Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 520

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багт хаягийн бүртгэлтэй, одоо тус аймгийн Есөнбулаг сумын Индэр багийн 13-17-11 тоотод оршин суух, Монгол овогт П.Л-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: ГАА-ийн ГХБХБГ-т холбогдох,

ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Л нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тухай гомдол гаргаж Захиргааны хэргийн шүүхээд шийдвэрлүүлэн ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гарсан билээ. Уг шийдвэр гарсанаас хойш тухайн албан тушаалтан одоо хүртэл шүүхийн шийдвэр биелүүлээгүй байгаа бөгөөд биелүүлэх боломжгүй тухай албан бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлсэн байна. Иймд миний ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тасалбар болгон тогтоож өгнө үү. 2017 оны 02 дугаар сарын 21-нд ажлаас чөлөөлөгдсөн. Энэ ажлаас чөлөөлөгдсөн шалтгаанаа үндэслэлгүй гэж Захирааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гарч ажилд томилогдсон байгаа. Ингээд тухайн 07 дугаар сарын 16-ны өдөр миний цалинг тасалбар болгон олгогдохоор заасан байсан. Үүнээс хойш захиргааы хэргийн давзж заалдах шат, хяналтын шатны шийдвэр гаргаад үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох бичиг баримтаа өгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгүүлж өгөөч гэхэд одоо хүртэл ажилдаа аваагүй. Үүний дагуу 2017 оны 07 дугаар сарын 16-аас өнөөдрийг хүртэл өдрийн цалингаа нэхэмжилж байна. Мөн нийгмийн даатгал,эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү? гэсэн нэхэмжлэл гаргасан. Миний ажлын байрны талаар ярьлаа. Эхнээсээ манай байгууллагын бүтцэд байгаагүй гэдэг тайлбар яриад байна. Анхнаасаа намайг Засгийн газрын 55 дугаар тогтоолоор тээврийн авто замыг татан буулгаад Тамгын газарт шилжүүлсэн. Тухайн үеийн даргад удирдлагууд энэ газрын ажилтан гэж намайг тийшээ шилжүүлээгүй. Одоо байгаа бичиг баримтад танай бүтцэд оруул гэсэн юм биш. Удирдлагаар нь хангаад адил чиг үүрэг хэрэгжүүлж байгаа хүнтэй адил цалин тамгын газраас олгож байсан. М.Ууган-Эрдэнэ даргын шийдвэр тамгын газрын ажилтанг хамаагүй хүн халчихсан. Заавал бүтцэд байх гээд байгаа юм биш. Зүгээр чиг үүргээр нь хангаад тэнд нь ажиллаад багаж тоног төхөөрөмж аймгийн нөөц бололцоог ашиглаад ажиллуулж байгаа хувилбар. Харин цалинг тэнд ажиллуулаад захиалагчийн хяналтын зардлаас Тамгын газрын шийдвэрээр гаргаад явж байсан. Газрын харилцаа барилга хот байгуулалтын үндсэн бүтцээс геодиз зураг зүйн газраас ирдэг санхүүжилтээс нь нэг ч удаа цалин авч байгаагүй. Тэгэхээр үүн дээр бүтцийн талаар ярих шаардлагагүй гэж үзэж байна.  Уг шилжүүлэх үйл явцыг бол тухайн үеийн аймгийн Засаг дарга, Тамгын газар бол манай бүтцэд ажиллахад хүндрэл бэрхшээлтэй асуудал байгаа юм байна. Тиймээс цалинг нь бол орон нутгийн замын сан болон бусад захиалагчийн хяналтын зардлаас шийдвэрлээд ажлын байр нь бол барилга харилцаа хот байгуулалтын газарт суугаад хяналт тавих боломжтой гэж үзээд  ажиллуулсан. 2017 оны 02 дугаар сард манай бүтцэд  байхгүй гэдэг үндсэн шалтгаанаар ажлаас халсан. Энэ чөлөөлсөн хугацаанаас хойш 2018 оны 09 дүгээр сарын 01 хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатал, эрүүл мэндийн даатгал зэргийг нөхөн  төлүүлэх хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Д.Л нь тус шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаартай магадлалаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалинг нэмж нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэр гаргаснаас хойш шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэсэн боловч манайд хүндрэлтэй асуудал гарсан. Д.Л нь манайд замын хяналтын инженерээр  ажиллаж байсан. 2015 онд манай бүтэц орон тоо шинэчлэгдсэн. Тэгэхэд Д.Лын орон тоо гэж байгаагүй. Саяхан 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дахин бүтэц орон тоо батлагдсан. Буцаагаад авъя гэхээр бүтэц орон тоонд нь байхгүй. Иймэрхүү хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Д.Лыг буцааж авах боломжгүй байсан. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг даргын Тамгын газарт удаа дараа албан бичиг хүргэж байсан. Засаг даргын Тамын газраас саяхан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг хүргүүлсэн байна лээ. Манайд албан ёсоор ингэж шийдвэрлэлээ гэсэн бичиг өгөөгүй. Буцаад ажилд авах гэхээр тиймэрхүү хүндрэлтэй асуудал байгаа. Тиймээс одоогоор тухайн хүнийг ажилд аваагүй байна. Миний хувьд шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбоглуулан бүтцийн тухай яригдсан. Мөн нэг зүйл дурдахад Д.Лыг замын хяналтын сангаас цалинжуулах нь буруу юм гэсэн аудитын дүгнэлт удаа дараа гарсан. Дотоод аудитын газраас замын хяналтын сангаас хүн цалинжих биш зөвхөн замын хяналтын зардалд зарцуулагдах ёстой. Төсвийн тухай хуулийг буруу хэрэглэсэн байна гэж яригдсан. Буцаагаад тэр ажилд нь авах гэхээр аудит манайд удаа дараа дүгнэлт тавьсан байгаа. Тэгэхээр аудитын тухай хууль, Төсвийн тухай хуулиудыг зөрчих болоод байгаа гэжээ.

