. өдөр хүртэл Ус сувгийн удирдах газарт  төлбөр төлсөн баримт, 2016.09.01-ний өдрийн тооцооны дагуу талбай хоорондын ус дулааны төлбөрийн үлдэгдэл тооцоотойг нийлсэн баримтаар тогтоогдлоо.

 

Иймд “Б” ХХК нь 2015.05.01-ний өдрөөс 2016.05.31-ний өдрийг хүртэлх хугацааны дулааны  төлбөрт 8,710,799.28 төгрөг, 2016.09.01-ний өдрийн тооцооны дагуу талбай хоорондын ус дулааны төлбөрийн зөрүүд 3,280,526.20 төгрөг, 2016.09.01-ний өдрөөс 2017.08.31-ний өдрийг хүртэлх ус, дулааны төлбөр 81,514,708.35 төгрөг буюу нийт 93,506,033,83 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагчаас төлбөрийг нэхэмжлэгчид бэлнээр өгснөөр зохих байгууллагад дамжуулан төлж байсан гэж ирүүлсэн баримтууд нь нэхэмжлэлийн шаардлага гаргасан буюу тухайн хугацаанд хамаарахгүй байна.

 

Хариуцагч нь хэдийгээр нотлогдсон хэмжээнд төлнө гэж байгаа боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлыг нотлох, нотлох баримтаа цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу хариуцагч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлогдохгүй гэж үзнэ.

 

2015 оны 4 дүгээр сарын 28-ны 001 тоот “Орон сууцны ашиглалтыг шилжүүлэх” гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-д “ М ХХК нь орон сууцны барилгын ил далд инженерийн шугам засварын ажлыг барилгын баталгаат 3 жилийн хугацаанд бүрэн хариуцан ажиллахаар харилцан тохиролцсон байна.

     

Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1-д бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд түүнийг шударгаар гүйцэтгэх үүрэгтэй гэж, 491.6-д бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй гэж заасан байна.

 

Хариуцагч нь  Ивээл хотхоны барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулж, орон сууцны цахилгааны ажлыг бүрэн хийж “УЦТС” ТӨХК-д хүлээлгэж өгөх үүргээ гүйцэтгээгүйгээс оршин суугчид цахилгаанаар эрчим хүчээр хангагдах эрх хөндөгдөж болзошгүй үндэслэлээр, өөрийн төлөх ёстой усны төлбөрийг төлөөгүйгээс нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл цуцлагдах, конторын үйл ажиллагааг явуулж чадахгүй байх, их хэмжээний алданги байнга төлөх нөхцөл байдал үүссэн үндэслэлээр төлсөн нэхэмжлэгч тал тайлбарлалаа.

 

Харин хэрэгт авагдсан Хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоогоор усны төлбөрийг “М” ХХК нь 2016 оны 6 дугаар сарыг дусталх хугацаанд 14,233,318 төгрөгийг төлсөн байх тул усны төлбөрт 13,811,021 төгрөгийг болон  цахилгааны шитэнд түлхүүр хийсэн материал, ажлын хөлсөнд төлсөн 4,690,840.82 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн байх тул шаардах эрхтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 491 дүгээр зүйлийн 491.6-д зааснаар СӨХ-ы төлбөрт 38,785,095 төгрөг, тооцоо нийлсэн 3,280,526.20 төгрөг, цүүц, цоож авч хийлгэсэн хөлс 4,690,840.82 төгрөг, ус дулааны төлбөрт 81,514,708.35 төгрөг, тоолуураар төлсний зөрүү 8,710,799.28 төгрөг, усны төлбөрт 13,811,021 төгрөг буюу нийт 151,688,405.65 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, шаардлагаас үлдэх узель, шугамд засвар хийсэн 7,295,000 төгрөг, усны төлбөрт 14,233,318 төгрөг буюу нийт 20,633.023 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,019,556 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 916,392 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 491 дүгээр зүйлийн 491.6-д заасныг баримтлан “М” ХХК-иас 151,688,405.65 /нэг зуун тавин нэгэн сая зургаан зуун наян найман мянга дөрвөн зуун таван төгрөг жаран таван мөнгө/ гаргуулан, “Б” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 20,633.023 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,019,556 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 916,392 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