Нэхэмжлэгч: Газрын харилцаа хот байгуулалтын газрын бүтцэд оруулаад үндсэн ажилтнаар оруулаагүй. Танайд удирдлага зохион байгуулалтад оролцоод л ажиллах. Тэгэхээс цалинг бол Тамгын газраас захиалагчийн хяналтын зардлаасаа эхний үед шийднэ. Дараагийн үед нь бүтцэд ээ  оруулаад явна гэж  эхэлж байсан. Ууган-Эрдэнэ бол манай ажилтан гэж ойлгоод халсан. Уг нь бол Тамгын газрын дарга ч гэсэн тухайн үед хэлэхдээ энэ хүн бол манай ажилтан тамгын газар ажиллаж байгаа инженерүүд нь хөгжлийн бодлого хариуцсан инженер гэж байдаг. Талбай дээр  хяналт хийдэг инженер гэж байхгүй. Талбайд  хяналт хийдэг инженерээ газрын харилцаа  хот байгуулалтын газарт байдаг учраас танайд харьяалуулаад явж байгаа болохоос танай бүтцэд оруулсан зүйл байхгүй гэж хэлж байсан. Гэвч буцаагаад тамгын газарт нь шилжүүлэлгүй ажлаас чөлөөлсөн. Өөр байгууллагын хүнийг зөвхөн удирдлага зохион байгуулалтаар нь хангах  хүн нь чөлөөлсөн гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Д.Лын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч ГАА-ийн ГХБХБГ-т холбогдуулан Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Л нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын тээвэр авто замын асуудал хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн, улмаар Д.Л нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоогдсон болох үйл баримт нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 687 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 682 дугаартай захирамж зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилэх эрхтэй юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ ДГАА ГХБХБГхолбогдуулан нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Засгийн газрын 55 дугаар тогтоолоор тээврийн авто замыг татан буулгаад Тамгын газарт шилжүүлсэн. Тухайн үеийн даргад удирдлагууд энэ газрын ажилтан гэж намайг тийшээ шилжүүлээгүй. Одоо байгаа бичиг баримтад танай бүтцэд оруул гэсэн юм биш. Удирдлагаар нь хангаад адил чиг үүрэг хэрэгжүүлж байгаа хүнтэй адил цалин тамгын газраас олгож байсан. М.Ууган-Эрдэнэ даргын шийдвэр тамгын газрын ажилтанг хамаагүй хүн халчихсан. Уг шилжүүлэх үйл явцыг бол тухайн үеийн аймгийн Засаг дарга, Тамгын газар бол манай бүтцэд ажиллахад хүндрэл бэрхшээлтэй асуудал байгаа юм байна. Тиймээс цалинг нь бол орон нутгийн замын сан болон бусад захиалагчийн хяналтын зардлаас шийдвэрлээд ажлын байр нь бол барилга харилцаа хот байгуулалтын газарт суугаад хяналт тавих боломжтой гэж үзээд  ажиллуулсан. 2017 оны 02 дугаар сард манай бүтцэд  байхгүй гэдэг үндсэн шалтгаанаар ажлаас халсан.” гэж тайлбарлаж байна.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай шийдвэрийг хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь биелүүлэхгүй байгаа шалтгаан, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа тайлбарлахдаа бүтэц орон тоо байхгүй гэсэн үндэслэлээр тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл нь ажилтны ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг нөхөн гаргуулж байгаа хуулийн зохицуулалт нь тухайн ажилтан уг ажлаа эрхлэн гүйцэтгэж байсан үеийн эрх, нөхцлийг сэргээн тогтоох зорилготой зохицуулалт юм.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа цалин нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын төсөвөөс бус харин замын сангаас цалинждаг байсан, уг сангаас цалинг газрын дансанд шилжүүлж, түүнээс цалинг нь олгодог байсан гэж тайлбарлажээ. Төсвийн тухай хуулийн 16.4.18-т зааснаар төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна. Ажилчны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг түүнийг ажиллуулж байгаа байгууллага нь төлөх үүрэгтэй бөгөөд дээрх зардал нь тухайн байгууллагын төсөвт суугдаж, төсвийн шууд захирагч нь төсвийн тухай хуулийн 16.5.2-д зааснаар батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хариуцагч нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар  болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцан олгох үүрэгтэй буюу нөгөө талаар тус газрын төсвийн захирагч нь замын сангаас ажилтны цалинг олгох эрхтэй болох талаар хэрэгт нотлох баримт байхгүй, энэ байдал нь баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг дахин тайлбарлан хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө шинээр гаргах нотлох баримт, хүсэлт байгаа эсэхийг тодруулахад байхгүй гэх тайлбарыг өгсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр ГАА-ийн ГХБХБГ-т холбогдох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч П.Л-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг эзгүйд шийдвэрлэхээр заасан байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ГАА-ийн ГХБХБГ-т холбогдох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч П.Л-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ                           Ц.ҮЙТҮМЭН